WATV.org is provided in English. Would you like to change to English?

Самари, дэлхийн хязгаар хүртэл

267 Үзсэн тоо

Эх маань намрын баяраар “Сүүлийн бороо Ариун Сүнс хүлээн авсны дараа сайн мэдээ тараахаар өмнөхөөсөө өөр байгаа нь мэдрэгдэнэ” гэж айлдсан. Дэлхий дахины Сионы гэр бүлүүд Эхийн энэ үгнээс хүчийг олж сайн мэдээ тунхагласан учраас тэнгэрийн олон хүүхэд буцан ирж буй ерөөлтэй мэдээ ар араасаа ирсээр байна. “Адилхан хүмүүст, адилхан газарт үгийг тунхагласан ч өмнөхөөс тэс өөр байна” гэдэг баярт мэдээ сонсогдож байгаа.

Үүнээс харахад Библийн зөгнөл ном ёсоороо биелэгдэж байгаа нь андашгүй байна. Нэг оныг үдэж, бас нэгэн шинэ оныг угтлаа. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана гэсэн Бурханы үгэнд түшээд дэлхийн үндэстнүүдэд Бурханы сургаалыг дамжуулж, тэнгэрийн хаанчлалыг чиглэн эрч хүчтэйгээр гүйх Сионы гэр бүлүүд болохыг хүсэх байна.

Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр

Есүс шавь нартайгаа хамт Алгасал баяр сахисан тэр шөнө Гетсеманийн гүвээн дээр залбирсныхаа дараа тэргүүн тахилч нар болон фарисайчуудын явуулсан хүмүүст баригдсан. Энэ үед хамт байсан Петр илдээ сугалж, тэргүүн тахилчийн боолын чихийг тас цавчихад Есүс түүнд “Илдээ хуйнд нь хий” гээд ийн айлдсан байдаг.

“Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. …” Мат 26:53-56

Энд дурдсан “эш үзүүлэгчдийн Бичвэр” гэдэг нь эш үзүүлэгчид Ариун Сүнсээр хөдөлгөгдөн бичсэн Библийг хэлж байгаа. Есүс зүгээр л чирэгдээд явсан нь Өөрийг нь барихаар ирсэн хүмүүсийг зогсоох хүчгүйдээ биш, харин Библид байгаа бүх зөгнөл ном ёсоороо биелэгдэх ёстойг зааж өгөх хүсэл байсандаа тэр юм. Мөн бидний нүглийг Өөрөө үүрнэ гэсэн зөгнөл ба “Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг амаа ч Тэр нээсэнгүй” гэсэн зөгнөлийг тэр хэвээр нь биелүүлсэн (Иса 53:6-8).

Итгэмжит Бурханы үг хэзээ ч хоосон алга болохгүй. Библид энэ нь болох ёстой гэсэн үг ганц ч үсэг, ганц ч зураас үлдэлгүй бүгд биелэгдэнэ (Иса 55:10-11, Мат 5:18).

Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана

Библид хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно гэсэн үг ч байдаг. Энэ нь ч Библид тэмдэглэгдсэн учраас заавал болох ажил, зайлшгүй биелэгдэх зөгнөл.

“Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. …” Мат 24:13-14

“Энэ нь болох ёстой” гэж Библид айлдсан. Хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болохыг ч тэмдэглэж, дэлхий даяар тунхаглагдахыг ч бас тэмдэглэж. Тэгвэл энэ ч бас зайлшгүй бүгд биелэгдэж, бодит болно.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.” Мар 16:15-16

Хэрвээ Есүс Өөрийн явах ёстой замаас нүүр буруулж, амар хялбар зам, Өөрийн амар амгаланг хайх зам сонгосон сон бол хэн хүн төрөлхтний нүглийн ачааг оронд нь үүрч, хэн зовлонгийн загалмайг үүрэх вэ? Библид зөгнөж, зөгнөл бодит болсон үед үүнийг биелүүлэх нь Есүсийн явах ёстой зам байсан. Үүн шиг бүх үндэстнийг дагалдуулж, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж, бүх ертөнцөөр явж, хамаг бүтээлд сайн мэдээ тунхаглах нь Ариун Сүнсний үед тэнгэрийн хүүхдүүдэд оногдсон үүрэг.

Бурханы хийж байгаа сайн мэдээ тунхаглах ажил

Тэгэхээр “Энэ нь болох ёстой” гэсэн сүүлчийн сайн мэдээтэй холбоотой Библийн зөгнөл чухам хэний хүчээр биелэгдэх бол? Езекиел эш үзүүлэгчийн зөгнөлийг судалъя.

“Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно. Тарж бутарсан хоньдынхоо дунд байхдаа сүрэгтээ санаа тавьдаг хоньчин адил тийнхүү Би хоньдынхоо төлөө санаа тавьж, үүлтэй, бүрэнхий өдрөөр тарсан хамаг газраас нь тэднийг аврах болно. Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд мөн тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газарт Би тэднийг тэжээх болно. Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд… Би сүргээ тэжээж хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Би, төөрснийг нь хайн туугдсаныг нь буцааж, гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ. Харин тарган ба тэнхлүүнийг Би устгах болно. Би тэднийг шударга ёсоор тэжээнэ.» …” Езе 34:11-17

Үүлтэй бүрэнхий өдөр нь сүүлчийн өдрийг заасан хэрэг. Бурхан “Би төөрснийг нь хайна” гэж айлдаад, “Туугдсаныг нь Би буцаана” хэмээсэн. Тиймээс сайн мэдээний гол эзэн, гол хөдөлгөгч хүч нь Бурхан. Сайн мэдээний түүхийг “Үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэж айлдсан Бурхан гүйцэтгэнэ.

“Есүс эдгээр зүйлийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов. Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав.” Иох 5:16-17

Тэнгэр Эцэг одоо ч бас ажиллаж байгаа. Алдагдсаныг хайж, гэмтсэнийг нь боож, өвчтэйг нь тэнхрүүлэх энэ бүх авралын ажлыг хийж, Сионыг Өөрөө удирдаж байгаа. Тиймээс бидэнд даалгасан үүрэг ерөөсөө хэцүү биш. Зөгнөгдсөн авралын түүхээ Бурхан бүгдийг биелүүлэх тул бидэнд зөвхөн Бурхантай хамт алхах гэдэг “үйлс” л хэрэгтэй юм.

Бурханы үгэнд түшээд тороо доошлуул

Бурхантай хамт алхахгүйгээр, Бурханыг түшихгүйгээр бид сүнс аварч чадахгүй. Бурхан “Би хийнэ” гэж айлдсан байтал бид Бурханыг хасаад, өөрийнхөө хүчээр хийх гэх юм бол сайн мэдээ тунхаглах ажил хэцүү байхаас өөр аргагүй. Бурханы үгэнд түшсэн үед Бурхан бидэнтэй хамт байж, сонсох хүмүүсийн хаалттай байсан сэтгэлийн хаалгыг хүртэл нээж өгнө.

Бурхан хэдийн тунхаглах үүд хаалгыг нээсэн гэдэгт баттай итгээд гардаг хүн өмнөхөөс тэс өөр болсон сайн мэдээний бодит байдлыг мэдрэх болно. Үгэнд түшдэг итгэл нь хичнээн ивээлтэй үр дүн авчирдгийг 2000 жилийн өмнөх Есүсийн үеийн үйл явдлаас ч бид баталж болно.

“… Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйж, суугаад завин дээрээс ард олонд сургаалаа заалаа. Тэрээр айлдаж дуусаад, Симонд —Усны гүн уруу нь оч, загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон —Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв. Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. Тэд нөгөө завин дээр буй нөхдөдөө, ирж туслахыг дохиход тэд ирж хоёр завийг дүүргэсэнд живэх шахав. Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад —Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. Мөн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс, Симонд —Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд завиа эрэгт татан гаргаад, бүхнээ орхин, Түүнийг дагалаа.” Лук 5:1-11 

Симон Петр угийн загасчин болохоор загас барих ажилд гаршсан хүн. Гэвч тэрээр шөнөжин тороо буулгасан ч ганц ч загас барьж чадаагүй. Тэр үед нь Есүс “Усны гүн рүү нь очоод тороо доошлуул” гэж айлддаг. Петр Есүсийн үгэнд түшээд тороо доошлуултал үр дүнд нь хоёр завь дүүртэл, бүр завь нь живэх хэмжээний их загас барьсан.

Нэг л газраа очоод адилхан нэг л аргаар тороо буулгасан байхад яагаад үр дүн нь өөр байсан юм бол? Учир нь бүхнийг гүйцэлдүүлэгч Нэгэн нь Бурхан гэдэгт итгээд үйлдсэнд байв. Бурханы үгэнд түших үед үүн шиг ивээлтэй үр дүнд хүрч чадна.

Өнөө үед гарч байгаа сайн мэдээний түүх ч бас үүнтэй адилхан. Бурхан үгээ айлдсан. Харин Сионы хүүхдүүд тэрхүү үгэнд нь түших итгэлээр явах юм бол дэлхийн хаа сайгүй сайн мэдээний үр дүн өмнөхөөс ямагт өөр байх юм.

Сайн мэдээ тунхаглахыг бидэнд даалгасан нь

Хүн төрөлхтний авралын түүхийг гүйцэлдүүлж байгаа Бурхан биднийг ерөөлийн замаар хөтлөхийн тулд сайн мэдээний хамтрагчаа болгосон.

“Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар, төөрөгдөл дор байгаагүй. Харин сайнмэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.” 1Тес 2:3-4 

Сайн мэдээг бидэнд даалгахаар Бурхан баталсан тул сайн мэдээ хараахан сонсоогүй байгаа хүмүүст хичээнгүйлэн сайн мэдээ тунхаглацгаая. Дэлхий дахин бол бидний “тунхаглах талбай” юм (Мат 13:38). Илүү их Ариун Сүнсний ерөөл гуйж, уулзах хүн болгондоо хойшлуулалгүй Бурханы үгийг гэрчилж, сайн мэдээний үзэсгэлэнтэй үр жимс арвин их хураахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.

“Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.” Илч 20:9-10

Бид авралын мэдээг тунхаглахгүй бол хүн төрөлхтний ирээдүй бүрхэг харанхуй байхаас өөр яахав. Бурхан үеийн үед өдөр шөнөгүй тарчлах шийтгэлийн газар руу хэнийг ч бүү ороосой гэсэндээ бүгд гэмшиж авралд хүрээсэй л гэж хүсдэг (2Пет 3:9, 1Тим 2:4). Тийм ч учраас 7 тэрбум хүнд тунхаглах хөдөлгөөн өрнүүлэхийг биднээс хүссэн юм. Авралын мэдээ хүлээн авсан хүмүүст гялалзсан ирээдүй бэлтгэгдсэн байгаа.

“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.” Илч 21:1-4 

Өвчин, зовлон, үхэл байхгүй сүр жавхлант ертөнцийг өгөхийн тулд Бурхан бүх хүн төрөлхтнийг Өөрийнх нь энгэрт хөтөлж авчир гэж айлдсан. Бид энэхүү гуйлт хүслийг нь дагаад бүх ертөнцөөр явж хамаг бүтээлд амийн үнэнийг хүчтэйгээр тунхаглах ёстой юм. Ертөнцөд амархан ажил байхгүй гэж хүмүүс хэлдэг. Гэвч Бурхантай хамт хийх сайн мэдээний ажил үнэхээр амархан. Бурханы үгэнд түшээд, тороо доошлуулах л юм бол бүх ажил амархан болно.

Бурханыг дуурайсан хүүхдүүд

Петр шөнөжингөө хэдэн арав, хэдэн зуун удаа тороо буулгасан ч гэсэн юу ч олж чадаагүй. Гэсэн ч Бурхан үгээ айлдсаны дараа нөгөө газраа тороо доошлуултал сайхан үр дүнд хүрсэн. Бид ч бас Бурханы үгэнд түшээд усны гүн рүү нь очоод тороо доошлуулцгаая. Бүх Сионы гэр бүл Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглагдтал хичээнгүйлэн залбирч, тунхаглаж, хамтдаа сайн мэдээнд зүтгэж байгаа ах эгч дүүгээ дэмжиж, тэнгэр Эцэг Эхтэйгээ хамт гар гараасаа хөтлөлцөөд тэнгэрийн хаанчлал руу явбал сайн сан.

Мэдээж сайн мэдээ тунхаглах замд ялихгүй бэрхшээл ч бий. Бурхан биднийг тэгш дардан замаар алхуулж чадна. Гэвч загалмай үүрээд зовлонгийн замыг туулсан Христийн төрхийг жаахан ч болов дуурайлгахын тулд бидэнд түр зуурын бэрхшээл амсуулдаг. Зовлонгоор дамжуулан биднийг төгс болгож байгаа Бурханы хайрыг бид мэдэрч чадна.

Одоо ч бас Бурхан биднийг сүнслэг төгс бүтээл болгон бүтээж байгааг санаарай. Амралтын өдөр, Алгасал баяр гэх зэрэг Бурханы тушаалыг сахих нь ч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглах нь ч бүгд л Бурханыг дуурайсан хүн болох явц юм.

Елохим Бурхан Сионы их замыг цэлийтэл нээж өгсөн тул цаашдаа манай сайн мэдээ агуу, бүтэмжтэй болох нь л үлдээд байгаа. Бид бүхэн зөвхөн тэр замаар л алхахад болно. Гэвч Бурхан бидний зүтгэлийг хардаг. Бурханы хүсэлд дуулгавартай байх гэж хэр хичээж байгааг, хэр зэрэг зүтгэл гаргаж байгааг харж байгаа.

Сайн мэдээний төлөө золиос гаргаж, асар их зовлонг тэвчсэн тэнгэр Эцэг Эхийн зүтгэлтэй харьцуулбал үнэндээ бидний зүтгэл тун өчүүхэн. Бурханы хүүхдүүдийн хувиар тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг Самари, дэлхийн хязгаар хүртэл тунхаглах ажилд хойш суулгүй, тэнгэр Эцэг Эхийнхээ сэтгэлийг хөдөлгөхийг хүсье.