Гай гамшиг болон бузар нүглээр дүүрч буй хорвоод хэн нь ч мөхөлгүй, бүгдийг гэмшихийг хүсдэг Бурханы хүслийг дагаад, сайн мэдээ тунхаглах итгэгчдийн алхаа улам бүр шуурхайлна. Бурхан ертөнцийг аврах их үйлсдээ Бурханы тугийг улам өндөрт мандуулахыг бидэнд зөвшөөрсөн. Бид үүнтэй хөл зэрэгцэн далайн усыг цэвэршүүлдэг 3% давс шиг ертөнцийн давс болсон ариун хүмүүсийн эрэлд мордож, айл гэр цаашлаад нутаг ус, улс орон, дэлхий дахинд түгтэл нь Бурханы сайн мэдээний вант улсыг босгон байгуулалцах авралын их үйлсэд оролцож байна.
“Баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод, бүх дэлхийг дүүргэжээ” гэсэн Даниел номын зөгнөлтэй адил бидний эхлэл бага байсан ч төгсгөл нь агуу их байх юм. Бид өөрсдийн хүчинд найдах аваас хүчин мөхөстөж, боломжгүй мэт санагдах боловч дэргэд маань хэн байгааг ухаарвал өдөр бүр шинэ хүч олж авна. Дэлхийн авралыг биелүүлж чадах тодорхой учир шалтгаан бидэнд бий.
Бага сургуульд дөнгөж орсон хүү нь хичээлээ тарчихаад гэртээ ирж л дээ. Эрүүл саруул энх тунх өсөж, бүр сургуульд орох хэртэй болсон хүүгээрээ ээж нь ихэд бахархан, нэг зүйл гуйж гэнэ. Өвөлжингөө гэрт байсан том цэцгийн савыг гадагш гаргаад өгөөч гэжээ. Бяцхан хүү нь мөрөө хавчин овоо шаламгай гэгч нь хөдөлж цэцгийн савыг байдаг чадлаараа өргөж үзэв. Харин хамаг хүчээ гаргаад ч цэцгийн сав байрнаасаа алхам ч хөдөлсөнгүй. Хажуугаас нь ажиж байсан ээж “Өөртөө байгаа бүх хүчээ шавхаад үз” гэж хүүдээ зөвлөв. Ангир шар уураг амталж өссөн хүчээ хүртэл бүгдийг нь шавхаад ч хүү цэцгийн савыг огт хөдөлгөсөнгүй.
Туйлдсан хүү нь “Чадахгүй нь ээ” гээд няцахад эх нь хүүдээ “Чи дэргэдээ байгаа ээждээ туслаач гэж яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Чиний ашиглаж болох хамгийн сүүлчийн хүч ээжийн чинь хүч шүү дээ. Яагаад туслаач гэсэнгүй вэ?” гэж хэлж гэнэ.
Бурхан биднийг дэлхий дахинд сайн мэдээ хурдан тунхаглаарай гэсэн. Ертөнцийг аврах агуу зорилт Бурханы үг ёсоор тогтоогдсон байгаа. Харин энэ ертөнцийг зөвхөн бидний хүчээр аварна гэвэл яагаад ч чадахгүй. Хичнээн бодоод ч хүчин мөхөстөж, бидний хүчээр болгоё гээд жаахан ч хөдлөхгүй.
Бид өнөөг хүртэл дэргэд минь хэн хамт байгааг бодохгүй, гагцхүү өөрсдийнхөө хүчээр л болгоно гэсэн бодолд автсан байж мэдэх юм. Бурхан “Яагаад чи Намайг төгс хүчит гэсэн мөртлөө Надаас гуйхгүй байгаа юм бэ?” хэмээн айлдаж байна. Дээр өгүүлсэн эхийн мэргэн ухаан Библид бас гардаг.
“Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могой өгнө гэж үү? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу?” Мат 7:7-11
Хүнд цэцгийн сав зөөнө гэдэг хүүхдэд бол хэцүү. Харин дэргэд нь аав нь бас ээж нь ч байсан. “Аав аа, ээж ээ, туслаарай” гэсэн бол тэр зэргийн цэцгийн сав зөөх асуудал биш.
Бурхан “Гуй, хай, тогш”, тэгвэл бидэнд бүгдийг өгнө гэсэн. Бурханыг түшээд хийвэл л бүх зүйл амжилттай болно гэдгийг сэтгэлдээ тод санаж, үргэлж Бурханаас гуйж, хайж, тогшдог хүүхдүүд болцгооё.
Бурхан сүүлчийн энэ үед биднээс нэг зүйлийг гуйсан. Энэ нь бүх үндэстэн рүү явж сайн мэдээ тунхаглан, авралын тусламж үзүүлэх явдал.
“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20
Бүх үндэстэнд Христийн тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг заахын төлөө ертөнц рүү явахаар бэрхшээл ганц нэгээр дуусахгүй. Хэлний бэрхшээлийг яаж арилгах вэ, хэн явах вэ, хэдэн хүн явж байж сүүлчийн авралын ажил биелэх бол? Энэ ажлыг хийх гэж хичнээн нухацтай бодоод ч энэ нь хөөрхийлөлтэй бидний хүчээр болчих зүйл биш.
Бид яг л ээж нь цэцгийн сав зөөж өгөөч гэж гуйсан хүүхэдтэй адилхан байдалд байна. Зөвхөн өөрийнхөө хүчээр цэцгийн сав зөөх гэж оролдон өргөж байсан хүүхэдтэй адил бид бас дуулгавартай сэтгэлээр ертөнцийг аврах ажилд зоригтойгоор гүйн орсон. Харин энэ нь бидний хүчээр биелчих тийм амархан ажил биш.
Эхийнхээ сургаснаар, ээжээсээ тусламж хүсэхэд цэцгийн савыг тун амархан зөөчих байсныг санан, одоог хүртэл ухаарахгүй, ганц өөрийнхөө чадварт найдаж байсан бол одооноос больж, Бурханаас улам их чухалчлан гуйцгаая. Тэгсэн байхад Бурхан бүх ажлыг заавал гүйцэлдүүлнэ.
“Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” Фил 4:13
Намайг хүчирхэгжүүлэгч Нэгэн бол зөвхөн Бурхан. Бурханаар бүгдийг хийж чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Цэцгийн сав өргөх нь дан өөрийн хүчээр болохгүй ч эцэг эхээсээ туслаач гэвэл зайлшгүй тусална шүү дээ. Иймхэн юм хийж чадахгүй гэж голж зэмлэх эцэг эх гэж байхгүй. Ёрын муу хүн ч хүртэл хүүхдүүдээ юм өгөөч гэхээр илүү сайныг нь өгдөг байхад тэр тусмаа тэнгэрт оршигч бидний Эцэг, Эх Бурхан минь хэр сайныг өгөх бол оо!
Хүүхэд өөрт нь мөнгө байхгүй болохоор хөөрхөн загнаж байгаад ээжээсээ хэрэглээний мөнгө авч, түүгээрээ дуртай цэцгийг нь авч ээждээ бэлэглэжээ гэж бодъё. Хэдийгээр өөрийнх нь мөнгөөр цэцэг авч бэлэглэсэн ч “Хүү минь намайг баярлуулах гэж ингэж хичээж дээ” гэж бодон, эхийн сэтгэл таатай байна. Аав ээжийн энэ л сэтгэл бол Бурханы сэтгэл юм.
Хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсдэг Бурханы хүслийг биелүүлэх гэсэндээ тусламж гуйвал Эцэг, Эх тусалж өгнө. Өчүүхэн жижиг зүйл байсан ч Эцэг, Эхдээ баяр баясгалан өргөхийн төлөө хүүхдүүд нь хичээж байгаа бол үүнд нь дандаа тусалж, замыг нь нээж өгнө гэдгийг заавал санаарай.
Бид Бурханаас хэр чухалчлан гуйж байгаагаас шалтгаалан ярвигтай ажил амархан бүтэж, амархан ажил ярвигтай болж ч болно. Үүний жишээг хуучин гэрээний Мосегийн үеийн түүхээс үзэцгээе.
“Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилийн хөвгүүд харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав. Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? … Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв. Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв. ЭЗЭН, Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.” Гэт 14:10-16
Израильчууд зөвхөн өөрсдийн хүчээр арга сүвэгчилж даван туулахыг оролдсон. Гэсэн хэдий ч ядарч туйлдан, арга мухардмагцаа ихэд гутарч, гомдлын үгс тасралтгүй урсгаж гарав. Араас нь Египетийн цэргүүд нэхэн хөөж, урд нь Улаан тэнгис хөндөлсөн тулсанд яах ч учраа олохгүй, Египетийн цэргүүдийн сэлмэнд үхэх байх гэж бодож байлаа.
Тэдэнд хараахан хэрэглэж амжаагүй нэг хүч байсан нь өөрсөдтэй нь хамт байсан Бурханы хүч байв. Үнэхээр Мосе Бурханд хашхирах тэр үед ганц таягаар л Улаан тэнгис хуваагдсан билээ. Энэ нь Мосегийн ч, израильчуудын ч хүч биш юм. Израиль даяараа хамаг хүчээ шавхсан ч Улаан тэнгисийг хувааж чадашгүй юм. Бурхан Мосегийн тусламж хүсэж байгааг сонсоод, Улаан тэнгисийн гайхамшгийг үзүүлсэн нь тэр.
Бурхан ганцхан Мосегийн үеийн түүхээр ч бус Иошуа, Гидеон, Самсон, Давид гээд итгэлийн олон өвөг дээдсийн түүхээр хүч чадлаа харуулсан. Бурханаас гуйн, Бурханаас тусламж хүсэх бүрд өмнө нь болж бүтдэггүй байсан бүхэн болж бүтэх тал руугаа чиглэлээ өөрчилдөг байв.
Өнөөгийн бидэнд ч ертөнцийн авралын түүхийг биелүүлж чадах учир шалтгаан заавал бий. Энэ захиасыг бүрэн биелэгдтэл нь Бурхан бүх нөхцөл бололцоог бүрдүүлж тавьсан байхад бид одоог хүртэл хүсээгүй, хайж, гуйж, тогшоогүй бол биелэхгүй.
Бидэнд Эцэг, Эх Бурхан хэрэгтэй. Хичээнгүйлэн хайж, гуйж, тогших хэрэгтэй. Тэгж гэмээнэ бидний явах газар болгонд өмнө минь байгаа алив саад тотгор Улаан тэнгис хуваагдсаны адил хуваагдаж, Иерусалим Эхийн яруу алдар даян дэлхийд илчлэгдэнэ.
Бидний дэргэд Эцэг Бурхан, Эх Бурхан хамт байна. Мөн Тэдний маань хажууд үргэлж Эцэг, Эхийн тушаалыг даган, гайхамшгийн системийг хэрэгжүүлэхийн төлөө янз янзын бэлтгэл сургуулилт хийж байдаг тэнгэрийн цэргүүд гэж бий. Тэд сайн мэдээний үйл явцыг ажиглан харцгааж байгаа. Бидний Бурхан тусламж хүсэх бүрд заавал тусалж өгнө.
Есүсийн удаа дараа харуулсан гайхамшгийн систем ч мөн итгэлээр хайж, гуйж, тогшихоос эхэлдэг. Энэ түүхийг Матай 9-р бүлгээс судалж үзэцгээе.
“Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. …” Мат 9:27-30
Сохор хүн өөрийн хүчээр хичнээн нүдээ нээхийг оролдсон ч үзэсгэлэнт гэрэл гэгээ бүхий орчлон ертөнцийг харж чадаагүй. Тэгээд Есүс дээр очоод, туслахыг гуйжээ. Есүс “Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу?” гэж асуусан. Сохор хүмүүс “Тийм ээ, Эзэн” гэж хариулав. Тэрээр “Эзэн минь, Эзэн минь” гэсэн бусад хүмүүсийн үгэнд автсан бус, чин үнэн итгэлээрээ гуйж байгаагаа харуулав. Тэгмэгц Есүс “Итгэлийн чинь дагуу болог” гээд тэр даруй нүд нь хараа орсон тухай Библид бичсэн байна.
Библийн эдгээр бүх түүх биднийг сургахын тулд бичигдсэн юм (Ром 15:4). Дэлхийг аврахын төлөө урагшилж буй бидний өмнө олон бэрхшээл, урхи занга, саад тотгор тээглэнэ. Өөрийн хүчээр давж гарах гээд болохгүй бол Бурхандаа залбирал ихэд өргөж, чухалчлан гуйцгаая. Тийнхүү дэлхийн нэг ч хүний сүнсийг үлдээлгүй, бүгдийг гэмшүүлэн аврах нь Бурханы хүсэл юм.
“Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? Итгэлийн чинь дагуу болог” гэсэн нь л гайхамшгийн системийг ажиллуулах дүрэм юм. Бурханы түүхийг биелүүлэхэд итгэл хэрэгтэй. Бид л хүсэх юм бол төгс хүчит, бүхнийг чадагч Елохим Бурхан үргэлж тусална гэсэн итгэлтэй байж, сайн мэдээний үүрэгт ажлаа гүйцэтгэхийг хүсье.
Ертөнцийг аврах их үйл хэрэг Бурханы тусламжгүйгээр хэрхэвч бүтэхгүй, бүр төсөөлж ч боломгүй ажил билээ. Харин Бурхан хамт байгаа болохоор энэ нь хүчрэшгүй ажил огт биш. Түмэн бодисыг бүтээн, далай, эх газрыг зааглаж, огторгуйн дээрх ус, огторгуйн доорх ус хийгээд гэрлийг буй болгосон Бүтээгч Эзэн Бурхан бидэнд тусалж байна. Бурхан бидэнд заавал тусална хэмээн амласныг дахин нэг баталж үзэцгээе.
“Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ, чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ».” Иса 41:10
Бид өөрсдийн хүчээрээ дэлхийг өргөж чадахгүй, огторгуйд хөөргөж ч чадахгүй. Харин дэлхийг бөмбөг мэт огторгуйд хөөргөөд, бас эргүүлдэг төгс хүчит Нэгэн нь бидний Бурхан билээ. Хүч чадлын Бурхан бидэнд тусалж байгаа болохоор хичнээн хэцүү ажлыг ч бид чадмаг гэгч нь биелүүлэх биш үү?
“… Би чамайг аварсан учир бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. … Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй, Би чамд хайртай. Тиймээс Би чиний оронд хүмүүсийг, амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө. Би чамтай хамт байгаа тул бүү айгтун. … Хөвгүүдийг минь алс холоос, охидыг минь газрын хязгаараас, Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.” Иса 43:1-7
Бурхан бидэнд тусална хэмээн айлдсан байна. Хүн бол тусална гэж хэлчихээд цагаа тулахаар бэрхшээл гараад ирмэгц тусалж чадахаа болих нь бий. Харин Бурхан хэлсэн л бол заавал үгэндээ хүрдэг.
“Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун. Би Өөрөөрөө тангарагласан. Амнаас минь зөвт үг гарсан бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс өвдөг бүхэн Надад сөгдөж, хэл бүр тангараглана.” Иса 45:22-23
““Зорилго минь хэрэгжинэ. Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэж айлдан Би эхлэлээс авахуулан төгсгөлийг, хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн. Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.” Иса 46:10-11
Бурханы айлдсан үг цөм биелнэ. Цөлийн 40 жилийн хугацаанд ч тэр гагцхүү төлөвлөсөн үйл явц дунд итгэлгүй хүмүүс нь итгэхгүй эргэлзэж, гомдоллон дургүйцэж, шүтээн шүтэж байгаад үхэж үрэгдсэн болохоос Бурхан израиль ард түмэнд амласнаараа сүү, зөгийн балаар бялхсан Канаан нутгийг өв болгон өгсөн билээ. Төлөвлөсөн л бол зайлшгүй биелүүлдэг нь бидний Бурхан юм.
Чадал хүрэхгүй бол залбирлаар хичээнгүйлэн гуйгаарай. Бурхан хэнд ч бай зам бэлдэж өгнө. Хэл ярианы чадваргүй Мосед ч Египетийн хаан Фараоны эсрэг бат зогсож чадах замыг нээсэн шүү дээ. Дутуу мөхөс харагдсан элч нараар дамжуулан анхны сүмийн сайн мэдээний сэргэн мандалтын гайхамшигт түүхийг гүйцэлдүүлсэн билээ.
Самари ба дэлхийн хязгаар хүртэл явж сайн мэдээ тараан, Христийн тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заавал “Үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэж Бурхан айлдсан юм. Эцэг, Эх маань үеийн төгсгөл хүртэл бидэнтэй үргэлж хамт байх учраас бид бүхнийг хийж чадна. Бурханы хүч чадлын түүхэнд итгээд, хамт байгаа Елохим Бурханаасаа гуйгаад, ертөнцийн авралыг биелүүлэхийг Сионы ах, эгч дүүс та бүгдээсээ хүсэх байна.