Алгасал баяр ба Бурханы тамга

36,032 үзэлт

Өнөө үед үндэстэн хоорондын дайн, улс хоорондын мөргөлдөөн, терроризм, өлсгөлөн, газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үхэлд хүргэхүйц цочир хүйтрэл, хэт халалт, үер гэх зэрэг тоймгүй их гамшиг бөмбөрцөг дэлхийн хаа сайгүй гарч байна. Энэ мэт гамшиг нүүрлэх бүрийд хүмүүс хэнд, юунд найдахаа мэдэхгүй айдаст автан чичирч байна.

Библид хожим ирэх гай гамшгийг болон тэрхүү гамшгийн үед хүмүүс яах талаар аль эртнээс зөгнөсөн юм.

“Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч мутар минь тэднийг тэндээс барина. Тэнгэр өөд гарсан ч тэднийг би эндээс буулгана. Кармелын оргилд нуугдсан ч… Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч…” Амо 9:2-9

Дээрх зөгнөлөөс үзэхэд хүмүүс гарцаагүй хаа нэг газар өөрсдийгөө далдалж, нуугдахыг оролдоно. Учир нь энэ дэлхийд хүний хүчээр дийлэхээргүй үлэмж гамшиг буух юм.

Энэхүү зөгнөл нь 2800 жилийн өмнөх үе буюу Амос зөнчийн үед болох зүйлийн талаар яриагүй. Харин Бурханы сүүлчийн шүүлтийн үед болох Эзэний аймшигт, үлэмжийн гамшгийн өдрийн талаарх анхааруулга юм.

Хүний аргаар зугтаж үл чадах сүүлчийн гамшиг

Шинжлэх ухаан өндөр хөгжсөн эрин үед амьдарч буй орчин үеийн хүмүүс ирэх гамшиг болон хүн төрөлхтний төгсгөлөөс айн сүрдэж, хоргодох арга замыг тал бүрээр хайсаар байна. Дэлхийг хэдэн арван удаа устгаж чадах цөмийн зэвсгийн аюул заналхийллээс зугтахын тулд газар доор, тэнгисийн ёроолд эсвэл дэлхийгээс өөр гараг руу зугтаж болох эсэхэд чих тавин, хоргодох газар хайн, хамаг анхаарлаа хандуулах болж. Далайн гүн рүү зугтах цөмийн шумбагч онгоц, мөн харь гараг руу гарах сансрын хөлөг гэх мэт олон арга яригдаж байна. АНУ зэрэг хүчирхэг орнууд Видор уулын доор Цагаан ордон барьж, өөр олон бүс нутаг онцгой байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс газар доор 97 хот байгуулсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг.

Гэтэл энэ мэт шинжлэх ухааны болон хүний арга хэрэгслээр Бурханы догшин уур хилэнгээс мултарч чадахгүйг Библид тодорхой айлддаг. Түүнчлэн сүүлчийн тэрхүү гамшиг нь аль нэг бүс нутгийг л зөвхөн хамрах бус бүх дэлхийд бууна хэмээсэн.

“Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно.” Лук 21:35

“Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. … дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.” Иса 24:3-13

Тэгвэл дэлхий дахин дээр, дэлхийн төвд, хүмүүсийн дунд ирэх тэрхүү гамшиг нь ямар байдлаар ирэхийг Библиэс судалж үзэцгээе.

“Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. … Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна.” 2Пет 3:7-10

Бурхан галыг шүүлтийн хэрэгслээ болгон хадгалж байгаа гэсэн тул бүх дэлхий дээр ирэх гамшиг нь гал юм. Тэр өдөр ирэхэд тэнгэр шатан устаж, аливаа бодисууд нь халуун илчинд нь хайлан шатах бөгөөд зоригт дайчид хүртэл айн чичирч, уйлан гашуудах үлэмж их зовлонгийн өдөр болно.

Харин айн чичирмээр тийм байдал дунд ч Бурхан гамшгаас мултарч чадах сайн мэдээ, авралын замыг бэлтгэн тавьж, үүнийгээ зааж өгсөн юм. Бурхан эрдэмтдийн гаргасан шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжлийн элдэв арга хэрэгслээр бус, гагцхүү Библиэр дамжуулан авралын мэдээ, аврагдах аргыг бидэнд тодорхой зааж өгсөн юм.

Гамшгаас аврах Бурханы амлалт бүхий Алгасал баяр

Гамшгаас аварна хэмээсэн Бурханы амлалт хаана байгааг нүд, чих, сэтгэлийн үүдээ цэлийтэл нээж байгаад Бурханы сургаалаас судалж үзэцгээе.

“… Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж (үхүүлж), … Та нарын байгаа гэр дээрх цус (Алгасал баярын хурганы цус) нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. …” Гэт 12:11-14

Египетээс гарах үед уугануудыг цохих гамшиг Египетэд буухад Алгасал баяр тэмдэглэсэн израиль айлд ямар ч гамшиг буугаагүй. Өөрөөр хэлбэл тэрхүү гамшиг алгассан юм. Тиймээс Алгасал баяр нь англиар “пайсовер (Passover)”, грекээр “пасха (πασχα)”, еврей хэлээр “песах (פסח)” буюу “гамшиг алгасан өнгөрөх” гэсэн утгатай.

Ийнхүү Алгасал баяраар гай гамшиг алгасан одсон түүхийг сүүлчийн үетэй золгосон бидэнд анхааруулга болгон Библид тэмдэглэсэн юм. Алгасал баярын хүч чадалд итгээгүй тэрсэлсэн Израиль улс болон уг баярыг эрхэмлэн сахисан Иудагийн Хезекиа хааны түүх нь бидэнд Алгасал баяр хичнээн чухал, үнэ цэнэтэйг улам бүр ухааруулж байна.

Иудагийн Хезекиа хаан өргөөг сэргээн засварлах явцдаа олсон гэрээний номыг уншиж, Бурханы гэрээг ухаарч, удаан хугацаанд сахиж чадаагүй байсан Алгасал баярыг сахихын тулд “Алгасал баяр тэмдэглэхээр Иерусалимд ирэгтүн” гэсэн мэдээг тараалгахаар бүх Иуда болон Израиль руу зарлагуудаа илгээсэн. Тэр үед зарлагуудыг зэвүүцэн инээлдэж, доромжилж байсан Хойд Израиль хэдэн жилийн дараа Ассирийн довтолгоонд өртөн сүйрч (2Хаа 18:9-12), харин Алгасал баярыг ариунаар сахисан Иуда хүчирхэг Ассирийн халдлагаас Бурханы хүч чадлаар мултарч, эсэн мэнд гарсан түүх Библид тэмдэглээстэй байдаг (2Шас 30:1-27, 2Хаа 18:13-19:37).

Энэ сүүлчийн үед ч мөн аймшигт гамшигт өртөхөөс өөр аргагүй хүмүүс байгаа бол Бурханы тусламжаар гамшгаас аврагдах хүмүүс ч байгааг Библид бичсэн байдаг.

“Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, … дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав. … амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. … тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул…” Илч 7:1-4

Сүүлчийн гамшгаас аврагдаж чадах цорын ганц арга нь Бурханы тамга даруулах. Тэгвэл Бурханы тамга нь юу юм бол? Алгасал баярын хурганы цус “Бурханы тамга” болж, сүүлчийн гамшгаас Бурханы ард түмнийг аварна гэж Библид зөгнөсөн. Египетээс гарсан тухайн үед израиль ард түмэн Алгасал баяраар нэг настай хурганы цусыг хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд нялсан нь тэмдэг болж, уугануудыг цохих аймшигт гамшгаас тэд аврагдаж чадсан. Хуучин гэрээний Алгасал баярын хурга нь шинэ гэрээнд Есүсийг бэлгэдсэн юм.

“… Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан. Иймд бид… баяраа тэмдэглэе.” 1Кор 5:7-8

Иймээс Алгасал баярын Хурга болсон “Есүс Христийн цус” байхгүйгээр нэг ч хүн сүүлчийн гамшгаас аврагдаж чадахгүй. Сүүлчийн үед газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй тэнгэр элч нар салхийг (дайныг) тавих юм бол энэ газар дэлхийд асар том гамшиг бууна (Илч 7:1-с хойш үзэх). Бурхан энэ сүүлчийн гамшиг хүүхдүүдийг нь алгасан өнгөрөг гэсэндээ хүүхдүүдийнхээ духан дээр “тамга” дарж байгаа. Эцэст нь “Бурханы тамга” бол гамшгаас аврах авралын тамга юм.

“ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв. … хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас (ахлагчдаас) эхлэв.” Езе 9:4-6

Бурхан гамшиг буулгах тэнгэр элч нарт ямар хүмүүсээс эхлээд хүйс тэмтэр гэж тушаасан бэ? Духан дээрээ тэмдэг тавиулаагүй хүн буюу Алгасал баярын хурганы цусаар Бурханы тамгыг даруулаагүй хуурамч сүмийн ахлагчдаас (удирдагчдаас) эхлэгтүн гэж айлдсан. Библийн зөгнөлийн үгийг судлаад үзэхээр бидний одоо амьдарч байгаа энэ үе нь сүүлчийн гамшгийн үе юм. Тиймээс Бурхан хүүхдүүд бидэндээ гамшгаас зугтаж чадах арга нь зөвхөн “Бурханы тамга” даруулах гэдгийг ухааруулж байна. Бурхан түүнчлэн сүүлчийн тамга дарах ажил наран мандах дорно зүгээс эхлэн баруун зүгт хийгдэнэ гэдгийг ч мөн мэдүүлсэн.

“Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. …” Илч 7:2

Элч Иоханы илчлэлт харсан Патм арлыг хэмжүүр болгон харвал Бурханы тамгалах ажил наран мандах газар, дорно зүгээс эхэлж байж л Библийн зөгнөл биелэгдэнэ.

Бурхан биднийг Өөрийнх нь учраас тамгалдаг

Алгасал баяр сахивал бид Бурханы дотор, Бурхан ч бидний дотор орших болно (Иох 6:56, 15:4-8). Бурханы дотор байгаа бид Бурханых юм.

“Христ дотор биднийг та нартай хамт бататгаж… Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.” 2Кор 1:21-22

Энэ хэсгийг Орчин үеийнхний Солонгос Библид “Тэр биднийг Өөрийнх болгон бататгаж тамгалсан” хэмээсэн.

Тэгвэл Бурхан Өөрийнх нь болсон бидэнд ямар ерөөл өгөхийг судалж үзэцгээе.

“Харин Иаков аа, …“Би чамайг аварсан учир бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. …” Иса 43:1-3

Бурхан Алгасал баяраар тамгаа даран биднийг Өөрийнхөө ард түмэн болгон баталж, ямар ч гамшиг сүйрлээс хамгаална гэдгээ баттайгаар амласан юм. Түүнчлэн Бурхан гамшгийн энэ сүүлчийн үед амьдарч байгаа хүүхдүүдээ сүүлчийн гамшгаас аврагдахын тулд Алгасал баяр тэмдэглээрэй хэмээн дуудан байна. Дөрвөн салхийг (дайныг) барьж буй тэнгэр элч нар гараа тавихаас нь өмнө бид авралын сайн мэдээг дамжуулах зарлагын хувьд Бурханы тамга болох шинэ гэрээний Алгасал баярыг бүх ертөнцөд тунхаглах ёстой.

Сионы ах эгч дүү нар аа! Бид бүхнийг Өөрийн онцгой эзэмшил мэт эрхэмлэн, ард түмнээ болгосон Бурхандаа талархал өргөн, энэ цаг үеийн Бурханы авралын түүхэнд бүгд оролцоцгооё!