​Намайг хайгтун

7,368 үзэлт

Бурхан хүн төрөлхтөнд “Намайг хайгтун” гэж хэлсэн. Бурханыг хайж олъё гэвэл Бурханы талаар мэдэх ёстой. Бурхан хаана оршдогийг, ямар үнэн авч энэ газарт ирэхийг гээд Библид бичигдсэн бүх баримтыг олж байж л Бурханыг олж, зүй ёсоор хүлээн авч чадна.

Бурхан Өөрөө энэ дэлхийд ирчихээд байхад ч хүртэл ертөнцийн олон сүм хараахан Бурханыг мэдэхгүй, олж чадахгүй байгаа. Библид Бурхан Сионд оршдог гэж бичсэн бол Сион хаана байгааг мэдэж, Сионд шинэ гэрээний үнэнийг тунхаглаж байгаа Нэгэн нь Бурхан мөн гэсэн бол шинэ гэрээ байгуулсан Нэгэнийг хайж олох хэрэгтэй (Иса 33:20-22, Мик 4:1-2). Хурга Сүйт бүсгүйтэй хамт гарч ирнэ гэж Библид хэлсэн бол Хурга болох Эцэг Бурхан төдийгүй Сүйт бүсгүй болох Эх Бурханыг ч тунхагладаг үнэний сүм хаана байгааг хайж олох ёстой шүү дээ (Илч 19:7-9, Илч 21:9-10). Библийн үгийг нэг бүрчлэн судалж Бурханыг хайж олцгооё.

Бурханыг хайгтун

“Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. Хорон муу нь замаа, буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг. “Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ.” Иса 55:6-9

Бурханыг хайж, Бурхан руу ир гэж айлдаад, Бурханы бодол ба хүний бодол тэс өөр гэсэн байна. Тийм болохоор бид Бурханы бодлыг дагаж, Бурханыг олох ёстой. Аврал өгөх Бурханы арга зам хүний бодлоос эрс ялгаатай. Гурван зуун хүнээр зуун гучин таван мянган дайсны цэргийг бут цохисон Гидеоны түүх үүнийг баталдаг.

Зуун гучин таван мянгад хүрсэн Мидианы цэрэг Гидеоны гучин хоёр мянган цэргээс илт давуу хүчирхэг байсан юм. Гэвч Бурхан айж сүрдэж байгаа хүмүүсийг буцаа гээд Гидеоны цэргээс арван мянгыг нь хасдаг. Тэгээд тэднийг ч бас олон байна гээд тоог нь дахин хассаар гурван зуухан хүн сонгодог. Гидеон болон гурван зуун дайчин Бурханы тушаал ёсоор вааранд бамбараа нуун, бүрээгээ бариад шөнө дунд Мидианы хуаран руу оржээ. Тэд “Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө” гэж нэгэн зэрэг хашхиран бүрээгээ үлээж, ваараа хагалан дотор нь нуусан бамбараа ил гаргав. Мидианы цэргүүд нойрноосоо цочин сэрж, өөрийн талынхнаа дайсан гэж андуураад өөр хоорондоо дайтаж эхэлдэг. Энэ нь хүний бодлоор бол боломжгүй хэрэг байв. Гэвч Бурханы бодлыг дагасны үр дүнд Гидеоны цэргүүд ямар ч гарз хохирол амсалгүй гурван зуухан хүнтэйгээр Мидианы их цэргийг үлдэн хөөж, агуу ялалт байгуулжээ (Шүү 7-р бүлэг).

Египетээс гарсан түүхэнд ч Бурханы бодол ба хүний бодлын ялгаа харагддаг. Израиль ард түмэн Египетээс чөлөөлөгдөж цөл рүү гарахад өмнө нь Улаан тэнгис хөндөлсөж, араас нь Египетийн цэргүүд хөөж, тэд арга мухардам эгзэгтэй нөхцөл байдалтай нүүр тулжээ. Ард түмэн яах учраа олохгүй тэвдэн, гомдлын үгс асгаруулж эхлэв. Тэр мөчид Мосе Бурханд хандан хашхирахад Бурхан “Таягаа далай дээгүүр сунга” хэмээн айлдсан юм. Мосе таягаа сунгамагц Улаан тэнгис голоороо хуваагдаж зам нээгддэг. Бурхан хүний санаанд ороогүй агуу түүхийг өрнүүлж, тэд далайг хуурай газар шиг гаталсан юм (Гэт 14-р бүлэг).

Урд хойд, зүүн баруун бүх тал нь хаалттай үед цорын ганц гарц бол дээд тал өөрөөр хэлбэл тэнгэр. Дөрвөн тал ханаар хашигдсан мэт нөхцөлд ч Бурханд хариулт нь байдаг. Өнгөрсөн түүхийг толь болгож, бид үргэлж Бурханд итгэн, Бурханы бодол бичигдсэн Библийг тэр хэвээр нь дагадаг итгэлтэй байх хэрэгтэй юм.

Бурханыг мэдэхийн тулд шамдацгаая

Бурханыг олъё гэвэл бид Бурханы бодлыг дагаад ямар Бурхан оршдог вэ гэдгийг мэдэхийн тулд шамдах хэрэгтэй. Бурханыг зүй ёсоор мэдэж чадахгүй бол мөнх аминд ч, авралд ч найдалтгүй юм.

“Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ. … Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална.” Хос 6:3-6

Хүн төрөлхтнийг авралд хүрээсэй гэж хүсдэг Бурхан юу юунаас илүү Аврагч болох Бурханы тухай мэдэхийг биднээс хүсдэг. Хүн Бурханыг мэднэ гэдэг тийм ч хялбар биш. Тийм учраас Бурхан хүн төрөлхтөнд Бурханыг мэдэж, ойлгох боломж олгож Библи гэдэг ном өгсөн юм.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй.” Иох 5:39-40

Бид Библи уншвал Бурханы бодлыг мэдэж чадна. Учир нь Бурхан Өөрийнхөө бодлыг, хүн төрөлхтний төлөөх авралын төлөвлөгөөгөө Библид шингээсэн юм. Энэхүү номын эш үзүүллэгийн үгс дээр ямар нэг юм нэмж, эсвэл хасаж болохгүй гэсэн шалтгаан ч бас үүнд бий. Библийн зөгнөлд итгэхгүй, хүний бодол нэмбэл Бурханыг хүлээн авах хэцүү. Өөрийн бодлоо хаяж, Бурханы бодлыг агуулсан Библийн үгэнд итгэж дагах юм бол бид Бурханы бодолтой болж, Бурханыг олж чадах юм.

Есүс хүмүүсийн бодож байснаас өөр байдлаар ирэв

Бурхан “Би махан биен хувцас өмсөж энэ дэлхийд ирээд та нартай хамт байх тул та нар Намайг хайгтун” гэж айлдсан. Бурхан махан бие болж ирэх талаар Библи дараахтай адил зөгнөсөн.

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Иса 9:6

“Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг Хөвгүүн болж төрнө” гэсэн нь Бурхан махан бие өмсөж ирэхийг мэдүүлж байгаа зөгнөл юм. Ойролцоогоор 700 жилийн дараа энэ зөгнөл дагуу Бурхан Есүс гэдэг нэрээр дэлхийд мэндэлжээ. Зөгнөлд итгэсэн элч нар Есүсийг Бурхан гэдэгт нь итгэж, Түүнийг дагасан юм.

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, …” Фил 2:5-6

Энэ мэт элч нар Есүсийг Бурхан гэж таньж мэдсэн юм. Гэвч харамсалтай нь Бурханд итгэдэг байсан ихэнх иудейчүүд хүний төрхөөр ирсэн Есүсийг хүлээн авалгүй, эсэргүүцсэн байдаг. Бурханы бодлоор бичигдсэн Библийн үгийг судалсан бол өөрсдийг нь аврахаар ирсэн Бурхантай уулзаж чадах л байсан юм. Гэвч тэд өөрсдийн бодлоороо Бурханыг дүгнэсэн болохоор тэдний нүдэнд Бурханы жинхэнэ төрх харагдаагүй.

Хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй сул дорой хүмүүний төрхөөр ирсэн Христийг тэд таниагүй (Иса 53:1-2). Гоёмсог хааны ордонд юм уу язгууртан айлд мэндэлсэн бол тэд итгэх байсан байж мэднэ л дээ. Гэсэн ч тэдний бодлоос өөрөөр Есүс Бетлехемд адууны жүчээнд мэндэлж, Назар гэдэг жижигхэн тосгонд ядуу мужааны хүү болон өссөн байдаг. Төрсөн газар, ар гэр, боловсрол, ажил мэргэжил гээд Есүстэй хамаатай махан биеийн бүхий л нөхцөл байдал тэдний хувьд бүдрүүлэх саад болжээ.

“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв. Есүс тэдэнд… Би Эцэгийнхээ үйлсийг эс үйлдвээс Надад бүү итгэ. Харин Би тэдгээрийг үйлдвэл та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлсэд итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно…” Иох 10:30-38

Есүс Өөрийгөө Эцэг Бурхан хэмээн зааж өгөөд байхад ч тэд “Хүн яаж Бурхан болох юм бэ?” гээд чулуу шүүрч Есүс рүү шидэх гэжээ. Ариун, агуу Бурхан бидний сүнсний авралын төлөө тэнгэрийн яруу алдраа орхин энэ дэлхийд ирсэн боловч хүмүүс Бурханыг мэдэхгүй гэхэд дэндүү мэдэхгүй байж. Хэрвээ тэд Бурханы бодол ёсоор зөгнөлд анхаарсан бол Аврагч болсон Бурхантай уулзах л байсан юм. Тиймдээ ч Есүс “Надад итгэхгүй байлаа ч тэдгээр үйлсэд (зөгнөлд) итгэ” гэж айлдсан байдаг.

Эцэг Бурхан ба Эх Бурхан

Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдэд хоёр дахиа үзэгдэнэ гэж айлдсан (Евр 9:28). Бурхан мөн “Намайг хайгтун” гэж айлдсан. Тэгвэл Бурханыг чин сэтгэлээсээ санагалзан үгүйлдэг хүн мөн л бол Бурханыг хайх ёстой биз дээ? Энэ үед дахин ирэх Бурханыг олж чадахгүй бол аврал авна гэж найдаад ч хэрэггүй юм.

Библийн зөгнөл дагуу хэзээ, хаана, ямар төрхөөр, юу авч ирэхийг, яагаад ирэхийг нь мэдэж гэмээнэ хоёр дахиа ирсэн Бурханыг бид олж чадна. Сүүлчийн үед Бурхан дэлхийд ганцаараа ирэхгүй Эцэг Бурхан ба Эх Бурхан хамтдаа ирнэ гэж Библид зөгнөсөн байдаг.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Зарим хүн “Сүнс нь Бурхан, сүйт бүсгүй нь итгэгч” гэж үздэг. Гэвч итгэгчид бол Бурханаас аврал хүсэх нүгэлтнүүд шүү дээ. Нүгэлтэн өөртэй нь адилхан нүгэлтний гэм нүглийг уучилж ч чадахгүй, амь өгч ч чадахгүй. Тиймээс амийн ус өгөх Сүнс болон Сүйт бүсгүй бол Бурхан юм (Илч 21:6-7).

Амийн ус авъя гэвэл Сүнс болон Сүйт бүсгүй өөрөөр хэлбэл Эцэг Бурхан болон Эх Бурханыг олж уулзах ёстой. Хэрэв Бурхан ер бусын дүр төрхөөр үзэгдэж, гайхамшигт хүч чадлаараа дэлхийн бүх хүний чихэнд хүрэхээр хүчит дуу хоолойгоор ярьсан бол хэн ч Бурханыг амархан олно шүү дээ. Гэтэл Бурхан 2000 жилийн өмнө ч, өнөө үед ч дэлхийд нэр нөлөөтэй сүмд биш Маркийн дээд давхрын өрөө шиг тийм газарт ирсэн. Хүмүүсийн бодолд орохооргүй тийм эгэл төрхөөр бидэнтэй хамт байсан. Тийм учраас Библид Бурханы биелүүлэх авралын аргыг хүний арга барилаас асар их ялгаатай гэсэн байдаг.

Эцэг Бурхан ба Эх Бурхан оршдог гэдгийг Библи тодорхой гэрчилдэг.

“Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.” Мат 6:8-9

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Бидэнд Эцэг Бурхан төдийгүй Эх Бурхан ч бас байгаа. Эцэг, Эх маань бидэнд “Ирээрэй” гэж айлдсан. Мөн биднийг дуудаж, шинэ гэрээгээр Өөрсдийн мах цусыг өвлүүлж, Бурханы хүүхэд болгон, мөнх амь хайрласан билээ.

Нэг өдрийн настай ялаа нэг л өдөр амьдардаг. Учир нь эх нь түүнд нэг өдрөөс илүү амьдарч чадахааргүй амийн ген өвлүүлсэн хэрэг. Нохойны дундаж наслалт 15 жил байдаг нь ч мөн нохой эхээсээ 15 жил орчим амьдрах генийг өвлөн авсантай холбоотой. Хүн ч бас ялгаагүй. Мянган жил, арван мянган жил амьдрахыг хүслээ ч ээжээсээ өвлөн авсан хязгаарлагдмал амьдралаар амьдардаг шүү дээ.

Харин бид мөнх амийн амлалт авсан. Энэ нь мөнхөд амьдардаг Эх Бурхан оршдог гэсэн үг биш гэж үү? Бидний Эх мөнх амьдардаг Бурхан биш л бол бид мөнх амьдралд найдах аргагүй юм. Гэтэл ертөнцийн сүмүүд Эх Бурханыг олж чадахгүй, зүгээр л Эх Бурхан байхгүй гэцгээдэг. Эх Бурханыг олж чадаагүй хүн Эх Бурханы соёрхох мөнх аминд хүрч чадахгүй юм. Шинэ гэрээ Алгасал баяраар дамжуулан тэнгэр Эцэг Эхийн мах, цусыг өвлөн авах хүн мөнх амьтай болж, тэнгэрийн хаанчлалд мөнхөд амьдарна (Иох 6:53-55, Лук 22:7-20). Цаашид үхэл байхгүй, гуниг, зовлон ч байхгүй мөнхийн ертөнц рүү биднийг аваачих гэсэндээ Бурхан бидэнд “Эх Бурханыг хайгтун” гэж хэлсэн юм.

Сүнс Өөрөө гэрчилдэг Бурханы хүүхэд

“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.” Ром 8:16-18

Сүнс Өөрөө биднийг Бурханы хүүхэд гэдгийг гэрчилдэг гэж Библид хэлсэн байна. Бидний юуг хараад Бурханы хүүхэд гэж гэрчлэх юм бол?

Хан мөрөнд цутгадаг Танчон гэдэг горхитой холбоотой ийм нэг домог байдаг. Дээр үед “3000 жарны настай Дун Бан Саг” гэдэг хүн амьдарч байжээ. 60 жил нь нэг мөчлөг болдог тул 60 жилийг 3000-аар үржүүлэхээр 180000 жил болно. Дун Бан Сагийг барьж ир гэсэн тушаал авсан тэнгэрийн элч түүнийг хайн, эрж сурагласны эцэст түүнийг нэгэн горхи руу загас барихаар байнга ирдэг гэдгийг нь сонсоод нэг арга сэджээ. Өнөөх элч өдөр бүр горхи руу очоод шатсан модны тас хар нүүрсийг хичээнгүйлэн угаадаг байв. Тэрийг сониучирхан харж байсан Дун Бан Саг нэг өдөр өнөөх элч рүү дөхөж ирээд яагаад тэгтлээ энэ модны нүүрсийг угаагаад байгааг нь асуужээ. Тэгэхэд нь элч энэ нүүрс дэндүү хар болохоор цагаан болтол нь угааж байна гэж хариулжээ. Тэгтэл Дун Бан Саг “Би 3000 жарны нүүр үзэхдээ ийм хүн анх удаа харлаа” гээд “Ха ха” гэж инээжээ. Түүнийг Дун Бан Саг мөн байна гэдгийг таньсан элч тэр даруй түүнийг барьж, чанд хамгаалан тэнгэр рүү авч явжээ. Түүнээс хойш өнөөх элчийн модны нүүрс угааж байсан горхийг “Танчон (нүүрсний горхи)” гэдэг болжээ.

Гаднаас нь хараад хэн Дун Бан Саг гэдгийг олоход бэрх байж. Гэсэн ч “3000 жарны нүүр үзлээ” гэдэг Дун Бан Сагийн үг түүнийг таних нотолгоо болж. Бурханы хүүхдүүдэд ч мөн баримт нотолгоо бий. Тэр бол бидний дотор байгаа Эх Бурханаас өвлөн авсан мөнх амь. “Таны нэрээр эш үзүүлж, гайхамшиг тэмдэг үзүүлсэн” гэж хичнээн хэллээ ч Эх Бурханы мөнх амийн ген байхгүй бол Бурханы хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрөгдөхгүй, тэнгэрийн хаанчлалд ч орж чадахгүй юм (Мат 7:21-23).

Өнөө үед олон хүн итгэлийн амьдралаар амьдардаг хэдий ч тэд Бурханыг олоогүй байгаа. Библийн зөгнөлөөр дамжуулан Сүнс болон Сүйт бүсгүйг олох ёстой атал 2000 жилийн өмнөх иудейчүүд шиг “Бурхан яаж хүн болж ирж чадах юм бэ?” гээд л хавчиж байгаа.

Эцэг Бурхан болон Эх Бурханыг олъё гэвэл хаашаа явах ёстой юм бол? Библи нь Бурханыг Сионд оршдог тухай заадаг (Дуу 132:13-14). Өнөө үед Библийн зөгнөл дагуу ирсэн Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэж, Тэднийг тунхагладаг Бурханы ард түмний байх ёстой газар бол Сион. Дэлхий дахинд Эцэг Бурханыг төдийгүй Эх Бурханыг ч тунхаглаж, Бурханы мах, цусыг өвлөн авч хүүхэд нь болох шинэ гэрээ Алгасал баярыг сахидаг газар бол яг одоо бидний ирээд байгаа Бурханы сүм юм. Сионд байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдаж, мөнх амийн ерөөл хүртэнэ гэж Библи гэрчилсэн байдаг (Иса 33:20-24, Дуу 133:1-3).

Эхлэл номноос Илчлэл ном хүртэл тэнгэр Эцэг Эх маань хүүхдүүддээ “Намайг хайгтун” гэдэг мессеж илгээсэн. Бурханыг чин сэтгэлээсээ хайдаг хүн л Бурхантай уулзаж чадна. Сатан Эх Бурханы оршихуйг үгүйсгэх гэж улайрч, хүний тушаал бий болгон тэнгэрийн хүүхдүүдийг өөр замаар явуулах гэж саад хийдэг. Олон саад байсан хэдий ч бид Эцэг Эхийн ивээлээр Сиондоо эсэн мэнд ирээд Бурхантай уулзсан шүү дээ. Мөн хүн төрөлхтөнд сайн мэдээ тунхаглах үүрэг хүлээсэн. Олон хүн Эцэг Эх Бурханыг олж, сүнсний эх нутаг тэнгэрийн хаанчлалдаа хамтдаа буцаж чадахуйцаар энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэх Сионы гэр бүлүүд болоорой гэж хүсье.