Сүнс үнэхээр оршдог уу?

26,174 үзэлт

Сүнсний асуудал нь шашнаас гадна олон арван хүний удаан хугацааны турш ярьж хэлэлцэж ирсэн гол сэдэв билээ. Сүүлийн үед дэлхий даяар нэрд гараад байгаа Английн нэгэн физикч “Үхсэний дараах ертөнц бол үхлээс айдаг хүмүүсийн бий болгосон зохиомол зүйл төдий” гэж хэлснээрээ маргааны бай болсон байна.

Үхсэний дараа бүх зүйл дуусна гэж боддог хүмүүсийн хувьд сүнс нь хүмүүсийн уран сэтгэмжээр бий болсон төдий зүйл. Шашингүй хүмүүсийг юу ч гэж хэлэлтэй билээ. Харин Бурханд итгэдэг хэрнээ сүнс байхгүй гэж хэлдэг хүмүүс бий. 2000 жилийн өмнө иудейн шашны нэг бүлэг гэгдэж байсан садукейчууд амилалтыг, мөн тэнгэр элч, сүнс оршдгийг үгүйсгэж байв. Бурхан харагдах ертөнцийг удирддаг, харин сүнсний ертөнц гэж тусдаа байдаггүй юм гэж тэд үзэж байжээ.

Сүнс оршдог

Сүнс гарцаагүй оршдог. Ердөө бидний нүдэнд харагдахгүй байгаа л төдий. Өнө удаан хугацаанд маргалдаж ирсний учир ч үүнтэй холбоотой. Гэвч бидний нүд харахгүй байлаа гээд сүнс оршихоо больчихгүй. Орчлон хорвоод нүдэнд ил харагдахгүй ч, оршдог зүйлс олон.

Нян юм уу бичил биет гэх мэтийг нүдээр харж чадахгүй ч микроскопоор харж болдог. Бидэнд шууд харагдахгүй хэр нь багаж хэрэгслээр бол харах боломж бий. Бичвэр бүр Бурханы амьсгалснаар байдаг.

“Бичвэр бүр Бурханы амьсгалснаар бөгөөд заахуй, зэмлэхүй, залруулахуй, зөвд чиглүүлэхүйд тустай. Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” 2Тим 3:16-17

Бурхан бидэнд Библийг өгсний хамгийн гол зорилго бол биднийг аврах (1Пет 1:9).

Тиймээс Библид бүтээлийн түүхээс эхлээд л сүнсний талаар олонтоо тэмдэглэсэн байдаг.

“Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.” Эхл 2:7

Амьд оршигч гэж газрын шороо (махан бие) ба амин амьсгал (сүнс) хоёр нэгдсэнийг илэрхийлж байна. Махан бие болон сүнс салахыг үхэл гэж заасан болохоор махан бие болон сүнс нь тус тусдаа урьд байсан газартаа буцдаг юм.

“Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ.” Ном.Үгс 12:7

Бидний сүнс энэ дэлхийд төрөхөөс өмнө тэнгэрт Бурхантай хамт тэнгэр элч нар байсан хэмээн Библид заасан байдаг. (Сур.Үгс 8:22-26, Иов 38:1-21, Лук 15:3-7). Бидний амьдарч байгаа энэ дэлхий ертөнц бол тэнгэрт нүгэл үйлдсэн тэнгэр элч нарын хөөгдөн бууж ирээд махан бие өмсөн амьдарч байгаа нутаг нь юм. Урьд өмнө бидний сүнс тэнгэрийн оронд амьдарч байсан. Тиймээс хүн үхвэл махан бие нь ялзран алга болж, сүнс нь үлдээд тэнгэрт оршигч Бурхан өөд очих жамтай юм.

“Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.” Мат 10:28

Библи бол үнэн

Сүнсний ертөнц оршдогт үл итгэдэг хүн сүнсний зүй тогтлыг баталдаг Библид итгэхгүй нь мэдээжийн хэрэг. Библийг зүгээр л нэг Израилийн түүхийн ном, эсвэл шинжлэх ухаанаар батлагдаагүй үндэслэлгүй таамаг гэж боддог. Гэвч Библи бол үнэн ном гэдгийг батлах ишлэлүүдийг хаанаас нь ч амархан олж болно.

“Элчилгүй хоосон дээр умардыг Тэрээр дэлгэж, эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдөг.” Иов 26:7

Иов ном МЭӨ 1500 оны үед бичигджээ. Дэлхийг сансрын орон зайд хоосон газар дээр өлгөгдөж байгаа гэж төсөөлж чадахааргүй байсан хүрэл зэвсгийн үед яг л хиймэл дагуулаар харсан мэт зураглан бичсэн байна. Үүнээс харахад Библийг үнэн гэхээс өөр аргагүй билээ.

Дэлхийн гадаад дотоод бүтцийн талаар ч мөн шинжлэх ухаанаар батлахаас урьтаж Библид тэмдэглэснийг харж болно. Энэ тэмдэглэлийг бичсэн тэр цаг үед, эртний хүмүүс газар доор өөр ертөнц нуугдсан байдаг, эсвэл газар доорх ертөнц ч мөн тэнгэр шиг хязгаар үгүй гэж итгэдэг байжээ.

“Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд галаар мэт дор доторх нь хуйлралдана.” Иов 28:5

Дэлхийн гадаргуу нь газрын гадарга, манти, гадаад цөм, дотоод цөм гэсэн давхаргаас бүрэлдсэн байдаг ба газрын гүн рүү доошлох тусам хэм нь нэмэгддэг. Дотоод цөмийн хэм 6000 градус орчим байдаг байна. Хүн төрөлхтөн 1900 онтой золгож байж дэлхийн галан бөмбөлөг мэт дотоод бүтцийг шинжлэх ухаанаар олж тогтоосон юм. Гэтэл Бурхан 3500 жилийн өмнө энэ талаар тэмдэглэл үлдээжээ. Үүнээс гадна сансар огторгуйгаас дэлхий тоос мэт харагддаг тухай, мөн дэлхийн түүхтэй холбоотой зөгнөл гээд үнэн гэдэгт нь итгэхээс өөр аргагүй олон олон баттай баримт Библид бий.

Библийн гүн гүнзгий үнэн нь Библид тэмдэглэгдсэн үгс үнэн болохыг баталдаг. Тиймээс Бурханы тухай, тэнгэрийн орон ба тамын талаарх Библид гэрчлэгдсэн үгс гарцаагүй үнэн.

Сүнсний ертөнц, тэнгэрийн оронд бэлдэцгээе

Усны ёроолд амьдардаг сононы авгалдай алсдаа өөрийгөө соно болоод ниснэ гэдгээ, цэлмэг хөх тэнгэр, өнгийн цэцэг дэлгэрсэн энэ орчлон ертөнцийг төсөөлж чадахгүй. Мөн үүний л адил тоолж баршгүй оддын их ай төвлөрсөн сансар огторгуйд тоосны ширхэгнээс хэтрэхгүй энэ дэлхий дээр амьдарч байгаа бид ирээдүйд очих сүнсний ертөнцийг ойлгоход бэрх юм.

Бурхан аврагдахыг хүсэж байгаа даруу зүрх сэтгэлтэй хүмүүст сүнсний ертөнцийг харж, ойлгож, түүнд бэлтгээсэй гэсэндээ Библийг өгсөн юм. Бид зуун жилийг ч гэтэлгэдэггүй энэ газрын амьдралын төлөө зүтгээд, Бурханы хүслийг ойлгохгүй Библийн сургаалаас нүүрээ буруулбал хэзээ нэгэн цагт ирэх сүнсний ертөнцөд бэлдэж чадахгүй.

Энэ амьдралдаа энх тунх амьдарч байгаа хүн ч үхлийн өмнө тулж ирээд айдсыг мэдрэх болно.

Харин мэргэн ухаантай хүн нүдэнд харагдаж байгаагаа л бүх зүйл гэж бодохоос илүүтэй хүмүүн гэгч хаанаас ирээд хаашаа явдгийг бодон баяр хөөр, итгэл найдвараар сүнсний үзэсгэлэнт ертөнц, тэнгэрийн хаанчлалд бэлтгэх болно.

“Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.” Ном.Үгс 12:13

Эрт үед элч нар Есүсийн заасан сүнсний ертөнцийг ухаарч, ирээдүйд хүртэх тэнгэрийн шагналаа бодоод махан биеэр холбогдсон амьдралаасаа таслагдан сүнсний аврал руу зүтгэж байсан. Елохим Бурханы зааж сургасан тэнгэрийн орны нууцыг ухаарсан бид ч мөн элч нар шиг байж, мөдхөн ирэх сүнсний ертөнцөд болон тэнгэрийн шагналд бат итгээд, олныг зөв шударга байдалд хөтлөн тэнгэрийн мандлын гялбаа шиг, од мэт үүрд мөнх туяарах хүүхдүүд болцгооё.