WATV.org is provided in English. Would you like to change to English?

Иерусалим уруу явж, Эзэний өргөөг дахин бариг

Езра 1:1-6

657 Үзсэн тоо

“Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ. Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно.” Иер 25:11-12

Бурханы гэрээг орхигдуулсныхаа улмаас Вавилонд олзлогдсон израиль ард түмэн. Иеремиа эш үзүүлэгч тэдний боолчлолын амьдралыг далан жилийн дараа дуусна гэж зөгнөсөн. Энэ зөгнөл Персийн хаан Корешоор биелэгдсэн юм. Вавилоныг эзэлсэн Кореш хаан Вавилонд баригдаж ирсэн израиль ард түмнийг чөлөөлдөг.

Тэгээд Кореш улс даяар тунхаг буулгаж, бичгээр ийн гаргав.

“Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Бурханы ард түмнээс та нарын дунд буй хэнтэй нь ч тэр, Бурхан хамт байг! Тэд Иуда дахь Иерусалим уруу явж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариг. Тэр бол Иерусалимд байдаг Бурхан мөн. Иерусалим дахь Бурханы өргөөнд зориулах сайн дурын өргөл бас мөнгө, алт, эд бараа, мал сүргээр Түүний амьд үлдсэн бүх хүнийг хаа байгаа газрынх нь хүмүүс тэтгэх болтугай.”

Тэгээд Иуда болон Бениамины овгийн ахлагчид ба тахилчид, левичүүд төдийгүй Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөсөн хүн бүр босож, Иерусалим ариун өргөө барихад бэлтгэв. Хааны зарлигийн дагуу эргэн тойрны хүмүүс алт, мөнгөн эдлэл, эд бараа, мал сүрэг, үнэт бэлэг сэлт гээд сайн дурын өргөлөөр тэтгэжээ.

Кореш хаан Вавилоныг ялж, израильчуудыг боол хэвээр нь байлгаж болох байсан ч тэднийг боолчлолоос чөлөөлж, түүгээр ч зогсохгүй өөрийнхөө итгэдэггүй Бурханыг жинхэнэ Бурхан хэмээн хүлээн зөвшөөрч, Бурханд дахин дахин яруу алдар өргөсөн юм. Түүний ингэсэн учир нь 170 жилийн өмнөх Библийн зөгнөлд өөрийнх нь нэрийг хэдийн тэмдэглэснийг олж харсандаа ихээхэн гайхаж догдолсонтой нь холбоотой юм.

Вавилоныг эзэлсэн нь өөрийнх нь хүчээр хийгдсэн биш, харин Бурханы зөгнөлийн дагуу болсныг мэдээд, сэтгэл нь хөдөлсөн Кореш үлдсэн зөгнөлийг биелүүлэхийн тулд хичээв. Юм бүхэн өөрийнх нь хүслээр биш, Бурханы төлөвлөсөн ёсоор биелнэ гэдгийг мэдсэнээсээ хойш тэрээр зөгнөлтэй хөл нийлүүлэн алхжээ.

Зөгнөлд итгэдэг хүний үйлс итгэдэггүй хүнийхээс тэс өөр байдаг аж. Тэд өөрсдийгөө зөгнөлийн биелэлтийн нэг хэсэгт байгаа гэдгээ ухаарч, улмаар зөгнөлийн дагуу үйлддэг аж.

Эдүгээ үндэстнүүд ба хаад Иерусалимын яруу алдрын гэрэл рүү ирнэ гэсэн Библийн зөгнөл нүдний өмнө бодитоор биелж байна (Иса 60:1-11). Бүгдээрээ босоод, Иерусалимын яруу алдрын гэрлийг гэрэлтүүлцгээе. Үлдсэн бүх зөгнөл эрт орой хэзээ нэгэн цагт биелэхдээ л биелнэ.