Бурханы амлалт

34,542 үзэлт

Аливаа амлалт гэдэг бол ямар нэг зүйлийн тал дээр яах ийхийгээ урьдчилан тогтоож, түүнийгээ зөрчихгүй байна гэдгээ харилцан хэлцэл хийхийг хэлдэг. Үүнээс гадна хоёр талын харилцан нэг нэгэндээ амладаг зүйл болохоор амлалт тогтоосон субьектууд гэж байдаг.

Хуучин, шинэ гэрээний 66 номноос бүрддэг Библи нь Бурхан ба хүн төрөлхтөн бидний хооронд тогтоогдсон Бурханы үй олон амлалтыг агуулж байдаг юм. Хуучин гэрээ нь Бурхан еврейчүүдэд өгсөн хуучин гэрээ хэлцэл, харин шинэ гэрээ нь Бурхан бидэнд өгсөн шинэ гэрээ хэлцэл юм. Бурханы энэ амлалтаас хүн нэг ч үсэг, нэг ч зураас хөдөлгөх эсвэл өөр бусад юмаар сольж болохгүй. Тийм учраас Библид Бурхан болон бидний хоорондын харилцан амласан тэрхүү үгэн дээр нэмж ч, хасаж ч болохгүй гэж захисан (Илч 22:18-19).

Эдүгээ ертөнцийн үндэстнүүдэд бид бүхний тунхаглах учиртай зүйл бол Бурханы энэхүү амлалт юм. Хүн төрөлхтөнд өгсөн Бурханы ерөөлийн амлалтыг, мөнхийн тэнгэрийн орны амлалтыг, Библид тэмдэглэсэн Бурханы амлалтуудыг зааж мэдүүлэхийг авралын зар гэдэг.

Одоо Сионы олон гэр бүл сайн мэдээ тунхаглахын төлөө улс орон, дэлхий дахин руу алхаагаа чиглүүлж байна. Сайн мэдээг тунхаглахаар гарахдаа Бурханы бидэнд юу амласныг бодоод, амлалтанд нь итгээд хийхэд болно. Библид бичигдсэн Бурханы амлалтуудыг сайтар судлангаа амлалтын тал дээр бат итгэлтэй болж, итгэлийн замаар алхацгаая.

“Би чамд тусална”

Бидний үйлддэг баптисм болон мөргөлийн ёслол, авралын зар, залбирал, шинэ дууны магтаал гээд бүгдэд нь амлалт бий. Бурханы амлалт байгаа учраас ариун хүмүүс тэрхүү амлалтанд итгээд итгэлийн замаа үргэлжлүүлдэг.

Бурханы амлалт энэ газарт амласан ёсоороо биелж байна. Харин амлалт нь хоёр талын хооронд тогтоогддог шиг Бурханы амлалт биелэгдэх энэ явцад бидэнд хийх ёстой ажил үлдсэн байгаа. Бидэнд одоо хүртэл бүрэн тунхаглаж чадаагүй Бурханы үг бий. Энэхүү амлалтын үгийг сонсож чадаагүйгээс үнэн дотор буцаж ирээгүй гэр бүлүүд байгаа. Бүгдээрээ Бурханы амлалтыг сэтгэлдээ сийлж, итгэлийн зориг ба хүчийг аваад, Библид амласныг нь бүрэн биелүүлж, тэнгэрийн оронд орцгооё.

““Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа! Би чамайг дэлхийн хязгаараас авч, өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд чамайг голоогүй. Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»” Иса 41:8-10

“… Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. … Би чамтай хамт байгаа тул бүү айгтун. Би үр удмыг чинь дорно зүгээс авчран, чамайг өрнө зүгээс цуглуулна. Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд, өмнө зүгт «Бүү саатуулагтун, хөвгүүдийг минь алс холоос, охидыг минь газрын хязгаараас, Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.” Иса 43:1-7

Зөгнөлийг нарийн судлахаар сайн мэдээг гэрчлэх үед айдас төрөхүйц нөхцөл байдалтай тулгарах хэрэгтэй болдог нь үгүйсгэхийн аргагүй үнэн. “Чамд тусална” гэж айлдсан Бурханы үг нь бидний хүчээр хийж дийлэхээргүй ажлууд их гарна гэсэн битүү утгыг харуулж байгаа хэрэг. Харин ямар ч нөхцөл байдалд Бурхан бидэнтэй хамт байж, хагацсан тэнгэрийн гэр бүлүүдийг маань бүгдийг нь цуглуулж өгнө гэдгээ амласан.

Энэ амлалт бол Эцэг Эхийн маань амлалт. Бурханд итгэдэг л бол амлалтанд нь итгэх хэрэгтэй. Бурхан хоосон үг айлдахаар Нэгэн огт биш.

Бурханы амлалтанд итгээд сайн мэдээ тараадаг хүн, амлалтанд итгэхгүйгээр тараадаг хүний хооронд ихээхэн ялгаа бий. Боломжгүй юм гэж үгүй Бурхан үргэлж бидэнтэй хамт байж, хүч зориг хайрлаж, харанхуй замаар алхаж явахад ч хамгаалж хөтөлдөг гэдгийг мартуузай гэж гуйх байна.

Үл үзэгдэх хана урд чинь саад болж байгааг мэдрэх үедээ Бурханы амлалтыг санаарай. Амлалтанд итгээд байнга Бурханы тусламжийг гуйн, сайн мэдээний ажил хийвэл гишгэх алхам бүр маань араасаа сайн сайхан үр дүнг дагуулах болно.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг авсан Елохим Бурхан үеийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байх болно хэмээн амласан. Тиймээс бидэнд тусалж, сайн мэдээний түүхийг биелүүлэх хүч болж өгдөг Бурханыхаа амлалтанд бид найдах нь зүйн хэрэг.

Бурханы өөрчлөгдөшгүй амлалт

Бурхан “Бидэнтэй хамт байна”, “Биднийг барьж, баттай босгоно”, “Тусална” гэж амласан. Тийм байтал заримдаа бид хий дэмий айдас түгшүүрээсээ болоод сайн мэдээ тунхаглах явцдаа энэ тэрийг шинжиж, тооцоолж бодох тохиолдол байдаг мэт. Өөрийн чадварт бас бусдын чадварт ч найдах хэрэггүй. Орчин тойрны байдалдаа хүлэгдэлгүй, Бурханы тушааснаар хичээнгүйлэн авралын зар тараавал ийн тараах явцад бүх зам нээгдэх болно. Бурханы амлалт хэзээ ч өөрчлөгдөшгүй билээ.

“Тиймээс Бурхан амлалтыг өвлөгчдөд Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүйг үзүүлэхийг хүсэж андгай өгчээ. Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй, өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.” Евр 6:17-18

Амлалтыг өвлөгчдөд Бурхан Өөрийнхөө зорилгыг огтхон ч өөрчлөхгүй юм. Мөн хүн Бурханы амлалтаас юуг нь ч дур зоргоороо өөрчилж чадахгүй. Бурханы энэхүү өөрчлөгдөшгүй амлалтууд нь тэнгэрийн од мэт үүрд мөнх туяарах ертөнц өөд биднийг хөтөлж байна.

“Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно. Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна. Хэрсүү ухаантнууд тэнгэрийн мандлын гялбаа шиг, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно.” Дан 12:1-3

“Олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно.” Энэ бол Бурханы амлалт бөгөөд тэнгэр Эцэг Эхийн маань хамгийн ихээр хүсдэг зүйл билээ. Хүүхдүүд нь тэнгэр элч нарын өмнө ичгүүртэйгээр гарч ирэхийг бус бүгдээрээ од мэт үүрд мөнх туяарах алдар хүндийг олохыг л хүсэж байгаа болохоор Бурхан бидэнд сайн мэдээний үүргийг боломжтой нь цуг олгосон.

Энэхүү үүрэг ба боломжит цаг хугацаанд төгсгөл гэж бий. Арван охины сургаалт зүйрлэлээс харахад охидод сүйт залууг угтан авах цаг ч хязгаартай байв. Хаалга хаагдсаны дараа хичнээн тогшиж, харамсан уйлаад ч зөгнөлийн цаг нэгэнт дуусахад хаалга дахиад нээгдэхгүй аж (Мат 25:1-13).

Амлалтанд итгэдэг төгс итгэл

Бид Бурханы амлалтанд итгэдэг. Үеийн төгсгөл хүртэл хамт байх болно гэсэн амлалтанд нь ч итгэж, бидэнд тусална гэсэн амлалтанд нь ч итгэдэг.

Олныг зөвт байдалд авчрах авралын хүч чадлыг ч Бурхан бидэнд өгсөн. Харин зүгээр суугаа хүнд боломж ирэхгүй. Бурхан хичээж ажилладаг, гуйдаг, зүтгэдэг хүнд боломж олгож, бүх ерөөлийн амлалтаа биелүүлж өгнө.

“Найдварын дээд найдвараар тэр итгэсэн бөгөөд «Үр удам чинь ийм олон болно» гэж урьд нь айлдсан ёсоор түүнийг олон үндэстний эцэг болгосон юм. Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхдэнги болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй. Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх бус, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөж, амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. Тиймээс итгэлээр нь түүнийг зөвд тооцсон ажээ.” Ром 4:18-22

Абрахам итгэлийн өвөг хэмээн нэрлэгдэх болсон нь ч мөн Бурханы амлалтанд эргэлзээгүй учраас тийн дуудагдах болжээ. Хэдийгээр өөрөө зуу хүрч, эхнэр Сара нь ч өдий насалсан байхад “Би чиний үр хүүхдүүдийг тэнгэрийн од мэт олон болгож өгнө” гэсэн Бурханы амлалтанд туйлаас итгэсэн юм. Абрахамын энэхүү итгэл өнөө үед бидэнд сайн жишээ болж байна.

Бурханы айлдсан амлалт зайлшгүй биелнэ. Сайн мэдээ ч бас Самари ба дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдана гэсэн амлалт байгаа учраас зайлшгүй биелнэ. Үнэн итгэмжит Бурхан бүх замыг Өөрөө бэлдэж, сайн мэдээ тунхаглагдах газар бүрд хүмүүсийн нүд, чих хийгээд сэтгэлийг нээж тавьсан юм.

Бид одоо зөгнөлийн бүрээн дуугаар хөдөлж байгаа билээ. Зөгнөлийн бүрээ хичнээн чанга үлээсэн ч чихээ таглан, сонсохгүй гэж байгаа хүн ерөөлийн үнэ цэнийг мэдэхгүй Есаваас ялгарах юмгүй. Зөгнөлийн чимээнээр хөдөлдөг хүн, мөн амлалтанд туйлаас итгээд итгэлээрээ үйлддэг хүн л амласан ерөөлийг хүртэх болно.

“Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү?” Иак 2:5

Бурхан Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлал болох мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өв болгосон. Амласан хаанчлалд нь очъё гэвэл Бурханы амлалтаар хөтлүүлэх хэрэгтэй.

Хэцүү зүйлтэй тулгарах бүрдээ Библийн 66 номонд байгаа Бурханы амлалтыг нэг дэлгэн уншаарай. Тэгэх юм бол Бурхан бидэнд нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй, гялалзах сүр жавхлант ертөнцийг амласныг нь бид ухаарах болно.

Энэ бол хэн нэг найдваргүй хүний амласан амлалт биш. Бас амлалтаа биелүүлэх чадваргүй хүний амласан амлалт ч биш юм. Амлалтаа өөрчилдөггүй, амлалтаа зайлшгүй биелүүлэх хүч чадлын Бурхан ийн амласан юм шүү. Биднийг хаана ч явсан хамт байж, тусална хэмээсэн Бурханы ивээлтэй амлалтыг марталгүй, амласанд нь найдаж, мөнхийн тэнгэрийн оронд очихыг хүсэж байна.

Амлалтыг биелүүлэгч нь амласан ирээдүйг олж авна

Бурхан ийм гайхамшигтай амлалтыг бидэнд өгсөн. Харин энэ нь амлалтыг дагаж, хийж хэрэгжүүлдэг хүнд л хүчин төгөлдөр болохоос амлалтын дагуу үйлддэггүй хүмүүст бүгд хүчингүй аж. Дагаж үйлддэггүй хүмүүст амлалт нь үхмэл хэмээн Библид бичжээ.

“Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. … Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмбэгнэдэг юм. Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. … Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг та нар харж байна. … Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.” Иак 2:17-26

Үйлсгүй итгэл нь үхмэл хэмээсэн. Үхмэл зүйлээс ямар үр жимс гарах уу? Үхмэл зүйлээс ямар цэцэг дэлгэрч, ямар үнэр гарах уу? Үйлс байгаа газар Бурханы ариун амлалт дэлгэрч, үр жимс гаргадаг юм.

Амлалтын дагуу үйлс гаргадаг хүмүүст Бурханы амласан үр дүн зайлшгүй ирнэ. Харин амласнаа үйлдэхгүй, биелүүлэхээр хичээхгүй бол энэ бүх зүйл нь хэлсэнчлэн үсэг төдий үлдэнэ. Дахин хэлэхэд амлаагүйтэй адил үр дүн ирнэ гэсэн үг. Үсгээр байгаа Бурханы үгийг амьдаар хэрэгжүүлэхийн тулд бид бүх зүйлийг сургамжилсан үгийн дагуу хийх хэрэгтэй. Бурханы амлалтын дагуу хийх явцад Бурханы амласан үр дүнг харж чадна.

Абрахам амлалтанд итгэн Бурханы үгийн дагуу үйлдсэн. Түүний харуулсан итгэл бол Бурханд болон Бурханы амлалтанд итгэх итгэл байсан. Бурханд итгэх итгэл болон Бурханы амлалтанд итгэх итгэлээ үйлсээр хэрэгжүүлэхэд Абрахамын итгэл төгс итгэл болон өөрчлөгдсөнийг Библид харуулсан байна.

Бурхан байнга тусалсан учраас манай Бурханы сүм өнөөгийн дэлхийн сайн мэдээний түүхэнд хүрч чадсан юм. Мөн амлалтанд итгэн, амлалтын дагуу үйлдсэний үр дүн билээ. Одоо ч бас урт, богино хугацааны авралын зар тараагч нар болон гадаад сайн мэдээний эш үзүүлэгчид дэлхий дахин руу явж, хөлсөө урсган хичээн ажиллаж байна. Мөн Солонгост ч сайн мэдээний төлөө бүгд чармайж байна.

Бидэнд амласан Бурханы амлалтыг дахин нэг удаа уншаад эргэн санацгаая. Амлалтанд итгэж сайн мэдээнд оролцдог хүн үргэлжийн баяр хөөртэй байдаг. “Би чамд үнэхээр тусална” гэсэн Бурханы баталсан амлалтыг авч, Эцэг Эхтэйгээ цуг сайн мэдээг өдөр бүр баяртайгаар тунхаглан амьдарцгаая.

Бурханы амлалтанд итгэдэг хүнийг Бурханд зөв итгэдэг хүн гэж хэлж болно. Бидэнд өгөх ерөөлийн хэмжээ болон түүний үнэ цэнийг бодоод үзээрэй. Яруу алдрын тэр өдөр Бурхан бидэнд амласан алив ерөөлөө соёрхох болно. Амлалтанд нь тууштай итгээд, бидэнд өгөгдсөн боломжит цаг хугацаанд бүх хүчээ дайчлан Бурханаа ихэд алдаршуулахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.