Амралтын өдөр ба Бурханы аврал

25,307 үзэлт

Хэрвээ бид эргэн тойрноо харвал эрхэм нандин зүйл дэргэд маань дэндүү олон. Гэвч бид тэдгээрийг байнга л хажууд байдаг болохоор нь чухлыг нь мартаад, байдаг л зүйл мэт үл тоомсорлох нь энүүхэнд. Үүн шиг бид Амралтын өдрийг сахиж хэвшсэндээ болоод эрхэм нандин энэ үнэнийг үл тоомсорлож мэднэ.

Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээхдээ зургаан өдрийн турш ажиллаж, долоо дахь өдөр нь амран, энэ өдрийг онцгойлон ариун болгосон. 3500 жилийн өмнө хуулиа тунхаглахдаа “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн үгээ Арван тушаалын чулуун хавтан дээр Өөрийн мутраар бичсэн тул Амралтын өдөр нь бидний авралтай нягт холбоотой төдийгүй биднийг аврал авахад туйлын чухал зүйл гэдэг нь эргэлзээгүй.

Тийн атал өнөө үед олон хүн Бурханы хүсэл юу болохыг, Бурханы соёрхож буй авралын зам юу болохыг ойлгохгүй, Амралтын өдрийг сахихгүй байгаа. Өнөө үе бол “Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй” хэмээн айлдсан Есүсийн үг ёсоор Бурханы шүүлт ч ойрхон, тэнгэрийн хаанчлал ч ойрхон байгаа зөгнөлийн үе билээ. Айсуй байгаа тэнгэрийн орныг бодоод, Амралтын өдрийн тухай үнэнийг Библийн заавраас анхааран судлахад цаг гаргацгаая.

Бурханы үгэнд дуулгавартай болох үед тэнгэрийн хаанчлалд орно

Бурхан зааж өгсөн л бол бид юм бүхнийг нь дээдэлж, дуулгавартай дагаж, тунхаглах ёстой. Бүр өчүүхэн жижиг зүйл байсан ч тэр. Учир нь Бурханы үг болгон бидний авралтай л холбоотой.

“Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” 1Пет 1:8-9

Библид итгэлийнхээ үр дүнд сэтгэл буюу сүнсний аврал олж авна гэсэн байна. Авралтай холбоотой Бурханы мэдүүлсэн олон сургаал дундаас Амралтын өдөрт анхаарлаа хандуулъя.

“Өөрийнхөө амралтад эс оруулна гэж Тэр хэнд андгайлсан бэ? Дуулгаваргүй байсан тэдэнд биш үү?” Евр 3:18

Энд гарч байгаа дуулгавар гэдэг нь Бурханы үгэнд дуулгавартай байхыг хэлж байна. Бурханы үгэнд дуулгаваргүй хүмүүс эцэстээ Бурханы бэлтгэсэн мөнхийн амралт болох тэнгэрийн оронд орж чадахгүй гэдгийг Бурхан бидэнд Библиэр хангалттай ойлгуулж байна.

“ЭЗЭН, босооч! Ээ Бурхан минь, намайг авраач! Бүх дайсны минь эрүүг Та дэлсмү. Буруутын шүдийг яйруулму. Аврал бол ЭЗЭНийх авай. Ард түмнийхээ дээр ерөөл тань атугай! Села” Дуу 3:7-8

Аврал зөвхөн Бурханд л байдаг. Тиймд нэгэнтээ Бурхан л авралын эрх мэдэлтэн нь, авралын үндэс нь болохоор Бурханы үгэнд дуулгаваргүй байх нь аврал авахаас татгалзаж байгаагаас ялгаагүй. Учир нь Бурхан авралын ажлын тал дээрх удирдлага, төлөвлөгөөгөө Библиэр бидэнд мэдүүлсэн.

Чин үнэнээр аврал авахыг хүсэн хүлээж, тэнгэрийн найдвар тээж байгаа хүмүүс Бурханы үгийг дагах ёстой. Тиймээс биднийг авралд хүргэх мэргэн ухаан өгөх чадалтай Библийн үгэн дээр бид нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй юм (2004 оны хэвлэлт 2Тим 3:15, Илч 22:18-19).

Бурханы тушаал “Амралтын өдөр”

Юун түрүүнд Бурханы хүсэл дундаас Амралтын өдөр нь бидний авралтай хэрхэн холбогдож байгааг бодоцгооё. Одоогоос 3500 жилийн өмнөх Мосегийн үед Бурхан Арван тушаалын дөрөв дэх тушаал болгон Амралтын өдрийг тунхаглан зарласан.

“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь.” Гэт 20:8

Үүнийг Бурхан Өөрөө чулуун хавтан дээр бичиж тэмдэглэсэн. Энэхүү үгэнд дуулгаваргүй хүмүүс бол Бурханы амралтанд, нэг ёсондоо мөнхийн тэнгэрийн оронд орж чадахгүй гэдгийг Еврей 3-р бүлгээс бататган харж болно. Бурханы айлдсан бүхэн нь авралын төлөө байдаг тул Амралтын өдрийн талаарх заавар ч бидний авралтай туйлын холбоотой гэдгийг мартаж болохгүй.

Энэхүү Амралтын өдөр нь Бурхан “Эмэгтэйн бусад үр удам” болох аврагдах ариун хүмүүсээ хайн цуглуулах үед нэг ёсондоо тэмдэг болно (Илч 12:17, 14:12, Езе 20:12 үзэх). Бурхан Амралтын өдөр гэх сүнслэг ДНХ-р шалгаад л, Өөрийнхөө хүүхдүүдийг гаднаа христчин төрхтэй хүмүүсээс ялгаж салгана.

Бид бүхэн Амралтын өдрийг ердөө хууль тушаал төдийхнөөр бодохын оронд зөвхөн бидний л сайн сайхны төлөө энэ тушаалыг өгсөн тэнгэр Эцэг Эх Елохим Бурханыхаа сэтгэлийг ойлгодог байх учиртай. Түүнчлэн Бурханы жинхэнэ хүүхдүүдийн хувиар тэнгэр Эцэг Эхийнхээ үгэнд дуулгавартай байх учиртай. Амралтын өдрийг хууль өгөхөөсөө ч өмнө, ертөнцийн суурь тавих бүтээлийн тэр үеэс л Бурхан хэдийн тогтоочихсон байсан гэдгийг ч сайтар тунгаах ёстой.

“Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.” Эхл 2:1-3

Библийн Амралтын өдөр нь долоо дахь өдөр, өөрөөр хэлбэл өнөөгийн гаргийн тогтолцоогоор бол бямба гараг юм. Бүтээгчийн хүч чадлыг дурсдаг, Бүтээгч Елохим Бурханд итгэдэг хүмүүст Бурханы тогтоож өгсөн Амралтын өдөр нь нэн чухал, утга учиртай өдөр юм шүү. Аливаа улсын тэмдэглэлт өдөр тухайн улс орны хүмүүстээ чухал өдөр хэдий ч харин бусад улсын хүмүүст бол жирийн л нэг өдөр байдаг шүү дээ. Үүнтэй адил Амралтын өдөр нь Бурханы хүүхдүүдэд нэн чухал өдөр байхад харин Бурханых биш хүмүүст бол ямар ч утга учиргүй. Тиймд Амралтын өдрөөр л Бурханы ард түмэн мөн үү, биш үү гэдгийг тов тод ялгачихна.

“… ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи мөн чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа ирмэл хүн ямар ч ажил хийж болохгүй. Чиний зарц, шивэгчин чиний адил амрах юм. Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.” Дэд.Хуу 5:9-15

Амралтын өдөр бол Бурханы тушаасан өдөр. Бурхан хүн төрөлхтөн биднийг авралын замаар хөтлөхийн төлөө ерөөлийн Амралтын өдрийг соёрхсон юм. Тиймээс Есүс ч мөн Амралтын өдрийг Бурханы ариун хууль болгон сахисан нь бидэнд зааж өгөхийн тулд юм. Мөн түүнчлэн Есүсийн шавь нар ч, шавь нарынх нь шавь нар ч Амралтын өдрийг итгэлийн амьдралынхаа чухал хэсэг хэмээн хүндэтгэн сахиж ирснийг Библид гардаг анхны сүмийн үеийн түүхээс бид харж болно (Лук 4:16, Үйл 16:13, 17:2, 18:4).

Амралтын өдрийг өөрчилсөн нь

Амралтын өдөр бол ерөөлийн өдөр, биднийг ариусгадаг өдөр. Амралтын өдрөөр ариун болсон зүрх сэтгэл маань цаашдаа Бурхан руу тэмүүлэн, тэнгэрийн оронд хүсэн тэмүүлдэг учир Сатан Бурханы хүүхдүүдийг авралд хүргэхгүйн тулд Амралтын өдрийн яг хажууханд ням гараг гэх нарны бурхан шүтэх өдрийг гаргаж ирсэн. Амралтын өдрийн үнэн элч нарын үеэс хойш 2-р зууны үеэс бага багаар балартан, 321 онд Ромын эзэн хааны буулгасан ням гарагт амрах зарлигаар албан ёсоор устсан. Ням гарагт мөргөл сахих уг заншил өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн. Хүн төрөлхтний авралын төлөө Бурханы өгсөн үнэнд Сатан элдэв худал хуурмаг болон ёс бусаар саад хийж байгаа.

“Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно. Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.” Дан 7:24-25

Бурханыг эсэргүүцдэг Сатан диавол үнэнийг гажуудуулж, цаг үеүд болон хуулийг өөрчлөхийг зорьсон. Түүнээс л болж мянга гаруй жилийн хугацаанд Амралтын өдрийн үнэн гажуудан өөрчлөгдөж, дэлхийгээс арчигдсан юм. Үүний уршгаар ертөнц Бурханы хуулийг өөрчилсөн ёс бус зүйлээр дүүрсэн.

Харин тэнгэр Эцэг, тэнгэр Эх маань дахин Амралтын өдрийн үнэнийг сэргээн авчирч хүүхдүүддээ ариун байдлыг өмсгөсөн билээ. Учир нь ариун байдлыг өмсөж байж л ариун Бурханы хаанчлалд орж чадна. Сатан одоо хэр нь Амралтын өдөр сахидаг үнэний сүмийг зүгээр орхихгүй элдвээр саад хийж, доромжилж байгаа ч Бурханы авралын ажлыг огтхон ч зогсоож чадахгүй. Сатан нэг сүнсийг ч болов унагах зорилготой бол Бурхан нэг сүнсийг ч болов алдалгүйгээр бүгдийг аврагдаасай гэж хүсэж байдаг.

“[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсанаас ялгаатай сайнмэдээ уруу та нар ийм түргэн эргэсэнд би гайхаж байна. Өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг. Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.” Гал 1:6-10

Элч нар өөр сайн мэдээ тунхаглавал хараагдана гэж анхааруулсан бөгөөд ертөнцийнхний дуртай зүйлийг хийхээс илүү Бурханд тааламжтайг үйлдээрэй хэмээн захисан. Сатаны хэлж байгаа үг үргэлж овжин, амтлаг байдаг ч Христийн заавраас бусад зүйл биднийг авралд хүргэхгүй учир цаг үеүд болон хуулийг өөрчлөхийг зорьж буй Сатаны зааврыг огтхон ч дагаж болохгүй юм.

Амьдруулах ба амьдруулж үл чадах хууль тогтоол

Сатан Амралтын өдрийг устгахаар цаг үеүд ба хуулийг өөрчилж, өөр сайн мэдээ дэлгэрүүлж байгаа ч харин Библид Амралтын өдрийн талаарх Бурханы хөдөлшгүй хүслийг гэрчилж байдаг.

“Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна. Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн.” Езе 20:10-12

Амралтын өдөр нь хүн сахиж биелүүлбэл амьдарч чадах зарлиг төдийгүй тэднийг ариусгадаг Бурханыг таниулах Бурханы тэмдэг юм. Бурхан энэ өдрөөр тэнгэрийн сүнслэг ерөөл буулган, ертөнцөд бохирдсон хүүхдүүдийнхээ сүнсийг цэвэр болгон угаах гэсэндээ биднээр Амралтын өдрийг сахиулсан юм. Амралтын өдрөөр биднийг ариусган, ерөөж мөн мөнхийн амар амгалан, амралт руу орох амийн замыг бидний өмнө бэлтгэн тавьсан.

Тэгвэл Амралтын өдрийг сахидаггүй хүмүүст ямар үр дагавар гарах вэ?

“Түүний тахилч нар хуулийг минь зөрчиж, ариун юмсыг минь буртаглав. Тэд ариун, жигшүүрийг хооронд нь эс ялган бузар, цэврийн ялгааг заасангүй. Тэд Амралтын өдрүүдээс минь нүдээ нууж, Би дунд нь жигшигдлээ.” Езе 22:26

Бурханы хуулийг зөрчиж байгаа хүмүүс гэж хэн бэ? Амралтын өдөр бус ням гарагт мөргөл сахидаг хүмүүс. Ариун, жигшүүрийг хооронд нь ялгаж чадахгүй, Бурханыг алдаршуулах нь байтугай Бурханыг бузарлах зүйлсийг өнөөгийн олон хүн үйлдэж байгаа. Тэд ёс бусын гинжинд хүлэгдэн, Амралтын өдрийн ивээл рүү ирж чадахгүй байгаа тул Эцэг Бурханыг ч, Эх Бурханыг ч, тэнгэрийн орныг ч, авралыг ч, мөнх амийг ч, ер нь юуг ч харж чадахгүй байгаа.

Үүнийг мэдэж байгаа болохоор Сатан цаг үеүд ба хуулийг өөрчилсөн. Тэгээд Сатан хуучин гэрээний Амралтын өдөр долоо дахь өдөр байсан боловч шинэ гэрээний үед Есүсийн амилсан өдөр ням гараг, мөн Пентэкостын өдөр Ариун Сүнс ням гарагт бууж ирсэн учир Амралтын өдөр ням гараг болж өөрчлөгдсөн гэж ням гаргийг зөвтгөсөн юм. Харин Амилалтын баяр, Пентэкостын өдөр хоёр нь жил тутмын баяр, Амралтын өдөр нь долоо хоног тутмын баяр шүү дээ. Тус тусдаа утга, ерөөл шингэсэн Бурханы хууль тушаал учир тус тусад нь л сахих ёстой. Сатан хичнээн үнэмшилтэй тайлбар тавьсан ч хуулийн аль нэг хэсэг өөрчлөгдсөн л бол тэр нь Бурханы үнэн биш.

Амралтын өдрийг үл тоомсорлон Бурханыг доромжилж байгаа хүмүүс эцэстээ ямар замаар явахыг судалцгаая.

“Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв. Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь эс явж, хүн тэдгээрийг үйлдвэл түүгээр амьд явах тогтоолуудыг минь ч сахин үйлдээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан. … Учир нь тэд тогтоолуудыг минь эс үйлдэн, зарлигуудаас минь татгалзаж, Амралтын өдрүүдийг минь буртагласан бөгөөд нүд нь эцгүүдийнхээ шүтээний араас дагасан. Ингээд сайн бус тогтоомжуудыг, түүгээр амьдарч үл чадах шийдвэрүүдийг Би тэдэнд өгсөн.” Езе 20:20-25

Бурханы Амралтын өдрөөс нүдээ нууж, сахидаггүй хүмүүст Бурхан амьдарч үл чадах хууль тогтоол өгсөн. Өнөө үед Бурханд итгэдэг гэчихээд ням гараг сахидаг хүмүүс далайн эргийн элс мэт олширсон нь ч ийм шалтгаантай.

Амралтын өдрийг сахидаггүй хүмүүсийн талаарх зөгнөлийг Езекиел номноос нэмж олцгооё.

“Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв. Тэр надад —Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? … Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.” Езе 8:16-18

Бурханы өмнө суугаад наранд мөргөж байгаа энэ дүр зураг юуны тухай зөгнөл юм бол? Ням гараг болон Христмас нь бүгд нарны бурхны шүтлэгээс үүсэлтэй нарны бурхны баяр наадмын өдөр юм. Өнөө үед гаднаа Бурханд итгэдэг гэчихээд нарны бурхны сургаал номлол дагадаг сүмүүд дэлхий дээр тоо томшгүй их бий. Харин Бурханд мөргөдөг зөв өдөр нь Амралтын өдөр.

Амралтын өдрөөр л ард түмнээ ариун болгож байхаар Бурхан тогтоосон. Мөн энэ өдөр тэнгэрийн ерөөл хүртдэг өдөр юм. Бид үүнийг огтхон ч үл тоомсорлож болохгүй. Тиймд Амралтын өдрөөр Эцэг Эхийн өгөх сүнслэг ерөөлийг хүсэмжлэн ирж, хүссэнээрээ ерөөл гуйн авахыг хүсэж байна.

Амралтын өдрийн ерөөлийг ухаарч, Бурханд талархал өргө

Бид өдөр бүр цагт 100000 км/ц хурдтай автомашинд суугаад хурдтай давхиж байгаа гэдгийг мэдэх үү? Жирийн автомашины хурдаар явбал цагт 100 км/ц, онгоцоор цагт 800-1000 км/ц хурдтай явдаг байхад бид 100000 км/ц хурдтай эргэлдэж байгаа дэлхий дээр амьдарч байгаа. Дэлхий тийм хурдан давхиж байхад бид тэрхүү асар хурдыг нь огт мэдрэхгүй, тэр гайхамшгийг гайхамшиг гэж үзэхгүй байгаа.

Бурхан биднийг өдөр бүр ийм гайхамшиг дунд амьдруулж байна. Амралтын өдөр болгоноор буулгадаг ерөөл ч үүнтэй адил. Бурхан амласан ёсоороо хязгааргүй ерөөл өгч байхад бид үүнийг бүрэн дүүрэн мэдрэхгүй байгаа.

Бурхан цөлд израиль ард түмэнд өдөр бүр манна буулгаж байсныг санацгаая. Анхандаа “зөгийн балтай өрмөнцөр мэт” байсан манна 40 жил тасралтгүй идээд иртэл “заваан хүнс” болж өөрчлөгдсөн. Амралтын өдөр тийм байдалтай болж болохгүй. Амралтын өдрөөр биднийг ариусган, тэнгэрийн сүнслэг ерөөл, тэр ч байтугай бүр мөнхийн амралт хүртэл өгч байхад нь Бурханы ивээлийг байдаг л зүйл мэтээр үзэж, хайхрамжгүй бодож болохгүй. Тэгэхийн оронд үргэлж талархал өргөх ёстой.

Өнөөдөр ч цагт 100000 км/ц хурдтай давхиж байгаа машин дээр 100000 км/ц хурдыг нь мэдрээд амьдарч байна уу эсвэл цагт 1 км/ц хүрэхгүй удаан явдаг машинд суусан мэтээр амьдарч байна уу гэдгээ дахин нэг тунгаан, өөрөө өөрийгөө эргэн хараасай гэж хүсэж байна. Ерөөлийнхөө бодит байдлыг тийнхүү мэдрэх үед Амралтын өдөр болгоноор Бурханы буулгах дэндүү үнэ цэнэтэй ерөөлийг бид догдлон догдлон хүлээх юм. Тэгж гэмээнэ тэр итгэлийнхээ дагуу тийм хэмжээний том ерөөл гарцаагүй авах л болно.

Амралтын өдөр бол Эцэг Эх Бурхан болон үр хүүхдүүдийнх нь харилцаанд ч ерөөлийн өдөр, баяр хөөрийн өдөр юм. Мөн ариун тэнгэрийн гэр бүлүүд цугларах ариун өдөр билээ. Тэнгэр Эцэг Эхийн зүй тогтол одоо энэ мөчид ч Амралтын өдөр гүйцэлдсээр байгаа. Амралтын өдөр болгон Бурхан үл үзэгдэх байдлаас бидний нүгэл, гэм бурууг арилгаж, биднийг тэнгэрийн оронд бүрэн төгс орж чадах хүүхдүүд болгон дээрээс төрүүлж байгаа юм шүү.

Бидэнд эрхэм Амралтын өдрийг ерөөсөн тэнгэр Эцэг Эхдээ талархан, Амралтын өдрийн ерөөл дунд амьдрах аз жаргал, баяр хөөрийг сэтгэлдээ тээгээд, үргэлж Бурханы хүсэлд дуулгавартай байн, тэнгэрийн авралд оролцохыг бүгдээс нь хүсье. Түүнчлэн Амралтын өдрийн үнэ цэнэ, чухал ач холбогдлыг болон Бурханы хүслийг хараахан мэдэхгүй байгаа ойр тойрныхоо олон хүнээр Елохим Бурханы хуульчилж, Өөрөө бичиж тэмдэглэж өгсөн Амралтын өдрийг сахиулж, хамтдаа аврал авч, мөнхийн тэнгэрийн орны амралт руу ороход нь туслан хөтлөхийг хүсэх байна.