Ерөөл дамжуулдаг хүмүүс

200 Үзсэн тоо

Бүгдийг чадагч Бурхан хүн төрөлхтний үхэл амьдрал, аз эзийг захирч байдаг. Тэрээр Бурханы үгэнд дуулгавартай хүмүүст ерөөл буулгадаг, харин тийм биш хүмүүсийг шийтгэж ч байдаг. Бурханыг эрдэнээ болгож, Түүний сургаалыг ёсчлон дагадаг хүмүүст ерөөл амласан гэж бий (Дэд.Хуу 30:15-16, Иов 22:21-28).

Амласан үг ёсоороо Бурханы төлөвлөсөн алив ажил хэрэг сайн сайхан болж бүтнэ гэдэгт бат итгэн, тэнгэрийн хаанчлал явахын төлөө хүчлэн, Бурханы соёрхох ерөөлийг бүгдээрээ хүртэх тэнгэрийн хүүхдүүд болцгооё. Түрүүлж ерөөл авсан Сионы гэр бүлүүд бид улмаар ерөөлийн зам мэдэхгүйгээс хараахан Бурханы ивээл дотор орж ирээгүй байгаа 7 тэрбум хүнд ерөөлтэй мэдээг тунхаглаж, ерөөлөө хуваалцаарай гэх байна.

Ерөөл Бурханд бий

Бурханы хүслийг бүрэн дагаснаараа үлэмж их ерөөл хүртсэн хүмүүс Библид олонтоо гардаг. Тэдний нэг нь “Зүрх сэтгэлийн минь дагуух хүн” хэмээн Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн Давид юм. Давид төдийг хүртэл хүртсэн бүхий л ерөөл нь Бурханаас иржээ гэдгийг ухааран, бүх чуулганы өмнө Бурханыг магтсан байдаг.

“Ингээд Давид бүх чуулганы нүдэн дээр ЭЗЭНийг талархан магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ. Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг. Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. …” 1Шас 29:10-16

Давидын хэлсэнчлэн агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бүгд Бурханых бөгөөд хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Бурханы мутарт бий. Бидний хийж буй аливаа ажлын үр дүн Бурханаас хамаардаг. Ямар ч ажил байсан Бурханы ерөөл үгүйгээр явагдвал үр дүн нь ивээлгүй төгсдөг боловч Бурханаас ерөөл авч, итгэлээр тэрхүү ажлыг хийх аваас хэдий явцын дунд бэрхшээл учирлаа ч хэзээд сайн үр дүнд хүрдэг юм.

Үүнийг сайн мэдэж байсан Давид хүү Соломондоо “Бурханы үгийг дага” гэсэн захиасыг гэрээслэж үлдээсэн юм.

“Давидын үхэх өдрүүд дөхөж ирэхэд тэрээр хүү Соломондоо зааварлан —Би хорвоогийн жамаар одох гэж байна. Тиймээс хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул. Чи юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд мэргэн ухаантай байхын тулд өөрийн Бурхан ЭЗЭНий зааврыг дагаж, ингэхдээ замаар нь алхалж, Мосегийн хуульд бичигдсэний дагуу Түүний зарлиг, тушаал, тогтоол болон гэрчлэлийг сахигтун.” 1Хаа 2:1-3

Бурханы тушаалыг дагах үед ерөөл ирнэ

Давид шиг бүх ерөөл Бурханаас ирдэг гэдэгт итгээд Бурханы үгийг сахиж дагавал юу ч хийсэн, хаа ч явсан бүх зүйлд амжилт олох юм. Мосе ч бас израиль ард түмэнд үүнтэй адилхан захиас үгээ үлдээсэн юм.

“Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. … Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. … Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно. … Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч өөр бурхдад үйлчлэхээр даган хазайж болохгүй.” Дэд.Хуу 28:1-14

Бурханы ерөөлтэй хамт байгчид сүүл болохгүй, толгой болно, газар дэлхий дээрх бүх ард түмэн тэднийг хараад айх болно гэсэн байна. Бурхан Өөрийнх нь үгэнд дуулгавартай байж, тушаалыг нь дагаж мөрддөг хүмүүсийг Өөрийн ариун ард түмнээ болгож, бүх улс үндэстнээс илүү өндөрт тавьж, тэдний хийх бүхий л ажилд ерөөл буулгана гэж Библиэр баттай амласан байдаг.

Бурханы ерөөлийг сэтгэлдээ гүн сийлж, Бурханы бүх үгийг үргэлж талархах сэтгэлээр дагаж мөрдвөл бид ч бас орохдоо ч ерөөгдөж, гарахдаа ч ерөөгдөх юм. Бурхан өнөөг хүртэл бидэнд үлэмж их ерөөл соёрхсон. Цаг ямагт Бурханы үг ёсоор дагаж, цаашдаа ч илүү ихээр буулгаж өгөх Бурханы цаглашгүй их ерөөлийг нэг ч хүн үлдэлгүй бүгдээрээ авахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх байна.

Дэлхийн бүх бүтээлд ерөөл дамжуул

Бурханаас бялхам ерөөл авсан Бурханы хүүхдүүд бол бид. Бидэнд том ерөөл соёрхсон Бурхан биднийг Самари, дэлхийн хязгаар хүртэл яваад энэ ерөөлийг дамжуулахыг хүссэн юм.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.” Мар 16:15-16

Есүс тэнгэрт одохоосоо өмнө “Бүх үндэстнийг дагалдуулж, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээн шавь нартаа захисан. Үүнтэй адилхан үгийг Марк номд “Бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун” гэж тэмдэглэсэн байна.

Энэ айлдал нь анхны Есүсийн үеийн шавь нар төдийгүй Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байгаа өнөөгийн энэ Ариун Сүнсний үеийн бидэнд илүү хамаарах юм. Бид дэлхий дахинаар явж, бүх бүтээлд сайн мэдээ тунхаглавал тэрхүү үгийг хүлээж авах хүмүүс авралыг олох болно. Бид сайн мэдээ тунхагласан үед хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно гэж Библи мэдүүлж өгч байна.

Сайн мэдээ гэдэг нь “ерөөлтэй мэдээ” гэсэн утгатай. Нүгэлтнүүд нүглийн уучлал авч тэнгэрийн эх нутагтаа буцаж чадна гэсэн ерөөлтэй авралын мэдээ бол сайн мэдээ юм. Тэнгэрт хийсэн нүглийнхээ улмаас үхэхээс өөр аргагүй болсон хүн төрөлхтөнд энэхүү авралын мэдээнээс илүү том ерөөл хаана байх билээ?

Тиймээс л сайн мэдээ тараах ажил буюу авралын зар нь бусдад ерөөл хувааж өгөх ажил юм. Дэлхийн бүх үндэстэнд тунхагла хэмээн Христийн бидэнд захисан сайн мэдээ нь үхэл рүү явж буй хүн төрөлхтнийг мөнх амьдруулах авралын замаар хангаж өгдөг. Ийм ерөөлтэй мэдээг 7 тэрбум хүнд тунхаглахын төлөө хичээн зүтгэж буй Сионы гэр бүлүүд нь ерөөл дамжуулагч нар юм.

Бусадтай сайхан юм хуваалцахдаа сэтгэл ихэд хангалуун, баяртай байдаг биз дээ? Тэр тусмаа тэнгэрийн хаанчлалын ерөөлийг бусдад хувааж өгнө гэдэг энэ ертөнцийн юутай ч харьцуулшгүй баяртай ажил юм. Ертөнцийн бүх хүнд ерөөл дамжуулах үүрэг хүлээсэн бид үүгээрээ илүү их бахархаж, үгийг тунхаглах ажилд хүчин зүтгэх хэрэгтэй.

Бурханы өмнөөс хийх ажил үүрэг

Дэлхийн 7 тэрбум хүнд авралын зар тараа гэж тэнгэрийн тушаал буулгасан Эх өнөөдөр нэг өдөр ч амралгүй залбирлаараа бидэнд ерөөл гуйж өгч байгаа. Бурханы ерөөлийн үг тэр чигээрээ биелнэ гэдэгт итгээд, үгэнд найдан тороо доошлуулсан Петр шиг, бид ч үгэнд найдан ерөөл хувааж өгөх авралын зарын үүрэгтээ бүх хүчээ дайчилцгаая.

Бурхан бидэнд ямар эрх олгоод, дэлхий дахинд ерөөл дамжуул гэснийг Библиэс батлан харцгаая.

“—Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл.” Езе 3:17

Бурхан ерөөл дамжуулах хүмүүстээ “Амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл” хэмээн айлдсан. Дахин хэлбэл Бурханы өмнөөс Бурханы үгийг тунхаглаж, хүмүүст сануулга өг гэж тушаасан юм. Бурханыг орлох үүрэг гэсэн болохоор энэ нь хичнээн агуу ажил билээ дээ?

“Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.” 2Кор 5:20

Библид сайн мэдээ тараах ажилд амиа хүртэл хайрлаагүй анхны сүмийн итгэгчдийг Христийн төлөөх элчин сайд нар гэж илэрхийлсэн байдаг. Хааны зарлиг юм уу төрийн илгээлтээр гадаад оронд төлөөлөгчөөр явах түшмэлийг элчин сайд гэдэг бөгөөд англи Библид (NIV) ч үүнийг “ambassador” буюу элчин сайд хэмээн орчуулсан байдаг. Өөр улсад илгээгдэн, гадаад харилцааны албан үүрэг гүйцэтгэдэг элчин сайд нь өөрийн орны төр засгийн тэргүүнийг орлох эрх мэдэл бүхий бие төлөөлөгч юм. Тэрээр эх орныхоо бодлогыг тухайн улсад уламжлах ажил үүргийг гүйцэтгэдэг. Энэ мэт үнэ хүндтэй алба үүрэг нь ерөөл дамжуулдаг бидэнд олгогдсон билээ.

Сайн мэдээ тараах үүрэг хүлээсэн бид Бурханы хүслийг мэдүүлдэг тэнгэрийн орны элчин сайд бөгөөд даян дэлхийд ерөөл түгээгч нар юм. Бидний түгээж буй ерөөл нь нүглийн уучлал ба аврал, мөнх амьтай шууд холбоотой учир хэнд ч бай заавал дамжуулах ёстой чухал мэдээ. Бурхан бидэнд ийм чухал ажил даалгасан болохоор үүнд талархан, ерөөл дамжуулах энэ ажилдаа бид хайнга хандахгүй байх хэрэгтэй.

Дэлхий дахин Бурханы ерөөлийг хүртэж чадахуйцаар тус тусын тив, улс, орон нутагтаа амийн ерөөлтэй үгийг бүрэн гүйцэд тунхаглацгаая. Ар гэр, хөрш саахалт, ажлын хамт олон, эргэн тойрны танилуудаасаа эхлээд дэлхийн 7 тэрбум хүнд бүгдэд нь тунхаглаж, Бурханы өгсөн албан үүргийг үнэнчээр биелүүлээд хэнтэй ч уулзсан Бурханы өмнөөс ерөөл дамжуулдаг байхыг хүсэж байна.

Сайн мэдээчин ээ, “Бурхан тань энэ байна” хэмээн хэлэгтүн

Өөрийнх нь өмнөөс хүн төрөлхтөнд бүгдэд нь сануулга өгөхийг Бурхан хүсэж байгаа. Тэгвэл Бурханы ерөөлийг дамжуулах хүмүүсийнхээ хувьд бид тэдэнд ямар үг дамжуулах ёстойг Бурханы өгсөн хариултаас олж үзье.

“Нэгэн дуу “Тунхаглагтун” гэсэнд Би “Би юуг тунхаглах вэ?” гэв. Махтай бодтой бүхэн нь өвс мэт, гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвээс өвс хатдаг, цэцэг ганддаг. Өргөн түмэн гэгч өвс л юм. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг мөнхөд байна. Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. …” Иса 40:6-14

Бурхан сайн мэдээг үүрэгч хүмүүст бүү айцгаа, дуугаа өргөөд “Бурхан тань энэ байна” гэж хашхир хэмээсэн. Ерөөл дамжуулах хүмүүсийн хашхирах ёстой зүйл нь “Бурхан руу ирж аврал авагтун” гэх амийн мэдээ юм. Мосе Бурхантай ярилцаад нүүрнийх нь арьс гэрэлтсэн байсан шиг Бурхантай уулзсан хүнд өөрчлөлт гардаг (Гэт 34:29-30 үзэх). Энэ газарт махан биеэр ирсэн Бурхан буюу Христийг хүлээн авах хүн Бурханы хүүхдээр дахин төрж, мөнх амийн ерөөл хүртэх учиртай (Иох 1:10-14, Илч 22:17).

Анхны сүмийн үед Паул Силас хоёр “Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана” хэмээн Бурхан энэ газарт ирснийг тунхагламагц шоронгийн даргын гэр бүл Христийг хүлээн авч байжээ (Үйл 16:25-34). Ариун Сүнсний өнөө үед ч бид “Сүнс болон Сүйт бүсгүй рүү ирээрэй. Тэгвэл тэнгэрийн хаанчлал ба авралын ерөөл хүртэх болно” хэмээн Бурхан биднийг аврахаар энэ газарт дахин ирснийг нь дэлхийн бүх үндэстэнд өргөн мэдүүлэх аваас олон хүн ерөөлийн зүг ирж, Эцэг Бурхан болон Эх Бурханыг хүлээн авах юм.

Хүүхдийн үлгэрт ч эрдэнэс нуусан агуйн үүд “Сим сим, үүдээ нээ” гэж яг зөв үг хэлэхэд нь онгойдог. Сайн мэдээний мастер түлхүүр болох Эцэг Эх Бурханыг цөмөөрөө тунхаглаад, өнөөг хүртэл чанд хаалттай байсан хүмүүсийн сэтгэлийн хаалгыг нээцгээе. Бид ерөөл дамжуулдаг хүнийхээ хувьд ойр тойрны хүмүүстээ энэ ерөөлийг яаж хувааж өгөх вэ гэдэгт өдөр бүр сэтгэлээ чилээж, Бурханы үг дотор олдох ерөөлүүдээ хурааж, хэзээ ч, хаа ч, хэнтэй ч уулзсан ерөөлийн баглаагаа задлан авралын мэдээ дамжуулцгаая.

Ерөөл дамжуулдаг хүмүүст Бурхан тэнгэрийн орны элчин сайдын албан үүргээс ч илүү агуу тэнгэрийн орны хаан тахилчийн албыг бэлдсэн байгаа. Бурханы бэлтгэсэн илүү их ерөөлийг хүсэн, хүн төрөлхтөн бүгд авралын эгнээнд орж чадахуйцаар дэлхийн үндэстэнд ивээлтэй ерөөлийн бэлгийг тарааж өгцгөөе. Бүгд хамтдаа хашхирах түүхийг биелүүлэх үе бол одоо. “Сүнс болон Сүйт бүсгүй рүү ирж, мөнх амийн ерөөл аваарай” гэх энэ мэдээг хүн төрөлхтөнд хүргэж, дамжуулж, сайн мэдээний арвин талант гаргаад, тэнгэрийн хаанчлалын бялхам ерөөл авахыг хүсэх байна.