WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы яруу алдрын төлөө ажилладаг хүмүүс

129 Үзсэн тоо

Мөнхийн тэнгэрийн хаанчлал өдрөөс өдөрт ойртон байгаа энэ үе нь итгэлийн замаар хичээнгүйлэн гүйж ирсэн Сионы ард түмэн бид өдрөөс өдөрт шинийг ухаарч, шийдвэрээ шинэчлэх цаг үе гэж бодож байна. Амралтын өдөр, Алгасал баяр гээд шинэ гэрээний 3 удаагийн 7 баяр төдийгүй Бурханы бүх тушаалыг бид сахиж байгаа. Харин Бурханд үйлчлэхдээ христчин хүний хувиар ямархуу хандлагатай байх ёстойд одоо бүр илүү анхаарал хандуулах ёстой цаг.

Бурхан биднээс юу хүсэж байгааг хурдхан ухаарч, үйлсээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бурхан биднийг нэгд гэхэд нь бид бие биетэйгээ нэгдэж, ах эгч дүүсээ өөрийн бие адил хайрла гэхэд нь тэднийгээ бүх зүрхээрээ хайрлан, Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийж ерөөл авсны адил ах эгч дүү нартаа сайн зүйлээ хуваалц гэхэд нь сайн зүйлээр буулт хийх ёстой. Бурханы бидэнд айлдсан бүхнийг ухаарч, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үед сайн мэдээ ертөнц даяар тунхаглагдана.

Бүх зүйл дээр Бурханд яруу алдар өргөх итгэлийн хандлагын тухайд одоо Библийн сургаалаас судалж үзэцгээе.

Юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий

Бурханд итгэдэг хүмүүсийн эхний сайхан чанар бол Бурханд яруу алдар өргөх. Бурханы хаанчлалыг бодоод, Бурханы алдрын төлөө хийх үед том, жижиг ямар ч ажил дээр бид баяр хөөр, сэтгэл ханамж мэдэрдэг.

“Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.” 1Кор 10:31

Үнэний хот Сионд бид идсэн ч, уусан ч, ярилцсан ч, тунхагласан ч, мөргөл сахисан ч ер юу ч хийсэн Бурханы алдрын төлөө хийх ёстой. Юу ч хийсэн бай үүнийгээ Бурханы алдрын төлөө хийж, ямар ч нөхцөл байдалд Бурханд яруу алдар өргөх учиртай.

Аз жаргалтай, баяр хөөртэй байх үедээ Бурханд яруу алдар өргөх амархан л даа. Харин Бурханд жинхэнээсээ итгэдэг хүмүүс уйтгар гуниг, бэрхшээл зовлонгийн үед ч, бүх нөхцөл байдалд Бурханд яруу алдар өргөх ёстой. Бурханы ард түмний үүрэг энэ.

Олон хүнийг үхэлд хүргэж, олон хүн шархдуулж гэмтээж, олон хүнийг дүрвэхэд хүргэсэн хүчтэй газар хөдлөлт Пакистанд болж байлаа. Гэрийнхнээ алдаад гашуунаар уйлж байсан хүмүүсээс сурвалжлагч ярилцлага авахад хамгийн гайхалтай нь тэд бүгд үүнийг бурхных нь хүсэл таалал байсан гэцгээн, нэг нь ч бурхныхаа эсрэг гомдоллоогүй гэдэг.

Өөр шашинтай хүмүүс ч хүртэл тохиолддог алив юм бүхнийг бурхных нь хүсэл таалал гэцгээж байна шүү дээ. Тийм байхад бүх юмсыг бүтээж, сансар огторгуйг захирдаг жинхэнэ үнэн Бурханд итгэдэг бид юм бүхнийг Бурханы хүсэл гэж үзэн, тэр тусмаа Бурханд яруу алдар өргөх ёстой биш үү? Энэ хорвоод амьдрахдаа том жижиг зовлон зүдгүүр, хүндрэл бэрхшээл, уйтгар гунигт зүдэрсэн ч гэлээ Бурханд тасралтгүй яруу алдар өргөх юм бол Бурхан бидэнд ерөөлтэй ирээдүй соёрхох нь гарцаагүй.

Өөр өнцгөөс авч үзвэл өөр бусад нөхцөлөөс илүү хүнд нөхцөл байдалд байх нь ерөөл ч байж мэдэх юм. Бид олон талаар сул дорой, дутуу дулимаг болохоор Бурхан бидэнд бүр ч илүү хэрэгтэй. Юм бүхэн дээр Бурханы тусламжийг бүр ч илүү гуйх хэрэгтэй болдог. Юм бүхэн Бурханы хүслийн дагуу болдог гэдэгт итгээд Бурханд бүр ч илүү яруу алдар өргөх учиртай юм шүү.

Өнгөрсөн түүх нь бидэнд сургамж

Нэг удаа Есүс арван уяман өвчтэй хүнийг эдгээсэн ч тэдний нэг нь л буцан ирж, Бурханд талархан, Бурханыг алдаршуулсан. Есүс тэгэхэд нь Бурханд талархаж, яруу алдар өргөөгүй есөн уяман өвчтэй хүний талархаж чадахгүй байгаад харамсдаг (Лук 17:11-19).

Арван уяман өвчтөн шиг Бурханаас ав адилхан ивээл авсан хэрнээ Бурханыг алдаршуулдаг хүн ч бий, Бурханд талархахдаа харам, дуугаа хураачихдаг хүн ч бий. Бусад нь бүгд Бурханы ивээлд хайхрамжгүй хандсан байхад Бурхан руу ирж, Бурханыг алдаршуулсан тэр хүн шиг Сионы хүүхдүүд бид том жижиг алив зүйл дээр сэтгэл хангалуун байж, ямар ч нөхцөлд Бурханд талархал, яруу алдар өргөх учиртай юм шүү.

Эш үзүүлэгч Мосе хүртэл Бурханы яруу алдрыг бүрэн гүйцэд харуулалгүй жаахан ч болов өөрийн яруу алдрыг илчлэх гэсэн үедээ Бурханд зохисгүй гэж тооцогдсон. Цөл дэх израильчуудын түүхийг харахад Мосе Бурханы хүч чадлаар хаднаас ус гаргахдаа тэрээр өөрөө хийсэн аятай үг хэлдэг. Тийм үгийг тэрээр ард түмэн байнгын өөрийнх нь эсрэг гомдоллож гонгиносон болохоор ихэд бачимдаж бухимдсандаа хэлсэн. Харин түүнийхээ уршгаар Мосе Канаан орж чадалгүй, аян зам нь яг шувтрах үед нас барсан юм (Тоо 20:2-13, 27:12-14, Дэд.Хуу 32:48-52, 34:1-8 үзэх).

“Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм. Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. Ингэх нь бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар санаа нийлж, ам нэгдэн алдаршуулахын тулд юм. Тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун.” Ром 15:4-7

Израилийн түүхийг хараад бид цаг үргэлж Бурханд яруу алдар өргөх ёстой талаар амьд сургамж аван, тэрхүү сургамжаа сэтгэл зүрхэндээ гүн сийлэх ёстой. Тэгж байж л бид Бурханы бидэнд амласан тэнгэрийн Канаан, тэнгэрийн хаанчлал руу хангалттай орох болно.

Небухаднезар хаан агуу Вавилон хотыг өөрийн хүч чадлаараа барьсан гэх бардам бодол төрөх үед нь Бурхан түүнд хүний оюун ухаан биш, амьтны оюун ухаан өгсөн тохиолдол бий. Хаан ширээгээ алдсаныхаа дараа долоон жилийн турш амьтан шиг зэрлэг араатантай хамт амьдарсан. Тэрээр бүх зүйлийг удирдаж байдаг нь Бурхан юм байна гэдгийг хожимдож ухаараад, Бурханд яруу алдар өргөдөг. Тэгсэн үед нь түүний эрүүл саруул ухаан эргэн ирж, мөн хаан ширээндээ ч эргэн заларсан байдаг шүү дээ (Даниел 4-р бүлэг үзэх).

Бурханы авралын агуу ажил хүний хүч чадлаар явагддаг гэж ташаа бодох үед Бурханд яруу алдар өргөж чадахгүй, заримдаа ичгүүртэй мэдрэмж төрж, заримдаа бардам занд автана. Саул хаан өөрийнхөө хүчээр Израиль улсыг захирсан гэж бодсон ч Бурхан Саулын оронд Давидаар, Давидын дараа Соломоноор Израилийн түүхийг хөдөлгөсөн билээ.

Бидний сайнд сайн мэдээний яруу алдарт зам нээгдсэн юм биш, харин Бурханы хүчээр нээгдсэн билээ. Бурханы хүч чадлаар юм бүхэн боломжтой бөгөөд Бурханаас аваагүй юм бидэнд юу ч байхгүй.

Ариун газар болсон биеэрээ Бурханыг алдаршуул

Бурхан ертөнцийг төдийгүй сансар огторгуйг удирдан захирдаг. Бурхан бүх юмыг ганцаараа хийж ч чадна. Зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хэнийг ч ашиглаж чадна. Бурхан биднийг босгосон учир шалтгааныг Библид ийнхүү харуулжээ.

“Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.” 1Кор 6:19-20

Бурхан биднийг Бурханыг алдаршуулдаг оршихуй болгон өсгөж, улмаар хаанчлалдаа аваачихын тулд цусаараа биднийг өмчилж авсан юм. Энэ дэлхий гомдоллож гонгинодог хүмүүсээр дүүрэн ч Бурханы хаанчлалд гомдоллож, гонгинолдох хэн ч байхгүй. Тэнгэрийн хаанчлал бол нөхцөл байдал өөрсдийнх нь эсрэг байх үед ч Бурханд талархал өргөн, Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийг гуйдаг тийм хүмүүсийнх юм.

Бурхан биднийг үнэтэйгээр худалдан авсан болохоор Сионы хүүхдүүд бид үргэлж Бурханд яруу алдар өргөх учиртай. Анхны сүмийн үед Пентэкостын өдрөөр Ариун Сүнсний ажил маш хүчтэйгээр хийгдсэн. Үүний учир нь итгэгч нар “Бурханыг алдаршуул” гэсэн сургаалд дуулгавартай хандсаных юм.

“… Учир нь бүх юмс та нарын төлөө байдаг нь нигүүлсэл улам олон хүнд нэмэгдэж, талархал нь Бурханы алдарт ихсэхийн тулд юм. … Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.” 2Кор 4:14-18

Бидний өнөөгийн зовлон бэрхшээлүүд бидний хожим авах асар их, мөнхийн яруу алдрын үр, бордоо болдог. Ихэнх хүмүүс Бурханы бялхан буулгадаг ивээлийг бүрэн мартаж, бэрхшээлтэй нөхцөл байдалд орохоороо Бурханд яруу алдар өргөдөггүй. Харин Сионы хүүхдүүд бид “Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг” (Иов 1:21) гэж хэлээд Бурханд яруу алдар өргөсөн Иов шиг Бурханыг хэрхэн зөв хүндэтгэхэд суралцах ёстой. Бидний туулж буй зовлон бэрхшээл бол Бурханы хаанчлалын яруу алдар руу явах түр зуурын явц юм. Бурхан хүүхдүүд биднийгээ амьдралын түр зуурын бэрхшээл зовлонг тэсвэрлэж, мөнхийн яруу алдар эдлээсэй гэж хүсдэг.

Гамшигт зовох хүмүүс ба аврал авах хүмүүсийн ялгаа

Бидний хүн нэг бүр Бурханы оршдог Ариун Сүнсний сүм. Тиймээс бид Бурханаас татгалзаж, Бурханыг үгүйсгэдэг сүм биш, үргэлж Бурханд үйлчилдэг, Бурханд яруу алдар өргөдөг сүм байх ёстой. Хэрэв Бурхан биднийг орхивол бидэнд гомдол дургүйцэл бий болж, бид юм бүхнийг Бурхан биш, өөрсдөө гүйцэтгэж байгаа мэтээр бодоод, бардам зангийн урхинд унана.

“Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ. Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө. Харин чи үүнийг сонсохгүй бол сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.” Иер 13:15-17

Бурханд яруу алдар өргөх нь үргэлж бидний зуршил, энэ нь өөрөө бидний амьдрал байх ёстой. Хэрвээ бид “Надгүйгээр юу ч хийгдэхгүй байсан” гэх юм уу эсвэл “Би үүнийг өөрөө хийсэн” гэх мунхаг бодолтой байвал Бурханы Сүнс бидний дотор огт оршихгүй.

Бид Бурханд яруу алдар өргөөгүй үед хамаг л муу муухай, бидний хүсээгүй зүйл тохиолддог. Бурхан Библи дэх бүх амлалтаа нэгийг нь ч дутаалгүй заавал биелүүлнэ. Яг одоо хангалтгүй үр дүнтэй байвал шалтаг шалтгааныг нь Бурханы зүгээс хайх гэхийн оронд өөрөө өөрсдийгөө нухацтай эргэн харах хэрэгтэй.

“Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ. Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжилж, Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.” Илч 16:8-9

Бурханд яруу алдар өргөдөггүй хүмүүс эцэстээ гамшигт өртөн мөхнө. Гамшигт зовж зүдрэх ч гэлээ нүглээ гэмшиж, Бурханд алдар өргөх боломж байсаар байдаг ч тэд эцсийн мөчөө хүртэл Бурханы алдрыг доромжилсоор байгаад өөрсдөдөө сүйрэл авчирдаг. Эсрэгээрээ Бурханы хүүхдүүд Бурханаас ерөөл авдаг. Бурханы хүүхдүүд Бурханд яруу алдар өргөж байгааг Иохан элч илчлэлтээр харсан. Тэр үзэгдлийг Илчлэл номноос харъя.

“Үүний дараа хурсан олны их дуу тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд. … Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж —Амен. Халлелуяа! … Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил —Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов. Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. … Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! гэж бичигтүн гээд… Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.” Илч 19:1-10

Дээрх ишлэлээр бидний очих тэнгэрийн оронд хүмүүс ямархуу итгэл эзэмшсэн байгааг бүрэн харж болохоор байна. Тэнгэрийн сүнслэг биет, Хурганы хуримын найранд ирсэн хүмүүс гээд бүгд Бурханд яруу алдар өргөж байна шүү дээ. Иоханд илчлэлт харуулсан тэнгэр элч бас тэднийг зөвхөн Бурханд мөргөхийг зааж өгч байна. Энэ бол тэнгэрлэг ертөнцийн сургаал юм.

Тэнгэр элч нар үүнийг хэдийн ойлгосон болохоор Бурханыг алдаршуулдаггүй хүмүүс яаж тэнгэр элч нарыг захирах эрх мэдэлтэй “хаан тахилч” (1Пет 2:9) байж чадах билээ? Бид одоо ямар итгэлтэй байгаагаа, энэ нь ямар үр дүнд хүрэх талаар бодож, ямар ч нөхцөлд талархан, Бурханд үеийн үед магтаал, яруу алдар өргөх ёстой.

Бид Бурханыг алдаршуулагчид

Одоо бид бүх ертөнцийг аврах хөдөлгөөн өрнүүлж байгаа. Бидний хэн нь ч Бурхан энэ бүхнийг биелүүлэх хүртэл зүгээр л хараад байж болохгүй. Харин Бурханы яруу алдрыг гаргахын тулд улам бүр зүтгэж, Бурханы хүсэлд хөл нийлэн алхахын тулд би юу хийх үү, яаж хийх үү гэдгээ бодон хичээх хэрэгтэй. Зарим маань тунхаглалаар Бурханы яруу алдрыг гаргаж, зарим маань сайн үйлсээрээ гаргаж, зарим маань Бурханы сургаалыг өдөр тутмын амьдралдаа өчүүхэн ч болов хэрэгжүүлснээрээ гаргаж байна. Энэ мэтээр бид халуун сэтгэлээр Бурханы яруу алдрыг гаргах үед сайн мэдээний бүхий л ажил гүйцэлдэнэ.

Эш үзүүлэгчдийн зөгнөлд биднийг Бурханыг алдаршуулагчид гэж илэрхийлсэн байдаг.

“Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зөвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.” Иса 60:21-22

Бурханы яруу алдар гарах үед хүчгүй, өчүүхэн байсан Сион хүчирхэг үндэстэн болно. Хэнийг ч мөхөөхийг хүсдэггүй, харин хүн бүрийг гэмшилд ирээсэй гэж хүсдэг Бурханы хүслийн дагуу ертөнцийг аврахын тулд эхэлж дуудагдсан бид үргэлж Бурханы яруу алдрыг гаргах ёстой.

Эхийн сургаалд “Бурханыг алдаршуулбал тэр яруу алдар надад эргэж ирнэ” гэж бий. Бид Бурханыг алдаршуулах бүрд сүнслэг амбаарт нүдэнд үл үзэгдэх ерөөл хуримтлагдаж байгаа. Харин гомдоллож дургүйцэх үед тэр ерөөл хормын төдийд алга болно. Тиймд Сионы хүүхдүүд бид өдөр бүр Бурханы яруу алдрыг гарган, ерөөл хуримтлуулдаг байх хэрэгтэй.

Зөгнөсөн ёсоор бүх үндэстэн Сион руу цутган ирэх үед тэд эхэлж дуудагдсан, шинэ гэрээний сургаалыг дагаж байгаа биднээс суралцах болно. Бид бүхэн үг яриа, үйлсээрээ шинэ итгэгчдэдээ итгэлийн сайн жишээ үзүүлэх ёстой. Сион маань Бурханд яруу алдар өргөхийн оронд өчүүхэн зүйл байсан ч гомдоллодог хүмүүсээр дүүрчихвэл яах болж байна? Тийм газар Бурхан огтхон ч үр жимс зөвшөөрөхгүй. Хүний аав ээж хүүхдээ муу найз нөхдөөс хол байлгаж, ямар нэг юм сурч авахуйц хүмүүстэй нөхөрлүүлдэг шүү дээ. Үүн шиг Бурхан дэлхийгээс үнэ цэнэтэй сүнснүүдийг сурч авах юмтай, ивээлтэй хүмүүст даалгадаг.

“Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна. Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж… Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм. Мөн ЭЗЭНий тааламжит жил, Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан, Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.” Иса 61:1-3

Бид бол Бурханы яруу алдрыг гаргах зөгнөлийн хүмүүс. Бурханд яруу алдар өргөх хандлага бидний итгэл дээр суурилах ёстой. Итгэлийн тийм хандлагатай байвал Бурхан алдагдсан ах эгч дүү нарыг маань биднээр хурдан олуулж, Сион маань өдрөөс өдөрт сүнслэг үр жимсээр дүүрэх болно. Юм бүхэн дээр Бурханд яруу алдар өргөж, улмаар ертөнцийг аврах ажлыг хурдхан гүйцээцгээе. Тэгж байж л бид хаан тахилчийн хувиар мөнхийн тэнгэрийн хаанчлалд үеийн үед Бурханд яруу алдар өргөж чадна.