Энэ нь өдөрт арван таван ширхэг тамхи татахтай адил биед хор хөнөөлтэй. Энэ нь аливаа өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эрүүл хүмүүстэй харьцуулбал үүгээр зовж байгаа хүмүүсийн цус харвах магадлал 30%-иар нэмэгдэж, зөнөглөх өвчтэй болох магадлал 40%, зүрхний өвчин тусах магадлал хоёр дахин их байдаг байна. Энэ юу вэ?
Энэ бол ганцаардал. Америкийн Нийгмийн эрүүл мэндийн албаны комиссар, дэд адмирал асан Вивек Х.Мурти өгүүлэхдээ “Ганцаардал бол сэтгэл гутралд орох, хар тамхинд донтох гэх мэт орчин үеийн нийгмийн асуудлуудыг бий болгох хүчин зүйл” гэж онцолсон байдаг. Ганцаардлаас үүдэн гардаг өвчин эмгэгүүд нь биеийн ерөнхий өвчнөөс хавьгүй илүүгээр бие махбодод хор хөнөөл учруулдаг гэж мэдэгдсэн байдаг. Тэр ч байтугай тэрээр уг албандаа ажиллаж байхдаа үндэстний хэмжээнд эрчимт эмчилгээ шаарддаг өвчний жагсаалтанд ганцаардал гэгч өвчнийг нэмсэн анхны хүн болжээ. Австрали, Ирланд гэх мэт бусад улс оронд ч мөн ганцаардлын ноцтой байдлыг таньж мэдэн, гарах арга шийдлийг эрэлхийлсээр байгаа аж.
Их Британид бүр “ганцаардлын сайд” гэж хүртэл томилж, ганцаардлыг ялан дийлэх аливаа аян хөдөлгөөнүүдийг идэвхтэй явуулж байна. Их Британи даяар орон нутгийн оршин суугчид жил бүрийн зургадугаар сард сайн дурын үдэшлэг цэнгүүн зохиодог байна. Тэд гурван өдрийн турш өөр хоорондоо хоол хүнс, амттан шимттэн хуваалцаж, ярьж хөөрдөг энэ цэнгүүнийг “Агуу хүмүүс хамт цуглардаг (Great Get Together)” гэж нэрлэдэг аж. Тэд энэ арга хэмжээний үеэр хөршүүдтэйгээ явуулах үйл ажиллагаагаа төлөвлөж, байр сав, дайлах хоол хүнсийг шийддэг байна. Энэ нь тэдний ганцаардлыг багасгахад тустай байдаг ажээ. Оролцогчдын 71% нь уг үйл ажиллагаа ганцаардлыг арилгаж, тайвшруулахад тусалсан гэж хариулсан байна. Бристолын нэгэн эмэгтэй “Би өнгөрсөн 20 жилийн турш архаг ядаргааны хам шинж өвчнөөр шаналж байгаа. Энэ нь намайг ажиллах, бусад хүнтэй харилцахад хэцүү болгоод байсан юм. Харин энэ үйл ажиллагаанд бэлдээд би хавьгүй сайхан эрч хүч олж авлаа” гэж өгүүлсэн байна.
Тэтгэвэртээ гарсны дараа идэвхгүй байдал, ганцаардал зэрэгт автсан дунд эргэм насны эрчүүдэд зориулсан “Эрчүүдийн саравчны хөдөлгөөн” нь үүнтэй төстэй үр нөлөө үзүүлдэг арга хэмжээ юм. Энэ нэрэнд гарч байгаачлан оролцогчид нэгэн саравчин доор хамтдаа цугларч, тавилга, цэцгийн сав, элдэв тоглоом наадгай зэргийг хийх юм уу машин засвар ажиллуулах зэрэг үр бүтээлтэй үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг байна. Тэдний зорилго нь багаар ажиллах байдлаар ганцаардлыг алга болгох явдал ажээ.
Энэ хоёр төслийн нийтлэг тал нь юу вэ гэхээр аль нь ч бай хүмүүс хамтраад үйл ажиллагаа явуулж байгаад юм. Хоорондоо харилцаж, бие биетэйгээ сэтгэлээ уудалж, ингэснээрээ тэд ганцаараа биш гэдгээ мэдрэн, ганцаардах нь бага болж, эрч хүч ч олж авдаг байна. Асуудал нь одоогийн нөхцөл байдал өмнөхтэй адил цагийг бусадтай хамт өнгөрүүлэх боломжгүйд байгаа юм.
Бидний амьдрал “Ковид-19” цар тахлын уршгаар эрс өөрчлөгдсөн шүү дээ. Гэртээ ажиллах, онлайнаар сурах зэрэг нь байдаг л зүйл болж, найзуудтайгаа уулзалдах, хамаатнуудтайгаа цуг хоол идэх зэрэг нь бүр онцгой арга хэмжээ болж дээ. Ганцаардлын давалгаанд амархан урсчих магадлалтай хэн ч бай ийм цагт нэг л зүйлийг санах хэрэгтэй. Энэ бол Бурхан үргэлж бидэнтэй хамт байдаг гэсэн үнэн юм шүү.
Баалын 850 эш үзүүлэгчийн эсрэг тулалдсаны дараа Елиа дайснуудынхаа заналхийллээс зугтаан, цөл рүү явсан байдаг. Елиа хэн ч өөрийнх нь талд байхгүй гэж бодож байх зуур Бурхан түүнд санаа тавиулахаар тэнгэр элчээ илгээж, түүнийг Хореб ууланд байх үед нь “Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Израильд үлдээнэ” гэж хэлснээрээ Елиаг ганцаараа биш гэдгийг нь ухааруулдаг. Елиа тайвшран, босож, үүргээ биелүүлдэг шүү дээ (1Хаа 19-р бүлэг, Ром 11:2-5).
Даниел мөн Вавилонд олзлогдон амьдарч байхдаа өдөр бүр Иерусалимын зүг харан залбирахад нь Бурхан үргэлж түүнтэй хамт байж, залбиралд нь хариулж байсан юм. Тэр ч байтугай арслангийн нүхэнд хаягдсан амь эрссэн мөчид ч хүртэл Бурхан тэнгэр элч илгээн, түүнийг хамгаалж байсан билээ (Дан 9:20-23, 6:16-23). Египетээс гарсны дараа цөлд израильчуудыг хөтлөн удирдаж байсан Мосед ганцааранд нь хүнд ачаа үүрүүлэхгүйн тулд Бурхан ард түмнийг хариуцуулахаар далан хүнийг цуглуулсан. Мөн Мосег хаана ч байсан Бурхан түүнтэй хамт байж, тусалж байлаа (Тоо 11:14-17).
Саяхан Их Британийн Кембрижийн их сургууль, Америкийн Стенфордын их сургуулийн судалгааны багуудын хийсэн “Ковид-19” цар тахалд өртөгсдийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар явуулсан судалгаагаар 15000 хүн оролцсоны 35% нь өөрсдийгөө ганцаарддаг гэж хариулжээ. Санаа сэтгэлээ хуваалцаж ярилцах, сэтгэл эзгүйрэх, эсвэл гэнэт ганцаардал мэдрэх үедээ хань болох хүнгүй мэт санагдах мөч хэн хүнд тохиодог. Ийм мөч тулгарах бүрдээ бидний сүнсийг нэгд нэггүй анхаарч байдаг Бурханы мутрыг мэдэрцгээе. Бурхан бидний зам дээр үргэлж хамт байдаг тул бид ганцаараа биш юм шүү. Нэг нэгнээ зоригжуулж, урам дэм өгч байдаг ах эгч дүү нар маань байгаа болохоор итгэлийн замд ганцаардал гэж байхгүй билээ.