Сатаны саад ба Бурханы ялалт

68,634 үзэлт

Эдүгээ дорноос өрнийг хүртэл сайн мэдээ тасралтгүй тархаж байна. Тэнгэр Эцэг цаг товлох л юм бол Бурханы түүх хурдтай биелэх нь бололтой. Тэр цаг үе ойртох тусам Сатаны саад мэх улам ширүүсэж байгаа тул Бурханы ард түмэн бид одоо байгаагаасаа ч илүү хавчлага саад, сорилт, зовлон бэрхийг туулж ч мэдэх юм.

Библиэр Сатан хэрхэн Бурханы үнэнд саад хийхийг судалж үзэцгээе. Илчлэл 18-р бүлэгт тэмдэглэгдсэнээр бүхний эцэст Бурхан диаволыг ялна гэсэн болохоор Бурхан хэрхэн ялан дийлэхийг судалж үзэцгээе. Тэгээд бид бас баяртай сэтгэлээр итгэлийн аян замаа туулж, итгэлдээ бат зогсон, ялцгаая.

Библид Бурхан Сатаны саадыг ялж, эцэстээ түүнийг дарна гэдгийг урьдчилан зөгнөсөн байдаг. Харин ийнхүү ялах явцад аюул эрсдэлтэй агшин тасралтгүй үргэлжлэх нь гэсэн бодол төрж байна. Сүүлчийн энэ үед амьдарч байгаа та бид тэнгэрийн хаанчлалын хаалга нээгдэх тэр үе хүртэл илүү хүчтэй итгэлээр, Бурханы ивээл дотор илүүтэй залбирч, итгэлийн уралдаанд хамаг хүчээрээ гүйх хэрэгтэй.

“Үхэл хүртэл үнэнч байвал чамд амийн титэм өгнө” (Илч 2:10) гэж Бурхан амласан. Бурханы энэхүү амлалтанд найдан, Бурхантай хамт диаволын саадыг ялцгаая.

Христийн элч нар ба зальтай ажилчид

Өнөө үед дэлхий дээр үй олон сүм бий. Гаднаас нь харахад тэдгээр нь Бурханд үйлчлэхийн тулд байгуулагдсан мэт ч загалмай босгочихоод хүмүүст хандан “Христийн сайн мэдээг сонсохоор манай сүмд ирээрэй” гэж хашхирцгаадаг. Харин Библид тэмдэглэсэн Бурханы сургаалаар дамжуулан тэд үнэхээр Бурханы хүслийг дагаж байгаа эсэхийг, үйлс болон сургаал нь Библиэс эхтэй эсэхийг заавал мэдэх хэрэгтэй.

Ертөнц үүссэн цагаас хойш өнөөг хүртэл бидний дайсан диавол энэ дэлхийн хүн төрөлхтнийг болон Бурханы хүүхдүүдийг ч хүртэл мэхлэхээр бүх л заль мэх, арга чаргаа хэрэглэж ирсэн. Одоо эхлээд диавол Бурханы хүүхдүүдийн итгэлийг унагаах гэж хэрхэн хичээж байгаа талаар үзье.

“Учир нь тэд хуурамч элч нар, зальтай ажилчид, Христийн элч нар болж хувирагсад. Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг. Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.” 2Кор 11:13-15

Библид Сатаны үйлчлэгчид ч мөн өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгон хувиргах нь амархан гэдгийг тэмдэглэжээ. Тэгвэл Сатан болон түүний үйлчлэгчид гэрлийн тэнгэр элч, зөвт байдлын үйлчлэгчид болон хувираад бидэн рүү ирэх үед бид тэдний үйлс, сургаал, бодол санаа нь зөв буруу эсэхийг ялгаж таних нь туйлын чухал.

Тэгвэл Сатаны үйлчлэгчид зөвт байдлын үйлчлэгч болон хувирч байгаагийн учир юу вэ? Тэдэнд хүмүүсийг, тэр байтугай Бурханы сонгосон ард түмнийг ч хүртэл там руу хөтөлье гэх цаад санаанаас нь өөр зорилго байхгүй. Харин тэд Сатаны үнэн төрхийг байгаагаар нь илчилбэл нэг ч хүн тэдэнд итгэхгүй учраас зөвт байдлын үйлчлэгч шиг харагдахын тулд “Бид Бурханд хайртай”, “Хөршөө хайрлах хэрэгтэй”, “Христийн сургаалыг ёсчлон дагана” гэх мэт үгсийг тэд их хэлэх дуртай.

Сатаны үйлчлэгчид зөвт байдлын үйлчлэгч болон хувираад, сүнснүүдийг үхлийн замаар хөтөлж байгаа байдлыг Есүсийн айлдлаас судалж үзэцгээе.

“Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.” Мат 23:13

Зөвт байдлын үйлчлэгчийн баг өмссөн Сатаны үйлчлэгчид хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулахгүй байх үүрэг л гүйцэтгэдэг. Тэнгэрийн хаанчлалд орж чадах хэмжээнд газарчлах ажлыг Бурханы үйлчлэгчид хийдэг болохоос Сатаны үйлчлэгчдийн хийх ажил биш. Тиймээс тэд тэнгэрийн хаанчлалын хаалгыг хааж, өөрөө ч орж чадахгүй, орох гэснийг нь ч оруулахгүй саад хийхийн тулд зөвт байдлын үйлчлэгч болж зүс царайгаа хувиргасан гэсэн үг.

Энэ үнэн байдлыг тодорхой мэдсэн үед Сатаны мэхлэлтэнд хууртсан ах эгч дүүсээ бид нэг өдрийн өмнө ч болов үнэн рүү хөтөлж чадна. Тэгэхээр одоо бидэнд зөв бурууг ялгах чадвар, бат итгэл, хатуу чанд хөдөлшгүй итгэлийн үзэл баримтлал нэн хэрэгтэй. Бидний итгэл хатуу чанд болох үед Сатаны үйлчлэгчид хичнээн зөвт байдлын үйлчлэгч болон хувирсан ч Бурхан ах эгч дүү нарт маань харж чадах нүд, сонсож чадах чих, ухаарч чадах сэтгэл гээд бүгдийг нь нээж өгөх юм. Тэгвэл Сатаны үйлчлэгчид тэнгэрийн хаанчлалын хаалгыг хэрхэн хааж байгааг Библиэс шалгаж үзэцгээе.

“Есүс тэдэнд —Хоёр нүүрт та нарын тухай Исаиа зөв эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг.” Мар 7:6-7

Сатаны үйлчлэгчид хүмүүсийг Бурханаас холдуулж, тэнгэрийн хаанчлалын хаалга хаах арга болгон хүний тушаалыг хэрэглэдэг. Хүний тушаалаар дамжуулан Бурханд итгэдэг гэх хүмүүсээр Бурханы зарлигийг үл хүндэтгүүлж, Бурханы хамгийн их жигшдэг нарны бурханд тэднийг мөргүүлсэн тул тэнгэрийн хаанчлалын хаалга хаагдан, тэдний сэтгэл аяндаа Бурханаас холдохоос өөр аргагүй болдог. Хэрвээ Бурханы үйлчлэгчдээр заалгасан бол Бурханы тушаалыг сахин, Бурхан руу ирж, тэнгэрийн хаанчлалын хаалгыг чиглэн гүйж чадах байсан юм.

Хуурамч эш үзүүлэгч нарт болон Сатаны үйлчлэгчдэд хууртагдан, үхлийн замаар яваа үй олон сүнс одоо ч байгаа. Тэднийг зүгээр орхиж огтхон ч болохгүй. Харин тэдэнд зөвт байдлын үйлчлэгчид болон хувирсан Сатаны үйлчлэгчдийн үнэн дүр төрхийг, тэдний зальжин арга мэхийг зааж өгөх хэрэгтэй. Хэдийн хууртаад байгаа хүмүүс нь тэдний хувирсан гаднах байдлыг харчихаад тэднийг ч бас Бурханы тухай ярьж, Библийн үгийг хэлдэг болохоор нь Бурханд итгэдэг хүмүүс гэж дүгнэдэг. Харин бид арай илүү анхаарал тавивал Библитэй огт холбоогүй худал сургаал зааж байгааг нь амархан мэдэж болно.

Сатаны үйлчлэгчид Бурханыг хүндэтгэдэг гэж уруулаараа худал ярьж байгаа ч үнэн хэрэгтээ хүний тушаалаар хуурч, Бурханд дэмий хоосон мөргүүлж байдаг. Нүдээ сайн нээгээд, ойр орчноо хараарай. Хичнээн олон хүн Бурханд дэмий хоосон мөргөж байна вэ. Бид зүгээр гар хумхиад суулгүй, юу нь үнэн, юу нь худлыг зоригтойгоор, мэргэн ухаанаар заавал хэлж өгөх хэрэгтэй.

Үнэн худлыг ялгаж өгөх бидний үүрэг

Одоо бид үнэн ба худлыг ялгаж чадаагүй хүмүүст өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгон хувиргасан Сатаны үнэн төрхийг зааж өгөх хэрэгтэй. Хүний тушаалаар сургагдан, хүний тушаалыг дагаж байгаа хүмүүс дотроо өөрсдийгөө Бурханд зөв үйлчилж байгаа, мөн тэнгэрийн хаанчлал явна гэж эндүүрдэг. Тийм хүмүүсийн түрүүнд зогсоод, тэднийг Бурхан руу хөтлөх хэрэгтэй.

“Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж, жигшүүрт зүйлс хийдэг агаад сайныг үйлддэг хүн алга. Тэнгэрээс ЭЗЭН хүний хөвгүүдийг өнгийн харсан нь ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж. Тэд төөрөлдөн явж, бүгд адилхан завхарцгаасан. Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.” Дуу 14:1-3

Хүн төрөлхтөн бүгд Сатаны үйлчлэгчдээр хүний тушаал заалгаж байгаа болохоор сайныг үйлддэг, Бурханыг эрэн хайдаг хүн ганц ч байхгүй юм. Ийм байхад хэн тэнгэрийн хаанчлал явж чадах билээ? Уруулаараа л Бурханыг хүндэтгэдэг тэднийг тэнгэрийн хаанчлалын хаалга хааж байгаа гэж төсөөлж ч чаддаггүй хүмүүс нь Сатаны үйлчлэгчдэд мэхлэгдсэн сүнснүүд юм. Үй олон хүн Сатаны үйлчлэгчдэд хууртаж, хүний тушаалаар сургагдан, Христмас тэмдэглэж, ням гаргийн мөргөл сахиж, загалмай босгох гэх мэт хүнээс гарсан тушаал зааврыг дагаж байж л тэнгэрийн хаанчлал явна гэж 1000 гаруй жил урт удаан хугацаанд бат итгэж ирсэн юм.

Өнө удаан хугацаанд Сатаны төмөр гинжинд баглуулсан болохоор хүмүүсийн хатуурсан зүрх сэтгэлийг сэрээх амаргүй байж мэднэ л дээ. Гэхдээ Бурхан хамт байгаа учраас үнэн заавал ялж, шударга ёс заавал биелнэ гэсэн Бурханы үгэнд найдан, тийм хүмүүст хичээнгүйлэн ойлгуулах хэрэгтэй.

Библид хүн төрөлхтөн Сатаны мэхлэлтэнд унан, түүнтэй хамт бузартаж, сайныг үйлддэг хүн нэг ч байхгүй гэж хэлсэн боловч Бурхан мөн өчүүхэн сүргийг үлдээсэн гэсэн юм.

“Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнийг голоогүй. … Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа.” Ром 11:2-5

Тэнгисийн эргийн элс мэт үй олон хүнээс Баалд өвдөг сөгдөөгүй, зөв шударга цөөхөн хүнийг үлдээсэн гэсэн юм. Хэдийгээр цөөн ч гэсэн тэд хүний тушаалаар тэнгэрийн хаанчлалын замыг хааж байгаа, өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болж хувиргасан Сатаны үйлчлэгчдийн эсрэг тэмцэх Бурханы үлдээсэн сүрэг юм.

Энэ өчүүхэн сүрэг Сатаны хүч нөлөөний эсрэг тэмцэхдээ Бурханыг л түших бат итгэлтэй байх ёстой. “Энэ амиа орхисон ч Бурханы хүслээр амьдарна” хэмээн сургаалынхаа төлөө амиа золиосолсон анхны сүмийнхэн шиг ухаан байхгүй бол сүүлчийн энэ үед үлдсэн өчүүхэн сүрэг тэнгисийн эргийн элс шиг тоо томшгүй хүмүүсийг хэрхэн эсэргүүцэх билээ?

Эрт үеийн Гидеоны түүхийг харвал гурван зуун цэрэг эр зуун гучин таван мянган хүнийг няцаан хөөсөн нь Бурханд итгэх бат итгэлтэй байсантай нь холбоотой. Бамбар бүрээ төдийхнөөр зэвсэглэн, дайсан руугаа гүйн очсон тэр агуу итгэл нь л тэдэнд ялалт авчирсан билээ.

Сүүлчийн өдөр ойртох тусам бидний итгэл Гидеоны дайчид шиг илүү бат бөх болох хэрэгтэй. Бидэнд ийм итгэл, ухаан байвал өчүүхэн сүрэг бид Бурханы үйлчлэгч болж зүсээ хувиргасан Сатаны үйлчлэгчдийг эсэргүүцэж чадна.

Елиагийн тэр үед Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Бурхан үлдээсэн шиг өнөө үед ч ивээл нигүүлслээрээ үлдээсэн хүмүүс байгаа гэсэн.

“Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиуд болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав. Тэгээд тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.” Илч 12:17-18

Луу буюу Сатан дайтна гэсэн учраас Сатантай дайтах сүрэг нь зөв шударга хүмүүс байх нь гарцаагүй. Тэд буюу эмэгтэйн бусад үр удам нь Бурханы тушаалыг чанд сахидаг хэмээжээ.

Энэ илчлэлт нь сүүлчийн үед болох үзэгдэл юм. Энд Сатан тэнгисийн эргийн элс мэт олон хүний дээр дарлаж байгааг бид харж болно. Сатаны үйлчлэгчид, тэнгэрийн хаанчлалын хаалгыг хааж байгаа хүмүүсийн зэвсэг нь хүний тушаал. Харин Бурханы талд зогсож байгаа хүмүүс тууштайгаар Бурханы тушаал сахин, Есүсийн гэрчлэлийг аван Сатантай дайтах аж.

Сатаны тал тэнгисийн эргийн элс шиг олон, харин бид өчүүхэн сүрэг юм. Гэхдээ ялалтыг өчүүхэн сүрэг болох бидэнд өгнө гэж Бурхан амласан шүү дээ.

Бурхан мохошгүй итгэлээр дамжуулан ялалтыг өгдөг. Сатан унагах гэж хичнээн зүтгэсэн ч эмэгтэйн бусад үр удам Бурханы тушаалыг сахидаг, огтхон ч ганхахааргүй итгэлтэй учраас эцэст нь Сатан ялагдах болно.

“Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, … уналаа, нурлаа гэж байлаа. … —Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. … гал, хүхэр дотор зовж тарчилна. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй. Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.” Илч 14:8-12

Араатны шашны зарчмаар, оюун санаагаараа согтсон хүмүүс Бурханы уур хилэнгийн дарсыг ууна хэмээсэн ба Бурханы тушаал ба Есүст итгэх итгэлийг сахиж, Сатаныг эсэргүүцэхийн тулд ариун хүмүүст тэвчээр хэрэгтэй хэмээсэн. Тэвчээр байхгүй бол ялж чадахгүй.

Бурханы тушаалыг сахигчдад амласан ялалт

Өнөө үед эргэн тойронд маань Сатаны зараалаар ажиллаж байгаа үйлчлэгчид маш олон. Тэд олон тул Сатаны үйлчлэгч үү, Бурханы үйлчлэгч үү гэдгийг ялгах амаргүй болжээ.

Өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргасан Сатаны үйлчлэгчид Бурханы тушаалыг сахидаг Бурханы хүүхдүүд, өөрөөр хэлбэл Бурханы үйлчлэгчдийг доог тохуу хийж, хавчиж, сорьж өөрсдөө яг л гэрлийн тэнгэр элч мэтээр 1000 гаруй жил урт удаан хугацаанд энэ ертөнцийнхний тархийг угааж ирсэн болохоор тэдэнд мэхлэгдсэн оюун санаа нэг өглөө шууд өөрчлөгдөх аргагүй. Тийм оюун санааг зөвхөн Бурханы тушаалыг сахиж байгаа Бурханы хүүхдүүдийн шулуун шударга, зоригтой итгэлээр л өөрчилж чадна. Ариун хүмүүсийн тэвчээр, итгэл л Сатаныг ялж ертөнцийг өөрчилж чадна.

Дайсан диавол хэдий үнэнд саад хийж, төвөг удлаа ч Бурхан өчүүхэн ч ганхахгүй бөгөөд тэр нь юу ч биш мэт тооцогддог.

“Тэр хэнтэй зөвлөлдөв? … Харагтун, үндэстнүүд хувингийн дусал мэт, дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог. Үзэгтүн, арлуудыг нарийн тоос мэт Тэрээр өргөнө. … Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, Түүнд тэд юу ч үгүй, хоосон юм мэт тооцогдоно.” Иса 40:14-17

Сатан болон түүний үйлчлэгчид тэнгисийн эргийн элс мэт тийм их хүчнүүдтэй цуг Бурханыг болон Бурханы хүүхдүүдийг эсэргүүцэн зовоосон ч Бурхан тэднийг юу ч биш, юу ч үгүй юм мэт тооцдог юм.

Бидний ядмаг дутуу өчүүхэн итгэлийн нүдээр харахад Сатаны тал их, аймшигтай мэт санагдах ч анхны сүмийн үеийн түүхээс харвал Бурхан тэднийг юу ч биш гэдгийг аль хэдийн харуулсан биз дээ? Олон эзэн хаан, улс төрч, шашны удирдагчид түрүүнд нь зогсоод анхны сүмийн итгэгч нарыг хавчиж, элэг доог хийж, зовоож, айлгаж байсан ч тэгэх тусам нь итгэгчид итгэлдээ улам зоригтой болж, сүм сэргээн босгож байсан түүхийг бид сайн мэднэ. Энэ нь ертөнцийн хүчирхэг эрх мэдлийг юу ч биш мэт тооцдог Бурхан тэдэнтэй хамт хийсэн учраас тэр юм.

Тиймээс сүүлчийн үед амьдарч байгаа бид юунаас ч айлгүй, Бурханы сайн мэдээнд саад болж хүмүүсийн сүнсийг цөлмөж байгаа Сатан ба түүний үйлчлэгчдийн үнэн төрхийг мэдүүлэхийн тулд үнэний сайн мэдээг бүрэн төгс тунхаглах хэрэгтэй.

Бурханы ард түмний сахиж байгаа үнэнг үнэн биш мэт төөрөлдүүлж, сайн мэдээнд саад хийсэн ч бид Бурханы тушаалыг сахиж, Христэд итгэх итгэлээ сахих явцдаа тэвчээртэй байж, Бурханд л найдахад болно.

Дэлхийг бүхэлд нь үймүүлж Бурханыг эсэргүүцэх хуурамч эш үзүүлэгчид болон Сатаны хүч нөлөө аажим аажмаар ихсэх тусам тэднийг юу ч биш гэж хардаг Бурханых шиг мэлмийтэй байж, Бурханд итгэх бат итгэлийг бид эзэмших хэрэгтэй. Алдагдсан ах эгч дүүгээ нэг өдрийн өмнө ч болов хурдан хайж олоод, улмаар Сион руу хөтлөх нь бидний үүрэг гэдгийг нэг ч хором мартаж болохгүй.

“Үндэстнүүд юунд үймэлдэнэ? Ард түмнүүд дэмий юунд хуйвалдана? ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн, … тэнгэрт залрагч инээж байна, тэднийг Эзэн тохуурхаж байна. … “Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ. … Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, шавар сав шиг бутлах болно» гэсэн.” Дуу 2:1-9

Бурханы ард түмэн болох бидэнтэй Бурхан хамт байгаа учраас хамгийн их хүч бидэнд бий. Бурханаас татгалзаж, Бурханы ард түмнийг эсэргүүцдэг Сатаны үйлчлэгчдийг Бурхан тохуурхаж, төмөр таягийн эрх мэдлээрээ шавар сав шиг бутална хэмээсэн.

Харин бид Бурханы төлөвлөж, товлосон үе хүртэл тэвчигтүн гэсэн учраас итгэлтэйгээр тэнгэрийн хаанчлалд найдан, үхэж буй сүнснүүдийг аврах хайрыг хэрэгжүүлээд, эцсээ хүртэл тэвчих хэрэгтэй. Сатаны саад тотгор хэдийгээр хүчтэй байсан ч ялалт нь заавал бидэнд буцаж ирнэ.

Тэр явц дунд цөлийн зам ч бий, өргөст зам ч байгаа учраас тус тусын загалмайгаа үүрээд дагах ёстой үе байдаг ч тэр нь ялалтын зам юм. Тиймээс бидний бэрхшээл дундаас олж авсан ялалт илүү үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйл билээ.

Бурхан тэнгэрт бидний орон байрыг бэлдэж байгаа бөгөөд Бурхантай уулзах тэр өдөр одоо нэг их хүлээлгэхгүй. Итгэлийн амьдралынхаа үлдсэн хугацаанд хуурамч эш үзүүлэгч болон Сатаны үйлчлэгчдийн үнэн төрхийг бүгдийг нь илчилж, алдагдсан ах эгч дүүгээ хайж олох ажилд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Цаг ямагт соргог байж, өчүүхэн хүч чадлаа бүгдийг нь дайчлан үр жимс их гарган, Эцэг Эхээ баярлуулдаг Сионы гэр бүлүүд болоорой.

Бурханы хүүхэд шиг баттай итгэл, мэргэн ухаан, билгийн хараатай болж, цаг ямагт Бурхантай хамт алхан, Сатаны саадыг ялагч нар болохыг чин сэтгэлээсээ хүснэм.