Нүглийн хөлс нь үхэл

36,425 үзэлт

Библид “Бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ” хэмээн тайлбарласан байдаг (Ром 5:12). Бурханд итгэдэггүй хүмүүс “Сүм дээр очих болгонд байнга л нүгэлтэн гэх юм” гэж гомдоллодог. Үнэндээ бүх хүн угтаа нүгэлтэн юм.

Бид Бурханд итгэдэг. Тиймдээ ч үхэхээс өөр аргагүй байсан нүгэлтнийг аварсан Бурханы ивээлд талархал, магтаал өргөдөг. Тэгсэн хэр нь өөрсдийгөө нүгэлтэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг бид ч хүртэл үйлдсэн нүгэл маань яг ямар нүгэл гэдгийг одоо хэр нь бүрэн ухаарч чадаагүй, гэмшээгүй байгаа юм биш биз. Өөрсдийгөө эргэж нэг харцгаая.

Бидний нүгэл ямар том болохыг, тэрхүү том нүглийг үнэгүйгээр уучилсан авралын ивээл ямар агуу болохыг бодох цаг гаргацгаая.

Нүгэлтэн болсон тэнгэрийн хүүхдүүд

Есүс 2000 жилийн өмнө энэ газарт ирээд, хамгийн түрүүнд “Гэмшицгээ” гэсэн үгээр сайн мэдээ тунхагласан (Мат 4:17). Библид биднийг энэ газарт төрөхөөс өмнө тэнгэрийн тэнгэр элч байсан гэж зааж байгаа. Тэгвэл тэнгэрийн оронд юу болсон болохоор хүн төрөлхтнийг аврахаар энэ газарт ирсэн Есүс биднээс хамгийн түрүүнд гэмшихийг шаардсан юм бол оо?

Урьд нь амьдарч байсан тэнгэрийн ертөнцөө эргэж хараад, биднийг аварсан Бурханы хүслийг дахин нэг удаа ойлгож үзэцгээе.

“Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахуулан ЭЗЭН намайг бүтээсэн. Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан. Оёоргүй гүн үгүйд, оргилох булаг оргүйд би гарсан юм. Уулс толгодыг босгохын өмнө, би гарсан юм, газар дэлхий, тариан талбай хийгээд ертөнцийн тоосонцрын дээжийг ч Тэр бүтээгээгүй байхад, … Газрын суурийг тавихад би тэнд байсан юм. Би тэгэхэд хажууд нь урлаач, өдрөөс өдөрт бахдал нь байж өмнө нь үргэлж баярлаж байсан. Түүний дэлхий ертөнцөд баясаж, хүний хөвгүүдээр бахдан байв.” Сур.Үгс 8:22-31

Энд “би” гэсэн нь Израилийн гурав дахь хаан асан Соломон юм. Тэрээр Сургаалт үгс номыг бичихдээ дэлхийн цаг хугацааны эхлэлээс өмнө өөрийгөө хэдийн оршиж байсан гэсэн болохоор өмнөх ертөнц болох тэнгэр элчийн ертөнц өөрөөр хэлбэл Бурханы улсад сүнсээр оршиж байсан гэдгийг нь мэдэж болно.

Соломон төдийгүй энэ ертөнцөд төрсөн бүх л хүн өдөр бүр баяр хөөр бялхсан тэнгэрийн оронд амьдардаг тэнгэр элч нар байсан юм. Ийм л тэнгэр элч нарыг энэ газарт ирүүлж, зовлонтой амьдрах үр дагаварт хүргэсэн учир шалтгаан зайлшгүй байгаа. “Гэмшицгээ” гээд тэнгэрийн хаанчлалыг ухааруулж байгаа Христийн үгнээс харахад тэнгэрийн оронд бид гэмших шаардлагатай хэрэг тарьсан гэдгээ таамаглаж болно.

“Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.” 1Иох 1:8-10

Нүгэлгүй зөвт хүнд “Гэмшицгээ” гэсэн юм биш. Бид бүхэн тэнгэрт нүгэл үйлдээд, энэ газарт хөөгдөж ирсэн юм. Тэгвэл тэнгэрт ямар нүгэл үйлдсэн болоод энэ газарт хөөгдөж ирснээ, мөн бидний нүгэл хэр том болохыг мэдэх хэрэгтэй.

Тэнгэрт үйлдсэн нүгэл

Библид Вавилон болон Тирийн хааны өмнөх ертөнц дэх төрхийг дараахтай адил байсан гэж дурдсан байна. Соломон юм уу энэ газарт төрсөн бусад хүмүүстэй адил тэд ч мөн тэнгэрт баяр хөөр, сүр жавхлан эдэлсэн тэнгэр элч нар байжээ.

“Чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө. … Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи хөсөр хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн. Гэвч чи Үхэгсдийн орон уруу, хамгийн гүн нүхэнд хаягдана.” Иса 14:4, 12-15

“… —Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. … Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, … алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа. Чи халхалдаг тослогдсон херуб байсан. … Бүтээгдсэн өдрөөсөө авахуулан дотроос чинь гажуудал олдох хүртэл замналуудаараа чи гэм зэмгүй байв. Наймааныхаа хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, нүгэл үйлдэв. Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн. Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав. Гоо үзэсгэлэнгээсээ болж зүрх чинь бардамнав. Сүр жавхлангийнхаа улмаас цэцэн ухаанаа чи завхруулжээ. Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд өмнө нь тавина.” Езе 28:11-17

Бурханы оддын дээр сэнтийгээ босгоё, Бурханыг эсэргүүцье гэсэн бардам бодол тээсэн тэнгэр элч нар эцэстээ нүгэл үйлдээд, шийтгэл хүртэж байгаа дүр зургийг эндээс бид харж болно. Бурхан Вавилоны болон Тирийн хааны өмнөх амьдралаар дамжуулан тэнгэрт бид ямар том нүгэл үйлдээд, энэ газарт ирснийг хэлж өгсөн юм.

“Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Сонор нь сонсож чадахааргүй дүлий биш ээ. Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан нүглүүд чинь Түүний нүүрийг та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй. …” Иса 59:1-3

Бардамнаж, тэрсэлсэн бид тэнгэрт Бурханыг эсэргүүцье гэсэн том нүгэл үйлдэж, энэ газарт бууж ирсэн. Тэгээд зовлон, гуниг, үхлээр үргэлжилдэг энэ газрын амьдралыг элээж байгаа маань ч тэнгэрт маш том нүгэл үйлдсэнээс болсон юм. Бидний үйлдсэн нүгэл чухамдаа юутай дүйцэхийг судалж үзэцгээе.

Бидний нүглийн хөлс нь үхэл

Бид энэ газарт эрх чөлөөтэй амьдарч байгаа юм шиг байвч, сүнслэг ертөнцөөс харвал цаг хугацаа, орон зайн хананд хоригдсон, үүрд үхэхээс өөр аргагүй нүгэлтэн өөрөөр хэлбэл цаазын ялтнууд юм.

“Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.” Ром 6:23

Хүний амьдралаас харахад, замын хөдөлгөөний дүрэм зөрчих ч юм уу яахын аргагүй нөхцөл байдлаас гэм буруу үйлддэг ч барагтай хэрэг хийхэд цаазын ял авдаггүй. Харин бидний нүглийн хөлс үхэл гэвэл үйлдсэн нүглээ үхлээр л биш бол төлж чадахгүй тийм хүнд нүгэл гэдгийг мэдэж болно.

Тэнгэрт онц хүнд нүгэл үйлдээд дэлхий дээр ирсэн сүнслэг цаазын ялтан байж үүнийгээ бид умартаад амьдарч байгаа. Христ ийм л бидэнд “Гэмшицгээ” “Даруу бай”, “Бие биедээ үйлчил” хэмээсэн. Энэ нь эцэстээ нүгэлтэн гэдгээ ухаар гэсэн үг.

Хэзээ ч билээ дээ цаазын ялтны тухай баримтат нэвтрүүлэг гарч байсан. Цаазын ялтнууд ялын дээд хэмжээ авсан өдрөөсөө эхлэн өөрийгөө хэзээ үхэхийг мэдэхгүй айдас түгшүүрт автдаг гэнэ. Өглөө нүдээ нээсэн мөчөөс эхлээд л “Арай өнөөдөр ял гүйцэтгэх өдөр биш байгаа” гээд хүн уулзахаар ирэх, хэн нэгэн өөрийг нь дуудахад ч хүртэл айж, орой унтах болоход л өнөөдөр эсэн мэнд өнгөрлөө гэсэн бодолдоо бага ч болов сэтгэл нь амардаг гэнэ. Тийм л өдрүүдийн үргэлжлэл бол цаазын ялтны амьдрал юм.

Тэд бүгд нүглээ өршөөлгөж л чадвал нийгэмд тавьсан өр төлөөсөө бүх насаараа төлөөд ч болтугай амьдаръя гэдэг. Тэдэнд “Нүглийг чинь өршөөх тул бүх хүнд үйлчилж амьдар” гэвэл тэгэх л болно. Адилхан байр байдалтай цаазын ялтангуудыг гэмшүүл гэсэн ч хийх л болно. Хэн ямар ч үгээр хэлсэн, хацраа алгадуулахад хүртэл тэсвэрлэх л болно. Цаазын тавцан дээр зогсож байхад нь цаазын ялаас аварсан болохоор хийж чадахгүй ажил гэж тэдэнд юу байх билээ?

Өөрийгөө өндөр үнэлж, бусдын дээр гаръя гэх нь одоо ч бас хэн гэдгээ ухаарч чадаагүйгээс үүдэлтэй. Эцэг Эх маань үхлээ хүлээж байсан нүгэлтэн биднийг татан гаргаж, “Даруу байгаарай”, “Үйлчлээрэй”, “Халамжлаарай” гэх сургаалуудаа бидэнд өгсөн. Бурханы хязгааргүй хайраар нүглийн уучлал авсан бид Бурханы үгийг дагахгүй байж болохгүй юм.

Үхэх нүглийг эвлэрүүлсэн Бурханы ивээл

Тэнгэрт ч хууль байдаг. Тэнгэр Эцэг Эх маань бидний нүглийг уучилж өгөхөөр тэнгэрийн хуулийг зөрчилгүйгээр, бидний оронд нүглийн төлөөх тахил болсон юм. Бид цаазын ялаар л нүглийнхээ хөлсийг төлж чадах байсан учраас бидний оронд тэнгэр Эцэг Эх маань бүх өвдөлтийг тэвчиж, төлөх ёстой нүглийн хөлсийг бидний оронд төлсөн билээ.

“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ? … Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ, гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.” Иса 53:1-6

Бид нүглээс зүгээр нэг суллагдсан юм биш ээ. Суллагдчихаад хартал бидний суух ёстой үхлийн суудалд Эцэг байсан. Бидний зовох ёстой зовлонгийн суудалд Эх байсан. Бид бүгдийн хилэнцийг Эцэг Эх маань авсан учраас бид аврагдаж чадах болсон.

Бурхан Өөрийнхөө үхлийг мартуулахгүйн тулд Алгасал баяр хэмээх хууль зарлиг тогтоож, Алгасал баяраар хүүхдүүддээ мах, цусаа идүүлж уулгасан юм.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. … Намайг идэгч нь мөн Надаар амьдарна.” Иох 6:53-57

“… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28

Үхэхээс өөр аргагүй цаазын ялтан биднийг аврахын төлөө Өөрийнхөө биеэр дэнчин тавьсан Бурханы хайр энэрэл Алгасал баярт байгаа. Мөн тэр хайрыг хэзээ ч битгий март, дахин нүгэлд унаж болохгүй гэсэн Бурханы захиас ч бий.

Үхэлтэй нүүр тулсан цаазын ялтанд нүглийг чинь уучилж, аварч өгье гэвэл үүнээс илүү баяртай мэдээ гэж үгүй. Алгасал баяр болбол бид талх ба усан үзмийн дарс идэж, уугаад мөнх амь авах болсондоо баяртай байдаг. Үнэн хэрэгтээ Эцэг Эхийнхээ мах, цусыг идэж ууснаар амь олох болсон болохоор сансар огторгуйд биднээс илүү ачлалгүй хүүхэд гэж хэн байхав. Гэсэн ч Эцэг Эх маань хүүхдүүд нь гэмшээд, дахин өмнөх шигээ нүгэлд орооцолдохгүй байх төдийд л баяртай байдаг юм (Иса 53:10-11 үзэх).

Алгасал баярын талхыг идэх үедээ биднийг амьдруулахын төлөө Бурхан эрхэм нандин биеэ таслан бидэнд идүүлж байгааг бодож идэх хэрэгтэй. Алгасал баярын усан үзмийн дарсыг уухдаа бидний нүгэл энэ үнэт цус байхгүй бол уучлагдашгүй том нүгэл байсныг дахин дахин бодож, тэр золиосонд талархал өргөх хэрэгтэй. Ийм хүнийг үнэхээр шинэ гэрээний ёсыг ухаарсан хүн гэж болно.

Шинэ гэрээний жинхэнэ утгыг ухаарч биелүүлэх гэмшлийн амьдрал

Одоо бүгдээрээ Бурханы үгийг дагацгаая. Үйлчлээрэй, дорд байгаарай, хичээнгүйлэн авралын зар тараагаарай гэсэн үг бүхэнд учир утга бий.

Нүглийн уучлал л авч чадвал цаазын ялтанд хийж чадахгүй ажил гэж байхгүй. Ямар ч хэцүү, хүнд ажил хийсэн, үхлээ хүлээж байсан цаг үетэйгээ харьцуулахад маш аз жаргалтай мөч байх болно. Ингэж сэтгэлийн угаас гэмших ёстой нүгэлтнүүд бол бид.

Ертөнцөд амаараа нүгэлтэн гээд өөрийнхөө нүглийн байдлыг мэдэхгүй, дахин давтан нүгэл үйлддэг итгэгчид ч байдаг. Сионы хүүхдүүд өөр байх ёстой. Бид зөвт хүн биш. Тэнгэрийн оронд бусдыг дарамтлах хэмжээний мундаг ажил хийгээд бууж ирсэн хүмүүс биш. Буруугаа сайтар ухаараад, гэмшлийн амьдралаар амьдрах ёстой.

Паул үхэх нүгэлтнүүдийн оронд үхлийн суудал дээр очсон Христийг бодсон учраас ертөнцийн ямар ч зүйл биднийг Христийн хайраас огтхон ч салгаж чадахгүй гэсэн ухаарлыг олж авсан.

“… Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү? … Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.” Ром 8:31-39

Паул өдөр бүр өөрийгөө зовоон, Бурханы үгэнд дуулгавартай байж, үхсэн ч Эзэний төлөө, амьдарсан ч Эзэний төлөө амьдарна гэсэн шийдвэрээр янз бүрийн аюул дунд ч шантралгүй, сайн мэдээ тараасан. Бурханы хайр хичнээн эрхэм нандин, баярламаар, талархаад баршгүйг ухаарсан тэрээр ах дүү нартаа ч үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйлд талархлаа илэрхийлэхийг захисан байдаг.

Бидний нүгэл цаазын ялтай дүйцэх нүгэл байсныг санаарай. Бурханы хамгийн хүсэж байгаа зүйл нь Бурханы гүнээс гүн хайраар нүглийн уучлал авсан бид тэр хайрыг нь ухаарч, ертөнцийн бүх үндэстэнд нүглийн уучлалын замыг зааж, гэмшүүлж, тэднийг тэнгэрийн хаанчлалд хөтлөх юм. Бидний шинэ гэрээ тунхаглаж байгаа шалтгаан ч бас үүнд бий. Шинэ гэрээг сайн ойлгосон хүн мөн л бол ийм амь хайргүй зүтгэл ба хайрыг хэрэгжүүлж, Эцэг Эхийгээ баярлуулах ёстой.

Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянга бол өөрийн бодол, гөжүүд зангаа урьтал болголгүй, Хургыг хаашаа ч хөтөлсөн дагагсад (Илч 14:1-5). Зүгээр л сохроор дагах биш, нүглийнхээ хөлсийг зөвхөн үхлээр төлөх ёстой нүгэлтэн байснаа ухаарсандаа тэрхүү нүглийг нь уучилж, амь соёрхсон Бурханы төлөө юу ч байсан хийх хүсэлтэй байдаг улс. Бидний нүгэл хичнээн хүнд болохыг ухаараад, үхлээ хүлээж байсан өнгөрсөн амьдралаа эргэн санаж, чин үнэнээр гэмшиж, Бурханы өгсөн үг бүрийг дуулгавартай дагах хэрэгтэй. Дэлхийн бүх үндэстэнд авралын ерөөлтэй мэдээ тунхаглан, хүн төрөлхтнийг аврах Бурханы агуу ажилд хамтдаа оролцох тэнгэрийн хүүхдүүд болохыг хүсэж байна.