Амийн усны ундарга

27,321 үзэлт

Одоо Иерусалим Эхийн авралын сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс олон сүнс Бурханы энгэрт ирж байна. Хаана ч байсан, Эхийн тухай үнэний сургаал нь хүн төрөлхтний хаалттай байсан сэтгэлийн үүдийг нээх эрхэм чухал сүнслэг түлхүүр болоод байна. Ямар гайхалтай хэрэг вэ!

Олон жил бидний тараасан сайн мэдээг сонсоогүй хүмүүсийн сэтгэл нь богино хугацаанд нээгдэж, энэ үнэн рүү маш хурдан ирж байна. Эхийн үнэн байхгүй бол ингэж биелэх нь үнэхээр боломжгүй хэрэг юм. Библид амийн ус Иерусалимаас урсан гарч, ус урсах газар бүрд нь амьд амьтан амьдрах болно гэж зөгнөсөн. Амийн усны ундаргын талаар судалж үзэнгээ хүн төрөлхтнийг амийн усны ундарга руу хөтөлж буй Бурханы хайрыг дахин нэг ухаарцгаая.

Сүнслэг өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс

Өнөө үед дэлхий дээр христийн шашин аажмаар нурж байна. Солонгост 1990-ээд оноос хойш христчүүдийн тоо жилээс жилд буурч байна. Тэр ч байтугай христийн шашны өнө удаан жилийн уламжлалтай гэж сайрхдаг Европын улсууд болон Америкт ч христчин гэж нэрээ бүртгүүлсэн хүмүүсийн ихэнх нь сүмдээ явахаа больсон. Сүмийн байр том ч, бодит байдал дээр цөөхөн хүн л мөргөл үйлдэхээр ирдэг. Бурханд мөргөх нь тэдний амьдралаас хичнээн холдсоныг энэ байдал харуулж байгаа юм.

Тэд Бурханд итгэж ирсэн ч сүнс нь эзгүйрч, цангаж байгаагаа мэдэрч байх шиг. Одоо бүх дэлхий сүнслэг өлсгөлөнд нэрвэгдээд байна.

“Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм. Ард түмэн тэнгисээс тэнгис уруу, умардаас дорно хүртэл гэлдрэх болно. Тэд ЭЗЭНий үгийг эрэн цааш нааш явах боловч эс олно. Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид, залуус цангаснаас болж ухаан алдана.” Am 8:11-13

Хэрэв цөлд аяншиж цангасан аянчин булаг олж харвал, энэ нь зэрэглээ байсан ч хамаагүй тэр булгийн зүг хар хурдаараа гүйнэ. Харин тэр зэрэглээ биш, жинхэнэ булаг олбол үгээр хэлэхийн аргагүй баярлан хөөрөх болов уу.

Сүнсээр өлсгөлөнд цангаж зовсон олон сүнс гуйвж дайван, амийн усыг олохоор хаа сайгүй хэрэн хэсүүчилж байж мэднэ. Одоо Сионы хүүхдүүд Самари ба газрын хязгаар хүртэл тэдний хайж байгаа амийн усыг түгээсэн тул дэлхий даяар олон хүний түгжээтэй байсан сэтгэлийн үүд нээгдэж, үнэнийг хүлээн авч байна. Ертөнц одоо юугаар цангаж байгааг, тэдний цангааг тайлах гол үнэн юу гэдгийг энэ сэдвийн хүрээнд дахин ухаарцгаая.

Өмнө нь сайн мэдээг хичээнгүйлэн тарааж байсан ч бусад үнэнийг бага сонирхож байсан хүмүүс одоо Эхийн үнэнийг сонсоод, сэтгэлийн үүд нь илүү их нээгдэж байна. Тэдгээр хүмүүс Эхийг хүлээн авах л юм бол шууд Эцэгийг хүлээн авч, Бурханы тушаалуудыг ч амархан ухаардаг. Дүгнэж хэлэхэд сэтгэлийн үүд нээдэг сүнслэг түлхүүр Эх Бурханд байсан аж.

Амийн усны булаг руу хөтлөх Бурханы ажил

Бурхан цангасан сүнснүүдийг амийн усны булаг руу хөтлөн өгдөг. Иохан элч илчлэлтдээ амийн усны булгийг хараад ийн тэмдэглэжээ.

“… Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халахгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.” Илч7:15-17

“Ариун хот, шинэ Иерусалим … Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. … —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. …”Илч 21:2-4

Илчлэл 7-р бүлэгт Хурга бидний Хоньчин болж, амийн усны булаг руу хөтлөн, бидний нүднээс урсах нулимс бүрийг арчина хэмээсэн. Илчлэл 21-р бүлэгт Бурханы асар хүмүүсийн дунд байж, Өөрийн биеэр бидэнтэй хамт байн, нулимс бүрийг арчиж өгнө гэж айлдсан. Эндээс бидэнтэй хамт нутаглаж буй амийн усны булаг болсон Бурхан нь хэн гэдгийг мэдэх хэрэгтэй.

“Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.” Зех 14:8

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

Библид амийн ус Иерусалимаас урсан гарна гэсэн болохоор Иерусалим нь амийн усны ундарга буюу булаг юм. Энэ Иерусалим бол бидний Эх. Бидний Эцэг цангасан сүнснүүдийг амийн усны булаг болсон Иерусалим Эх рүү хөтөлж, биднийг дахин өлсөж цангахгүй, халууцах ч үгүй, нар юм уу ямар ч халуун зүйл хор хөнөөл учруулж чадахааргүй, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохыг зөвшөөрсөн юм.

Хурга бидний Хоньчин болоод амийн усны булаг руу хөтөлсөн үед нулимс байхгүй болно хэмээсэн. Бурхан бидний өнгөрсөн хугацаанд урсгасан зовлон гунигийн, гэмшил ухаарлын, талархал баярын гээд бүх нулимсыг арчиж, мөнхийн тэнгэрийн авралыг зөвшөөрөх болно. Тэнгэрийн хаанчлалыг чиглэсэн итгэлийн цөлийн замд Хурга биднийг амийн усны булаг руу хөтлөн, амийн усны булаг бидэнд цуцашгүй их хүч хайрлахаар амийн усыг тасралтгүй урсган өгч байна.

Амийн усыг өгөгч Иерусалим Эх

Библи бидэнд амийн усны булаг нь тэнгэр Иерусалим бидний Эх хэмээн мэдүүлж өгсөн. Харин одоо болтол Иерусалим руу ирдэггүй хүмүүс байгаа бөгөөд тэдгээр хүмүүст Бурхан дараах анхааруулгыг өгсөн билээ.

“Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ. Түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно. … Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг цохих ЭЗЭНий гамшиг нь энэ байх юм. …” Зех 14:16-19

Иерусалимд ирдэггүй хүмүүсийн дээр бороо хургүй хэмээн айлдсан. Энэ нь Иерусалим Эхэд итгэдэггүй, энгэрт нь ирдэггүй хүмүүс хэзээ ч сүнсний цангаагаа тайлж чадахгүй гэсэн утгатай.

Амийн ус бидний сүнслэг цангааг тайлаад зогсохгүй мөнх амь өөд оргилох булгийн ус болно хэмээсэн (Иох 4:14). Тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид мөнх амьтай болох ёстой. Христ анх удаа ирэхдээ ч бидний амийн төлөө амийн ус өгөхийг ихэд хүссэн юм.

“Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. … Баяр дундаа орох үед… Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. …” Иох 7:2, 14, 37-39

Есүс “Надад итгэгч” гэсэн нөхцөл тавьсан тул итгэдэггүй хүн хэзээ ч амийн ус ууж чадахгүй. Бид дотроосоо амийн усны гол урсгахыг хүсвэл нэн түрүүнд амийн ус өгөгч Нэгэнд итгэх итгэлтэй болох хэрэгтэй. Есүс 2000 жилийн өмнө “Цангасан хүн байвал Над руу ирж, уугтун” хэмээн хашхирч байсан шиг өнөөгийн Ариун Сүнсний үед ч мөн Сүнс болон Сүйт бүсгүй “Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг” хэмээн чангаар хашхирч байна.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Есүс “Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно” гэж хэлж байсантай адил Сүнс ба Сүйт бүсгүй болох Хоёрдугаар Христ, Түүний сүнслэг Сүйт бүсгүй болох тэнгэр Эхэд итгэдэг хүмүүсийн дотроос амийн ус урсана. Эх орших Сион руу ирж, Эхийг хүлээн авахгүйгээр нэг хүн ч амийн уснаас ууж чадахгүй.

Бид амийн усны булаг Иерусалим Эх минь бидэнтэй хамт байгаа гэдгээр бахархах хэрэгтэй. Библид Вавилон хичнээн том байсан ч эцэстээ нурна гэж тодорхой зөгнөсөн. Хогийн ургамал хичнээн овоолоостой байлаа гээд тариачин хэзээ ч үүнд дуртай байдаггүй. Мөн хогийн ургамал ч усгүй бол хатаж үхдэг шүү дээ. Эндээс бид Бурхан яагаад бүх амьд биетийг усгүй бол амьдарч чадахгүйгээр бүтээснийг бодох хэрэгтэй.

Сионд харин хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно хэмээсэн (Иса 60:22). Учир нь Эцэг Бурхан бидний Хоньчин болж, Эх Бурхан бидний амийн усны булаг болоод бидэнтэй хамт байх ийм агуу ивээл соёрхсон юм. Хэдийгээр бид хавчиг хаалгаар орсон “өчүүхэн сүрэг” ч, амийн үндэс, амийн усны булаг болсон Иерусалим Эх минь хамт байгаа болохоор бидний төгсгөлийг агуу ихээр өсгөнө.

Бурханы сэнтийнээс урсах амийн ус

Иохан элчид харуулсан амийн усны голын эх нь Бурханы болон Хурганы сэнтий байсан. Бурханы сэнтий нь Иерусалим Эхийг хэлж байна.

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. … Тэгээд тэд үеийн үед хаанчилна. …” Илч 22:1-6

“Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд цөвт муу зүрхнийхээ зөрүүд занг дахин дагахгүй.” Иер 3:17

Библид тэнгэр Эхийг Сүйт бүсгүй, Хурганы эхнэр, Иерусалим, Бурханы сэнтий, амийн усны ундарга гэх мэт олон үг хэллэгээр тодорхойлсон. Тиймээс Библид амийн ус Иерусалимаас урсан гарна гэж ч хэлж, Бурханы сэнтийнээс урсан гарна гэж ч илэрхийлсэн байна.

Хургаар хөтлүүлдэггүй хүмүүс сүнслэг зүйлсийг сүнслэгээр ойлгож чадахгүй, Палестины нутагт байдаг Иерусалим хотыг зорьцгоодог. Харин тэр газарт нь мөнх амийн ус байтугай ямар ч ерөөл өгөгдөөгүй юм.

Бүх үндэстэн тэнгэр Иерусалим руу цуглаж байгаагийн шалтгаан нь Бурхан тэдний сүнсний цангааг тайлж өгөх амийн усны ундаргыг зааж өгсөн болохоор тэр юм. Тэд Иерусалим Эхийг ухаармагцаа баяртайгаар хүлээн авахыг харахаар тэдний сүнс амийн усаар хэрхэн цангасан байсныг мэдэрдэг.

Библид Иерусалимд цугласан үндэстэн цөвт муу зүрхнийхээ зөрүүд занг дахин дагахгүй хэмээн айлдсан. Түүнчлэн Иерусалим Эх рүү ирж, сургаалыг нь хүлээн авсан хүмүүс өөрсдийн цөвт муу зан ба зөрүүд үйлдлээ бүрэн орхиход хүрдэг. “Эхийн сургаал” бидэнд юуг мэдрүүлдгийг бодож үзье. Тэр сургаалаас бид хичнээн их амар тайвныг олж, элбэрэлт хайр мэдэрдэг билээ дээ. Эхийн сургаалаас өөр биднийг хайр дүүрэн тэнгэрийн хүүхдүүдээр дахин төрүүлж өгөх сургаал нэг ч байхгүй.

Хэрэв одоо хэр нь хатуу ааш араншинтай хүн байгаа бол одооноос ч болов засах хэрэгтэй. Абрахам үеэл Лотод сайн зүйлээр буулт хийсэн шиг ах дүү, эгч дүү нарынхаа төлөө сайн зүйлээр буулт хийхэд суралцаж, далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг далай шиг уужим сэтгэлтэй болон амьдарцгаая. Ийм болж байж л бид өөрсдийгөө Эхэд итгэдэг гэж сая нэг хэлэх боломжтой. Хэрэв хэн нэгэн нь би Бурханд итгэдэг гэж хэлээд сургаалд нь дуулгаваргүй, тушаалыг нь дагадаггүй бол тэр хүн амаараа л Бурханыг хүлээн зөвшөөрдөг ч үйлсээрээ үгүйсгэдэг, хоосон итгэлтэй нэгэн мөн.

Бүх үндэстнийг цэнгэг болгодог амийн ус

Ертөнц бүхэлдээ амийн усаар цангаж байна. Езекиел эш үзүүлэгч дэлхий даяар урсдаг энэ амийн усны талаар дараахтай адил тэмдэглэсэн.

“Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. … Тэгээд тэр намайг хойд дааман хаалгаар гадагш гаргаж, зүүн тийш харсан гаднах хаалга уруу дагуулан тойруулан явав. Харагтун, баруун гар талаас ус алгуурхнаар урсаж байв. Гартаа шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж, намайг шагайнд тулсан усан дундуур дагуулав. Тэр дахин нэг мянгыг хэмжиж, … Тэр дахин мянгыг хэмжиж, … Тэр дахин мянгыг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гаталж чадахааргүй гол болов. Дотор нь сэлж болохоор хангалттай их устай, гаталж чадахааргүй гол байв. … Дараа нь тэд тэнгист цутгагдахаар тэнгисийн зүг урсаж, тэнгисийн ус нь цэнгэг болдог. Гол урсах газар бүрд үржин тархагч амьд амьтан бүр амьдрах болно. Тэнд асар их загас байна. Учир нь энэ ус тэнд очиж, цэнгэг болгож байгаа. Ийнхүү гол урсах газарт бүх юм амьдрах болно. … Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв.” Езе 47:1-12

Езекиел эш үзүүлэгч амийн усыг өргөөнөөс урсан гарна гэж бичсэн. Илчлэл номонд Бурханы болон Хурганы сэнтийнээс урсан гарна хэмээн тэмдэглэсэн. Бурханы сэнтий байдаг газар нь өргөөний ариунаас ариун газар шүү дээ. Тэр ус ариунаас ариун газраас урсан гарч, амийн усны гол болоод, гол урсах газар бүрд амьд амьтан бүр амьдрах болно.

Библид ариунаас ариун газрыг бидний тэнгэр Иерусалим Эх хэмээсэн (2Шас 3:8, 1Хаа 6:19-20, Илч 21:9-16 харьцуулах). Библид ийн зөгнөсний дагуу Эх Бурханы үнэнийг тунхаглах газар бүрд дэлхийн бүх үндэстэн Бурханы ивээлээр цэнгэг болж, дахин амьдарцгааж байна. Эхээс урсан гарах амь, хайрын сургаалд тэмүүлж, бүх үндэстэн аврал руу ирцгээж байна.

Одоо Елохим Бурхан тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл хүүхдүүддээ амийн ус өгөхөөр дуудан цуглуулж байна. Өөрсдийнх нь нэрэнд итгэдэг бүх хүүхдэдээ хэзээ ч цангахааргүй амийн усаар мөнх амь өгч, тэдэнд дэндүү хэцүү юм гарахгүйгээр тусална.

Амийн усыг түрүүлж авсан бидний хувьд амийн усыг дэлхийн өнцөг булан бүрд сад тавин урсгахын тулд Сүнс болон Сүйт бүсгүйн дуу хоолойг хичээнгүйлэн сонсгож, амийн усны ундарга руу бүх хүнийг хөтлөх Бурханы үйл хэрэгт бид оролцох үүрэгтэй юм. Дэлхийн бүх улс үндэстэнд тарж бутарсан тэнгэрийн хүүхдүүд Иерусалим Эх рүү хурдан ирж, Эхийг хүлээн аваад, бидний сэтгэлд өдөр бүр оргилох амийн усны ундарга Эхтэй мөнхөд хамтдаа байхыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна.