“Бурханд итгэх төдийд л аврагдана” гэж хүмүүсийн ярьж байхыг би олон удаа сонссон. Тэр үнэн болов уу?

15,631 үзэлт

Итгэлээр аврагдана гэдэг нь гарцаагүй үнэн. Есүс “Итгэлийн чинь дагуу болог” гэж айлдсан байдаг. Элч Паул ч мөн итгэлийн ач холбогдлыг онцолж, итгэлийн амьдралын хамгийн чухал гурван хүчин зүйлийн нэг гэж тодорхойлсон байдаг. Тэрээр “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэж хэлсэн (Мат 9:29, 1Кор 13:13).

“«Зөвт хүн итгэлээр амьдарна» гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг.” Ром 1:17

“Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”.” Гал 3:11

Гэсэн хэдий ч Библид хэлж байгаа итгэл нь хүмүүсийн ярьдаг итгэлээс өөр юм. Ихэнх сүм Есүсийн дагаж мөрдөхийг захисан шинэ гэрээний хуулиудыг бүрэн үгүйсгэдэг бөгөөд зөвхөн өөрсдийн дотроо бодож байгааг л итгэл гэж тодорхойлдог. Харин энэ бол жинхэнэ итгэл биш.

Жинхэнэ итгэлийг үргэлж үйлс дагалддаг

Есүс “Та нар итгэлээр аврагдана” гэж айлдахдаа ч мөн зөвхөн оюун бодолдоо л итгэлтэй бай гэсэндээ хэлээгүй. “Итгэл” гэдэг үгэнд итгэлээс гарах үйлс үйлдэл ч мөн ордог.

“Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ. Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.” Евр 11:7-8

Библид Ноа бүхээг хийсэн нь, Абрахам Халдеин Ураас гарч Канаан нутгийг зорьсон нь ч мөн “итгэл”-ээр л боломжтой гэсэн байдаг. Гэсэн хэдий ч ихэнх хүн итгэлийг үйлсээс салгаж ойлгох гээд байдаг. Тэдний хоёрдмол үзлийн дагуу авч үзвэл Ноа бүхээг хийсэн нь, Абрахам Канаан руу явсан нь ямар ч итгэлгүйгээр хийсэн үйлс гэж үзэхээр байна. Гэхдээ энэ нь Библийн сургаалтай зөрчилдөж байгаа хэрэг болно.

Хэрэв бид Есүст итгэдэг л бол зохих үйлс үйлдэл ч дагалдах ёстой шүү дээ. Шинэ гэрээний хуулиуд нь бидний авралд зайлшгүй шаардлагатай бөгөөд бид тэдгээрийг итгэлтэйгээр сахих ёстойг Есүс бидэнд сургасан.

Итгэл ба шинэ гэрээний хуулиуд

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.” Мар 16:15-16

Хэрэв хүн сайн мэдээнд итгэсэн ч баптисм хүртээгүй бол итгэдэггүй хүнээс ялгаагүй. Аврагдахыг хүсэж л байгаа бол Есүсийн зааснаар сайн мэдээнд зөвхөн итгэх биш “авралын” тэмдэг болох баптисмыг ч хүртэх ёстой.

“Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.” 1Пет 3:21

Зарим хүн “Зүгээр итгэх л юм бол аврагдана, ямар нэг үйлс үйлдэл хэрэггүй” гэж үздэг. Харин энэ нь тэд авралд хүргэх итгэл буюу Библид хэлж буй итгэл нь яг юу вэ гэдгийг мэдэхгүйдээ ийн буруу боддог. “Итгэлээр аврагдана” гэж Библид бичсэн бол “итгэл” гэх үгэнд “баптисм” гэсэн шинэ гэрээний хууль ч мөн багтсан байгаа. Алгасал баяр ч мөн ялгаагүй.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.” Иох 6:53-54

Есүс биднийг Өөрийнх нь мах цусыг идэж, уухгүй бол хэзээ ч мөнх амьтай болж чадахгүй гэж айлдсан. Хүн төрөлхтөн нүглийнхээ улмаас мөнх амьдарч чадахааргүй болсон. Тиймээс тэдний хувьд аврал авна гэдэг нь мөнх амь авахыг хэлж байгаа юм. Гэвч мөнх амь нь Есүсийн мах, цусыг идэж уусан хүнд л зөвшөөрөгдөнө гэж Есүс Өөрөө айлдсан байна шүү дээ. Тэгэхээр аврагдахын тулд Есүсийн мах, цусыг идэж уух үйлс туйлын хэрэгтэй байх нь. Олон хүн Есүст итгэдэг гэдэг. Гэвч тэд Есүсийн мах, цусыг идэж уухгүй бол “Хүний Хүүгийн махыг идэж, цусыг уухгүй л бол та нарын дотор амь байхгүй” гэсэн үг ёсоор мөнх амьтай болж чадахгүй юм. Хичнээн агуу итгэлтэй байсан ч Есүсийн мах, цусыг идэж уух үйлс байхгүй бол аврагдах боломжгүй гэсэн үг.

Есүсийн мах, цусыг идэж уух арга нь шинэ гэрээний Алгасал баяр тэмдэглэх явдал юм.

“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

“Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:14-20

Энэ дэлхийд амь өгөхөөр ирсэн Есүс бидэнтэй Алгасал баярын зоог хамт барихыг ихэд хүсжээ (Лук 9:10, Иох 10:10). Энэ нь бид аврал буюу мөнх амь авахын тулд шинэ гэрээний Алгасал баярыг зайлшгүй сахих хэрэгтэй гэсэн үг биш үү?

Алгасал баярын талх, дарс нь Есүсийн мах, цус

Алгасал баярын талх, дарс Есүсийн мах, цусыг бэлгэддэг нь Есүсийн үг үйлдлээс тодорхой харагдаж байна. Гэсэн хэдий ч итгэлийн талаар буруу ойлголттой хүмүүс Есүсийн мах, цусыг идэж уух гэсэн нь Есүст итгэхийг хэлдэг болохоос Алгасал баярын талх, дарс мөнх амьтай ямар ч хамаагүй гэж хүчээр тайлбарладаг.

“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай.” Иох 6:47

Энд нэг чухал зүйл нь мөнх амьтай болохын тулд юунд итгэх ёстойг мэдэх явдал юм. Есүсийг “тэнгэрээс бууж ирсэн амьд талх” гэдэгт итгээд идэх ёстой гэдгийг дараа дараагийн ишлэлүүд харуулж байна.

“Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай. Амийн талх бол Би байгаа юм. Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа.” Иох 6:47-51

Есүсийг амийн талх гэдэгт итгэдэг хүн мөнх амьтай болохын тулд тэр талхыг идэх ёстой. Дээрх ишлэлийн үг нь бид зөвхөн итгэснээрээ л амийн талх гэж илэрхийлсэн Есүсийн махыг идэх боломжгүй, тиймээс “Есүс бол амийн талх” гэдэгт итгээд идээрэй гэсэн утгатай юм. Бидэнд мөнх амь өгөгч Есүсийн мах цус бол Алгасал баярын талх дарс юм. Үүнийг батлах илүү олон баримт бий.

Нэгдүгээрт, Есүс Алгасал баяраар бидэнд “нүглийн уучлал” амласан (Мат 26:27-28). Библид “Нүглийн хөлс нь үхэл” гэсэн болохоор, нүглийн уучлал авбал үхэл ч биднээс зайлах юм (Ром 6:23). Өөрөөр хэлбэл мөнх амьтай болно. Алгасал баярт шингэсэн ерөөл нь Иохан 6-р бүлэгт дурдсантай адил юм. Алгасал баярын талх, дарс нь бидэнд мөнх амь өгдөг Есүсийн мах, цус гэдгийг баталж байна.

Бас өөр нэг нотолгоо нь Есүс Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилч болж ирсэн явдал.

“Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.” Евр 5:8-10

Мелхизедек нь хуучин гэрээний үед Абрахамыг талх, дарсаар ерөөсөн тахилч юм.

“Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв. Абрамыг ерөөж хэлэхдээ Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай!” Эхл 14:18-19

Есүс Алгасал баярын талх, дарсаар гэм нүглийн уучлал, мөнх амийн ерөөл бидэнд өгсөн нь Есүс Мелхизедекийн бодит болж ирсэнтэй холбоотой юм. Тиймээс талх, дарс нь мөнх амьтай ямар ч хамааралгүй гэсэн үзэл баримтлал нь Есүсийг Мелхизедекийн бодит гэдгийг үгүйсгэж байгаа хэрэг болно.

Үйлсийн ач холбогдол

Авралд итгэл нэн чухал. Гэвч бидний чин сэтгэлээсээ итгэх ёстой зүйл бол зам, үнэн, амь болсон Есүсийн үг сургаал болохоос хүний зохиосон хоосон сургаал биш.

Есүст итгээд баптисм хүртсэн хүн аврал авна гэсэн. Есүс Мелхизедекийн бодит болохынхоо хувьд бидэнд Алгасал баярын талх, дарсаар мөнх амийн ерөөл соёрхсон. Есүсийг Аврагч гэж итгэж л байгаа бол Есүсийн үгэнд итгэж, тэрхүү итгэлээрээ баптисм хүртэн шинэ гэрээний Алгасал баярыг сахих ёстой юм.

Үйлс хичнээн чухал болох нь Алгасал баярын мөргөлийн өмнөх хөл угаах ёслолын үеэр Петрт хэлсэн Есүсийн үгнээс ч тодорхой харагддаг. Багш нь байж шавь нарынхаа хөлийг угаах нь байж боломгүй хэрэг гэж бодоод Петр Есүсээр хөлөө угаалгахгүй гэдэг. Тэр үед Есүс Петрт хандан “Хөлийг чинь угаахгүй бол чи Надтай ямар ч хамаагүй болно” гэдэг.

“Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ.” Иох 13:8

Петр тухайн үед Есүс бол Христ гэдэгт хэн хүнээс илүү итгэлтэй байсан (Мат 16:16). Гэтэл Есүс түүнд “Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно” гэж айлддаг. Аврагч Есүстэй ямар ч хамааралгүй хүн аврал авч чадахгүй шүү дээ. Энэ нь хөл угаах ёслолоос гадна Алгасал баярын ёслолыг дагаж мөрдөх нь бидний авралд зайлшгүй хэрэгтэйг харуулж байна.

Бурханы хүслийг үйлдэгч хүн орох тэнгэрийн хаанчлал

Тэнгэрийн хаанчлал бол Бурханы хүслийг үйлдэгчдийн орох газар.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.” Мат 7:21

Бурханд итгэдэг гэж хэлснээрээ, Бурханд итгэж байгаа гэж бодсоноороо л тэнгэрийн хаанчлалд орчих юм биш шүү дээ. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд зайлшгүй Бурханы хүслийг даган үйлдэх ёстой.

Бид Есүст баттай итгээд баптисм хүртэж байж л аврагдахыг, мах цусыг нь идэж уухгүйгээр амь байхгүй гэдгийг Есүс тодорхой хэлсэн шүү дээ. Есүсийн айлдсан бүхэнд итгээд, хэлснийг нь дагаж үйлдэх нь авралд хүргэх жинхэнэ итгэл юм. Энэ нь Есүсийн сургаал хийгээд Бурханы хүсэл мөн.