Хуримын хувцсаа өмсөөрэй

18,383 үзэлт

Аливаа хүн тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл өдий төдий бэлтгэх зүйл бий. Түүний нэг нь “хуримын хувцас” юм. Библид ариун хүмүүсийн зөвт үйлсийг хуримын хувцас гэж илэрхийлсэн байдаг (Илч 19:8).

Гэртээ байхдаа биеийн тамирын хувцас, богино өмд өмсөж болно. Харин ерөнхийлөгчийн урилгаар засгийн газрын ордон гэх мэт орд харшид зочлох болбол тийм хүндэтгэлийн бус хувцас өмсөөд очиж болохгүй биз дээ? Таарч тохирох хувцасгүй хүн нь даруйхан ёслолын хувцас бэлтгэх болдог.

Үүн шиг Бурханы хаанчлалд очих хүмүүс зөвхөн ертөнцөд өмсдөг хувцас өмсөж болохгүй. Ариун хүмүүсийн амьдрал ертөнцийн аль ч хүнийхээс илүү ариун, илүү итгэл сүсэгтэй, илүү зөвт байх ёстой. Тэнгэрийн хаанчлалын урилга авсан хүн мөн бол тэнгэрийн хаанчлалд тохирох хуримын хувцсаа одооноос ч болов бэлтгэх нь зүйтэй юм.

Хуримын хувцас өмсөж орох тэнгэрийн хаанчлалын хурим найр

Есүс ямар хүн тэнгэрийн хаанчлалд орох вэ гэдгийг хурим найрын сургаалт зүйрлэлээр тайлбарлаж өгсөн. Сургаалт зүйрлэлээс Бурханы урьсан, сонгогдсон хүмүүс тэнгэрийн хаанчлалын хурим найранд орж байгаа дүр зургийг олж харж болно. Уригдсан хэдий ч сонгогдоогүй хүн нь хуримын хувцас өмсөөгүй хүн юм.

“Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь —Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. Тэрээр хурим найранд уригдсан хүмүүсийг дуудахаар зарц нараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй. … нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь наймаандаа явав. Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ. Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ. Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан албат нартаа “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэжээ. Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.” Мат 22:1-14

Мэдээж бид бүхэн тэнгэрийн хаанчлалын хуримын найранд заавал оролцох ёстой. Мөн энэхүү баярт найранд олон хүнийг хамт оролцуулах үүднээс тэдэнд Бурханы урилгыг сайн дамжуулах хэрэгтэй юм. “Тэнгэрийн хаанчлалын хуримын найранд ирээрэй” гэж урьж байгаа нь авралын зар тараах ажил билээ.

Хурим найр нь “Хүний амьдралын томоохон үйл явдал” гэж хэлэгдэхүйц чухал бөгөөд баяртай үйл хэрэг юм. Тийм хурим найранд уригдсан хүн нь ёслолд тохирсон хувцас өмсөж очдог. Гашуудлын хувцас өмсөж очих, эсвэл хөлс нэвчсэн биеийн тамирын хувцастай оролцвол тухайн эзэнд ёс журамгүй хандаж байгаа хэрэг болно.

Ноорхой бохир заваан хувцас өмсөөд Бурханы хаанчлалд очиж чадах уу? Хурим найранд уригдсан л бол үүндээ зүй зохистой бэлтгэл хийх ёстой. Хуримын хувцас өмсөөгүй хүн нь хуримын найрнаас хөөгдөх юм.

Христийг өмсөөрэй

Хуримын хувцас өмсөөгүйгээс тэнгэрийн хаанчлалд орж чадалгүй гаднах харанхуйд хаягдах нэгэн болж хэрхэвч болохгүй. Тэнгэрийн хаанчлалын хурим найранд оролцохдоо бидний өмсөх ёстой хуримын хувцасны тухайд Библид ийн хэлжээ.

“Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.” Гал 3:27

Тэнгэрийн хаанчлалд очих хүмүүсийн зайлшгүй өмсөх ёстой хуримын хувцас бол Христ юм. Христийг өмсөнө гэсэн нь ямар утгатай юм бол? Галат номонд Христийг өмсөх болон баптисм хүртэх хоёрыг уялдуулан тайлбарласан байна.

Баптисм гэдэг нь Бурхан болон бидний хооронд тогтоосон гэрээ юм. Үүн дотор Бурханы бидэнд өгсөн нүглийн уучлал, авралын амлалт төдийгүй бидний Бурханд өгсөн амлалт ч багтаж байдаг юм. Өдийг хүртэл махан биеийн шунал хүслийн араас хөөцөлдөж ирсэн бол энэ цаг мөчөөс эхлэн Христийнх шиг сэтгэлтэй байж, алхсан мөрөөр нь дагаж алхана гэсэн амлалт ч болдог. Энэ гэрээнийхээ дагуу бид Христийн сэтгэлээр Христийн амьдралыг даган хэрэгжүүлэх нь Христийг өмсөж байгаа хэрэг болно.

Христийг өмсөөд өөрийгөө илүү дорд, даруу байлгах хэрэгтэй. Тэнгэрт нүгэл үйлдсэн нүгэлтэн бидэнд өөрсдийгөө дөвийлгөх юм байхгүй. Энэ үнэнийг ухаарсан Паул элч өөрийн эрдэм мэдлэг, язгуур угсааг юу ч биш гэж үзэн, гагцхүү загалмайн золиос болсон Христээс өөр сайрхах зүйл байхгүй хэмээн өгүүлж, Христийн сайн мэдээний амьдралыг дагасан ажээ (Гал 6:14, Фил 3:5-9).

“… Харин та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы нигүүлсэл юм. Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн.” 1Пет 2:19-21

Биднийг аврахын төлөө Өөрийгөө золиосолсон Христийн амьдралаас жишээ авч дагаж чадахгүй байгаа бол Түүнийг ер мэдэхгүй хүнээс ялгарах юмгүй. Бурхан биднийг Христийн мөрөөр оруулж, Христийнх шиг бодолтой байлгаж, мөн Христ орших мөнхийн Бурханы хаанчлалыг итгэлийн маань зорилго болгож, тэр зүгт биднийг хөтөлсөөр байгаа.

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж, Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ.” Фил 2:5-11

Христийг өмсвөл Христтэй хамт тэнгэрийн яруу алдраас хуваалцах болно. Бурхан авралын ажлаа Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс хэмээх 3 үед гүйцэлдүүлсэн. Энэ нь Ариун Хүүгийн үед Есүс Христ гэсэн хувцсыг, Ариун Эцэгийн үед Ёхова гэсэн хувцсыг тус тус өмсөх хэрэгтэй гэдгийг харуулж байна.

Ариун Сүнсний үед бидний өмсөх ёстой хувцас нь Сүнс болон Сүйт бүсгүй юм. Энэ үеийн Христ нь Сүнс ба Сүйт бүсгүйн төрхөөр гарч ирээд, аврал хүсээд тэнгэрийн хаанчлалд найдаж буй хүн төрөлхтнийг “Ирээрэй” хэмээн дуудан байгаа билээ (Илч 22:17). Амийн ус авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл Сүнс болон Сүйт бүсгүйг хуримын хувцас болгон өмсөх учиртай.

“Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.” 2Кор 5:4

Үхэхээс өөр аргагүй бид мөнх амьтай болъё гэвэл Бурханыг өмсөхөөс өөр аргагүй. Зөвхөн Бурхан л мөнх амийг эзэмшигч бөгөөд амийн эх үндэс юм.

Эцэг Бурхан, Эх Бурханыг өмсөхийн тулд бидний суралцах ёстой зүйл нь Эцэг Эхийн алхсан сайн мэдээний зам болон Тэдний сэтгэл билээ. Үүнд төгс суралцан, бүгд Христийг өмсөөд мөнхийн тэнгэрийн хаанчлалд буцан очихыг хүсэж байна.

Бурхан бол хайр

Христийг өмсье гэвэл Эцэг Эхийн үндсэн зан чанаруудаас эхлээд бид суралцах хэрэгтэй. Библид Бурханыг хайр гэсэн.

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм. Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай.” 1Иох 4:7-11

Бурхан хайр болохоор бид бие биеэ хайрлах нь Христийг өмсөх арга юм. Хүүхдүүд нь болсон бид Эцэг Эхийнхээ үзүүлдэг хайрыг ах эгч дүү нартайгаа хуваан, тэрхүү золиосын замыг даган явахад хайр болсон Эцэг Эхийгээ өмсөж чадна.

Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Тиймдээ ч төрөлх зан авираа гаргадаг. Тэвчээргүй, хахир хатуу, түргэн зангаасаа болж одоог хүртэл тэнгэрийн оронд очих хуримын хувцсаа бэлтгэж чадаагүй байгаа бол “хайр” хэмээх хуримын хувцсыг одоо бэлтгэцгээе. Ширүүн дориун зан авираа засангаа Бурханы хайрын төрхөөр өөрчлөгдөх гэж хичээхийг хүснэ. Ертөнцийн зүй тогтлыг харвал хичээл зүтгэлгүйгээр аяндаа болж бүтэх зүйл гэж үгүй. Түүн шиг тэнгэрийн хаанчлалд орох хуримын хувцас өмсье гэвэл хичээл зүтгэл, чин сэтгэл хэрэгтэй.

“Тэнгэрийн хаанчлалыг хүчээр ав”, “Үхэл хүртэл үнэнч бай” хэмээн айлдсан үгийг битгий мартаарай. Тэгж Бурханы хөтөлсөн замыг даган явцгаая. Бид өөрсдөө хийж чадахгүй тул Бурханы тусламж хэрэгтэй. Хичээж, бас залбирч гуйхад ч шамдах хэрэгтэй билээ. Бид бүхний хичээл зүтгэлийг үзээд Эцэг Эх маань хэрэгтэй хуримын хувцсыг бидэнд зөвшөөрөх болно.

Бүгдээрээ хайрын сэтгэлээр хуримын хувцсаа бэлтгэцгээе. “Даруу хүн дайсангүй” гэсэн үг бий. Түүнчлэн хайр бялхсан нигүүлсэнгүй хүнд дайсан гэж байдаггүй. Бид ийм л хүмүүс болох хэрэгтэй.

Үр жимс их гаргах нь чухал хэдий ч тэр үр жимс хайрын үр жимс болох нь илүү чухал. Хайр байхгүй бол үр жимс гаргасан ч боловсорч чадахгүй, аль ч үгүй хог болно. Бурхан бол хайр учраас хайраар гаргасан үр жимс болж байж л Бурхантай залгагдсан үр жимс гэгдэнэ.

Эхийн хайраар хувцаслацгаая

Энэ газрын юмс нь тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр гэж Библид айлдсан. Ертөнцийн зүй тогтлоос ч харсан хайр хайрын дотроос хамгийн агуу нь эхийн хайр.

Эрдэмтэд амийн хамгийн чухал митохондри гэдэг эс эхээс үр төлд дамждаг гэж үздэг. Зөвхөн амь төдийгүй хайр мөн эхээс дамжин ирдэг. Нэгэн эрдэм шинжилгээний лабораторид урьд нь зулзагалж байгаагүй эм хулганы дэргэд дөнгөж төрсөн гөлчгийнүүдийг тавьсанд нялх гөлчгийнүүд хичнээн их гангинаад ч эм хулгана огт анхаарал тавихгүй байж. Тэгээд хүмүүс зулзагалаад удаагүй эх хулганаас авсан цусыг тэр эм хулганад хийтэл гайхалтай үзэгдэл гарав. Яг тэр үеэс хулгана зулзагануудад анхаарал тавин, байн байн эргэн тойрч халамжилж байв.

Бидний тухайд бол бид Бурханы сэтгэлтэй байх ёстой. Эцэг Бурхан төдийгүй Эх Бурханы сэтгэл бидэнд хэрэгтэй. Мөн бид сүнслэг хуримын хувцсаа бэлдэх ёстой. Хуримын хувцас өмсөөгүй хүн гаднах харанхуйд хаягдсан шүү дээ. Христийг өмсөөгүй, Эцэг Эх Бурханыг өмсөөгүй хүн хаягдах юм. Бид хайрын Эцэг Эх Бурханы цусыг өвлөж авсан тэнгэрийн хүүхдүүд.

Эх хулганы цусыг авсан хулганы үйлдэл 180 градус өөрчлөгдсөн. Бидний дотор Эцэгийн цус, Эхийн цус урсаж байгаа. Тиймээс бид ч гэсэн хайрын дүр төрхөөр өөрчлөгдөх нь зохистой бус уу? Тэнгэрийн хаанчлалд орж чадахаар эргэн тойрныхоо сүнс болгонд тэнгэрийн хаанчлалын замыг мэдүүлээд, Бурханы хайрыг түгээцгээе.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.” 1Кор 13:1-7

Хайр бол бидний бэлтгэх ёстой хуримын хувцас дотроос хамгийн чухал, хамгийн гол, заавал бэлтгэх ёстой хувцас юм. Хайр байхгүй үг нь хоосон, утга учиргүй. Хайр үгүй бол юу ч биш.

Хайр энэрэнгүй, атаархдаггүй, тэвчээртэй. Тэглээ гээд бүх зүйлийг сохроор хүлцэн тэвч гэсэн үг биш л дээ. Зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярлах нь хайр юм. Хайр ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, зэвүүрхдэггүй.

Ийм хайрыг хэрэгжүүлцгээе. Мэддэг мөртлөө хэрэгжүүлэхгүй бол мэддэггүйтэй адил. Итгэлийн амьдрал тань Бурханы зааснаар байна уу, үгүй юү гэдгийг үргэлж хянаад, магадгүй биелүүлж хэрэгжүүлээгүй зүйлс байвал засаад явцгаая.

Ертөнцийн хүмүүс хайрлаж, хайрлуулан, хайранд умбахыг хамгийн аз жаргалтай цаг мөч гэлцдэг. Итгэлийн амьдралд ч мөн үүнтэй адил. Хуримын хувцсаа бэлтгэнэ гэсэн хүсэл, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй юм. Хажууд байгаа гэр бүлүүдтэйгээ улам дотносож ойлголцоорой. Ойлголцоогүйн улмаас сэтгэл шархлан өвдөх, эсвэл шархлуулчихаад харамсах хэрэг гаргалгүй хоорондоо хүлцэн тэвчиж, халамжилцгаая.

Эцэг Эх маань хайр байхад өөрөө үзэн ядалт, атаа хорсол, жөтөөрхөл, уур хилэн зэрэг хувцас өмсчихсөн байвал тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Эхийн цусанд бүгдийг эв эеэр дагуулан, хайраар тэврэх эс байдаг. Бидэнд ч мөн тэрхүү цусаа өвлүүлж, тийм сэтгэлээ бүгдийг нь хувааж өгсөн тул ах дүү нартаа, хөршдөө бүгдийг нь илэрхийлээд үзье.

Би чухамдаа Христийг өмсөж үү, Христийн амьдралаар амьдарч байна уу гэдгээ байнга эргэн харж, чин үнэн хайрын сэтгэлээр сүнс аврахад эрч хүчтэйгээр оролцохыг хүсэх байна. Бүх ариун хүн Эхийн хайраар Эхийг өмсөх юм бол дэлхий ертөнц хайраар бялхан, Бурханы баярт хүсэл энэ ертөнцөд үтэр түргэн биелэгдэх болно. Сионы ах эгч дүү нар аа, хайрын хуримын хувцсаа бүрэн өмсөөд, бүгд хамтдаа тэнгэрийн хаанчлалд орцгооё.