Библи унших явцад “Бурханд тамгалуулсан” гэсэн үг олон гардаг. “Тамга” нь юу вэ? Бас бидэнтэй ямар холбоотой вэ?
“Тамга” гэдэг нь хувь хүн эсвэл аль нэг байгууллагын нэрийг сийлж бичсэн тамга тэмдгийг хэлж байгаа бөгөөд хэн болохыг нь нотлох, баталгаажуулах хэрэгсэл юм. Бурханы тамга нь Бурханы тэмдэг юм.
Бурхан аль ч үед Өөрийн зөвт гэж баталсан хүмүүс дээр тамгаа дарсан байдаг. Бурханы энэ хүслийн дагуу элчийн албаны тамга, итгэлийн зөвийн тамга ч гэж бий. Ариун Сүнс хүлээн авах нь ч мөн Бурханаар тамгалуулсны баталгаа юм (1Кор 9:2, Ром 4:11, 2Кор 1:22).
Бурханы тамгалах үйл хэрэг энэ эрин үед ч мөн тохионо. Харин өмнөхөөсөө ялгаатай. Одоо бидний хүлээн авах ёстой Бурханы тамга бол биднийг сүүлчийн гамшгаас аврах авралын тэмдэг юм.
Бурханы тамгалах ажил
“Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав. Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран — Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.” Илч 7:1-3
Библид салхи нь дайныг илэрхийлдэг (Иер 4:11). Газар дээр ч, тэнгис дээр ч хор хөнөөл учруулах эрх мэдэлтэй дөрвөн тэнгэр элчийн барьж байгаа дэлхийн дөрвөн салхи нь дэлхийн дөрвөн өнцөг буюу дэлхий дахиныг хамарсан их дайныг илтгэж байна.
Бурхан энэ газар нүүрлэх аймшигт гамшгаас Өөрийн ард түмнээ аврахын тулд дөрвөн салхийг барь хэмээн тэнгэр элч нарт тушааж, итгэгчдийнхээ духан дээр тамга дарахыг хүссэн. Бурханы тамгалах ажил дуусвал тэнгэр элч нар дэлхийн дөрвөн салхийг тавьж Бурханы тамга аваагүй хүмүүс нь газар, тэнгист хор хөнөөл учруулах гай гамшгаас зугтах аргагүй болох юм.
Тамгалах ажлын эхлэл
Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн дайн хоёр ч удаа гарсан байдаг. Тэдгээрээс Илчлэл 7-р бүлэгт зөгнөсөн салхи нь дэлхийн 2-р дайныг хэлж байгаа юм. Тэнгэр элч нар салхи барихаас өмнө, дэлхийн дөрвөн салхи салхилж байх үед болсон үйл явдлын талаар зөгнөсөн үг үүнийг нотолдог юм.
“Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов. Хүчтэй салхинд сэгсрэгдсэн инжрийн мод боловсроогүй жимсээ хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж,” Илч 6:12-13
Тэнгэрийн од, инжир модны жимс зэрэг нь израиль үндэстнийг илтгэдэг (Эхл 15:5, Лук 13:7).
“Хүчтэй салхинд сэгсрэгдсэн инжир мод боловсроогүй жимсээ хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж” гэдэг нь үй олон иудей хүн энэ их дайнаар амь үрэгдэхийг зааж хэлсэн үг. Дэлхийн 2-р дайны үед нацистууд 6 сая еврейг хоморголон устгасан байдаг.
Тэнгэр элч нар дэлхийн дөрвөн салхийг барьсны дараа Бурханы тамгалах ажил эхэлнэ. 1945 онд дэлхийн 2-р дайн дууссанаас хойш тамгалах ажил эхэлсэн. Иймд бид одоо сүүлчийн гамшгаас аврах Бурханы тамгыг хүлээн авах ёстой тун чухал эрин үед амьдарч байна.
Бурханы тамгыг хүлээн авах арга
Бурханы тамгыг бидэнд онцгой аргаар өгнө.
“Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.” Иох 6:27
Бурхан Есүсийн биеийг Өөрийн тамга болгосон. Бид Бурханы тамгыг авахын тулд Бурханы тамга болсон Есүстэй нэг бие болох ёстой.
Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Иох 6:53-56
Есүсийн мах, цусыг идэж уусан хүн Есүс дотор, Есүс тэр хүний дотор орших юм. Есүстэй нэгэн бие болсон бол бид Есүсийн хүлээн авсан Бурханы тамгыг автоматаар авах юм. Бурханы тамгыг хүлээн авахын тулд идэж уух ёстой Есүсийн мах, цусыг Алгасал баярын талх, дарсаар бидэнд зөвшөөрсөн юм.
Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Мат 26:17-19, 26-28
Есүсийн мах, цусыг бэлгэддэг Алгасал баярын талх, дарсыг идэж уугчид нь Бурханы тамгыг хүлээн авсан хүмүүс болох юм. Алгасал баяр нь Бурханы тамга бөгөөд сүүлчийн гамшгаас зайлсхийх боломжийг бидэнд олгодог.
Гамшиг алгасан өнгөрүүлдэг Бурханы тамга, Алгасал баяр
“Алгасал баяр (алгасах, дээгүүр өнгөрөх)” гэх нэрнээс нь бид харж байгаачлан гай гамшиг дээгүүр өнгөрүүлэх үнэн хэмээн Бурхан Алгасал баярын хуулийг тогтоосон юм.
“Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. … Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.” Гэт 12:5-14
Мосегийн үед Бурхан Египет нутаг дахь уугануудыг устгах үлэмж их гамшиг буулгах үед Алгасал баяр сахисан израиль ард түмний гэр дээгүүр гай гамшиг алгасан өнгөрсөн боловч Алгасал баяр сахиагүй египетчүүдийн гэр орон гамшигт өртсөн байдаг.
“Алгасал баярын цус нь тэмдэг болж, гамшиг алгасан өнгөрнө” гэсэн Бурханы амлалт ёсоор энэ бүхэн биелсэн аж. Алгасал баярт шингэсэн Бурханы амлалт Египетээс гарсан тухайн үеэр дуусгавар болоогүй. Аль ч үед адилхан хүчин төгөлдөр үйлчлэх юм (2Шас 30:1, 2Хаа 19:30-35).
Хуучин гэрээний үеийн Алгасал баярын хурганы бодит нь Есүс юм (1Кор 5:7). Алгасал баярын хурганы цус нь израильчуудыг гамшигт өртүүлэхгүй тэмдэг болсон шиг Алгасал баярын Хурга болж ирээд загалмайд урсгасан Есүсийн цус нь энэ үеийн аврал авах итгэгчдэд гамшгаас аврах тэмдэг болох юм.
“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.” 1Пет 1:18-19
Дэлхий дахины хүлээж буй Бурханы тамга
Библид тэмдэглэсэн түүхүүд нь бидний төлөөх сургамж юм (Ром 15:4). Израиль ард түмэн Египетэд Алгасал баяр сахиад гамшгаас аврагдсан. Хожим нь ч мөн Алгасал баяр сахиад аврал авсан тухай Библийн түүх нь дэлхийн дөрвөн салхи тавигдах үед Алгасал баяр сахиж байж л аврагдахыг харуулж байна. Гамшиг буух үед устгагч тэнгэр элч харж чадах авралын тэмдэгтэй хүмүүс нь Алгасал баяр сахиж Бурханы тамгыг хүлээн авагчид юм.
“ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв. Харин намайг сонсож байхад бусад хүмүүст Тэр айлдсан нь —Түүний араас даган хотын дундуур явж, цохигтун. Нүд чинь өрөвдөж болохгүй, хэлтрүүлж болохгүй. Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.” Езе 9:4-6
Гамшиг алгасан өнгөрөх тэмдэг, Бурханы тамгыг аваагүй хэн боловч гамшгаас аврагдах боломжгүй.
Бурхан сүүлчийн гамшгийн өдөр Өөрийн ард түмнээ аврахын тулд яаралтай тамга дарж байгаа энэ үед Алгасал баяр сахиж Бурханы тамгыг аваад, гай гамшгаас айн чичирч буй хүн зонд авралын мэдээг үтэр түргэн дамжуулцгаая.