Ерөөл их аваарай! Намайг Мэдлэгхэн пастор гэдэг. Уулзсандаа баяртай байна.
Тантай уулзах сайхан байна. Пастор оо, би Бурханы сүмд яваад удаагүй байгаа болохоор надад асуух юм зөндөө байна. Ингэхэд яагаад “Бурханы сүм” гэсэн нэртэй юм бол?
Олон хүн тэгж боддог. Гэхдээ эгч дүү, танай дүүрэгт олон сүм байдаггүй гэж үү? Тэдний дунд Бурханы байгуулсан сүм ч бий, Бурханы байгуулаагүй сүм ч бий.
Бурханы байгуулаагүй сүм байдаг юм уу? Хэрэв тэр чинь үнэн бол би сүмд явж эхлэхээсээ өмнө аль нь Бурханы байгуулсан сүм гэдгийг мэдэх ёстой юм байна даа.
Тэгвэл Бурханы байгуулсан сүмийг би яаж олж чадах уу?
Тийм ч хэцүү биш ээ. Бурханы үг болох Библиэр л олж авч чадна даа.
“Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.”
Үйлс 20:28
Биднийг аврахаар Бурхан Өөрөө энэ газар ирж, сүм байгуулсан. Тэгээд хоньчин хонин сүргээ хариулдаг шиг Бурхан сүмээ харгалздаг. Тэгвэл өнөө үеийн үй олон сүм дунд Бурхан Өөрөө ирж байгуулсан, Өөрөө анхаарал тавьдаг сүм байх ёстой байх нь, тийм ээ?
Бурханы байгуулсан сүмийн нэр нь Бурханы сүм юм. Библи бидэнд ингэж хэлдэг.
“Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состеноос Коринт дахь Бурханы чуулган хийгээд… ариун хүмүүс байхаар дуудагдсан, Христ Есүс… дотор ариусгагдсан хүмүүст.”
1Коринт 1:1-2
Таны энд уншсанчлан элч нарын явдаг байсан сүмийн нэрийг Бурханы сүм гэдэг байсан.
Бурханы сүм гэдгийн урд байгаа Коринт дахь гэж ямар утгатай юм бэ?
Энэ нь тэр сүм Коринтод байрлалтай байсан гэсэн үг. Жишээ нь сүм Лондонд байвал Лондон дахь Бурханы сүм гэж нэрлэнэ. Хаана ч байлаа гэсэн Бурханы байгуулсан сүмийн нэр нь Бурханы сүм юм.
Бурханы сүм гэж өөр олон ишлэл дээр гардаг уу?
Тэгэлгүй яахав. Дахиад нэг ишлэл харъя.
“Учир нь иудеизм доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.”
Галат 1:13
Элч Паул Есүст итгэдэг ариун хүмүүсийн явдаг байсан анхны сүмийг хавчдаг байсан юм. Тиймдээ ч тэрээр өмнө нь Бурханы сүмийг хавчиж байсан гэдгээ энд хэлж байна. Тиймээс Есүсийн байгуулсан болон элч нарын явдаг байсан сүмийн нэр нь Бурханы сүм байсан хэрэг.
Аан, тэгвэл сүмийн нэр Бурханы сүм л гэж байх ёстой юм байна.
Яг зөв. Гэхдээ зөвхөн нэр нь Бурханы сүм байлаа гээд тэр сүмийг Бурхан байгуулсан гэсэн үг биш. Бурханы барьж байгуулсан сүмийн онцлог гэж бий.
Түрүүхэн үзсэн Үйлс 20:28 ишлэлийг санаж байна уу? Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулган буюу Бурханы сүм гэсэн дээ.
Библийн дагуу бол жинхэнэ Бурханы сүм нь Бурхан цусаа урсган, золиос амсан байж байгуулсан сүм байх ёстой л доо. Энд Бурханы цус гэж юуг заасан юм бол?
“Чи Миний тахилын цусыг исгэх хөрөнгөтэй хамт бүү өргө. Алгасал баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.”
Гэтлэл 34:25
Бурханы цус гэж Алгасал баярын тахилын цусыг хэлсэн. Алгасал баярын тахил гэдэг нь Алгасал баяраар нядалдаг хурганы тахил гэсэн үг. Хуучин гэрээний үед хурганы цус урсган, Алгасал баяр сахидаг байсан юм. Алгасал баярын хурганы цусыг Бурхан “Миний тахилын цус” хэмээсний учир Алгасал баярын хурганы бодит болж энэ дэлхийд ирсэнд байгаа юм. Бурхан биднийг аврахын тулд Есүс хэмээх нэрээр ирж, загалмай дээр тахил болон өргөгдөхөөсөө өмнө Алгасал баяр дотор Өөрийн цусыг амласан билээ.
“Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.”
Матай 26:19-28
Алгасал баярт Есүсийн цус буюу Бурханы цусыг авах амлалт бий. Хуучин гэрээний үед ч, шинэ гэрээний үед ч Бурханы цус гэдэг нь Алгасал баяр гэсэн утгатай.
Бурханы байгуулсан жинхэнэ Бурханы сүмд Алгасал баяр тэмдэглэдэг гэсэн үг үү?
Яг тийм. Бурханы сүм гэдэг нэртэй, шинэ гэрээний Алгасал баяр сахидаг сүм л бидний авралын төлөө Бурханы байгуулсан жинхэнэ Бурханы сүм юм.
Алгасал баяраар Бурханы байгуулсан Бурханы сүмийг би олж болох юм байна. Энэ бүхнийг Библид тодорхой бичсэн юм байна шүү дээ.
Тийм ээ. Цаашид сүмийн нэр төдийгүй Бурхантай холбоотой юуг ч бай батлах хэм хэмжүүр нь Библи байх ёстойг санаж авах хэрэгтэй.
Би Библийг хэм хэмжүүр болгох ёстойг үргэлж санана аа. Би Бурханы байгуулсан Бурханы сүм дээр Бурханы үг судалж байгаадаа үнэхээр баяртай байна!