Бурхан Өөрөө хүсэх л юм бол ямар ч хүний төрхөөр үзэгдэж чадна шүү дээ. Бурхан бол төгс хүчит, бүхнийг чадагч оршихуй. Махан бие дотор байж ч, байхгүй ч байж чадах хүч чадал Бурханд бий.
Тэгвэл Бурхан Өөрөө яагаад сул дорой Хүүхэд, Хүү болж энэ дэлхийд ирээ юм бол? Бид өөрсдийгөө хэн гэдгийг бодох юм бол үүний учрыг амархан ойлгож чадна.
Нүглийн уучлал, мөнх амь өгөхөөр ирсэн Христ
Есүс энэ дэлхийд байгаа хүн төрөлхтнийг тэнгэрт нүгэл үйлдээд хөөгдөж ирсэн нүгэлтэнгэсэн.
“… Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар (хайхаар) ирсэн юм гэв.” Мат 9:13
“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10
Энэ хоёр ишлэлийг “Нүглийн хөлс нь үхэл” (Ром 6:23) хэмээх үгтэй холбож үзвэл энэ дэлхийд амьдарч байгаа бүх хүн тэнгэрт байхдаа цаазын ял авах зохистой нүгэл үйлдэн хөөгдөж ирсэн нүгэлтнүүд гэдгийг бид ойлгож чадна. Есүс Өөрийн биеэр махан бие өмсөн энэ дэлхийд ирсний эхний шалтгаан нь цаазын нүгэл үйлдсэн бидний нүглийн ялыг бидний өмнөөс эдлэх байжээ.
Хуучин гэрээний хуулийн дагуу бол үхэх ёстой байсан хүнийг чөлөөлөхийн тулд хэн нэгэн түүний нүглийг өмнөөс нь үүрэх ёстой байв (1Хаа 20:42). Тийм ч учраас Бурхан Есүс нэрээр ирж, нүгэлтнүүдийн төлөөх нүглийн тахил болж, загалмай дээр золиослогдон, бидний оронд цаазын ялаар шийтгүүлснээрээ биднийг шийтгэлээс аварсан хэрэг.
“Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.” Мат 20:28
Есүс нэгэнтээ ийм зорилгоор ирсэн Бурхан болохоор баптисч Иохан Есүсийг ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга гэж гэрчилсэн байдаг (Иох 1:29). Хуучин гэрээнд Исаиа эш үзүүлэгч, шинэ гэрээнд элч Паул ч бас Христ махан биеэр ирж, бидний нүглийг үүрснээр бид нүгэлгүй болсон гэж гэрчилсэн байдаг.
“Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. … Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.” Иса 53:5-10
“Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүйг Бурхан хийж, нүглийг шийдэхийн тулд Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн, махбод дотор нүглийг шийтгэв.” Ром 8:3
“Хүмүүний мөн чанар сул дорой болохоор хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн. Бурхан Өөрийн Хүүг нүгэл ихт хүмүүний төрхөөр илгээж, Түүний махан биеийг үхүүлснээр энэ дэлхийн нүглийг арилгасан юм.” Ром 8:3 (Хамтран орчуулсан Солонгос Библи)
Бидний нүглийг уучилж, мөнх аминд хүргэх гэсэндээ бидний төлөө цусаа урсган бий болгосон тусгай хууль нь шинэ гэрээний Алгасал баяр юм (Лук 22:20).
“Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:28
Шинэ гэрээний Алгасал баяр бол нүглийнхээ улмаас мөнхийн ял шийтгэлээс зугтаж чадахааргүй байсан бидний сүнсийг аврахын тулд Бурханы Өөрийн биеэр тогтоож өгсөн амийн үнэн юм.
Сайн мэдээний ажлаар дахин төрөх жишээ үзүүлсэн Христ
Бурхан энэ дэлхийд махан бие өмсөж ирсэн шалтгаан нь Өөрийгөө зөвхөн нүглийн тахил болгон золиослох ч биш, мөн түүнчлэн Өөрийнх нь золиосоор гүйцэлдэх шинэ гэрээний сайн мэдээ буюу нүглийн уучлал болон мөнх амийг бидэнд өгөх үнэнийг зааж, тунхаглах зорилго ч агуулж байлаа.
“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв. …” Иох 13:15-17
Есүс Израилийн олон нутгаар явж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглаж, Христ болохынхоо хувьд гурван жилийн турш өдий төдий бэрхшээл туулсан. Есүсийн гурван жилийн турш заасан бүх сургаал, сайн мэдээ нь ирээдүйд тэнгэрийн өв залгамжлагчид болох бидний хувьд итгэлийн жишээ, дуурайл юм. Тиймдээ ч Есүс нүгэлтнүүдийг хайж, аврах сайн мэдээний ажлаа дуусгасны дараа Өөрийнх нь тушаасан бүхнийг дуулгавартай дагахыг бүх үндэстэнд заа гэж шавь нараасаа хүссэн байдаг (Мат 28:20).
Есүсийн бодитоор хэрэгжүүлсэн сайн мэдээ нь биднийг мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтөлдөг үнэн гэдгийг хэлэх нь илүүц биз ээ (Иох 14:6). Биднийг нүглээ уучлуулж, тэнгэрийн хаанчлалд орог гэсэндээ Есүсийн үзүүлсэн олон жишээ бий.
Есүс хэдийгээр нүгэлгүй ч гэлээ нүглээ оршуулах замаар шинэ амиар дахин төрөх зүй тогтлыг харуулах үүднээс баптисм хүртсэн (Мат 3:16). Есүс мөн заншил ёсоороо Амралтын өдөр сахин (Лук 4:16), шавь нартайгаа цуг шинэ гэрээний Алгасал баяр сахиж (Мат 26:17-28), мөн Майхан баяраар амийн ус өгнө гэж амласнаараа биднийг тэнгэрийн хаанчлалд орохын тулд шинэ гэрээний баяр сахих ёстойг зааж өгсөн (Иох 7:2, 37).
Баяр, хууль тогтоолуудаас гадна Есүс шавь нартаа дөлгөөн, даруу сэтгэлээр (Мат 11:29) үйлчилж, үүгээрээ жинхэнэ Хоньчны жишээ харуулжээ (Лук 22:24-27, Иох 10:11-15). Түүнчлэн сул дорой бидэнд Сатаны урхи, сорилтыг даван туулах арга замыг зааж өгөхийн тулд Тэрээр Өөрөө соригдож, Бурханы үгээр Сатаныг ялсан байдаг (Мат 4:1-11). Энэ мэтээр бидний харж, дагах ёстой Есүсийн бүх жишээ Библид нэгд нэггүй бичигдсэн. Ер нь Есүсийн амьдрал өөрөө хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд хөтлөх гарын авлага билээ.
Зөвхөн Бурхан л өгч чадах гэм нүгэл уучлах эрх мэдэл
Төгс хүчит, бүхнийг чадагч тэнгэрийн Бурхан махан бие өмсөж ирэхээс өөр аргагүй болсон шалтгаан нь тэнгэрийн нүгэлтэн биднээс л болсон.
Нүгэлтэн нүглээсээ чөлөөлөгдөх цор ганц арга бол нүглээ уучлуулах. Харин нүгэлтэн бид өөрсдийн зөвт байдал болон өөрсдийн хүчээр огтхон ч уучлал олж авч чадахгүй.
Энэ дэлхийн зүй тогтлоор ч ойлгож болно. Цаазын ял гүйцэлдүүлдэг улс оронд ерөнхийдөө цаазын ялтай хүнд ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг төрийн тэргүүн л өршөөл уучлал үзүүлдэг. Бидний сүнсний нүгэл ч мөн адил. Бидний тэнгэрт үйлдсэн үхэх ёстой нүглийг зөвхөн Бурхан л өршөөж уучилна.
“Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн —Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд… Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд…” Мар 2:5-10
Бурхан зөвхөн Өөрт нь байдаг нүглийг уучлах эрх мэдлээрээ биднийг аврахын тулд л махан биеэр ирсэн хэрэг. Бид мах цусных нь тасархай учраас Бурхан ч мөн хүмүүн бидний адил махан биеэр ирж, бидний зовлонгоос хуваалцан, бидний үүрэх ёстой нүглийн ачааг өмнөөс минь үүрсэн билээ.
“… Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” Иох 10:10
“Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм. …” Евр 2:14-18
Амь өгч чадах өөр хэн нэгэн байсан сан бол Бурханд махан биеэр ирэх шалтгаан байхгүй юм. Харин мөнх амийг хэн ч, тэнгэр элч ч өгч чадахгүй, гагцхүү Бурхан л өгч чадах юм.
Бүх сансар огторгуйд үхэшгүй мөнх амьтай цорын ганц Бурхан нүглийн улмаас амиа алдсан хүүхдүүддээ амь өгөх гэсэндээ л тэнгэрийн бүх яруу алдраа орхин махан биеэр ирж, бид мөнх амь авч чадах шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг тогтоосон юм (1Тим 6:16). Гэвч Христийн цусаар байгуулагдсан шинэ гэрээний Алгасал баяр МЭ 325 онд устсан байдаг. Түүнээс хойш 1600 жил гэх урт удаан он жилийн турш Алгасал баярыг хэн ч олж нээж чадаагүй. Энэ талаар Библид тодорхой гэгч нь бичсэн байхад ч тоо томшгүй олон шашин судлаач, алдартай Библи судлаачдын хэн нь ч Алгасал баярын үнэнийг олж чадаагүй юм. Учир нь тэд ч бас зүгээр л тэнгэрийн нүгэлтнүүд болохоос үхэх ёстой нүглийг уучилж, мөнх амь өгөх эрх мэдэлтэй Бурхан биш шүү дээ.
Алдагдсан амийн үнэн болох шинэ гэрээний Алгасал баярыг сэргээхээр Бурхан энэ үед дахин махан биеэр ирсэн. Тэд бол тэнгэр Эцэг, Эх билээ. Шинэ гэрээний Алгасал баяр гэдэг ганцхан шинж тэмдгээр нь ч хүртэл тэнгэр Эцэг, Эхийгээ бид Бурхан гэж баталж чадна. Библийн баттай зөгнөлийн дагуу энэ үед махан бие өмсөн ирсэн Елохим Бурханыг бид бүхэн хүлээн авсан. Төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан бидний гэм нүглийг уучлахын тулд тэнгэр элч нараас арай доохно хүний төрхөөр энэ дэлхийд биечлэн ирснийг бодоод бид шинэ гэрээний Алгасал баярт шингэсэн Бурханы хайрыг улам идэвхтэй тунхаглах учиртай билээ.