Мөргөл бол Бурханаас эмээж, Бурханд үйлчлэхийн төлөөх орхигдуулахын аргагүй хүчин зүйл. Бурханы ард түмэн мөргөлөөр дамжуулан бүх нүглээ уучлуулж, ариун болж, ерөөл хүртэн Бурхантай илүү ойртдог юм.
Мөргөлийг зүгээр нэг ёслол төдийхнөөр, сүмд очиж сургаал сонсох төдийхнөөр л боддог хүмүүс бий. Гэвч мөргөл нь номлогчийн шилдэг сургаал, лекц сонсох зорилгоор цугладаг цаг биш, бидний ухаарах ёстой сүнслэг утга учир үүнд баттай шингэсэн байдаг юм. Номлогч хүн Бурхан болон итгэгчдийн хооронд зуучлах, Бурханы үгээр дамжуулан Бурханы хүслийг уламжлах үүрэгтэй төдий. Бурханд өргөх мөргөлийн ач холбогдол, утга учрыг Библийн үгнээс дахин тунгаацгаая.
Хуучин гэрээний хууль нь ирэх сайн юмсын сүүдэр, бодит нь болж гарч ирэх шинэ гэрээг төлөөлдөг юм (Евр 10:1). Хуучин гэрээний үед израиль ард түмний Бурханд өргөдөг байсан тахил нь шинэ гэрээнд мөргөлийн ёслол болж өөрчлөгдсөн байдаг. Тиймээс хуучин гэрээний үеийн тахилыг судалбал шинэ гэрээний үед бид Бурханд өргөх мөргөлийн утга учрыг ухаарах болно.
Хуучин гэрээний тахилыг тухайн тахилын онцлогоос нь хамаарч хэд хэдэн төрөлд ангилдаг. Хонь юм уу ямаа зэрэг золиосын тахилыг шатааж түүний тааламжит үнэрээр тахил өргөдөг байсан шатаалт тахил бий, үр тариаг нунтаглаж сайн гурил гаргаж аваад тахилд өргөдөг байсан идээн өргөл бий. Нүгэл өршөөсөн Бурханы ивээлд талархах эсвэл хүсэлтээ Бурханд айлтгах үедээ өргөдөг, тахил өргөсөн хүн тахилчтай хамт өргөсөн тахилаа идэж болдог онцлогтой эвийн тахил гэж бий. Шатаалт тахилын нэг хэлбэр болох нүглийн тахил болон ялын тахил нь цөм л гэм нүгэлтэй холбоотой золилтын утгыг өөртөө агуулж байдаг. Харин Бурханд нүгэл үйлдсэн үед нүглийн тахилыг, хүн хоорондын хуулийг зөрчсөн үед ялын тахилыг өргөдөг байснаараа л бага зэрэг ялгаатай.
“Тэгээд тэр ялын тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд ялын тахил болгон тахилчид авчраад, тахилч түүний эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Өөрийг нь ялтай болгосон эдгээр аль ч хэрэг уучлагдах болно гэлээ.”Лев 6:6-7
Ялын тахил өргөснөөр нүгэл, алдаа зөрчлөө уучлуулдаг байсан зарлигийн дагуу хуучин гэрээнд израиль ард түмэн Бурханд тахил өргөж нүглээ уучлуулдаг байв. Хэрэв Бурханд өргөх тахил байгаагүйсэн бол тухайн үеийн хүмүүст өөрсдийн нүглээ Бурханаар уучлуулах арга зам байгаагүй.
Үүн шиг мөргөл нь Бурхан болон хүмүүсийг хооронд нь холбодог холбоос, тэнгэр газрыг холбох шаттай адилхан. Бурхан мөргөл зөвшөөрч өгөөгүй байсан бол өнөө үед бид тэнгэрийн оронд Бурханы өмнө хийсэн асар хүнд гэм нүглээ юугаар уучлуулж дийлэх билээ? Бас юугаар Бурханы ивээлд талархах билээ? Мөргөлөөр дамжуулан бидний урьдын нүгэл, алдаа зөрчлүүдийг бүрэн уучилсан Бурхандаа чин сэтгэлийн талархал, яруу алдар өргөцгөөе.
Бурханд өргөх тогтмол тахилд тогтсон өдөр, тогтсон цаг бий. “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь”, “Эдгээр нь ЭЗЭНий баярууд буюу ариун цуглаанууд бөгөөд та нар товлосон цагт үүнийг зарлан дуудах ёстой” хэмээн тушаагаад Бурхан биднийг дуудан цуглуулдаг нь энэ мөргөл юм.
Мөргөлд Бурханы дуудлага бий, мөн мөргөлөөр бид Бурхантай уулздаг. Тэгээд бас энэ уулзалтаар дамжуулан Бурханы бидэнд өгдөг тушаал бий. Аврал авахын тулд бидний хийх болох, хийж болохгүй зүйлсийг Бурхан ухааруулж, тэрхүү тушаалыг Самари, дэлхийн хязгаар хүртэл явж Бурханы оронд тунхаглаад ир гэсэн Бурханы илгээлт ч үүнд давхар агуулагдаж байдаг.
Бид Бурханы урилгыг авч долоо хоног бүр Амралтын өдөр болон гурав дахь өдрийн мөргөлд оролцдог. Мөн жил бүр ариун баярын мөргөлд оролцдог юм. Бурхантай уулзахын тулд, бидний урьдын бүх нүглийг эвлэрүүлж, ерөөл хайрласан ивээлд нь талархахын тулд бид мөргөл тэмдэглэдэг. Тийм учраас гурав дахь өдрийн мөргөл ч бай, Амралтын өдрийн мөргөл ч бай, баярын мөргөл ч бай бүгд чухал.
Есүс мөргөлийн ач холбогдлын талаар дараахтай адил сургажээ.
“Есүс —Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна.”Иох 4:21-23
Бурхан сүнсээрээ, үнэнээр Бурханд мөргөл тэмдэглэдэг хүмүүсийг эрж байна гэжээ. Мөн сүүлчийн үед тэнгэр элч нарыг илгээж, сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно гэж зөгнөсөн (Мат 24:31). Бурхан жинхэнэ Бурханд зөв мөргөл тэмдэглэдэг хүмүүсийг тэнгэрийн хаанчлал дагуулж явахын тулд эрж хайж байгаа.
“Тэрээр ард түмнээ шүүхийн тулд тэнгэр болон газар дэлхийг дээрээс дуудаж “Тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн бишрэлтнүүдийг минь Над уруу цуглуул” гэдэг.”Дуу 50:4-5
Тахилаар дамжуулан Бурхантай гэрээ хийгчид нь Бурханы цуглуулсан итгэгчид юм. Тахил өөрөөр хэлбэл мөргөлөөр дамжуулан Бурхантай гэрээ хийсэн хүмүүс л Бурханы цуглуулж буй аврал авах ард түмэн болох юм.
Бурхан Өөрт нь итгэдэг гэж хэлдэг газар дэлхий дээрх үй олон хүнээс Библид тэмдэглэгдсэн мөргөлийг итгэмжтэй сахидаг хүмүүс нь хэн болохыг, тэдний үйлдэл нэг бүрийг нарийн ажиглаж байгаа. Мөргөл байхгүй бол хэн ч Бурхантай холбогдож чадахгүй, тэд Бурханд итгэдэг хүмүүс үү, итгэдэггүй хүмүүс үү гэдгийг шийдвэрлэх хэм хэмжүүр нь алга болно гэсэн үг. Ийм учраас мөргөл нь аврал авах хүн мөн эсэхийг шийдвэрлэх хэм хэмжүүр болдог юм.
Ингээд бодохоор бид Бурханд мөргөх энэхүү нандин боломжоо яасан ч алдаж болохгүй юм. Бурхан сонгогдогсдыг дөрвөн салхинаас цуглуулж байгаа энэ үед бид Бурханд итгэгч хүнийхээ хувьд мөргөлийг илүү чухалчилж, ариунаар сахих ёстой юм.
Янз бүрийн урсгалын олон сүм өөрсдийн үндсэн зарчмаараа, өөрсдийнхөөрөө мөргөл тэмдэглэдэг. Тэдгээрээс чухам ямар мөргөл нь Бурхантай гэрээ хийсэн, Бурханд хамааралтай мөргөл болох бол? Энэ бол бидний сүнсний авралын төлөө үнэхээрийн чухал асуудал. Бурхан бидэнтэй гэрээ байгуулна гэж амласан мөргөлийг Библиэр дамжуулан бататган харцгаая.
“ЭЗЭН айлдсан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ. Хүүхдүүд чинь “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед та нар “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм. Учир нь Тэрээр Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж египетчүүдийг цохин харин бидний гэр орныг аварсан” гэж хэл…”Гэт 12:25-27
Бурхан израиль ард түмэнд Бурханд өргөх ёстой тахилыг хуулиар нарийвчлан зааж өгсөн. Тэдгээрээс гол төлөөлөл нь Бурханы баяр болох Алгасал баяр юм. Бурхан энэхүү Алгасал баярыг “Энэ нь ЭЗЭНий Алгасалын тахил юм” хэмээн тодорхой дурдсан байдаг. Алгасал баярыг сахидаг хүмүүс тахилаар дамжуулан Бурхантай гэрээ хийгчид. Ийм л хүмүүсийг Бурхан цуглуулдаг.
“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.” ”Иер 31:31-34
Иеремиа эш үзүүлэгч Бурхан израиль ард түмнийг Египет нутгаас хөтлөн гаргасан өдөр тогтоосон хуучин гэрээний тахилыг шинэ гэрээний тахил болгон дахин тогтоохыг зөгнөсөн байдаг. Шинэ гэрээнд “Бурхан Өөрийн хуулиа зүрхэн дээр нь бичсэн хүмүүсийн Бурхан нь болж, тэд Бурханы ард түмэн болно” гэсэн амлалт бий. “Тэдний нүгэл хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана” гэсэн нүглийн уучлалын ивээл ч хүртэл бүрэн төгс шингэсэн байдаг.
Зөгнөлийн үг ёсоор энэ дэлхийд ирсэн Есүс Алгасал баяраар Маркийн дээд давхрын өрөөнд шинэ гэрээг тунхаглан нүглийн уучлал ба мөнх амийн ерөөлийг буулгасан юм. Тиймээс өнөө үед шинэ гэрээний үнэн дотор Бурханд Алгасал баярын мөргөл тэмдэглэж байгаа бид Бурханы хайж буй тэнгэрийн ард түмэн мөн гэдэг нь гарцаагүй юм. Баяр сахидаг Сионд байгаа бид Бурханы сонгосон ард түмэн гэдгээрээ бахархах сэтгэлтэй байх ёстой юм.
Зарим хүн “Мөргөлийн хэлбэр жаяг чухал биш сэтгэл л чухал юм биш үү?” гэж сөргүүлэн асуух нь бий. Мэдээж мөргөлд ямар сэтгэлээр хандах нь чухал л даа. Гэвч Библид “Үйлс байхгүй итгэл өөрийг нь аварч чадахгүй төдийгүй тийм итгэл нь үхмэл” гэж илэрхийлсэн байдаг (Иак 2:14-17). Итгэлээ амьд байлгая гэдэг хүнд үйлс зайлшгүй хэрэгтэй.
Тийм болохоор Бурханд өргөх мөргөлийг бид хөнгөнд үзэх эсвэл үл тоож яасан ч болохгүй. Ёховагийн тахилыг үл тоомсорлосноороо хараагдсан хүний жишээг Библиэс судалж, өнөө үед бидний тэмдэглэж байгаа мөргөл хичнээн чухал болохыг бодож тунгаацгаая.
“Ийнхүү эдгээр залуусын нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байсан агаад тэд ЭЗЭНий өргөлийг үл тоомсорлож байлаа.”1Сам 2:17
Бурханд өргөх тахилыг үл тоомсорлосон хүмүүсийн нүгэл Бурханы өмнө асар их байлаа гэж Библид бий. Тахилч Елигийн хөвгүүд Хофни, Финехас нар Бурханы тахилыг үл тоомсорлох ёрын мууг үйлдэж эцэст нь хараагдаж үхэлд хүрсэн юм (1Сам 2:12-34). Энэ жишээ ч бид Бурханы өмнө мөргөл тэмдэглэхдээ хэрхэвч хайнга хандаж болохгүйг харуулж байна.
“Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа зоргоороо нүгэл үйлдсээр байвал нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх л үлдэнэ. Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг. Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?”Евр 10:26-29
Урьд өмнө бидний Бурханыг мэдэхгүй байх үедээ үйлдсэн нүглийг шинэ гэрээний мөргөлөөр дамжуулан өршөөх боломж олгосон. Гэвч үнэн дотор орж ирсэн хэрнээ дахин Бурханаас холдож, нүгэл дунд тэнүүчилбэл тэрхүү нүглийн төлөөх тахил цаашид байхгүй, шүүлт болон ял шийтгэлийг хүлээх л үлдэнэ гэж айлдсан.
Үхлээс өөрөөр төлөх замгүй байсан бидний нүглийг Бурхан зольсон байхад тэрхүү ивээлийг нь мартаад, дахин нүгэл үйлдвэл энэ нь шинэ гэрээний Алгасал баярын үнэт цусыг бузарлаж байгаатай адилхан. Авралын ивээлд талархах нь бүү хэл нигүүлслийн Сүнсийг доромжилдог хүмүүст аврал өгөгдөнө гэж үү?
Урьдын Бурханыг мэдэхгүй үеийн амьдралын хандлагаас Бурханыг зөв хүлээн авч, Бурхан дотор байх болсноос хойших бидний төрх өөр байх ёстой. Биднийг шаналан байж дуудах Бурханы дуу хоолойнд сүнсээрээ, үнэн сэтгэлийн мөргөлөөр хариулах Бурханы хүүхдүүд болцгооё.
Хуучин гэрээний израиль ард түмэн бүтэн жилийн турш тасралтгүй Бурханд тахил өргөснөөрөө Бурхантай уулздаг байжээ. Өдөр бүр өглөө, өдрийн байнгын шатаалт тахил өргөж, долоо хоног бүр Амралтын өдөр, жил бүр 3 удаагийн 7 баярын дагуу Бурханд тахил өргөж Бурхантай холбоо харилцаатай байдаг байв.
Бурхан хуучин гэрээний үед үйлдэгддэг байсан тахилын төвөгтэй арга хэлбэрийг шинэ гэрээний үед мөргөл тэмдэглэдэг байхаар хялбарчилж өөрчилсөн байдаг. Түүний үр дүнд өнөөгийн нийгэмд бид Бурханд талархал, яруу алдар өргөхөд нэг их хүндрэл учрахааргүй болсон. Тийн атал Бурханд өргөх мөргөлд оролцохгүй байгааг үүрд үхэхээс өөр аргагүй байсан нүглээс аварсан Бурханыхаа ивээлийг мартсан үйлдэл гэхээс өөр юу гэхэв.
“Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч, хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя.”Евр 10:24-25
Анхны сүмийн үед ч хамтран цуглахаа мартчихдаг муу зуршилтай хүмүүс байсан. Христийн сургаалыг бүрэн дагадаг байсан Паул элч анхны сүмийн итгэгчдэд тийм хүмүүсийн үйлсийг дагаж болохгүйг, харин ч цуглахад илүү хичээх ёстойг удаа дараа шаардаж байжээ.
Байгалийн гамшиг мэтийн яалт ч үгүй тохиолдолд Бурхан гэрийн мөргөлийг зөвшөөрөх ч тийм биш л бол үргэлж цуглаад мөргөл тэмдэглэх нь Бурханы сургаал юм. Авралын өдөр ойртох тусам итгэгчид цуглахыг улам бүр эрмэлзэж, Бурханд ариун мөргөлийг өргөөд ерөөл хүртээсэй гэж Бурхан хүсдэг. Бурхан Библийн зөгнөлд байгаа шүүлтийн өдөр ирэхээс өмнө Өөрийн ард түмэндээ “Цугларцгаа” хэмээн хашхирч, Бурханы зарлигийг сахидаг даруу хүмүүс тэр өдөр нуугдсан байх болно хэмээн айлдсан байдаг (Зеф 2:1-3).
Бурхан энэ дэлхийд ямар ч найдваргүй амьдардаг үй олон хүнээс биднийг сонгож, мөргөлөөр гэрээ хийж, тэнгэрийн хаанчлал дагуулж явна гэсэн Өөрийн хүслээ илчлэн харуулсан юм. Бид ариун мөргөлийг Бурханд бүрэн төгс өргөж, Бурханы ерөөл, ивээлийг бялхам их авцгаая. Бидэнд ивээл ерөөлтэй мөргөл соёрхсон Бурхандаа мөнхийн талархал, яруу алдар өргөх Сионы гэр бүлүүд болоорой гэж хүсье.