WATV.org is provided in English. Would you like to change to English?

Өөрийгөө бусдын байр сууринд тавих чадвар “эмпати”

Жинхэнэ яриа хөөрөө өрнүүлэхийг хүсвэл эхлээд сэтгэл санааг нь ойлго. Ийнхүү нөгөө хүнийхээ яриаг адилхан мэдэрч байгаагаа харуулах тэр мөчид сэтгэл нь нээгддэг.

15,656 үзэлт

“Сэтгэл чинь өвдөө юу, миний сэтгэл ч өвдөж байна” гэсэн үг Солонгост ярианы сэдэв болоод байсан. Нөгөө хүнийхээ сэтгэлийн зовлонг ойлгоод зогсохгүй тэр зовлонг нь хуваалцаж, өрөвдөн адил мэдэрдэг нэгэн олон ангит киноны гол дүрийн энэ халуун дулаан үг үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөндсөн юм.

Үнэндээ энэ бол дэгс үг биш. Хүмүүс өөр хэн нэгэн тариа хийлгэх, унаж өвдгөө шалбалах зэргийг хараад өөрөө өвдөж байгаа юм шиг хөмсгөө зангидан ярвайдаг даа. Зөвхөн өвдөлт төдийгүй инээх, эвшээх, загатнах зэрэг ч халдвартай байдаг байна. Ингэхэд хүн яагаад бусдын сэтгэл хөдлөлийг өөрийнх юм шиг мэдэрдэг юм бол? Энэ нь адилхан мэдрэх эмпати сэтгэлтэй холбоотой.

Эмпати гэдэг нь бусдын сэтгэл хөдлөл, санаа бодол, үзэл баримтлал гэх мэтийг ойлгож, адилхан мэдрэх чадвар юм. Эмпати мэдрэх чадвар нь бидний тархины толин тусгал мэдрэлийн эсүүдээс үүсдэг. Толин тусгал мэдрэлийн эсүүд нь биднийг бусдын үйлдэлд өөрөө яг тийм үйлдэл хийж байгаа мэт хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг байна. Эдгээр эсүүд нь биднийг бусдын үйлдлийг дуурайх эсвэл өрөвдөх мэдрэмж төрүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ эс бусадтай харьцах саад бэрхшээлийг арилгадаг аж.

Эмпати нь харилцааны чухал шинж төдийгүй хүн хоорондын харилцааг зөөлөлж өгдөг тослох материалтай л адилхан юм. Эмпати байхгүй бол сэтгэлээ нээсэн яриа хөөрөө өрнүүлж чадахгүй, яриагаа сэтгэл хангалуун төгсгөж ч чадахгүй. Адил мэдрэх сэтгэлийн ийм эмпати холбоо бий болсноор итгэлцэл бий болж, харилцан ойлголцол болон хоорондын харилцаа сайжирна.

Дэлхийн нэрт эдийн засагч Жереми Рифкин “Гайхамшигт эмпати чадварын ачаар хүн төрөлхтөн өнөөгийн соёл иргэншилд хүрч чадсан төдийгүй энэхүү чадвар нь ирээдүйд үндсэн чадвар болон гарч ирнэ” гэж хэлсэн байдаг. Америкийн сэтгэл судлаач Даниел Големан “Орчин үеийн нийгэмд IQ (intelligence quotient) болох оюуны коэффициентоос илүүтэй EQ (emotional quotient) болох сэтгэл хөдлөлийн коэффициент, нэг ёсондоо бусадтай сэтгэл санаагаараа харилцах чанар нэн чухал. Мөн EQ-н хамгийн чухал шинж чанар эмпати сэтгэл юм” хэмээсэн байдаг.

Эмпати ховордоод байгаа өнөө үе

Эдийн засагч Жереми Рифкиний хэлснээр хэрэв өнөөгийн хүн төрөлхтний соёл иргэншил бусдын байр сууринд өөрийгөө тавьж адил мэдрэх эмпати чадварын ачаар амжилтанд хүрч байсан бол эмпати чадвар буурах нь соёл иргэншлийг нурааж сүйрүүлж ч мэднэ гэсэн үг. Нэмэгдсээр буй сэтгэцийн өвчтөнүүд, тодорхой бус хүмүүст чиглэсэн үй олон үзэн ядалтын гэмт хэрэг, сургуулийн хүчирхийлэл зэрэг нь эмпати дутмагтай нягт холбоотой. Зарим алуурчид аймшигт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа ямар ч өрөвдөх сэтгэл, гэм буруугаа мэдрэх мэдрэмжгүй байдгийн, эсвэл огт харамсдаггүйн шалтгаан тэдэнд эмпати чадвар байдаггүйтэй холбоотой юм.

Зарим шинжээч мэргэжилтнүүд интернетийн хөгжил нь эмпати чадварыг бууруулдаг шалтгааны нэг гэсэн байдаг. Интернэтээр, гар утсаар онлайн харилцаа холбоо хурдацтай хөгжиж байгаа ч ихэнх хүн хүн хоорондын харилцаанд хүндрэлтэй байдаг талаар ярьж байна. Харилцааны тухайд ярилцаж буй агуулга чухал ч дуу хоолойны өнгө, бие бие рүүгээ харцаараа харилцах гэх мэт аман бус элементүүд бас чухал. Гэтэл онлайн бичвэр дээр суурилсан харилцаа нөгөө хүнийхээ сэтгэл санааг бүрэн анзаарч шалгах боломжгүй тул харилцах, сэтгэл санааг нь ойлгоход хэцүү болгодог.

Нөгөөтэйгүүр зарим хүмүүс гэр бүлийн үйл ажиллагаа хэвийн биш байгаатай холбоотой гэж онцолдог. Гэр бүл гэдэг бол өөр хаанаас ч илүүгээр эмпати холбоо хүчтэй, эрүүл байх ёстой газар. Гэвч бодит байдал дээр айл гэр ам бүл цөөтэй болж, ажил эрхэлдэг хосууд нэмэгдэхийн хэрээр гэрийнхний хооронд сэтгэл санаагаа хуваалцах боломж багасаад байгаа. Илүү олон янзын дүн шинжилгээ байдаг ч эмпати сэтгэлийн хэрэгцээ нэмэгдэж байгаа нь манай нийгэмд эмпати чадвар дутмаг байгааг харуулж байна.

Эмпати дутмаг хүн бусдын сэтгэл санааны байдлыг уншиж чаддаггүй тул ярилцаж буй хүмүүстээ зохисгүй хариу үйлдэл үзүүлж, нөгөө хүндээ хана хэрэмтэй ярих мэт хөндий хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг. Тийм хүмүүс бусдыг ойлгох тухайд явцуу үзэл бодолтой байдаг тул бусдын алдааг уучлах, тэвчих гэдэг ч тэдэнд хэцүү. Тэд “Би бол би, чи бол чи” гэж өөрийгөө төв болгосон ухамсартай байдаг төдийгүй энэ нь өөрсдийнх нь нийгмийн амьдралд, мөн хүмүүсийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Эмпати чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

Нялх хүүхдийн толин тусгал мэдрэлийн эсүүд идэвхжиж, ээжтэйгээ харьцаж, ээжрүүгээ инээмсэглэх зэргээр эмпати чадвар нь хөгждөг. Тиймээс хүүхдээ бусдын байр сууринд өөрийгөө тавьж ойлгох эмпати чадвар сайн хүн болоосой гэж хүсэж байвал хүүхдээ багаас нь эхлэн “Аан за ойлголоо”, “Уур чинь хүрсэн байх даа” гэх зэргээр адилхан мэдэрч байгаа эмпати сэтгэлээ сайн харуулах хэрэгтэй. Мөн багаасаа эмпати сэтгэл мэдэрч өсөөгүй байсан ч хүний тархи байнга өөрчлөгдөж байдаг тул эмпати чадварыг хичээл зүтгэлээр сайжруулж болно.

Бусдыг адилхан мэдрэх эмпати сэтгэл бусдыг сонсохоос эхтэй. Бусдыг сонсохдоо яриаг нь ухаарч ойлгохын тулд хамаг анхаарлаа түүнд төвлөрүүлэх хэрэгтэй. Мөн нүүрний хувирал, нүд, дохио зангааг нь нэг бүрчлэн анзаарах учиртай. Хүнтэй харилцах тал дээр хүндрэлтэй байдаг ихэнх хүмүүс өөрсдийгөө ярихдаа муу гэж боддог. Харин энэ асуудал нь ихэвчлэн тааруухан ярьдгаас нь биш, сонсох чадваргүйгээс нь үүдэлтэй байдаг. Сайн сонсохын тулд өөрийн бодол санаа, өрөөсгөл үзлээ орхиж, нөгөө хүний ​​хэлсэн үгийг анхааралтай сонсох хэрэгтэй байдаг.

Нөгөө хүнээ анхааралтай сонссоны дараа түүний оронд өөрийгөө тавих хэрэгтэй. Бусдын байр сууринд өөрийгөө тавьж адил мэдрэх эмпати чадварын мөн чанар нь өөрийгөө хэн нэгний оронд тавих явдал. Аливааг бусдын байр сууринаас бодохыг хичээх хэрэгтэй. Патрисия Мур хэмээх нэгэн үйлдвэрийн загвар зохион бүтээгч хүн бүрд тохирсон бүтээгдэхүүн зохион бүтээхийн тулд бүх таагүй байдлыг өөрөө мэдрэх хэрэгтэй гэж бодсондоо хорь гаруйхан насандаа настай эмэгтэйн дүрээр гурван жил хувцаслажээ. Ингэсэн завшаанаа ашиглан тэрээр хоёр талт хайч, намхан шалтай автобус, савны резинэн бариул зэрэг шинэлэг загвар зохион бүтээж, өдгөө олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч болоод байгаа.

Хүмүүс ихэнхдээ өөрийнхөө зовлонг хүнд, бусдын зовлонг нимгэн гэж үздэг. “Яахаараа илүү жаахан хичээдэггүй юм бэ?” “Сэтгэлийг чинь тэгтлээ шархлуулах сүртэй юм байгаагүй л санагдах юм!” Иймэрхүү бодлоор хүмүүс бусдын нөхцөл байдал, байр суурийг бодохын оронд бусдыг шүүмжлэх хандлагатай байдаг. Энэ бол тоглоомоо булаалгачихаад уйлж буй дүүдээ “Юундаа уйлдаг юм” гэж хэлэхтэй, “Бие өвдөөд, хэцүү байна” гэсэн ханьдаа “Өвдөж байгаа юм бол тэгээд эмчид очиж үзүүлээч”, “Чи ганцаараа зовоод байгаа юм уу? Би ч бас зовж байна, за” гэж хэлэхтэй л адил хэрэг.

Өөрт юу ч биш юм шиг зүйл өөр бусдад ноцтой зүйл байж болохыг санацгаая. Эмпати гэдэг нь юу юуны тухандгүй бусадтай санал нийлнэ гэсэн үг биш, харин “Түүнд тийм байж болох юм” гэж бодоод бусдын сэтгэлийг ойлгох явдал юм.

Эмпати бусдын сэтгэлийг нээдэг

“Хань аа, надад сүүлийн үед их хэцүү байна. Хийх ажил ихтэйн дээр ядаж дарга намайг ер ганцааранг минь орхихгүй байна.”

“Нийгмийн амьдрал ийм л байдаг шүү дээ.”

“Би мэднэ ээ, гэхдээ хүмүүс өндөр албан тушаал хашиж байгаа гээд намайг үл тоож, хайнга хандахыг би тэвчиж чадахгүй нь.”

“Наадхаа мартаач дээ.”

“Дараагийн удаа ингэвэл би нэг юм хэлнэ ээ.”

“Харилцаагаа эвгүй байдалд оруулбал яах уу?”

“Яадаг юм, надад хамаагүй.”

“Ажил чинь таалагдахгүй байгаа бол тэгээд ажлаасаа гарч, үглэхээ боль л доо.”

“Юу гэнэ ээ?”

Ер нь хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудын нэг бол нөгөө хүнийхээ хэлж байгаа зөв, буруу эсэхийг дүгнэх, шийдвэрлэх арга замыг санал болгох байдаг. Дээрх жишээн дээр эхнэрийн нөхрөөсөө хүссэн юм ердөө тайтгарал болон адилхан мэдрэх эмпати сэтгэл. Нөхөр нь эхнэрээ ажил хийхийг хүсэхгүй байсан байлаа ч дээрх нөхцөл байдалд хамгийн чухал зүйл бол ханийнхаа сэтгэл санааг ойлгож, сэтгэлийнх нь байдлыг хүндэтгэх явдал юм.

“Хань аа, надад сүүлийн үед их хэцүү байна. Хийх ажил ихтэйн дээр ядаж дарга намайг ер ганцааранг минь орхихгүй байна.”

“Чи минь иймэрхүү юм нэг их ярьдаггүй болохоор миний ханьд үнэхээр л хэцүү байжээ дээ.”

“Дарга гэхээрээ л намайг үл тоож, хайнга хандаж гэнэ.”

“Тийм үү? Тэгээд байвал миний уур ч хүрэх юм байна даа.”

“Дараагийн удаа ингэвэл би нэг юм хэлнэ ээ.”

“Миний хань нэлээн удаан тэвчсэн бололтой. Хэцүү байсан байх даа.”

“Чи минь л намайг ойлгох юм даа.”

“Тийм шүү, юмыг дотроо битгий хадгалж бай. Хэцүү үедээ надтай ярилцаж бай л даа”

“Ашгүй. Цээжнээсээ аваад хаячихсан чинь одоо хамаагүй сайхан болчихлоо.”

Нөхрийнхөө эмпати сэтгэлд тайвширсан эхнэр маргааш нь хөнгөн сэтгэлээр ажилдаа явна аа даа. Хүмүүс ер нь утга логикийн хувьд зөв юм ярьдаг хүн гэхээсээ илүү ярьж байгааг нь ойлгодог хүмүүст дуртай байдаг төдийгүй тийм л хүмүүст сэтгэлээ илүү нээдэг. Учир нь бусад хүн сэтгэл санааг нь ойлгож, эмпати сэтгэлтэй байх үед тэд хүндлүүлж байгаа мэт санагддаг байна. Онцолж чичилж, шийдэл өгөх гэж оролдохын оронд тухайн хүний байранд өөрийгөө тавьж адилхан мэдрээд өгөхөд л тэд өөрсдийнхөөрөө асуудлаа шийдэж, зөв ​​арга замаа олчихно. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ эхлээд хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж мэдрэхийг хичээн, улмаар зөв ​​бурууг ялгахад нь туслах хэрэгтэй.

Ийм эмпати сэтгэл нь хүмүүсийг хөдөлгөх хүчтэй байдаг. Өвчтөнүүд гэхэд өвдөлтийг нь адилхан мэдэрдэг эмчдээ итгэдэг бол оюутнууд сэтгэлийг нь ойлгодог багшаа бүчин дагадаг. Хэрэглэгчийн сэтгэл санааг хүлээж аваагүй бүтээгдэхүүн борлуулалт муутай байдаг бол үзэгчид утга санааг нь ойлгохгүй илтгэл бол зүгээр л чимээ шуугиан төдий. Хүн ер нь өөрийг нь ойлгодог ганцхан хүн байсан ч өвдөлтөө даван туулах зоригтой болж, амьдардаг. Та хэрэв ганцаараа биш, сэтгэлээ нээх хүнтэй гэдэгтээ итгэдэг бол хамгийн аз жаргалтай хүн юм.

Өнөө үеийн машин техникийн хөгжил нь компьютер, робот зэрэгт бидний амьдралын олон зүйлийг шийдэх боломж олгодог. Харин бусдын сэтгэл санааг ойлгож мэдрэх нь AlphaGo (Google DeepMind-н боловсруулсан AI Go программ) программ ч хүртэл дуурайж чаддаггүй онцгой чадвар юм. Тархины толин тусгалын мэдрэлийн эсүүд бидэнд төрсөн цагаасаа л хүмүүн бид бие биенээ ойлгож, тусалж байх ёстойг хэлж өгдөг аж.

Хүмүүн бид хэрэв бидний дотор байдаг толин тусгалаар бие биенээ харвал бие биенээ харилцан ойлгож, айл гэр ам бүлийн дунд ойлгоход хэцүү юм байхгүй болно. Бас нэг зүйлийг санах хэрэгтэй! Энэхүү халуун дулаан сэтгэлийн чадварыг ашиглах тусам энэ чадвар улам бүр нэмэгддэг юм шүү.