
18-р зуунд Америкийн эрдэмтэн, улс төрч Бенжамин Франклин юм болгон дээр өөрөөс нь өө сэв хайж, буруутгахыг оролдон дайсагнадаг нэгэн конгрессийн гишүүнтэй хэрхэн харьцах талаар бодол болов. Тэрээр гишүүнтэй сайхан харилцаатай байхыг хүссэн ч бэлэг сэлт өгч, бялдуучлах аргаар дотносохыг хүссэнгүй. Удаан эргэцүүлсний эцэст тэрээр номных нь цуглуулгаас нэг ховор номоо түр хэрэглүүлэхийг ёсорхог гэгч нь гуйжээ. Номыг нь буцааж өгөхдөө талархлаа илэрхийлсэн зурвас хамт өгч гэнэ. Хожим нь тэд конгрессийн ордонд дахин уулзалдахад өнөөх гишүүн Бенжаминтай өөрөө эхэлж яриа өдөн, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Бенжамин энэ талаар хувийн намтартаа дурьдахдаа “Нэг удаа танд сайн зүйл хийсэн хүн таны тусалсан хүнээс илүү танд туслахад бэлэн байдаг” хэмээн бичсэн байдаг. Ямар ч хүн өөрөөс нь тусламж хүссэн хүндээ харин ч сайхан ханддаг гэж онцолсон “Бенжамин Франклины үр нөлөө” үүнээс эхтэй ажээ.
Чикагогийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Эд Обрайен хийсэн туршилтынхаа үр дүнд бусдад тусалдаг хүн нь тусламж авсан хүнээсээ илүү аз жаргал мэдэрдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Нөгөө хүндээ дарамт учруулахгүй л бол эелдэг байдлаар тусламж хүсэх нь уг тусламж хүссэн хүнтэйгээ харилцах харилцаагаа сайжруулах нэг төрлийн мэргэнухаан аж.