Шоколадтай сүү

Хун Сон Уг, Солонгос Сөүл

11,137 үзэлт

Нөхөр маань ажлаа тараад ирэх замаараа гадилтай сүү авчрав. Өмнө нь огт ингэдэггүй байсан л даа. Хааяа гэрийнхэнтэйгээ халуун дулаан дотно цаг өнгөрөөе гээд “Хүүхдүүдтэйгээ хамт гадуур хооллоё” гэхээр “Та гурав идчихээд ир ээ” гээд шууд утсаа тасалчихдаг, заримдаа бүр уур хүрмээр тийм л бүдүүн тоймын хүн байсан л даа. Тэгтэл сүүлийн үед тэрээр хүүхдүүддээ өгөхөөр чихэр жимс, жигнэмэг, зайрмаг гээд амттан үе үе авчирдаг болов.

Үнэндээ хүүхдүүд маань гадилтай сүүнд тийм ч дуртай биш. Тэгсэн ч хүүхдүүдээ бодоод худалдаж авчирсанд нь юм яриад байлтай нь биш. “Янз янзын юм аваад сайхан байна. Хүүхдүүд маань шоколадтай сүү, гүзээлзгэнэтэй сүүнд дуртай” гээд тойруугаар дохио өгөв. Гэтэл тэрнээс хойш ч нөхөр маань гадилтай сүү байн байн авчирсан хэвээр. Сүүлдээ бүр түүнээс нь болоод би бүх гадилтай сүүг нь уух хэрэг гардаг болчихлоо. Тэгтэл нэг өдөр том хүү маань ингэж хэлэв.

“Ээж ээ, шоколадтай сүү ууя л даа. Дараа нь шоколадтай сүү авчих, тэгэх үү?”

Би маргааш нь авч өгье гэснээ мартчихаж. Том хүү маань хичээлээсээ ирмэгц “Ээж, миний шоколадтай сүүг авсан биз?” гээд хөргөгч рүү гүйв.

“Өө, яана аа, ээж нь мартчихаж. Чи гараад аваад ирэх үү?”

“Үгүй ээ. Маргааш л уухаас. Ингэхэд сүүлийн үед би шоколадтай сүүнд яагаад ийм дуртай болчихоо вэ?”

Хүү маань урамгүй царайлаад өрөөндөө орсных нь дараа юутай ч шоколадтай сүүг нь авчиръя гэж бодоод гарах гэтэл ашгүй нөхөр маань хар тортой юм бариад орж ирэв. Мэдээж гадилтай сүү авчраа биз гээд уутыг нээтэл баярламаар нь гурван шоколадтай сүү байх нь тэр.

“Мин Сог, аав нь чиний дуртай шоколадтай сүүг авч ирсэн байна. Яаж мэдсэн юм бол оо? Аргагүй л мундаг аав юм аа.”

“Нээрээ юү? Аав аа, баярлалаа. Шоколадтай сүүнд би ёстой дуртай. Ууж өгнө өө!”

Өмнөх өдөр нь хүүтэйгээ ярьж байсныг нөхөр сонссон бололтой. Хүүгээ баярлаж байхыг хараад нөхөр маань ч малилзтал инээж харагдана. Хэдийгээр өчүүхэн зүйл боловч хүү маань аавынхаа дуугүйхэн хайрыг мэдрэхийг, сүйд болоод байхгүй ч хүүдээ чимээгүйхэн санаа тавих нөхрөө хараад сэтгэл сайхан болж билээ. “Юу вэ? Хүүгийнхээ дуртай юмыг л авчраад, эхнэрийнхээ дуртай юмыг аваагүй юм уу?” гэж би гомдсон дүр эсгэж билээ.

Үг дуу цөөтэй, сэтгэл доторхоо олигтой гаргачихдаггүй нөхрийнхөө байдалд бачимдах үе надад их байсан. Өдөр болгон хар өглөөгүүр ажилдаа явж, орой бүр аажуу ядарсан хүн орж ирээд, гар нүүрээ угааж оройн хоолоо идчихээд л орондоо ордогт нь хааяа нөхрөө өрөвддөг байсан л даа. Гэхдээ л хааяа ч гэсэн хүүхдүүдтэйгээ халуун дулаан яриа өрнүүлж, нөхөрлөдөг болоосой гэхээс гомдмоор. Ядраад ирэхэд нь аль болох төвөг удахгүй аясаар нь орхихыгоо би нөхрийнхөө төлөө хийж байгаа ажил аятай боддог байжээ.

Нөхөр маань гэртээ байхдаа жаргалтай байгаасай л гэж хүсдэг байлаа. Миний залбирал эцэст нь биелсэнд талархаж байна. Мөн гэр бүлээ чимээгүйхэн хайрласан нөхөртөө ч баярлаж байлаа. Эргээд бодсон чинь нөхрөө бидэнтэй ойр дотно байсангүй гэж гомдоллож байсан дүр төрхөөсөө ичиж байна. Үг дуу цөөтэй, бүрэг ичимхий нөхөр маань л харин биднийг түрүүлж ойртож дотносохыг хүлээж байсан ч юм билүү. Би эхлээд хүүхдүүдтэйгээ ханьдаа ойртож ханьссан бол бид илүү л аз жаргалтай байх байсан даа.

Шоколадтай сүү төдийгөөр гэр бүлийн хайрыг дахин мэдрүүлж, эв найртай амьдруулсан Бурхандаа талархаж байна. Тэр өдрөөс хойш нөхөр маань ажлаа тараад ирэх бүрдээ шоколадтай сүү авчирдаг болсон доо.