Зан чанарын ялгаа асуудал биш
Байгалиас заяасан зан авир орчны нөлөөнд автсанаар хүний зан чанар бүрэлдэж тогтдог. Зан чанарын ялгааг даван туулах арга нь нэг нэгнийхээ зан аашийг өөрчлөх гэж оролдохыг биш, харин ярих хэв маяг, ярих арга барилаа өөрчлөхийг хэлнэ.
“Тэр ингэхэд хэнийхээ занг аваа вэ?”, “Би ажлынхаа хүнийг ер ойлгохгүй юм”, “Тэр ёстой өөр хэмжээстийнх байх аа”, “Зан чанар таарахгүй, хэт өөр болохоор бид салахаар шийдсэн” …
Хүмүүс хоорондын харилцаанд ан цав үүсгэж байдаг хамгийн нийтлэг, түгээмэл шалтгаан бол зан чанарын ялгаа. Зарим оюутан сургууль дээрээ бусад оюутнуудтай харилцахад бэрхшээлтэй, зарим хүн ажлаасаа болоод биш, ажлынхнаасаа болоод ажлаасаа гарах жишээний. Харин зарим хүн гэр бүлийн тал дээр зөрчилдөөнтэй. Ийм хүмүүсийн ихэнх нь өөрсдийнхөө болон бусдын зан чанарыг л буруутгадаг.
Бусадтай харилцах харилцаандаа хүн ер нь баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, сэтгэл хангалуун байдал зэргийг мэдэрдэг. Тэр ч байтугай харьяа байгууллагынхаа сэтгэл ханамжийн түвшинг байгууллагынхаа бусад хүмүүсийн зан чанараар хэмжих нь ч бий. Ямар ч хүн нөгөө хүнийхээ зан авираас нь хамаарч, ойртож дотносох, холдож зайгаа авах гэх мэтээр хоорондын харилцаагаа тохируулдаг. Тиймээс урт удаан харилцаатай, чухал харилцаатай бол тэр хүнийхээ зан чанарыг харин ч бүр илүү чухалчилна. Зарим тохиолдолд хэн нэгэн өөрөөс нь өөр сэтгэж, юм л бол өөр үйлдэл гаргалаа гэхэд тэр хүнийг хачин хүн гэж үзэж, тэр байтугай харилцаагаа таслах нь ч бий.
Төрсөн орд, цусны бүлэг зэргээр шинжих зан чанарын төрөл болон өнөө үед өргөн хэрэглэгддэг MBTI1 зэрэг зан чанарын тестүүд олон янз байдаг. Ихэнх хүн өөрийнхөө болон бусдын зан чанарын төрлийг мэдэж авахыг сонирхдог нь тэд хоорондын ялгаагаа ойлгож, сайхан харилцаатай байхыг хүсдгийг нь харуулж байгаа хэрэг. Нэгэнтээ зан чанар гэгч зүйл хүн хоорондын харилцаанд гол үүрэг гүйцэтгэдэг учраас хүмүүний амьдралд зан чанар гэгч нэн чухал нөлөөтэй.
1. Швейцарийн сэтгэл судлаач Карл Юнгийн (Carl Jung) сэтгэл зүйн төрлүүдийн тухай бичсэн онолд үндэслэсэн Майерс (Myers), Бриггс (Briggs) нарын боловсруулсан өөрөө өөрийгөө сонждог хувийн зан чанарын тест.
Зан чанар бүрэлдэж төлөвших нь
Зан чанар гэдэг нь нэг хүний өвөрмөц шинж байдал, чанар гэсэн утгатай юм. Зан чанар нь хүний бодох сэтгэх, мэдрэх, биеэ авч явах хэв маягийг тодорхойлдог хувь хүний гол цөм юм. Тийм учраас аливааг үнэлэх үнэлэмж, сонгох, ярих хэв маяг болон асуудлыг ойлгож ухаарах, шийдвэрлэх арга барил, хэм хэмжүүр нь бүгд л зан чанараас үүдэлтэй.
Нэг уйлж эхлэхээрээ зарим хүүхэд уйлахаа ер больдоггүй байхад зарим хүүхэд тэвэрч аргадахаар амархан тайвширчихна. Зарим хүүхэд тэгтлээ их уйлаад ч байдаггүй. Адилхан нэг эмнэлэгт төрсөн хэдий ч хүүхэд болгоны хариу үйлдэл өөр өөр. Энэ нь бүгд өөр өөр темпераменттай байдагтаа тэр юм. Темперамент гэдэг нь хүн гаднаас ирсэн алив өдөөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг тодорхойлдог төрөлх шинж чанаруудыг хэлнэ. Эцэг эхийн хүмүүжүүлсэн хэв маяг, хандлага, хүрээлэн буй орчин, амьдралд тохиолдсон алив туршлага зэрэг нийлж байж хувь хүний зан чанар бүрэлдэж төлөвшдөг байна. Нэг ёсондоо зан чанар нь төрөлх шинж чанар болон хүрээлэн буй орчны олдмол хүчин зүйлс нийлж бий болсны үр дүн юм.
Зан чанарын төлөвшилд илүү их нөлөөлдөг нь темперамент уу эсвэл орчны хүчин зүйл үү гэдэг дээр эрдэмтдийн дунд одоо ч өөр өөр санал бодол байдаг. Үнэндээ бол хувь хүний зан чанарын тухай судалгаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд зан чанарын тухай онол, тодорхойлолт хараахан тодорхой болоогүй л байна. Хүн аливаа орчин нөхцөлд дасан зохицохын тулд дотор нь зөрчилдөөн, зөвшилцөл гэгч юм байнга л давтагддаг тул зан чанарын онцлог шинж, бүтэц зэргийг шууд тодорхойлох нэлээн адармаатай. Ямартаа л “Хүн тарвас хоёрын доторхыг мэдэх бэрх” гэдэг үг байхав дээ. Үнэн хэрэгтээ хүний сэтгэлийг харж чадахгүй юм чинь яг юу бодож байгааг мэдэх хэцүү төдийгүй яг нарийн дүгнэх ч бас хэцүү юм.
Орчин үеийн сэтгэл судлал хүний зан чанарыг арван найм орчим насандаа төлөвшиж тогтдог гэж үздэг. Зарим хүн өөрийгөө их түргэн зантай байснаа нас явахын хэрээр тайван дөлгөөн болсон гэх юм уу эсвэл хатуу ширүүн ажил хийгээд хатуу ширүүн болсон, дасгал хөдөлгөөн хийгээд идэвхтэй, өөдрөг болсон гэх мэтээр ярьж байдаг. Энэ мэтээр хүний зан чанар урт удаан хугацааны турш өөрчлөгдөж болох юм. Харин ерөнхийдөө сэтгэл судлаачид зан чанар нэг тогтчихвол амархан өөрчлөгддөггүй гэдэг үзэл бодол дээр санал нэг байдаг байна.
Зан чанарын ялгаа нь зөрчил маргааны шалтгаан мөн гэж үү?
Хүн бүр өөр өөр харагддагийн адил хүн хүний зан чанар ч мөн өөр өөр. Тэр байтугай ав адилхан гени хүлээн авч, нэг орчинд өссөн ихрүүд ч хүртэл өөр өөр зан чанартай байдаг. Дэлхийн 7,8 тэрбум хүн 7,8 тэрбум өөр төрлийн зан чанартай. Тиймээс хүн бүр л ам бүлийнхнээсээ эсвэл уулзсан хүнээсээ зан чанарын ялгаа мэдэрнэ.
Адилхан зан чанартай хүмүүс байнга маргалдаж байхад тэс өөр зан чанартай зарим хүмүүс хоорондоо эвтэй сайхан харилцаатай байх нь бий. Үнэндээ хоёр хүний зан чанар хоорондоо хэт адилхан байвал өөрийнхөө дургүй зүйлийг нөгөө хүнээсээ олж хараад байдаг сул талтай. Тиймээс зан чанарын ялгаанаас болоод үүсдэг мэт санагддаг алив зөрчил маргааныг арай илүү ойроос харах юм бол уг маргааны жинхэнэ шалтгааныг зан чанараас биш, харин өөр газраас олно.
Уг шалтгаануудын нэг нь бусдыг алдаа гаргахад “Чи ямар хачин зантай юм бэ?”, “Ийм юм болж байхад чи ингэх ёстой юм биш үү?” гэх зэргээр хэлж бусдын зан чанарыг чичилж онцолно. Хүний зан чанар гэдэг ухамсаргүйгээр өөрийн эрхгүй бий болж бүрдэж, илэрч байдаг зүйл. Тиймээс хүн зан чанарынхаа тухайд хийж чадах юм ер нь тийм ч олон биш. Тиймээс бусдын зан чанарыг шүүмжлэх нь өөртөө дайсан л бэлдэж байгаа хэрэг.
Өөр нэг шалтгаан нь “ялгаатай байхыг” “буруутай байх” гэж үзэн, хоёр хүн өөр өөр үзэл бодолтой байсны төдийд дургүйцэл илэрхийлэх, уурлах, шүүмжлэх явдал юм. Сэтгэл хөдлөл, сэтгэл зүйг судалдаг гэр бүлийн харилцааны судалгааны мэргэжилтэн доктор Жон Готтман (John Gottman) гэр бүлийн зөрчилдөөний үндсэн шалтгаан нь зан чанарын ялгаа биш, харин буруу ярианы арга барил гэдгийг онцолсон байдаг. Сайн яриа хөөрөө өрнүүлж чаддаггүй хосууд бие биенийхээ талаар явцуу ойлголттой байдгаар зогсохгүй ингэснээрээ бие биенийхээ санал зөрөлдөөнийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээсээ болоод харилцаагаа таслахад хүрдэг.
Эцэст нь хэлэхэд хүн ер нь өөрөө болохоор “Би угаасаа л ийм хүн” гэх зэргээр өөрийгөө өөрчлөхөөс татгалзаад байгаа хэрнээ бусад хүнийг болохоор өөрийнхөө стиль, хэв маягт тааруулах гэж хүсдгээс зөрчил маргаан үүсдэг. Хэрэв та өөрсдийнх нь төлөө хийж байна гэж бодоод бусад хүний зан чанарыг өөрчлөх гэж оролддог бол, бусад хүн өөрт чинь хайртай л бол өөрийн чинь хэв маягт таарах хэрэгтэй гэж боддог бол, эсвэл өөрийнхөө зан аашаар шалтаглан бусдын дургүй зүйлийг хийдэг бол хэрүүл маргаан ер зогсохгүй.
Гэр бүлийнхэнтэйгээ хэрүүл маргаантай байгаа бол уг хэрүүл маргааны шалтгааныг тэдний зан чанар гэж буруутгахын өмнө эхлээд өөрийнхөө ярих хэв маяг, хандлагынхаа талаар нухацтай бодоод үзээрэй. Өөрийгөө хэрхэн ярьж, хэрхэн авирлаж байгааг, эсвэл өөрөөс тань өөр зан чанартай бусдын талаар өрөөсгөл ойлголттой байгаа эсэхийг нягтлан шалгах үед асуудлыг болон асуудлын шийдлийг тов тодорхой харах болно.
Зан чанарын ялгааг зөрчил маргаан болгохоос сэргийлэх нь
Зан чанар гэдэг нь хүн тус бүрийн өвөрмөц онцлог шинж төдийгүй хүн бүр өөр өөр зан ааштай. Энэ нь хэн нэгний субъектив өнцгөөс харсан “сайн”, “муу”, “хачин” гэх мэтээр үнэлэгдэх зүйл ч биш юм. Мөн хүн бүрийн зан чанарт эерэг болон сөрөг талууд байдаг. Зан чанар гэгч зөвхөн сайн эсвэл сул талаас бүрдээд байдаггүй. Үзэл бодол, хийсэн сонголт зэргийн үр дүнгээс хамаарч давуу тал нь сул тал, сул тал нь сайн тал болж ч болох юм. Тиймээс ямар нэг зөрчил маргаан хүсээгүй л бол эхлээд өөрийнхөө үзэл бодлыг өөрчилж, бусдын доторх агуу зүйлийг олох хэрэгтэй.
Бусдын талаар ямар нэг таагүй зүйл олж мэдвэл нөгөө хүндээ дайралтанд өртсөн мэт санагдуулахгүй, харин саналыг чинь аятайхан тусгаж авхуулах үүднээс тайлбараа эвтэйхэн үр дүнтэй илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь хань чинь шүдний оогоо дундаас нь шахаж байгаа нь танд таалагдахгүй бол “Яагаад оогоо дандаа дундаас нь шахдаг юм бэ?” гэж шүүмжилж, уурлахын оронд “Дундаас нь шахвал бусад хүмүүс доороос нь дахин шахах хэрэг гарах тул тэдэнд эвгүй байж магадгүй. Доороос нь шахах гэж үзвэл ямар вэ? гээд хүсэж байгаагаа эвтэйхэн илэрхийл.
Хэн нэгэн эвгүй санагдсанаа, сэтгэл дундуур байгаа зүйлээ илэрхийлэхэд та түүнд “Тэр юу нь буруу гэж?” хэмээн үгүйсгэхийн оронд ойлгомжгүй байсан ч хэлэх гэснийг нь дуустал нь сайн сонсож, тэр хүний байр сууринаас адилхан мэдэрч байгаагаа харуулах хэрэгтэй. Танд тийм ч чухал биш мэт санагдах зүйл бусдад том асуудал мэт санагдаж магадгүй юм. Хэрэв та тэдний гомдлыг үнэхээр ойлгохгүй байгаа бол тэд танаас өөрөөр сэтгэж, ярьдаг хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх нь дээр. Бодит байдал дээр та нэгэнт л тэр хүн бишээс цааш өөр хүнийг бүрэн ойлгоход хэцүү шүү дээ. Заримдаа хэнийх нь зөв бэ гэдэг дээр санал нийлэх гэж оролдохоос илүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлбэл бүх зүйл амархан шийдэгдэж болно. Жишээ нь шүдний оогоо хаанаас нь шахах талаар маргахын оронд хоёр тусдаа оо авч, тус тусдаа хэрэглэхэд л болно.
Хоорондоо эвтэй айл гэрийнхэн ижилхэн зан чанартай гэхээсээ илүү бие биенээ анхаарч халамжлан, хөгжилтэй яриа хөөрөө өрнүүлэх замаар зөрчил маргаан үүсэхээс зайлсхийдэг. Хоорондын харилцаа сайн бол зан чанарын ялгаа гэгч зүйл тийм ч том асуудал биш. Бусдад хүндэтгэлтэй хандаж буй мэт, бусдад тав тухтай сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар ярих нь л чухал. Ингэхийн тулд өөрийнхөө зан чанараас үүдэлтэй үг, үйлдлийг дагахаас илүү хүссэнээрээ хариу үйлдэл үзүүлдэг байдлаа хянадаг байх хэрэгтэй. Аливаа өдөөлтийг таньж мэддэг, сэтгэл хөдлөлөө хянадаг, сэтгэх бодох үйл явцаа анзаардаг, гаргах авир үйлдлээ бие даан шийддэг байхын тулд төлөвшил, уян хатан байдал гэгч юм хэрэгтэй. Үүнд дасгал сургуулилт их шаардагдана. Ер нь өөрийнхөө болон бусдын зан чанарыг өөрчлөх боломжгүй байж болох ч ярианы хэв маягаа өөрчилснөөр, мөн зөрчил маргаанаа багасгах гэж хичээснээр бусадтай харилцах харилцаагаа сайжруулж чадах юм.
Харвардын их сургуулийн судалгаагаар хүн хоорондын харилцааг аз жаргалтай амьдралын хэм хэмжүүр, хамгийн том шалгуур болгон сонгосон байдаг аж. Энэ нь амьдралын баяр баясгалан, аз жаргал бусадтай хэр зэрэг нийцтэй, зохицож байгаагаас шалтгаална гэсэн үг. Сэтгэл зүйч Альфред Адлер (Alfred Adler) “Бүх асуудал хүн хоорондын харилцааны асуудлаас үүдэлтэй” гэсэн байдаг. Хүн хоорондын харилцаа нь насан турш хийж дуусахгүй даалгавар гэхэд болно.
Ер нь бол бусдыг ойлгож, хүлээн зөвшөөрнө гэдэг тийм ч хялбар биш. Гэсэн хэдий ч энэ нь зүгээр нэг бусдад анхаарал халамж тавьж байгаа үйлдлээр дуусдаггүй, эргээд өөрт маш том шагнал болж буцаж ирдэг. Өөрийнхөө зан чанараас өөр зан чанарыг таньж мэдэх, хүлээн зөвшөөрөх явцдаа хүн өөрөө ертөнцийг үзэх шинэ үзэл бодолтой болж, ухаан, тэсвэр тэвчээр, өөрийгөө хянах чадвар, ёс зүйтэй байх гэх мэт сайн зан чанартай болж төлөвшиж байдаг байна.
Төрөлх араншин болон өсөж торних явцад тогтсон зан чанар хоёроос гадна хүн хоорондын зөв харилцаатай байхыг сурч, харилцааны чадвараа хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж гэмээнэ сайн сайхан зан чанар бүрэлдэн тогтдог. Ямар төрөлх араншинтай, ямар зан чанартай байх нь тийм ч чухал биш. Асар их хичээл зүтгэлээр бүрэлдсэн зөв сайхан зан чанар чинь л таныг аз жаргалтай амьдралд хөтлөх хөтөч болдог жамтай.