Гэрийн ажлаа хуваарилах нь гайхамшигт хүч агуулдаг

Гэрийн ажил нь хүн бүрийн ажил төдийгүй үүнд санаа тавина гэдэг ам бүлээ, өрх гэрээ гэсэн хайр юм.

59,384 үзэлт

Хоол хийх, аяга таваг угаах, угаалга хийх, цэвэрлэгээ хийх, гэр орноо эмхэлж цэгцлэх, хогоо ялгах, хогоо асгах, дэлгүүрээр явж хүнсээ цуглуулах гээд л. Гэрийн ажил өдөр бүр л давтагдана. Хийлээ гээд тийм ч их мэдэгдэхгүй хэрнээ хийхгүй бол харин ив ил харагдаж байдаг. Гэрийн ажил гэдэг энгийн, өчүүхэн шалихгүй мэт санагддаг ч үүнээс л болж чамгүй олон гэр бүл зөрчилддөг шүү дээ. “Тэр яахаараа гэрийн ажил хийхэд минь тусалж болдоггүй юм?”, “Намайг өдөржингөө ажил хийгээд ирж байхад яахаараа намайг гэрийн ажилд туслуулах гэдэг байна аа?”, “Ээж л үүнийг хариуцна” гэх зэргээр зөрчилдөх энүүхэнд. Асуудал нь гэрийн ажил биш, харин гэр бүлийн гишүүдийн хоорондын ойлголцлын зөрүүнд л байгаа юм.

Зарим үед гэрийн ажил хиймээргүй санагдаж, гэрийн ажил хийнэ гэдэг нэг л өчүүхэн өрөөсгөл мэт санагдаж мэдэх юм. Гэвч гал тогооны өрөөний угаалтууранд аяга таваг овоорч, үнэр танар гарч, хөргөгч хоосон, энд тэндгүй юм хөглөрч, хог новш ихтэй, юмаа угаагүйгээс болоод хиртэй хувцас дээр дээрээсээ овоорч байвал ямар вэ дээ? Тийм гэр оронд бие сэтгэл аль аль нь тавгүйрхэж хэцүүдэх байлгүй.

Цаг гарган, сэтгэлээ зориулж хичээж хийсэн хоол шим тэжээл агуулахаас гадна гэр бүлээ гэсэн хайрыг агуулж байдаг. Ийм хоолыг идэх гэр бүлийнхэн сэтгэл хангалуун байж, догдлон, хамт хоол идсэндээ ойр дотно болж, улмаар хоорондын харилцаа ч сайн байна. Угаалга цэвэрлэгээ хийхэд ч мөн ялгаагүй хайр золиос хэрэгтэй. Гэрийн ажлаар дамжин шууд бусаар илэрдэг хайр гэгч зүйл айл гэрийг амар тайван, сэтгэл амгалан байлгадаг.

Гэр орны ажил бол гэр бүлийнхний бүгдийн хийх ёстой ажил

Зөвхөн нэг хүн гэрийн бүх ажлыг хийхэд бусад хүнд нь аятайхан байх л даа. Харин тэгсний гаж нөлөө дараа нь гардаг. Жишээ нь эхнэр нь гэрийнхээ хамаг ажлыг хийгээд, нөхөр хүүхэд нь юу ч хийдэггүй байж гэж бодъё. Тэгтэл эхнэр зайлшгүй шалтгаанаар хаа нэгтээ явах болбол яах болж байна? Гэрийн үлдсэн хүмүүс хоолоо гаднаас авах эсвэл хоолгүй хонох хэрэгтэй болно. Эхнэр нь өвдвөл яах болж байна? Гэр орон тэр чигтээ эмх замбараагүй болно шүү дээ.

Гэрийн ажилд оролцох нь зөвхөн ажил хөдөлмөрөө ч хувааж хуваарилаад байгаа юм биш. Энэ нь гэр бүлийн гишүүдэд байх ёстой зүйл төдийгүй нэг ам бүл гэдгээ нотлох арга зам юм. Олон олон судалгааны үр дүнгээс харахад аливаа гэр бүл ажил үүргээ хуваалцах тусам амьдралдаа сэтгэл хангалуун байдаг аж. Нэг гэрт амьдардаг хэрнээ компьютер дээр суух, зурагт үзэх зэргээр цагийг тус тусдаа өнгөрөөж болно л доо. Харин гэр орны ажлаа хуваагаад хийвэл тэдэнд аяндаа л өөр хоорондоо харилцах боломж гарч, улмаар өөрсдийгөө гэр бүлийн салшгүй хэсэг гэдгийг ухаарах юм.

Түүнээс гадна гэр орны ажил хийнэ гэдэг бол гэр бүлээ, орон гэрээ гэсэн хайраа харуулж байгаа хэрэг юм. Хүчээр албадлагаар, зүгээр л би хийх ёстой гэсэн өнцгөөс гэрийн ажил хийхийн оронд өөрийгөө болон гэрийнхнээ тав тухтай орчинд байлгах амьдралын нэг хэсэг нь гэрийн ажил гэдгийг сэтгэл оюундаа хадгалаарай. Ийм сэтгэлээр гэр орноо өөд нь татвал гэр орны ажил гэдэг хүчир хөдөлмөр байхаа больж, харин ч баяр хөөр болж хувирна.

Гэрийн ажлын хүүхдэд үзүүлэх үр нөлөө

“Гэрээ цэвэрлэ гэж хүүхдээсээ гуйсны дараа миний цэвэрлэх юм бүр ч их болдог”, “Сурах цаг ч олигтой гарахгүй байхад нь яаж хүүхдээ гэр цэвэрлэ гэх билээ дээ?” Ихэнх аав ээжүүд гэрийн ажилд хүүхдээ хамжуулах гэхээсээ ганцаараа хийх нь хавьгүй дээр гэж үздэг. Тэдэнд ингэж бодох олон шалтгаан байдаг боловч гэрийн ажил хийх нь хүүхдүүдийн сургууль дээрээ эсвэл номноос сурч мэдэх зүйл биш юм. Тиймээс хүүхдэд багаас нь эхлээд бага багаар гэрийн ажил хийх боломж өгөх нь зүйтэй. Гэрийн ажилд туслах нь зөвхөн аав ээждээ тусалж байгаа хэрэг биш, харин боловсрол олж байгаа хэрэг юм.

Хүүхэд ямар нэг үүрэг хүлээхээрээ хариуцлагатай байх гэгчид суралцдаг байна. Хүлээж авсан үүрэгт ажлаа хийх явцдаа аливаа юмыг өөрийнхөөрөө хийж чадах юм байна гэсэн итгэлтэй болдог. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь ихээхэн тусалдаг юм. Зөвхөн түүгээр ч зогсохгүй тэд өрөөгөө цэгцэлж, хийх ажлынхаа дарааллыг тогтоож, эмх цэгцтэй байхад сурна. Тэд мөн аливаа юманд илүү их сонирхолтой болж, үүрэг гүйцэтгэх нь сайжирч, анхаарал төвлөрөлт сайтай, эерэг сэтгэлгээтэй болдог. Гэрийн ажлаа хамтдаа хийснээр хүүхдүүд гэрийнхэндээ яаж үйлчлэхийг ч сурч болно.

Гэрийн ажилдаа туслуулахыг хүсэхдээ тэдний насан дээр хариуцаж чадахуйц ажлыг нь даалгах хэрэгтэй. Хоёр, гурван настай хүүхэд тоглоомоо тоглоомын хайрцганд буцааж хийж, эсвэл номнуудаа номын тавиур дээр нь буцааж тавьж болно шүү дээ. Биеэ дааж сурч байгаа бага ангийн хүүхдүүдээр гал тогоонд ойр зуурын юм бэлдүүлж, аль эсвэл угаах хувцас хунарыг өнгөөр нь ялгаж угаалгын машинд хийх зэрэгт туслуулах боломжтой. Арай дунд ангийн хүүхдүүд бол хичээлдээ өмсдөг шаахайгаа өөрөө угааж ч болно.

Аав ээжүүд зөвхөн золиос гаргаад л, хүүхдүүддээ л үйлчлээд байх нь чухал биш, хүүхдүүдээ гэр орны ажилдаа туслуулж, улмаар гэр бүлийн аз жаргал, эв найрыг мэдрүүлж, бие биедээ хэрхэн туслахыг зааж сургахад тодорхой цаг гаргах нь ч мөн чухал юм. Тэглээ гээд хүүхэддээ томчуудын хариуцах ёстойг хариуцуулж, эсвэл орчин нөхцөл, тухайн байдлыг харгалзан үзэлгүйгээр гэрийн ажил хийлгэх ёсгүй.

Гэрийн ажил хуваарилах “know-how” арга

1. Юунд сайн, түүнийг нь хариуцуул

Гэр бүлийн гишүүдийн тоогоор, эсвэл хүйсийн дагуу, үгүй бол уламжлалт үүргийн дагуу гэрийн ажлыг адил тэнцүү хуваарилахын оронд хэн нь юу хийхийг хүснэ түүнийх нь дагуу хуваарилж өгөхийг хичээ. Хүн бүрийн сайн хийдэг, хийх дуртай ажил өөр өөр. Жишээлбэл ээж нь хоол хийхдээ сайн тул хоол хийх ажлыг нь хариуцаж, аав нь гэрээ цэвэр байлгах дуртай болохоор цэвэрлэгээг хариуцаж, харин хүү нь маш зохион байгуулалттай болохоороо хувцас хунар эвхэх ажлыг хариуцаж болно. Бие биедээ анхааралтай хандаж, эхлээд сайн хийдэг ажлыг нь хуваарилж, үлдсэн ажлыг хамжаад хийгээрэй.

2. Гэр бүлийн гишүүн бүрд даалгасан ажлын хэмжээ чухал биш

Ажлын хэмжээний тухайд зөвхөн шударга байна гэдэг аз жаргал биш. Жаргалтай гэр бүл бол гэрийн ажлаас хэн ихийг хийв, хэн багыг хийв гэдгийг тоодоггүй. Зарим хос гэрийн ажлаа тал талаар нь хувааж аваад ч сэтгэл хангалуун байдаггүй, зарим гэр бүл нэг нь гэрийн ажлаа илүү их хийлээ гээд ч гомдоллоод байдаггүй. Хэн юу хариуцсан нь чухал биш, гэрийн ажлын тухайд тэдний сэтгэл, гэрийн ажлаа хамт хийх гэсэн хүчин зүтгэл нь л чухал юм.

3. Нөхцөл байдлаас хамаараад уян хатан бай

Гэрийн ажил хуваарилсан гээд л гэр бүлийн бусад гишүүдийн хариуцдагийг үл тоож болохгүй. Нөхөр чинь зочны өрөөний шал цэвэрлэх үүрэгтэй боловч нэг өдөр ажлаасаа оройтож иржээ гэж бодъё л доо. Гэр бүлийн доторх тогтсон дүрэм юм чинь гээд зочны өрөөний шалыг нөхрөөрөө цэвэрлүүлэх гэж хүлээх нь арай л дэндэнэ биз? Ийм тохиолдолд зочны өрөөний шалыг өөр хүн цэвэрлэвэл эсвэл маргааш нь хийлгэвэл илүү дээр байх. Ямар ч ажил үүрэгтэй бай, ямар ч дүрэм баримталсан бай нэн түрүүнд бие биедээ хайраар санаа тавьдаг байгаарай.

4. Ажлаа муухан хийлээ гээд хэнийг ч бүү шүүмжил

Нөхөр болон хүүхдүүдийн гэрийн ажил хийх дургүй шалтгааны нэг нь хамаг чадлаараа хийсэн ч тэдэнд шагнал байхгүй явдал. Мэдээж тэд зөвхөн шагнал авах гэж л гэрийн ажил хийв гэж дээ. Гэвч ажлаа муу хийлээ гээд чичлээд буруутгаад байвал дахиж тэр ажлыг хийхийг хүсэхгүй юм. Өмнө нь огт хийж байгаагүй ажилдаа хэн ч төгс төгөлдөр биш шүү дээ. Хариуцсан ажлаа тааруухан хийсэн байсан ч тэрийг нь чичлэх, эсвэл дахин хий гэж хэлэх нь дэмий. Харин ч магт, урамшуул. Магтаал урмын үг гэдэг хамгийн том шагнал юм шүү.

5. Ажлын хэмжээг багасга

Уг нь ямар ч ажил хийдэггүй байсан бол сайхан сан. Гэвч гэр орон гэдэг зүйл заавал л нэг цэвэрлэх юм гарч байдаг. Гэрийн ажлыг харин багасгах арга бий. Ямар нэг юм хэрэглэлээ гэхэд үүнийгээ хаа сайгүй тавьчихвал энэ чинь л өөрөө ажил болчихно. Харин байранд нь буцаагаад тавьчихвал энэ ажил биш. Оймсоо тайлаад хаа нэгтээ тавивал хэн нь ч тэрнийг буцааж авсан бай ажил л болно. Харин оймсоо угаах хувцасны сагсанд хийхэд л ажил биш болно. Мөн хогийг тэр дор нь хогийн саванд хийхийг зуршил болгох хэрэгтэй.

6. Төгс төгөлдөр байх албагүй

Хүмүүст үзүүлэх гэсэн үзүүлэнгийн, загварын гэр л биш бол өдөр бүр цагаа өнгөрөөдөг таны амьдрах орчин болсон гэр орон төгс байх боломжгүй. Тоос шороогүй байх гээд цаг ямагт шүүрдэж, тоос арчих нь амьдрах зорилго биш шүү дээ. Хамгийн гол нь тэр гэр оронд амьдарч байгаа гэр бүлийн аз жаргал чухал. Гэрийнхэн чинь ядарч сульдсан үед гэрийн ажлын хэм хэмжүүрийг бууруулаарай. Халуун ам бүлийнхээ эрүүл мэнд, аз жаргалын хүрээнд л гэрийн ажлаа тохируулах нь ухаалаг хэрэг юм.

Аз жаргалтай гэр бүлд гэрийн ажлаа хийж дуусгаад огт мартаж болохгүй нэг зүйл бий. Энэ бол баярлаж талархаж байгаагаа илэрхийлэх. Гэрийнхнээ мохоож, сэтгэлээр үхүүлэх гэвэл л “Чи зүгээр л хийх ёстой ажлаа хийсэн, юундаа өөрийгөө дөвийлгөөд байгаа юм бэ?” гэж хэлээрэй. Харин тэгэх гээгүй л бол “Чи миний өнөөдрийн ажлыг ёстой их хөнгөвчиллөө”, “Ашгүй чиний ачаар л манай гэр бүл тохитой амьдрах юм”, “Чи өнөөдөр ёстой их ажил хийлээ. Алив жаахан массаж хийгээд өгье” гэх мэтээр хэлээрэй. Нэг их сүртэй том зүйл биш юм шиг хэрнээ таны ийм л магтаал гэрийнхний чинь ядаргааг дорхноо арилгана.