Итгэл нь сонсохоос

Хан Чан Хён / Солонгос, Пусан

13,216 үзэлт

“Ойрд сүмд явж байгаа юм уу?”

“Та номлогч юм уу?”

Сүүлийн үед танилуудын маань надад байнга хэлдэг үг энэ. Тэдний ингэж хэлэхийг сонсоод “Би зөв л яваа юм байна” гэж бодоод санаа амарч байлаа. Тэдний ингэж асууж байгаа нь миний гадаад байдал, үг яриа, үйл хөдлөл өмнөхөөсөө өөр болсон болоод тэр шүү дээ.

Би 19 жилийн өмнө эхнэрээ дагаж үнэнийг хүлээн авсан юм. Эхлээд сүмийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байснаа сүмийнхэнтэй спортын арга хэмжээ болон янз бүрийн үйл ажиллагаанд оролцон аажмаар сүмдээ татагдаж, бүх мөргөлөө сахидаг болсон доо. Харин өдөр тутмын маань амьдрал итгэгч хүний амьдралаас хол байлаа. Хэзээ ч билээ дээ, би ажлаасаа гараад хувийн бизнес эрхэлж эхэлсэн болохоор юу нь нэн түрүүнд гэдгээ ч мэдэхгүй байнгын л завгүй байдаг байлаа. Үүнийхээ үр дагавраар аажим аажмаар Бурханы ажлаас хөндийрч, эхэн үед төрж байсан харамсах сэтгэл маань ч хүртэл байхгүй болов.

Тэгээд зарим үед амьдралдаа алдсан ч юм шиг хоосон оргино. Миний бизнес тодорхой хэмжээнд хөл дээрээ тогтон, томоохон хэмжээний төсөл дээр ажиллах болж, өөрийнхөө ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн мэт санагдаж байсан ч энэ ердөө түр зуурынх байлаа. Ямар нэг зүйл үгүйлээд ч байх шиг. Тэгтэл нээрээ л үгүйлэгдэж байжээ. Бурханы хүүхэд болж агуу ерөөл авсан ч тэнгэрийн шагналыг алдаж, бодит байдлыг л харж ирсэн байж.

Өөрчлөгдөх ёстой гэж бодож эхэлтэл эхнэр маань жолоо барьж байхдаа сургаал сонс хэмээн намайг ятгав. Хот хоорондын бизнес эрхэлдэг болохоор би их олон цагаар машин барина. Бизнесийн ажил ихтэй үедээ бүр өдөрт 12 цаг шахам жолоо барьдаг байлаа. Эхэндээ юу ч бодолгүй сонсож байсан сургаал миний хувьд бизнесийн хамтрагч шиг минь болж, өдөртөө бүр 8 сургаал сонсдог болов. Бурханы үг сонсохын хэрээр зүрх сэтгэл минь уярна.

Ялангуяа “Хүйтэн юм уу эсвэл халуун байгаасай” (Илч 3:15) гэсэн ишлэл, миний үлбэгэр бүлээн итгэлийг чимхэх шиг санагдах боллоо. Ертөнцийн хамаг л сайн сайхныг эдэлсэн Соломон хаан яагаад “Бурханаас эмээх нь хүн бүхэнд хамаарна” (Ном.Үгс 12:13) гэж хэлж байсныг нь би ухаарлаа. Тэр үеэс хойш би итгэлийн зөв амьдралаар амьдрахаар шийдэж, ажилтнуудтайгаа ажил хэрэг явуулж байхдаа ойлгож өгөхийг тэднээс гуйн, сургаал тавьдаг боллоо.

Бурханы үг зөвхөн ганц миний сүнсийг сэрээсэнгүй. Надтай байн байн хамт ажлаар явдаг, Бурханд болон шашинд сонирхолгүй байсан нэг хүн сургаал сонссоор байгаад Библийн тухай асууж эхлэн, удалгүй Сионд ирж үнэнийг хүлээн авсан даа.

Хичнээн сайхан гэж санана. Миний зүрх хамаг ертөнцийг эзлээд авчихсан аятай догдолж байлаа. Бизнесээс олж авсан сэтгэл ханамжаас тэс өөр урам зориг амталсныхаа дараа Бурханы үгийг хуваалцах хүсэл минь улам бүр нэмэгдэв.

Юуны өмнө би ажлынхнаа Бурханы энгэрт хөтлөхөөр шийдэв. Үргэлж надтай цуг байгаа ажлынхандаа сайн мэдээ тараахгүй юм бол хэрхэн өөр бусдыг Бурхан руу хөтөлж чадах билээ гэж би бодсон л доо. Ажлынхан маань бүгд л шашны тухайд өөр өөрийн хүсэл сонирхолтой, түүнээс гадна тэд намайг тулган шаардаж байна гэж бодох магадлалтай болохоор би их болгоомжтой хандах хэрэгтэй болов. Тэглээ гээд би тэр сүнснүүдийн төлөө юу ч хийхгүй зүгээр суугаад байж чадсангүй. Тиймээс чин сэтгэлээсээ “Чи жолоо их барьж, талбай дээр байнга л ажилладаг болохоор санаа зовох зүйл их шүү дээ. Бурханаас ерөөл ав л даа” гэж хэллээ. Удахгүй Бурханы намрын баяр болов. Ажилтнуудаа Бурханы Ариун Сүнсээр ерөөгдөхийг уйгагүй залбирсны дараа би хүн болгонд сайн мэдээ тараав.

Бурхангүй үзэлтэй байсан тэдний зүрхэнд Бурханд итгэх итгэл сууж, шинэ амь төрсөөр байлаа. Үнэнийг ухаарахдаа жаахан удаан байсан ч гэсэн тэд танилаа дагуулж ирэн “Одоо ч сурах юм их байна. Сард ядаж хоёр удаа сүм дээр очиж хичээл үзэж байя, та зааж өгч байгаарай” гэж хэлэн харин ч намайг тайвшруулж байлаа. Нэг ажилтан маань хэсэг хугацаанд итгэлийн амьдралаар амьдарсныхаа дараа Сионоос холдон зай барьж, “Итгэлийн тухай яримааргүй байна” гэж хэлсэн нь намайг их өвтгөв. Харин дөнгөж үнэнийг хүлээж авсан өөр нэг ажилтан маань бизнесийн ажлаар хамт явах болгондоо түүнийг халамжилж, санаа тавин, үнэний талаар мэдэхгүй юмаа надаас асууж, миний оронд Библи зааж байлаа. Үүний ачаар тэр ажилтан маань дахин итгэлээ үргэлжлүүллээ.

Эцэст нь бүх ажилчид маань Бурханы хүүхэд болох ерөөл хүртсэн дээ. Одоо зүүдэлж байна уу л гэж санагддаг юм. Ажилдаа явахдаа ажил эхлэхээс өмнө ажлынхантайгаа залбирна. Нэгэн гэр бүл шиг компани болжээ. Бүгд л манай ах эгч дүү нар болохоор ирж очдог ажлын захиалга, тайлан гэх мэт ажлын харилцаатай л байх биш харин бие биенийхээ нөхцөл байдлыг харж, биенээ тайтгаруулан залбирч өгнө. Би ч бас ах эгч дүү нартаа сайн аав, сайн ах шиг нь байх гэж хичээнэ.

Саяхнаас бид Эхийн сургаалыг өдөрт нэг уншиж байгаа. Эхийн сургаалыг дагах л юм бол хуульгүй байсан ч бид ертөнцөд амьдарч чадна гэж итгэж байна. Хайр өгөх, золиос гаргах, даруу байдал, тэвчээр, халамж, буулт хийх гээд ертөнцөд байдаг бүхий л асуудлын хариу Эхийн сургаал дотор байдаг. Өнгөрсөнд би ийм маягаар амьдарвал алдагдалд орно гэж боддог байсан нь миний буруу байлаа. Эхийн хайрыг хэрэгжүүлэх л юм бол итгэл найдвар өсөж, инээд хөөр нэмэгдэж, хэрүүл маргаан ч алга болж байгааг би харсан.

Ажилтнууд маань ажил дээрээ ажлаа чөлөөтэй хийхийг харах ч бас сайхан хэрэг байлаа. Нэг нэгнээ ойлгодог ажилтантай байх надад бүр ч амар байдаг юм. Гэр бүлийнхээ болон ажилчдынхаа амьдрал ахуйн өмнө хариуцлага хүлээсэн бизнес эрхлэгчийн хувьд өөр дээрээ дарамт ачаа үүрдэг байсан үе надад бий. Харин одоо Бурханыг түшээд ирэхээр бүх санаа зовнил, дарамт ачаа байхгүй болсон. Хамаагүй амар тайван, эрүүл чийрэг болж байгаа өөрийгөө хараад Бурханыг болон Бурханы сургаалыг түших нь л туйлын зөв сонголт байжээ гэдгийг ухаарч байна. Өөр нэг сайхан мэдээ гэвэл гэр бүлийн эв түнжин улам бүр бэхжинэ. Одоо би эхнэр хүүтэйгээ илүү аз жаргалтай, илүү утга учиртайгаар илүү их цаг хугацааг өнгөрүүлдэг болсон. Энэ бүхэн Бурханы ивээл, ерөөл юм. Миний амьдралыг илүү аз жаргалтай, утга учиртай болгож өгсөн Эцэг Эхдээ үнэхээрийн их талархаж байна.

Нийгмийн амьдрал ба шашин шүтлэг хоёр хоорондоо таарч зохицохгүй гэж би боддог байлаа. Жар гараад тэтгэвэртээ гарсныхаа дараа л Бурханыг зүй ёсоор нь дагана гэж боддог байлаа. Хэн ч маргаашаар сайрхаж болохгүй гэдгийг мартан, би их бардам, мунхаг байж дээ.

Бараг 20 гаруй жил сүнснийхээ Аав Ээжийн санааг зовоож дээ. Тиймээс одоо сайн мэдээний ажилд л өөрийгөө зориулах болно оо. Урьд өмнө хийгээгүй сайн мэдээний ажлаа одоо бүрэн гүйцээх гэж хичээж явна. Сайн мэдээний зорилго төлөвлөгөөтэйгөөр би өдөр бүр баясаж, миний сүнс амьд гэдгээ мэдрэн байна. Өөр өөр чиглэлээр ажиллаж байгаа танилууд, миний хичээл орж байсан оюутнууд… Тэд бүгд л миний хувьд олон сүнс Бурханы энгэрт хөтлөх эрхэм нандин, тийм өргөн сүлжээ байжээ. Сэтгэл минь үргэлж талархлаар дүүрч, өдрөөс өдөрт энэ шийдэмгий тууштай байдал маань хэвээрээ үргэлжлээсэй гэж би залбирдаг даа.