Гэр бүлийн харилцан итгэлцэл
Айл гэрийн доторх харилцан итгэлцэл амьдралд ихээхэн урам хүч болдог. Ямар ч болзолгүйгээр, эцсээ хүртэл гэрийнхэндээ итгэж, дэм өгөөрэй.
Хэн нэгний өгсөн юмыг уугаад амиа алдсан, албан байгууллагын нэр барин утасдаж, их хэмжээний мөнгө гуйвуулан залилж авсан гэх зэрэг мэдээ их цацагдана. Өнөөгийн нийгэмд залилан, луйвар газар авч байгаа тул “Айл хүний амь нэг” гэх үг утгаа алдаж, айл хөршийнхөндөө ч итгэхгүй, хаалга үүдээ дангинатал түгжчихээд, хажуу айлд нь ямар хүн амьдардгийг ч мэдэхгүй хүн их. Бие биедээ итгэхгүйгээс бусдын өчүүхэн сайхан хандлагад ч болгоомжилж, юун түрүүнд сэжиглэх энүүхэнд болж. Ямартаа 24 цагийн хяналтын камер (CCTV) их суурилуулж байхав.
Хүн хүндээ итгэхээ байсан энэ цаг үед өрх гэрийнхэн ч ялгаагүй. Зарим нь хань ижлийнхээ машинд байршил тогтоогч төхөөрөмж суулгаж, зарим нь бүр угийн хийх ёстой ачлах үүргийн тухайд хүртэл бичгэн гэрээ үйлдэх болсон. 2017 оны 11 сард нэгэн зах зээлийн судалгааны компани улс даяарх 13-59 насны эрэгтэй эмэгтэй 1000 хүнээс гэр бүлийн харилцааны талаар судалгаа авчээ. Уг судалгаагаар бол оролцогчдын ердөө 66,9% нь өөрийг нь ямар ч буруу юм хийсэн гэрийнхэн нь өөрийнх нь талд байна гэдэгт итгэлтэй байжээ.
“Хаан, түшмэл хоёр нэг нэгэндээ итгэхгүй бол улс орон тогтворгүй. Эцэг, хүү хоёр бие биедээ итгэхгүй бол өрх гэр эв найргүй. Ах дүү хоёр нэгэндээ итгэхгүй бол ойр дотно байж чадахгүй. Найз нөхөд нэгэндээ итгэж чадахгүй бол нөхөрлөл хөндийрнө.”
Эртний дорнын сударт ийн өгүүлсэнчлэн хүмүүс нэг нэгэндээ итгэхгүй бол харилцаагаа сайхан авч үлдэх боломжгүй. Итгэлцэл гэгч нь хүний харилцааны үндэс суурь. Ялангуяа айл гэрийн доторх итгэлцэл бүр ч чухал. Гэр бүлийн дотор харилцан итгэлцэл байж гэмээнэ яриа хөөрөө дэлгэж, чин сэтгэлийн яриагаар дамжуулан аз жаргал эдэлж, сэтгэл хангалуун байх юм.
Итгэлцэл дээр тогтох гэр
“Чи дахиад л гэрийн даалгавраа хийгээгүй, тийм биз? Намайг мэдэхгүй гэж бодоо юу?” “Ёо, чамд итгэдэг миний л буруу.” “Чи заавал үглүүлж байж үгэнд орох юм уу?” “Чамайг яаж ч үнэнээ хэлсэн би чамд итгэхгүй.”
Бие биедээ итгэдэггүй гэр бүлд байнгын зөрчил гарч байдаг. Ёжлох үг, эргэлзэх үг, тушаах, албадах үг, зэмлэх зэрэг болгоомжгүй үгс нөгөө хүнээ гомдоож, иймэрхүү хандлагатай үг ярианд гэр бүлийн холбоо тогтох боломжгүй.
Гэрлэсэн хосуудын харилцаа хайр, итгэлцэл дээр тогтдог учраас итгэлцэлд нь ан цав үүсвэл хайраа ч удаан хадгалж чадахгүйд хүрдэг. Хэн хэндээ итгэх итгэлтэй бол хань нь ямар нэг сэтгэл дундуур зүйл гаргасан ч нэг их асуудал болголгүй даван туулж чадна. Харин харилцан нэгэндээ итгэлгүй бол өчүүхэн маргааныг ч шийдвэрлэх бэрх.
Аав ээжийнх нь хүүхдэдээ итгэх итгэл өсөж буй хүүхдэд ихээхэн нөлөөлнө. Багадаа аав ээжийнхээ урам зориг, итгэлийг хүлээсэн хүүхэд өөртөө итгэх итгэл сайтай, өөрийнхөө туршлагад үндэслэн, шинэ орчин нөхцөлийг хэрхэн даван туулах чадварт суралцдаг. Гэвч насан турш эцэг эхийнхээ итгэлийг дааж байгаагүй хүүхэд өөртөө итгэлгүй байгаад зогсохгүй сэтгэл хөдлөлөө ч шуудхан илэрхийлж чадахгүй, өчүүхэн зүйл дээр ч шалтаг тоочиж, худлаа ярьдаг. Аав ээжийгээ өөрт нь хайргүй гэсэн бодол нь зөрүүд занд хөтөлж, улмаар аав ээжийнхээ хүсэж байгааг хиймээргүй санагдаж, хүслийнх нь эсрэг явж ч мэднэ.
Хүүхдүүд нь эцэг эхтэйгээ ярилцах дурамжхан, эсвэл эхнэр нөхөр хоорондоо халуун дотно яриа өрнүүлж чадахгүй байгаа бол эхлээд итгэлцлээ сэргээх хэрэгтэй. Эхнэр нөхөр хоорондоо, эцэг эх үр хүүхэд бие биедээ итгэдэг бол илэн далангүй яриа өрнүүлж чадахаар барахгүй алив гэнэтийн гуйлтанд ч дор нь зөвшөөрнө. Айл гэр санаанд оромгүй хүндрэл бэрхшээлтэй тулгарахад гэр бүлээрээ хамтран, хүчээ нэгтгэн, даван туулж чадахад итгэлцэл гэгч зүйл асар их нөөц боломж болдог.
Итгэвэл итгэл даагч болно
АНУ-ын сэтгэл судлаач Роберт Розентал нэгэн бага сургуулийн бүх сурагчдаас IQ тест авсны дараа ангийн багшид нь хэдэн хүүхдийн нэрсийн жагсаалт өгөөд, “Эдгээр сурагчид IQ өндөртэй тул хөгжих боломжтой юм байна.” гэж хэлжээ. Найман сарын дараа нэрсийн жагсаалтанд байсан сурагчид бусад сурагчидтай харьцуулбал нээрээ л сурлага нь мэдэгдэхүйц сайжирсан байв. Үнэн хэрэгтээ багшид өгсөн нэрсийн жагсаалт нь IQ хамааралгүй, санамсаргүй байдлаар сонгосон нэрс байжээ. Жагсаалтан дээрх сурагчид хөгжих магадлалтай гэсэн багшийн итгэл тэдгээр сурагчдад эерэг нөлөө үзүүлсэн байв.
1954 онд Хавайн арлуудын нэг, Кауаи арлын 800 орчим оршин суугчдаас “Ар гэр, нийгэм, эдийн засгийн байдал хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг” талаар өргөн хэмжээний судалгаа явуулжээ. Тухайн үед уг арлынхны орчин нөхцөл тун тааруу, архичид, өсвөр насныхны гэмт хэргийн асуудал тун ноцтой байв. Салбар салбарын мэргэжилтнүүд судалгаанд хамрагдагсдыг төрсөн цагаас нь эхлэн насанд хүрэгч болтол нь амьдрал ахуйг нь судлаад зогсохгүй нэн ядуу орчинд амьдардаг 201 хүнийг эрсдэлтэй бүлэгт хамааруулан, нийгэмд зохицох чадваргүй хүн болж өснө гэж таамаглажээ.
Гэвч тэдний таамаглал буруу байв. Эрсдэлтэй бүлэгт хамаарсан 201 хүнээс 72 нь ямар ч асуудалгүй зөв өсөж, зарим нь бүр нэртэй их дээд сургуульд тэтгэлгээр сурсан байлаа. Тэдний тухайд нэг ийм нийтлэг зүйл байв. Тэднийг ямар ч нөхцөлд хайрлаж, тэдэнд итгэдэг дор хаяж нэг хүн амьдралд нь байв.
Хэн нэгнээс итгэл, урам зориг авсан хүн ер нь сэтгэлийн тэнхээтэй, дасан зохицох чадвар өндөртэй байдаг аж. Сэтгэлийн тэнхээтэй, дасан зохицох чадвартай байна гэдэг нь саад бэрхшээл, сорилт шалгууртай тулгарах үедээ түүнийгээ даван туулах хүчийг хэлэх юм. Гэрийнхэн, багш, найз нөхөд гээд өөрт нь итгэдэг хэн нэгэн байх л юм бол тэр итгэлийг нь даах гэж хичээнэ.
Итгэл хүлээлгэнэ гэдэг нь нөгөө хүнээ өөрчлөх хамгийн том хүч болдог. Санаа зовж, бухимдсан 10 яншаа үг хэлэхээс илүү зүгээр л “Би чамд итгэж байна” гэсэн ганц үгний үр нөлөө их. Дутуу дулимаг, найдваргүй хүн байсан ч нэг итгээд үзвэл итгэл даах хүн болно. Дор хаяж өөрт нь итгэсэн хүндээ итгэл даах хүн нь байх юм.
Итгэл хүлээлгэхийн утга учир
Хүнд итгэнэ гэдэг тэр хүнийхээ үгийг үнэн гэж итгэхээс гадна тэр хүнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хараахан илрээгүй далд чадамжийг нь ч дэмжихийг хэлнэ. Түүнээс биш өөрийнхөө найдаж байгаа жишигт хүрэхийг л хүсэх нь жинхэнэ итгэл биш. Жишээ нь шалгалтын үеэр уйгагүй хичээллэх хүүхдээ хараад дүн нь сайжирна гэж бодож байтал тэр найдварт нь хүрэхгүй тохиолдол бий. Ийм тохиолдолд эцэг эхийн урам хугарч, хүүхдээ зэмлэсэн бол энэ нь хүүхэддээ үнэхээр итгэсэн хэрэг мөн гэж бодож байна уу? Магадгүй хүүхэддээ итгэсэн гэхээсээ илүү өөрийнхөө найдварт л итгэсэн хэрэг.
Хүнд итгэж байгаа л бол тэр хүн заримдаа үг, үйлдлээрээ сэтгэл шархлуулсан ч цаана нь нэг сайн санаа байж л таараа гэж итгэн ойлгохыг хичээдэг. Хүүхэд чинь таныг болиулах гэж оролдсон ч аяганд ус хийхдээ асгасан гэж бодъё. Ундууцаж хүүхдээ загнаж болох ч харин хүүхэд өөрт чинь ус хийж өгөх санаатай байсан байж болно шүү дээ. Тиймээс зөвхөн гадна байдлыг өнгөц харалгүй, далд санааг нь мэддэг чадвар хэрэгтэй. Тэглээ гээд хүүхэд нь бусдад хохирол учруулсан байхад хүртэл “Манай хүү тийм муу хүүхэд биш” гэж шууд хаацайлаарай гэсэн утга биш л дээ. Итгэх хаацайлах хоёр ялгаатай.
Үнэндээ хэн нэгэнд бүрэн итгэнэ гэдэг амаргүй. Учир нь итгэхийн тулд тэвчээргүй яаруу байдлаа шууд больж, тэвчээртэй байх хэрэгтэй. Үгээрээ бол итгэж байгаа гэх мөртлөө юм юманд нь хөндлөнгөөс оролцож хутгалдаад байвал нөгөө хүн өөрт нь итгэж байна гэж бодохгүй шүү дээ. Магтууштай сайн юм хийхэд нь баярлаж магтаад л, буруу юм хийж, алдаа гаргахад нь ч мөн ялгаагүй буруутгаж зэмлээд л. Итгэж байгаа бол ер нь тэвчээртэй хүлээцтэй байх хэрэгтэй. Гол нь нөгөө хүндээ итгэж байгаа гэсэн өөрийн чинь бодол биш, нөгөө хүн өөрт нь итгээд байгааг чинь л мэдрэх чухал.
Гэр бүлийнхэн бол хэзээд итгэж байх ёстой оршихуй. Мөн эцсээ хүртэл итгэлийг нь алдаж болохгүй хамгийн эрхэм хүмүүс. Үр нөлөөгүй эм байлаа ч жинхэнэ эм гэж бодоод итгээд уувал жинхэнээсээ сайн үр дүн гардаг “плацебо нөлөө” шиг гэр бүлийнхэндээ итгэх эерэг итгэл нээрээ л үр дүнтэй байдаг.
Гэр бүлийнхээ хязгааргүй их итгэлийг хүлээх, мөн хэзээ цагт өөрийн чинь талд ордог хэн нэгэн байх нь хичнээн аз жаргалтай хэрэг билээ дээ. Энэхүү жаргалаа хадгалахын тулд гэр бүлийнхнээ өөртөө л ямар ч болзолгүйгээр итгүүлэх гэхийн оронд өөрөө ч гэрийнхэндээ итгэх итгэлцэл төрүүлдэг байх хэрэгтэй. Юм л бол худлаа ярьж, хариуцлагагүй, үг үйлдэл чинь зөрөөд байвал тэдний танд итгэх итгэл алдрахаас өөр аргагүй. Гэр бүлийнхэндээ эцсээ хүртэл итгэж, өөрт чинь итгэдэг гэрийнхнийхээ урмыг хугалахгүйн төлөө хичээх үед өрх гэрийн доторх харилцан итгэлцэл улам бүр батжина.