Гарын минь хээнцэр тансаг хумс
Ким Ду Ён, Аргентин Буэнос Айрос
Бага байхад нэг ийм юм болж билээ. Би арав орчим л настай байсан. Сургуульдаа ирж очих замд маань нэг гоо сайхны дэлгүүр байдаг байлаа. Тэр дэлгүүрийн гадна хумсны будаг дүүрэн сагс байдаг байсан сан.
Нэг удаа надаас хоёр насаар дүү охин дүү бид хоёр дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө тэр сагсны өмнө зогсов. Өнгө өнгийн шингэнээр дүүргэсэн жижигхэн шилтэй лакнууд ёстой гоё харагдаж байлаа. Өмнө нь би хумсаа огт будаж үзээгүй болохоор хааяа найзууд маань надад будсан хумсаа гайхуулахад нь миний атаархал төрдөг байсан л даа. Магадгүй тэрнээс ч болсон уу, сагстай хумсны будагнаас би өөрийн мэдэлгүй нэгийг бушуухан аваад халаас руугаа хийчихлээ.
Яг тэр үед худалдагч дэлгүүрийнх нь урд нэлээн удаан зогссон биднийг сэжиглэнгүй байдалтай гарч ирэв. Тэрийг гялс анзаарсан дүү охин маань нөгөө хумсны будгийг миний халааснаас гялс авч байранд нь буцааж тавив. Би гэж хүн дүүгээсээ ичин барин гэртээ ирлээ. Түүнээс гадна дүү болсон бүх явдлыг ээжид хэлж, намайг загнуулав.
Маргааш нь намайг хичээлээсээ иртэл ээж хаалганы урд угтан, гартаа нэг юм бариад ардаа нуучихсан ингэж хэлэв.
“Ээж нь охиндоо бэлэг авсан!”
Ээжийн гараа дэлгээд надад үзүүлсэн зүйл нь хумсны будаг байлаа. Од гялалзсан, тунгалаг номин өнгөтэй хумсны будагтай болсондоо би маш их баяртай байж билээ.
Тэр үеэс хойш одоо 20 жил өнгөрч дээ. Энэ явдлыг дурсах бүрийдээ ээжээсээ уучлал эрмээр санагдаж, бас ээждээ их талархдаг юм. Дэлгүүрээс юм хулгайлсан болчимгүй охиноо зэмлэсэндээ өрөвдсөн байх. Тийм өчүүхэн нэг хумсны будаг ээжийн минь санааг зовоож, гялс гадагшаа гарч худалдаж авахад хүргэсэн байна шүү дээ. Хэцүү бэрхийг туулан, хүүхдүүдээ өсгөх гэж зав зайгүй байдаг болохоор ээж минь өөрөө ч будаж үзээгүй тэр хумсны будаг миний бяцхан гарыг ёстой нэг хээнцэр тансаг болгож гялалзуулж байсан даа. Ээжийнхээ халамж, хайранд л их талархдаг юм. Удахгүй ээж дээрээ очихоороо гарыг нь нэг сайхан халуун дулаанаар атгамаар санагдчихлаа.