Инээд хошигнол дүүрэн жаргалтай айл гэр
Инээх үед хүний сэтгэл нээгддэг. Хүмүүний сэтгэл зүрхийг нээдэг инээд хошигнол гэгч эерэг, халуун дулаан сэтгэлээс гардаг байна.

Ирландын Дублин хотод болсон нэгэн оршуулгын ёслолын үеэр хүмүүс гашуудлын байдлыг эвдэж, баярын уур амьсгалтай болтол инээлдэв гэнэ. Учир нь талийгаачийн охин гашуудагсдыг инээлгэх талийгаачийн хүсэлтийн дагуу урьдчилан хийсэн нэгэн хөгжилтэй бичлэг тавьсан аж. Архаг өвчнөөр шаналж байсан хэр нь цаг үргэлж инээд хөөр болдог байсан уг талийгаач оршуулах ёслол дээрээ ч хүртэл эргэн тойрныхондоо инээд хөөр бэлэглэсэн байгаа юм.
“Инээд хөөр, зөв хошигнол хоёр шиг эсэргүүцэх аргагүй, халдвартай зүйл энэ дэлхийд байхгүй” гэж Чарльз Диккенсийн хэлсэнчлэн амьдрал хэцүүгийн хэрээр хошигнолын ашиг тус илүү анхаарал татаад байгаа. Хошин шогийн мэдрэмж нь удирдагч хүнд байх ёстой чанар болж, хошигнох чадварыг байгууллага компаниуд нааштай хүлээн авч, хошин байдлаар хийсэн зар сурталчилгаа илүү их борлуулалттай байдаг байна. Инээд хошигнол гэгч зүйл 21-р зуунд амжилтын түлхүүр үг болон гарч ирээд байгаа. Магадгүй ийм шалтгаанаар “Оршуулгын ёслол дээрх инээдэм” сэтгэл хөдлөм түүх болсон байх.
Айл гэрийн дотор бол хошигнол бүр ч чухал. Айл гэрийнхэн хошин яриа хөөрөө, инээдэмтэй үйл явдал зэрэгт инээлдэх үед тэдний хувьд гэр нь амарч тайвшрах хоргодох газар болдог. Инээд хошигнол байхгүй бол тэр таагүй уур амьсгалаас болж сайхан болж болох байсан зүйл ноцтой болж ч магадгүй.
Хошигнол бол амьдралын тосолгооны материал
АНУ-ын Southwest Airlines компани дөч гаруй жилийн турш ашиг орлого сайтай ажиллаж байна. Уг агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал Херберт Келлерхер “Хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгахын тулд эхлээд ажилчдаа хөгжөөх ёстой” гэж итгэдэгтээ хошин шогийн жүжигчдээс дутахааргүй хошин мэдрэмжтэй нэгэн. Түүний хошигнох менежмент хамт олныг нь урам зоригтой болгож, мөн үйлчлүүлэгчдээ инээлгэдэг нь урт хугацааны ашиг олох нууцуудын нэг болсон аж.
Хошигнолын тухайд зөвхөн инээлдээд дуусдаггүй. Инээх үйлдэл янз бүрийн утгатай ч үндсэндээ сэтгэл нь нээлттэй байна гэсэн үг. Анхны уулзалт дээр ч хэн нэг нь хошин шог юм ярьж эхэлбэл таагүй уур амьсгал алга болж, төд удалгүй дотносож эхэлдэг. Хүмүүс хамт инээлдэхээрээ цэрвэх болгоомжлох юм алга болж, бие биедээ илүү дотносож ойртдог байна.

Бусдыг хийгээсэй гэж хүсэж байгаагаа хошин байдлаар хэлэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь хүн инээхээрээ сэтгэл нь сайхан болж, улмаар тухайн хэлсэн үгийг илүү нааштай хүлээж авдаг. Хүн ер нь бусдыг инээлгэдэг хүний ятгалганд орох магадлалтай байдаг аж. Хоорондоо санал нийлээгүйгээс болж сэтгэлд таагүй байдал үүссэн юм уу, эсвэл яриа хөөрөө жигдрээгүй үед ч наргиа хошигнолоор таатай уур амьсгал бүрдүүлээрэй. Дараа нь маргаан, зөрчлөөс зайлсхийх боломжтой шүү дээ. Нэгэнт бүгд инээлдээд ирэхээр таагүй мэдрэмжүүд угаасаа бага багаар арилна.
Хувьслын сэтгэл судлаач Робин Данбар 2011 онд нэгэн туршилтанд оролцогчдын гар дээр хүйтэн даавуу тавьж, хөлийг нь нугалуулан, хагас суугаа байдлаар зогсоож, өвдөлт мэдрэх нөхцөл байдал үүсгэжээ. Тэгээд тэдэнд янз янзын кино үзүүлж, хэр тэсвэрлэх чадвартайг нь хэмжсэн байна. Тэгтэл инээдмийн кино үзсэн оролцогчид өвдөлтийг хамгийн удаан тэвчиж чадсан байгаа юм. Энэ нь инээд хошигнол гэгч зүйл стресс багасгах нөлөөтэйг харуулж байна. Стрессийг даван туулах хамгаалалтын механизмуудын (бухимдлаас өөрийгөө хамгаалах автомат хариу үйлдэл) дотроос инээд хошигнол нь төлөвшсөн, өндөр түвшний ангилалд багтдаг аж. Балар эртний үед хүн төрөлхтөн аюултай нөхцөл байдалд тэмцэж тулалдах, зугтах гэсэн хоёр арга зам байсан гэдэг. Харин өнөө үед бол тэмцэх, зугтах, эсвэл зүгээр л инээх гэсэн гурван хувилбар байдаг байна.
Инээд хошигнол нь бусадтай харилцах харилцааг бэхжүүлээд зогсохгүй стресс, ядаргааг багасгаж, эрч хүч нэмдэг төдийгүй хүний амьдралд тос, тосолгооны материал шиг л байдаг аж.
Хүүхдийн хошигнох мэдрэмжинд аав ээжийн нөлөө их
Бүх аав ээжүүд хүүхдээ сайхан зан чанартай, нийтэч байгаасай гэж хүсдэг. Хүүхдүүд нь бүтээлч, дээр нь хичээл сурлагадаа сайн бол бүр болоод явчихлаа л гэсэн үг. Хошин мэдрэмж гэдэг бол аав ээжүүдийн энэ хүслийг биелүүлэх чухал түлхүүр. Оюуны коэффициент (IQ), сэтгэл хөдлөлийн коэффициент (EQ), хүсэл эрмэлзлийн коэффициент (PQ), ёс суртахууны коэффициент (MQ) зэрэг нь бүгд л хошин мэдрэмжтэй холбоотой.
Баяр хөөрөө хошигнолоор илэрхийлдэг хүүхэд үе тэнгийнхэндээ их таалагдаж, найз нөхөдтэйгээ сайхан харилцаатай байдаг. Хүүхэд ер нь өөрөө инээж хөхөрч, бусдыг инээлгэж байж эмпати сэтгэл бий болж, хүнтэй харилцаж сурдаг. Ийм эмпати чадвар нийтэч байдалтай нягт холбоотой. Учир нь хүүхэд хэрэв бусдын байр суурийг эхэлж боддог эмпати чадвар муутай бол түрэмгий, хувиа хичээсэн зантай, найзалж нөхөрлөхөд хэцүү нэгэн байдаг.

Харин хошигнох мэдрэмжтэй хүүхэд чөлөөт сэтгэхүйтэй, бүтээлч нэгэн байдаг. Бүтээлч хүмүүсийн амны уншлага болсон Стив Жобс нас барах үедээ ч инээдэмтэй юм ярьж байсан гэдэг. Ер нь бодлын ерөнхий урсгалаас хазайхаараа хүн инээдэг байна. Тэгтэл аливаа бүтээлч байдал бодлын хүрээг эвдсэн ер бусын санаанаас урган гардаг нь хошигнол, бүтээлч байдал хоёр харилцан хамааралтайг илтгэнэ. Тиймээс инээд хошигнол нь хүний бодол санаа, оюун ухаан, төсөөллийг өөрчлөөд зогсохгүй хэл шинжлэлийн оюун ухааныг нь ч хөгжүүлж, улмаар сурах чадварыг сайжруулдаг.
Аав ээж нь гэртээ наргианч, инээдэмтэй хошин яриа өрнүүлдэг тийм таатай орчинд өссөн хүүхэд хошин шогийн мэдрэмжтэй хүн болдог. Хүүхэд инээдэмтэй хошин юм ярихад нь, эсвэл ямар нэг шинэ санаа гаргахад хариуд нь сайн инээж баясаж өгвөл хүүхдийн чинь хошигнох мэдрэмж нэмэгдэнэ. Учир нь нөгөө хүн үг яриа, үйл хөдлөлийг нь хараад инээх үед түүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, цаашид ч хүмүүсийг инээлгэхийг хичээдэг байна. Хүүхэдтэйгээ хамт сонирхолтой ном уншиж, эсвэл ямар нэг хөгжилтэй зүйл олж мэдээд чанга чанга инээх байдлаар хамт инээлдэж болно. Харин хүүхэд чинь буруу зүйл хийсэн нь тодорхой бол тэр болгонд нь зүгээр л инээж, тоглоом тохуу болгоод байх хэрэггүй. Инээд хошигнолыг сэтгэл санааны зөрчлөө дарах хэрэгсэл болгон ашиглаж болох ч зөв бурууг ялгаж салгах хэрэгтэй.
Аав ээжүүд хүүхэдтэйгээ инээж хошигнохдоо “Ээж нь (аав нь) чамайг инээлгэх л гэсэн юм. Үрдээ тийм их хайртай” гэсэн мессеж өгөх хэрэгтэй. Гэрийнхнээ инээд хөөр дүүрэн байлгахыг хичээдэг аав ээжийнхээ хажууд их инээлдэж хөгжилдөж өссөн хүүхэд аав ээжийнхээ амьдралд инээд хөөр авчирдаг жамтай.
Жинхэнэ хошигнол зүрх сэтгэлээс гардаг
Гадна нийгэм дээр хичнээн ажил төрөлтэй, олонд танигдсан байлаа ч хайртай хүмүүстэйгээ инээд хөөрөө хуваалцдаггүй бол жинхэнэ аз жаргалтай байж чадахгүй. Гэртээ ирээд гэрийнхэнтэйгээ инээх боломж бүрдүүлж, амарч тайвшрахад яагаад болохгүй гэж. Гэрийн чинь хэн нэгэн баргар байвал “Наад царай чинь яачихаа вэ? Алив инээ!” гэхийн оронд шууд л инээдийг нь хүргэсэн дээр биз дээ. Хүүхдүүддээ ямар ч ашиггүй үглэж, бие биенийхээ сэтгэлд юм хийхийн оронд зөв зан, зөв үйлдэл гаргахад нь түлхэц болох үүднээс зөв зохистой, инээдэмтэй байдлаар ярь. Ханьтайгаа ярилцахдаа нэг л олигтой бүтэхгүй байвал шууд түс тас түрэмгий үг хэллэгийн оронд хошин байдлаар хариул.
Инээлдэж хөгжилдөхөд зөвхөн сайн ярьдаг, эсвэл бусдыг инээлгэж чаддаг төрөлхийн хошин шогийн мэдрэмжтэй хүн байх албагүй. Дуурайх, үгээр тоглох, эргүүлж мушгих, оньсого таалгах, элэглэх, хөгжилтэйгөөр дуулах, дохио зангаа хэрэглэх, нүүрний хувирал үзүүлэх, дууны өнгөө өөрчлөх, аялга оруулах, инээдэмтэй онигоо ярих гээд олон янзаар гэрийнхнээ инээлгэж болно.

Гэхдээ зөвхөн инээлгэж хошигноход л анхаараад байж болохгүй. Инээд наргиа чинь эерэг тусахын тулд сэдэв, нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Нөгөө хүнээ хэт гутаан доромжилсон, эвгүй байдалд оруулсан, хэн нэгнийг шоолж, доромжилсон хошигнол, инээлгэх гэж ядсан, нөгөө хүндээ ойлгомжгүй хошигнол, цагаа олоогүй, орон зайгаа мэдрээгүй хошигнол уур амьсгалыг харин ч сүйтгэнэ. Хэт их утга илэрхийлэх гэж оролдох хошигнол тийм ч таатай байдаггүй. Халамж хүндлэлгүй, халуун дулаан сэтгэлгүй хошигнол нь элэглэлээс цаашгүй. Зөв сайхан инээд хошигнол өөрийг тань ч, өрөөлийг ч хөгжөөж, улмаар бүх хүнийг ажиллахад урамтай, таатай болгодог.
“Жинхэнэ хошигнол толгойноос биш, зүрх сэтгэлээс ундардаг” гэдэг шиг жинхэнэ хошигнол бол зүгээр нэг гоц гойд гүйлгээ ухаанаар хүмүүсийг инээлгэхийн нэр биш, харин ертөнцийг эерэг сэтгэл, халуун дулаан өнцгөөс харахыг хэлнэ. Сөрөг бодлоор дүүрэн, эрх мэдлээ түрүү барьсан, эсвэл хар амиа бодсон хүн хэзээ ч сайхан инээж хошигнож чаддаггүй.
Адилхан үгийг ч хэн хэлэхээс хамаарч өөр өөр сонсогддог. Ихэвчлэн хөгжилтэй хүний инээд хошигнол илүү сайн тусдаг. Бүх зүйлийг эерэгээр хүлээж авч, өчүүхэн таатай зүйлд ч баярлан хөөрцгөөе. Энэ нь л бидний хошигнох мэдрэмжийг сайжруулахад тусална.
Эйнштейн “Би арай илүү баяр хөөртэй амьдарсан ч болоосой” гэсэн байдаг. Физикийн чиглэлээр Нобелийн шагнал хүртснээрээ дэлхий дахинд алдаршсан хэрнээ баяр хөөртэй амьдрал нь шаргуу амьдралтай адил чухал гэдгийг түүний энэ харуусал харуулж байна.
Баяр хөөртэй амьдрал гэдэг бол өдөр бүр шинэ шинэ газраар аялах, эсвэл алдартай ресторан хайх амьдралыг хэлдэггүй. Аз жаргал гэгч өдөр тутмын амьдралд л байдаг. Өдөр тутмын амьдралдаа халуун бүлээрээ сайхан яриа хөөрөө өрнүүлж, инээд хөөр цалгиж амьдрах нь л жинхэнээсээ хөгжилтэй, жаргалтай амьдрал биш гэж үү? Хайр халамжийн сэтгэлээр гэр бүлийнхнээ инээлгэхээс бүү цааргал. Гэрийнхнийхээ хошигнол наргианд харамгүй инээж баясаж өгөөрэй. Айл гэрийн инээд хөөр гэгч бол тэр айл гэрийнхний зүрхний цохилт л гэсэн үг. Тэр л зүрхний цохилтыг сонсохгүй байна уу? Хэрэв тийм байгаа бол яг одоо инээд хошигнолоор зүрхэндээ массаж хийцгээе.
- Нөхцөл байдлын дагуух хошигнол
- Хань тань амттай хоол хийх үед:
- “Ингэхэд миний хань хаачаад байна! Хоолны дамжаанд яваад байна уу даа!”
- “Замын эсрэг талд ресторан нээдэг юм билүү.”
- Ердийнхөөсөө эрт гэртээ ирэх үед:
- “Чамайг бодохоо болихгүй болохоор нь гэртээ эрт хүрээд ирлээ.”
- Хүүхэд чинь гэртээ оройтож ирэх үед:
- “Миний охин шөнө үдэш ганцаараа гадуур явахад хэтэрхий хөөрхөн гэдгээ мэднэ дээ.”
- “Манайх чинь Үнсгэлжинтэй амьдардгаа мэддэггүй байж. За, өнөө орой үдэшлэг ямар байв даа? Шөнө дундаас өмнө гарч ирж амжих шив!”
- Ханьтайгаа хэрүүл маргаан эхлэх шинжтэй үед:
- “Чамайг хөөрхөн (царайлаг) болохоор чинь би ингээд зогсохоос!”
- “Чи надад хайртайгаас илүү би чамд хайртай болохоор би ингээд зогсъё доо!”
- Хүүхдүүд тань муудалцах үед:
- (Охиндоо) “Миний хүүд битгий төвөг удаач дээ.”
- (Хүүдээ) “Миний охиныг битгий бухимдуул л даа.”
- Гэрийнхнээ гэрээ цэвэрлэснийг магтахдаа:
- “Манайд ажилсаг шоргоолж ирчихээд яваа юу даа?”
- “Хөөх! Манайх чинь таван одтой буудлаас ч гоё байх чинь.”
- Хүүхэд тань шинэ робот тоглоом авах гэж шалах үед:
- “(Өөрийгөө робот мэт дүр эсгэснээ) Цар-ра-ран-цан! Эзэнтэн, таны захиалгыг авахад бэлэн байна!”
- Гэрийнхэн чинь урвагар царайлах үед:
- “Уруул чинь яагаад урд уул даваад явчихаа вэ?”
- “Хэн ингэв ээ? Унтаж байгаа баавгайг минь хэн сэрээчив ээ?”