Нар жаргахаас өмнө “Уучлаарай” гэж түрүүлж хэлэх нь

Ким Дү Ри / Англи, Манчестер

265 Үзсэн тоо

Өвлийн адаг, хаврын эхээр Англи даяар хөл хорио тогтов. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын олон тохиолдол батлагдаж, үхлийн тоо өдөр бүр нэмэгдсэн тул вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын нэг энэ. Би гэрээрээ ажиллаж эхэлсэн болохоор гэрийнхэнтэйгээ илүү удаан хамт байх боломжтой боллоо.

Эхэндээ ч сайхан л байлаа. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөхөртэйгөө байнга маргах болов. Хоорондын харилцаа сайн юм чинь гээд жаахан болгоомжгүй ярих болж, энэ нь сүүлдээ бие биенээ шархлуулж дуусах нь энүүхэнд болов. Нэг өдөр бид өчүүхэн зүйлээс болоод хэн хэн нь жаахан дуугаа өндөрсгөв. Гэр дотор үүссэн таагүй уур амьсгалыг арилгах гэж оролдох зуураа би “Миний зөв, түүний буруу” гэж бодон, цонхоор гадагш харж байлаа. Тэгтэл нар жаргах гэж байлаа. Яг тэр агшинд саяхан үзсэн кинон дээр сонссон Эхийн үг санаанд орж, гэмших сэтгэл төрөв.

“Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Нар жаргахаас өмнө уучлал гуйхыг хичээ. Чиний буруу биш байсан ч “Уучлаарай” гэж хэлэхийг хичээ. Чиний буруу биш байхад яагаад уучлалт гуйж байгаа юм гэж асуувал “Зүгээр л уучлаарай” гэж хэл.”

Энэ агшин Эхийн энэ үгийг хэрэгжүүлэхэд яг тохирох мөч байлаа. Гэвч миний бардам зан надад “Миний буруу биш, миний зөв юм чинь” гэж өөртөө хэлсээр л байлаа. Бардам зангаа Эхийн үгээр дараад, би эхлээд нөхөр рүүгээ очих нь очлоо. Эгзгийг нь тааруулж уучлал гуйчих санаатай нөхрийнхөө хажуугаар нь эргэлдэж байснаа хэцүү санагдаад болив. Ингэж эргэлзэж байх зуур нар жаргалаа. Нар өмнөхөөсөө хурдан жаргачих шиг санагдаж, миний санаа зовж эхэллээ. Нар бүрэн жаргахаас өмнө би арай гэж ам нээн “Уучлаарай” гэлээ.

Нэгэнт уучлал гуйчихсан болохоор үлдсэн хэлмээр санагдсан юмаа хэлэх маш амархан байлаа. Нөхөр маань ч бас “Уучлал гуйх ёстой хүн нь би шүү дээ” хэмээн уучлал гуйв. Биднийг ажиглаж байсан манай хүүхэд биднээс “Яагаад бие биенээсээ гэнэт уучлал гуйгаад байгаа юм бэ?” гэж асуулаа.

“Зүгээр л, алдаа гаргасан бол нар жаргахаас өмнө уучлал гуйх ёстой байдаг юм” гэж хариулав.

Тэр үеэс хойш манай хүүхэд нар жаргах болгонд л өмнөхөн нь “Одоо уучлаарай гэж хэлээрэй” гэж бидэнд хэлж өгдөг болсон юм.

Эхийн үгийг амьдрал дээр хэрэгжүүлэх явцад би Эх маань яагаад биднийг нар жаргахаас өмнө уучлал гуйх хэрэгтэй гэснийг ухаарав. Бардам зангаа хаяж, өөрийгөө даруу болгон, эхэлж уучлал гуйх үед хатуурсан сэтгэл цас шиг хайлж, бидний бие биенээ гэсэн хайр улам хүчтэй болж, нэг болдог учраас тэр аж.

Сайн мэдээний төлөө гүйх явцад бид заримдаа өөрийн мэдэлгүй ах эгч дүү нараа шархлуулах үе байдаг. Хэрвээ бидний зүрх сэтгэл хонзогнол, үзэн ядалт болон гомдол дургүйцэлд автсан байвал тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй шүү дээ. Тийм золгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга нь нар жаргахаас өмнө чин сэтгэлээсээ уучлал гуйх гэдэгт би итгэж байна. Боломж байгаа дээр нь хатуурсан сэтгэл, бардам зангаа хаяад, хайраар нэг болохын тулд нар жаргахаас өмнө би ах эгч дүү нартаа дөхөж очно оо. Учир нь эргэлзэж тээнэгэлзсээр байх хооронд сайн мэдээний нар нэгэнт жаргачихвал гэмшлийн боломж ч бас алга болно шүү дээ.