“Ковид-19”-н улмаас тариаланчид хүн хүчний ноцтой хомсдолд ороод байгаа талаар саяхан би мэдээгээр үзлээ. Санжүд тариалан эрхэлдэг газар нутаг их болохоор хүн хүчний хомсдол эндхийг ч зайлшгүй дайрах нь дамжиггүй. Үүнийг сонсоод хүн хүчээр дэндүү дутагдаж байгаа усан үзэм тариалдаг настай эхнэр нөхөр хоёр ойрхон байдгийг дуулаад, манай сүм тэр даруй тэдэнд туслах төлөвлөгөө гаргалаа. Хорио цээрийн дэглэмийг чанд сахин, тусламжийн гараа сунган тэднийг тайвшруулах санаатай манай сүмийн хорь орчим гэр бүл тэрхүү усан үзмийн талбайг зорилоо.
Бидний хийх ажил гол мөчир болон навчны хоорондын найлзуурыг хоёр өдрийн турш өглөөгүүр тайрах байв. Замбараагүй гэнэт ургадаг тэдгээр найлзуурыг нь тайрахгүй бол жимсний шим тэжээл тарж, том, сайн чанарын усан үзэм хураах боломжгүй болдгийг бидэнд ярьж өглөө. Өөрөөр хэлбэл тэрхүү найлзуурыг гараараа зулгаан арилгаж байж л тариачны хүсдэг сайн сортын үр жимс авч чаддаг аж.
Миний хувьд анх удаа ийм ажил хийж байгаа болохоор нэлээн болхи байсан юм. Аз болоход цаг өнгөрөхийн хэрээр би энэ ажилдаа дасаж, аажмаар хурдан хийж байв. Бид ажлын дундуур ядарч туйлдсан үедээ бие биенээ зоригжуулж дахин эрч хүч авав. Үе үе нүүж, нарны гэрэл халхлах үүлс, аяс аясаар үлээх сэрүүн салхи гээд сайхан цаг агаарын ачаар хоёр өдөр үргэлжилсэн халууны урсгалыг бид ажралгүй өнгөрөөв. Махран ажиллахын хажуугаар хоёр настны царай гэрэлтэн инээмсэглэх аж. Ингэх нь цаанаа л урамтай. Би хайр түгээхийн жинхэнэ аз жаргалыг мэдэрсэн дээ.
Би гадаадад долоон жил байсан тул хамгийн сүүлд Солонгост сайн дурын ажилд оролцсоноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Хэцүү байсан ч гэлээ хаврын бороо хуурай гандуу газрыг норгохтой адил миний сэтгэл оюун ч сэргэх мэт санагдана. Үүнээс гадна миний сэтгэлд бас хэрэгцээ шаардлагагүй элдэв найлзуур байгаа бол би тэдгээрийг арилгаж, хайр гэж нэрлэгддэг шим тэжээлээр дүүргэмээр байна. Тэгж л би хожим сайн мэдээний шилдэг сортын үр жимс атга дүүрэн хурааж чадна шүү дээ.