Хагацал үзэж, шархалсан хүнд сэтгэлийн дэм болох нь

Ойлгож, адилхан мэдрэх нь хамгийн сайн тайтгарал. Хамтдаа гуниглаж, хамтдаа даван туулцгаая.

33,800 үзэлт

Хэн хүнгүй амьдралдаа их бага хагацал үзсэн байдаг. Хагацаж, алдсан хүн нь тэдний найз нөхөд, ар гэр, ажлынхан, танил гээд хэн ч байж болно. Хэнийгээ алдсанаас хамаарч уй гашуу, гуниг зовлон харилцан адилгүй байдаг ч хайртай ар гэрийнхнээ алдах нь юу юунаас илүү уй гашуу авчирдаг шүү дээ.

Гэрийнхнээ алдах уйтгар гунигаас хэн хүнгүй зугтахыг хүсдэг ч түр ч бай, бүр ч бай хүн бүрд тохиолддог зүйл. Дотно байсан өвөө эмээгээ алдсан бяцханууд, алс хол хүний нутагт сурахаар явсан хүүхдээ санах эх, уулзахыг хүссэн ч уулзаж чадахгүй хагацсан гэр бүл, удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцэж байгаад амьдралаа эцэслэсэн аавыгаа санах охид, бараг амьдралынхаа талыг хамт туулсан нөхрөө алдсан эхнэр, ослоор алдсан хүүхдээ сэтгэл зүрхэндээ оршуулсан эцэг эх гээд л. Эргэн тойронд маань ийм хүн байвал тэдэнд бид хэрхэн туслах вэ?

Ам бүлийнхээ нэгнийг алдахын үр дагавар

Гэрийнхээ хэн нэгнийг алдах үед цочролд орох, айж самгардах, уй гашууд автах зэргээр сэтгэл санааны хямралд автдаг. Ялангуяа гэрийнхээ хэн нэгнийг гэнэтийн байдлаар алдсан тохиолдолд цаг хугацаа өнгөрөөд ч аяндаа эдгэрдэг уй гашуу биш, үүрдийн траума болж үлддэг.

Траума буюу “Гэмтэл, гэмтлийн дараах стрессийн эмгэг” гэдэг нь дайн дажин, гай гамшиг, сүйрэл зэрэг хүн төрөлхтөнд ерөнхийдөө тохиолддог осол эндлээс хол давсан цочирдом үйл явдлын дараа үүссэн үр дагаврыг хэлнэ. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар дайн дажин, гай гамшгаас төдийгүй хувь хүний аваар осол, ойрын хүний үхэл, гадуурхагдан дээрэлхүүлэх гэх мэт доромжлолоос ч хүртэл энэ эмгэг бий болох боломжтой гэж үзжээ.

Гэмтлийн дараах стресст эмгэг нь гурван үндсэн шинж тэмдэгтэй байдаг. Нэгдүгээрт, өчүүхэн зүйлд ч эмзэг ханддаг болно. Хоёрдугаарт, жаахан юмнаас ч хүртэл маш их айдаг болно. Гуравдугаарт нойргүйдэж, нам унтахад хэцүү болдог байна. Учир нь осолд орсны дараах цочролын улмаас стрессдэх үед түүний симпатик мэдрэл нь гадны нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх гээд идэвхждэг байна. Тухайн ослоос нь хойш нэлээн цаг хугацаа өнгөрсөн ч уг үйл явдлыг дахин дахин санасаар байдаг аж.

“Могойноос айсан хүн дээснээс ч айна” гэгчээр уг ослыг нь сануулах эд зүйл юм уу эсвэл нөхцөл байдлаар дамжуулан өнгөрсөн өнөөх үйл явдлын айдас түгшүүр дахин төрж байгаа хэрэг. Ийм шинж тэмдгээр цаг үргэлж зовоод байвал бодит байдлыг ч зүүд мэт ойлгож мэднэ. Аль эсвэл бүр эсрэгээрээ уг ослын талаар ул мөргүй мартах тохиолдол ч гарч болно.

Хүүхдүүдийн 40% нь нас биед хүрэхээсээ өмнө дор хаяж нэг удаа траумагийн үйл явдалтай тулгардаг. Гэхдээ хүнд бэрхшээлтэй тулгарлаа гээд бүх хүн энэ эмгэгээр зовно гэсэн үг биш. Уйтгар гуниг гэх мэдрэмж нь хүнд тулгардаг ердийн л үзэгдэл. Гэвч түүнийг даван туулж чадахгүй бол энэ нь траума болж хувирч ч болно. Тиймээс мэргэжилтнүүд хэлэхдээ зовж шаналж байгаа хүнд ойр тойрных нь хүмүүсийн тайвшруулах үүрэг маш чухал гэсэн байдаг.

Тайвшруулах гээд хүмүүсийн гаргадаг алдаа

Хайртай хүнээ алдсан уй гашууг хэмжиж тодорхойлно гэдэг бэрх. Уй гашуу нь гүн байхын хэрээр тайвшруулах бүр хэцүү. Дэндүү их уй гашууд автсан хүнд хүн юу гэхээ мэддэггүй шүү дээ. Ихэвчлэн “Ямар байгааг чинь сайн ойлгож байна” л гэнэ. Уг нь тайвшруулах санаатай хэлсэн ч тухайн хүн иймэрхүү үгийг нь сөргүүлж мэдрэх тохиолдол бий. Хүн хүний харилцаа өвөрмөц байдаг тул хайртай хүмүүсээ алдсан хүний мэдрэмж бусадтай ижил байх албагүй. Яг адилхан тохиолдол байсан ч тэр.

Хүмүүс сэтгэлээ, ялангуяа сэтгэлийн хямралаа бусдад ил гаргахаас айж, дургүй байдаг. Зарим хүмүүс “Сэтгэлийн хаттай байж, тэвчээд гараарай” эсвэл “Хэт их битгий гунигла даа” гэх мэтээр тайвшруулах гэж оролддог. Харин энэ нь тухайн хагацал үзсэн хүнийг сэтгэлийн хямралаа илэрхийлэхэд нь саад болдог зохисгүй үг юм.

Мөн “Аяндаа бүгд гайгүй болно доо”, “Үлдсэн нь амьдрах хэрэгтэй шүү дээ” гэх мэт тайвшруулах гэдэг нийтлэг үгс ч байдаг. Эдгээр үгс нь хэдийгээр чин сэтгэлээсээ хэлж байгаа ч гэсэн хагацал үзэж, уй гашууд автсан хүнд огтхон ч тус болохгүй. Тухайн хүнд зүгээр л зөвлөгөө төдий сонсогдохоос хэтрэхгүй. Уй гашууд автсан хүмүүсийн хүсдэг зүйл юу вэ гэвэл яриаг нь сонсож өгөх хүн. Тэрнээс биш асуудлыг нь шийдвэрлэх, эсвэл зөвлөгөө өгөх гэж оролдох хүн биш.

Уй гашууд автсан хүмүүс үе үе сэтгэлээ уудалдаг. Гэвч зарим хүн яриаг нь нэлээн сонсож байснаа гэнэт ярианых нь сэдвийг өөрчилдөг. Учир нь уйтгар гунигийг нь хуваалцаж шаналах бэлтгэлгүйдээ тэр. Гэвч тэднийг тайвшруулахыг хүсэж байгаа л бол хамт уйлахад бэлэн байх хэрэгтэй.

Хагацал үзэж, хайртай хүнээ алдсан хүнийг хүмүүс байнга гунигтай харагдана гэж боддог нь тун буруу ойлголт юм. Хувь хүн бүр уй гашууг өөр өөрийн онцлогтойгоор авч үздэг төдийгүй хүн нэг дор сэтгэл нь янз янз болно. Тэдний түр зуур баяр хөөртэй харагдаж байгаа нь уйтгар гуниг нь бүрэн арилсан гэсэн үг биш.

Түүнээс гадна зарим хүмүүс уй гашууд автсан хүнийг юу ч болоогүй юм шиг буцаад хэвийн байдалдаа орох хэрэгтэй гэж боддог. Гэвч энэ нь буруу бодол. Уй гашуу, уйтгар гунигийг хэн хүнгүй л мэдэрнэ. Тэглээ гээд үүнийг дарчихаж болдоггүй. Өдөр өнгөрөхөд л уйтгар гуниг нь хагасардаг гэлцдэг. Энэ нь уйтгар гуниг багасдаг болохоос үүрд алга болохгүй гэсэн үг. Шархадсан газар сорви үлддэг шиг уй гашуунаас үүдсэн сэтгэлийн хямрал эдгэрэвч бүрэн дүүрэн алга болохгүй юм.

“Бид тантай хамт байна” гэх тайвшруулах үг

Саяхны анагаах ухааны судалгаагаар бол сэтгэл санааны дэмжлэг авдгаа, хайрлуулдгаа мэдэрдэг хүмүүс тийм биш хүмүүсийг бодвол сэтгэлийн хямрал, айдас, зүрхний өвчин, хорт хавдар зэргээр өвчлөх магадлал бага байдаг аж. Мөн өвчнөө даван туулахын тулд өөртөө итгэх итгэлээ эргэн олж, тогтвортой харилцааг сэргээх нь чухал байдаг тул хичнээн сайн эмчилгээ хийлгэсэн ч тууштай, халамжтай харилцаагүйгээр эдгэрэх боломжгүй юм. Уй гашуугаар шаналж байгаа хүмүүсийн хамгийн чухал эмчилгээ бол утга учиртай, чин сэтгэлийн харилцаа юм.

Өрөвдөх, эвийлж халаглах биш, харин тухайн байранд өөрийгөө тавьж, адил мэдрэх нь л эмчилгээний анхны алхам юм. Өрөвдөх, эсвэл хөөрхийлөлтэй гэж үзэх зэрэг нь тус болохгүй. Тухайн байранд өөрийгөө тавих нь бусдын сэтгэлийг, цөхрөлийг хуваалцах чадвар болохоос толгойдоо тооцоолоод болчихдог зүйл биш. Чин сэтгэлээс чинь гардаг байх хэрэгтэй. Мөн тэр хүн хичнээн цөхөрч, хичнээн ганцаардаж, чин сэтгэлийн дэм хичнээн их хүлээж байгааг чин сэтгэлээсээ ойлгох хэрэгтэй. Тухайн хүний байр сууринд өөрийгөө тавьж бодоод, чин сэтгэлээсээ ойлгох байдлаар сэтгэлийг нь уудлалцах нь түүнийг тайвшруулах, тогтворжуулах эхлэл юм.

Нэгэнт адилхан мэдрээд ирэхээр бие биедээ бага багаар сэтгэлээ нээж, улмаар харилцаж чаддаг. Тохиолдсон уй гашуугаа болон сэтгэл санааны хямралаа цээжнээсээ гаргаж хаянгаа тэд уйтгар гунигаа ялан дийлэх хүчтэй болдог. Шархалсан сэтгэлээ үгээр гадагш гаргаж илэрхийлэх нь эмчилгээний нэг арга юм. Гэхдээ цээжнээсээ авч хаяхад бэлэн болоогүй хүнд сэтгэлээ уудлахыг албадаж болохгүй. Учир нь ингэх нь болсон явдлыг дэмий л сануулж зовоохоос цаашгүй юм. Заримдаа олон таван үг хэлэхээс илүүтэй чин сэтгэлийн өчүүхэн тусламж тустай байдаг. Үргэлж талд минь байж, уйтгар гунигийг минь сонсож ойлгож өгөх хүнтэй холбогдсон гэдгээ мэдэрвэл сэтгэлийн шарх нь яваандаа аньдаг.

Хайртай хэн нэгнээ алдсан хүмүүс тэр хэрэг явдлын учир шалтгааныг олох гэж өөрөө өөртөө хариуцлага тохож, “Надаас л боллоо” “Би л тэгээгүй байсан бол” гэх зэргээр өөрийгөө буруутгах сэтгэлд автдаг. Тиймээс бид тэднийг уй гашууг нь дарах гэхийн оронд уйд автсан сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэхэд нь урам дэм өгч туслах хэрэгтэй. Түүнээс гадна тэд баяр баясгаланг мэдэрч байгаа нь гэм буруутай санагдах зүйл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Харин амарч, дасгал хөдөлгөөн хийж, хоол ундаа идэж, өөрөө өөртөө анхаарал тавьж, өчүүхэн жижиг зүйлээ ч дахин сэргээхэд нь сэтгэл санаагаар дэмжээрэй. Гэрийн ажлаа хийхэд нь, хүүхэд харахад нь туслах ч хүртэл уй гашуугаа ялан дийлэх цаг хугацаа өгөх сайхан арга.

Ганцаараа, хэн ч надад туслахгүй гэж санагдах үед уй гашуу нь хоёр дахин их зовлон болдог. Хагацал үзэн, шаналж байгаа хүмүүст хайр л хэрэгтэй. Хэн нэгэн өөрийг нь чин сэтгэлээсээ ойлгож, өөрийнх нь байр сууринаас адилхан мэдэрч байгаа гэх хайрын мэдрэмж нь тэдэнд уй гашуугаа ялж чадах урам хүч өгдөг.

Өнгөрсөн 4 сарын 16-нд болсон Севол усан онгоцны осол Солонгосыг ихээхэн цочирдуулав.

4 сарын хаврын уур амьсгал алга болж, сэтгэл нь хүйт даан, өвөл хэвээрээ үргэлжилнэ. Солонгос даяар хайртай хүнээ алдсан зовлон шаналан, цөхрөлд автаж, тамир нь барагдан, уур хилэн төрнө.

“Бостон Стронг!” (Boston Strong)!’

Бостоны марафон гүйлтийн үеэрх террорист халдлагын улмаас бөмбөг дэлбэрч, 3 хүн амь насаа алдаж, 260 орчим хүн шархдав. Энэ явдлаас хойш бүтэн жилийн дараа 4 сарын 21-нд зохион байгуулагдсан Бостоны 118 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд өнгөрсөн жилийнхээс бүр олон хүн оролцжээ. Бостон хотын өнцөг булан бүрийг дүүргэсэн “Бостон Стронг” бол Бостон хотынхон бие биенээ тайвшруулахын төлөөх уриа байв. Хохирогч болон хохирогчийн ар гэрийнхэн, тэр байтугай хот тэр чигээрээ нэг нэгэндээ гэр бүл нь болж, бие биенээ тайтгаруулж, 1 жил гэх дэндүү ахархан хугацаанд өвчин шаналалаа итгэл найдвар болгон хувиргасан юм.

Эдүгээ бид өдий төдий траумагийн эрин үед амьдарч байна. Бостон хотод болсны адил бидэнд ч бас сэтгэлийн шархаа эдгээж, өчүүхэн ч болов амсхийх баян бүрд мэт ар гэрийнхэн маань тун их хэрэгтэй билээ. Уй гашууд автсан хүний уйтгар гунигийг нь хуваалцан, уй гашуугаа ялан гарахад нь туслахын тулд ойлгож, өөрсдийнх нь байр сууринаас адилхан мэдэрч шаналж, ар гэрийнхнийх нь үүргийг чин сэтгэлээсээ гүйцэтгэцгээе.