Айл гэр аз жаргалтай бол бүх үйл бүтнэ! Аз жаргал гэрээс эхэлнэ!

Та амжилт гаргамаар байна уу? Тийм бол эхлээд гэр бүлийнхнээ сайн асарч халамжил. Эв эетэй гэр бүл цогцлоон бий болгосон хүн бол амжилттай хүн.

91,292 үзэлт

Танай гэр бүлийн уриа юу вэ гэж асуухаар ихэнх хүн “Гэрийнхэн минь л аз жаргалтай байвал бүх юм болох нь тэр” гэдэг. Гэр бүл гэдэг нийгмийн, улс орны үндэс суурь төдийгүй хэн нэгний амьдралын гараа, эхлэлийн цэг юм. Тийм учраас гэр бүл эв эетэй бол нийгэм хүчирхэг, улс орон тогтвортой байх нь зүйн хэрэг.

Эв найртай гэр бүлийн нууц

Кимийн гэр бүл цаг үргэлж бие биетэйгээ маргалдана. Маргалдаж муудалцахгүй нэг ч өдөр байхгүй. Нэг өдөр Ким үнээгээ ногоон бэлчээрт идээшлүүлэхээр толгодын орой дээр уяв. Гэвч уяа нь суларч, үнээ нь талаар нэг зугтаж, үр тариаг нь сүйрүүлж орхив гэнэ. Ким үнээгээ барьж аваад, зэлнээс уяснаа эхнэр рүүгээ “Эхнэр, чи өглөө үнээндээ олигтойхон тэжээл өгсөн юм уу? Чи яагаад үнээгээ тэгтлээ өлсгөж, галзуу юм шиг болгочихов оо?” гэж хашхирав. Нөхөр нь ийн эхнэрээ буруутгахад үүнийг нь эхнэр бэр дээрээ тохон, “Чи ингэхэд яг худгийн хажууд байсан байж үнээ тэгж дэмийрч тэнэхийг яахаараа хардаггүй байна аа” гэж асуув. Тэгтэл сэтгэл нь өвдсөн бэр нь нөхрөө загнаж, “Чи яахаараа үнээний уяаг нь тайлаад тэнд орхисон юм бэ?” гэв. Тэгтэл хүү аавдаа дургүйлхэн “Аав аа, та үнээгээ чангахан шиг уячихсан бол ийм юм болохгүй байх байлаа шүү дээ” гэж. Ийм маягаар ноён Кимийн гэр бүл нэг нэгнээсээ хариуцлага эрэн, нэлээн удаан маргалдав гэнэ.

Хэдэн өдрийн дараа Ли овогтын гэр бүлд яг ижил хэрэг болох нь тэр. Лигийн гэр бүл эв найртай гэдгээрээ алдартай. Лигийн гэр бүлийнхэн үнээний уяа тайлагдсаныг хараад бүгд гүйлдэн, хамтдаа үнээгээ барьж авав. Ким түүнийг хараад “Эднийх ч ёстой бөөн хэрүүл болох байх даа” гэж бодов гэнэ. Гэтэл Лигийн гэрт огт хэрүүл болсонгүй. Ноён Ли “Намайг уучлаарай. Бүгд миний буруу, би л олигтойхон уях байсан юм” гэв. Гэтэл эхнэр нь “Үгүй, үгүй, миний буруу. Би олигтойхон тэжээл тавьж өгөөгүйгээс үнээ уяагаа тайлах гээд зуларсан байна” гэж гэнэ. Тэгтэл бэр нь түүнийг хараад “Үгүй ээ, ээж ээ. Яг худгийн хажууд байсан хэрнээ үнээ тойрч зугтахыг би анзаарсангүй” гэв. Тэгтэл хүү нь “Өвсөө идэж дууссаных нь дараа би туухаа мартчихжээ. Миний л буруу” гэлээ. Дор бүрнээ өөрсдийгөө буруутгах зуураа бүгд инээлдэж гарав гэнэ.

Асуудал байхгүй гэр бүл гэж байхгүй ээ. Асуудал гарах бүрийд хүн бүр дор бүрнээ “Миний буруу” гэхэд л хэрүүл маргаан гарахгүй. Энэ бол эв эетэй айл гэрийн нууц билээ.

Айл гэр эв найртай бол

Хүн ер нь гэр бүлийн дотор амар тайван байх үед л сурах, ажиллах гээд ямар нэг юм хийхийг хүснэ. Гэрээсээ баяр хөөртэй гараад ажиллах, гэрээсээ бөөн хэрүүл болсны дараа ууртай гарч ажилдаа явах хоёрын аль нөхцөлд нь та илүү үр дүнтэй ажиллах бол оо? Үнэндээ нэг ажлын газрынхан хамт олон хоорондын маргаан, гэр бүлийн доторх маргааны холбоо хамаарлыг судалсан Английн профессор судалгааныхаа үр дүнг “Гэр бүлийнхээ асуудалд санаа зовдог хүмүүс ажилдаа анхаарал нь төвлөрч чаддаггүй тул ажил дээрээ амархан гомдоллон дургүйцэж, энэ нь хамт олныхных нь сөрөг хариу үйлдлийн шалтгаан болж, улмаар тэд ч гэр гэртээ харих үедээ хань ижилтэйгээ зөрчилддөг” хэмээн илтгэсэн байдаг.

Гэр бүлийн уур амьсгал хүмүүст, ялангуяа хүүхэд болон өсвөр насныханд их нөлөөлнө. Америкийн онлайн мэдээний нэгтгэгч Хаффинтон Постын тайланд дурдсанаар илүүдэл жинтэй байх, буруу хооллох зуршил, эрүүл бус хоол хүнс идэх зэрэг нь гэр бүлээрээ долоо хоногт дор хаяж нэг удаа цуг хооллодог хүүхэд болон өсвөр үеийнхэнд харьцангуй бага байдаг аж. Өөр нэг судалгаагаар ээжийнх нь чинхүү сэтгэл хүүхдийнхээ дархлааны системийг хүчтэй болгодгийг харуулсан байдаг. Энэ нь гормоны ялгарлын шалтгаан болдог уураг багасан, хүүхэд өвчлөмтгий болох магадлалыг бууруулдаг аж. Ээж аавыгаа хараад өсөж торниж байгаа хүүхэд оюун санааны хувьд ч тогтвортой байдаг байна.

Аавтайгаа гэр бүлийн холбоо сайтай байдаг хүүхэд аливаад идэвхтэй, стресс бухимдлаа амархан тайлж, стрессийг илүү даван туулж чадна. Аз жаргалтай айл гэрт “хэргийн эзэн” болж өсөх хүүхэд гэж бараг байхгүй. Аз жаргалтай гэр бүлээс гаралтай хүүхэд харьж очих гэр байгаа гэдгээ мэдэрнэ. Гэрийн уур амьсгал тогтвортой хүүхэд ая тухтай, тайван сэтгэлээр суралцаж, сурах чадвар нь ч нэмэгдэнэ.

Ийнхүү гэр орон нь тав тухтай, тайван орон гэрийн үүргээ биелүүлж гэмээнэ үр хүүхэд нь бие махбод болон сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг амьдарч чадна.

Эв эетэй гэр бүл цогцлоон бүрэлдүүлсэн хүн л амжилттай яваа хүн

Хүмүүсээс энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зүйл юу болох талаар асуухад ихэнх хүмүүс гэр бүлээ гэдэг. Гэр бүлийнхнийхээ өмнө хариуцлага хүлээсэн ихэнх өрх гэрийн тэргүүнүүд их мөнгө олохыг хүсэж байгаа нь зөвхөн гэр бүлийнхнийхээ л төлөө гэцгээдэг.Тэгтэл гэр бүлийнхээ аз жаргалын төлөө гээд зөвхөн ажилдаа л анхаардаг хүмүүс бий, мөн гэрийнхэндээ гаргах цаг зав алга, амжилтанд хүрэхээрээ л хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлнэ гэдэг хүмүүс ч бий. Гэвч тийм хүмүүс цаг хугацаа нэгэнт өнгөрчихвөл огтхон ч буцааж болдоггүйг тоохгүй байгаа хэрэг.

Велмартыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүний нэг байсан Сэм Волтон амьдралаа хий хоосон өнгөрөөсөн гэж өгүүлсэн гэдэг. Ажил бизнес гээд ямагт зав зайгүй байсан болохоор гэрийнхнээ харж хандах цаг байгаагүй, бүр ач нарынхаа нэрний хагасыг ч санадаггүй гэнэ. Түүнийг жинхэнээсээ аз жаргалтай хүн гэж болох уу?

Ажил гэр гэсэн хоёр туулайг нэг дор барьж авах хэцүү нь хэцүү л дээ. Гэрийнхнээ хүлээж байгаа гээд ажлынхантайгаа оройн хоол идэхээс татгалзлаа гэхэд ажлынхан чинь үүнд баяртай байхгүй, мөн хүүхдээ өвдөх бүрийд захирлаасаа чөлөө авъя гэх ч амаргүй. Бодит байдал ийм. Юу чухал вэ гэхээр гэрийнхэн чинь л юу юуны өмнө байдгийг мартаж болохгүй. Гэрийнхнээ харж хандаж чадахааргүй зайлшгүй нөхцөл байдалд орох үед гэрийнхнээсээ уучлал хүсэж, тэдэнд хайртай гэдгээ байнга харуулж байх хэрэгтэй. Танай гэр бүлийнхэн аз жаргалгүй байхад та нийгэмд амжилттай яваад юу нь сайн гэж? Амжилтанд хүрч их мөнгө оллоо гээд өөдөөс чинь хараад инээмсэглэх, тантай халуун дулаан яриа хөөрөө өрнүүлэх гэр бүлийнхэн чинь хамт байхгүй бол таны сэтгэл эзгүйрч хоосорно.

Компанийн чинь өсөлт хөгжил, таны ажлын амжилтын төлөө гэрийнхэн золиос гаргахад яахав дээ гэж бодож байгаа бол тэр бодлоо өөрчил. Ажлаасаа ядраад гэртээ ирэхэд чинь баярлан угтах гэрийнхэн байгаа л бол та аз жаргалтай, бас амжилттай яваа хүн юм шүү.

Солонгост 6946 бага ангийн хүүхдийг хамруулсан нэгэн судалгаагаар аз жаргалын төлөө хамгийн чухал зүйл юу болохыг асуухад тэдний 43,6% нь “эвтэй найртай гэр бүл” гэдгийг сонгосон байлаа. Гэр бүл эв эетэй бол аз жаргал аяндаа дагалдана. “Айл гэр эв эетэй бол бүх юм бүтнэ” гэсний утгыг өөрөө өөртөө тунгаан бодоод, гэр бүлийнхнээ улам бүр нандигнан хайрлаарай. Тэгвэл бүхий л хүсэл тань биелэх болно.