Хайраа илэрхийлэх нь л жинхэнэ хайр

Хайраа илэрхийлнэ гэдэг хайрлахтай адилхан чухал юм.
Хайрыг өөртөө биш, хайртай хүндээ таалагдах аргаар илэрхийлэх ёстой.

26,991 үзэлт

Хүний амьдралд хамгийн чухал байр суурь эзлэх хайр. Хайрыг амьдралын мөн чанар гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гэсэн ч хайрыг нүдээрээ харж, үнэрлэж, гараараа барьж болдоггүй. Тиймээс хайрлах сэтгэлээ тухайн хайртай хүндээ гаргаж ирээд харуулчих, гоёмсог бэлгийн хайрцганд хийгээд гардуулчих боломжгүй. Тэгвэл бид ямар үед хайрыг мэдэрдэг юм бол? Мөн ямархуу аргаар хайртай гэдгээ мэдрүүлэх юм бол?

Хайрын тухайд “Сэтгэл×илэрхийлэл” гэсэн томьёо үйлчилнэ. Хайрлах сэтгэлээ илэрхийлэх үед л хайр гаднаа ил гарч ирэн, ертөнцийг өөрчлөх ер бусын эм болдог. Хайр зуу байлаа гээд хайраа илэрхийлэх нь тэг байвал ямар ч ашиггүй. Хичнээн ойр дотно хүн чинь байлаа ч гэсэн нэгэнт л тэр хүн та бишээс цааш таны сэтгэлийг бүрэн дүүрэн мэдэж чадахгүй шүү дээ.

Нохой хайртай эзнээ харахаараа сүүлээ шарван, нүдээрээ харилцана. Халим дуу дуулна. Сармагчин хайртай сармагчныхаа үсийг нь тордож янзална. Оцон шувуу хайртай оцон шувуундаа хайрга аваачиж өгнө. Амьтад хүртэл өөр өөрсдийнхөө аргаар хайраа илэрхийлдэг байх нь.

Хүн ер нь хайртай хүндээ уур нь хүрэхээр эсвэл урам нь хугарахаар түүнийгээ юу юугүй илэрхийлдэг байж хайрын тухайд болохоор “Сэтгэл л чухал, тэрийг заавал илэрхийлэх хэрэг байгаа гэж үү?”, “Илэрхийлэхгүй байсан ч мэдэх байлгүй”, “Нэг их илэрхийлж сураагүй л дээ” гэх мэт шалтгаанаар хайраа төдийлөн илэрхийлээд байдаггүй. Гэтэл сэтгэл санаа сайхан байх тусмаа түүнийгээ илэрхийлэх хэрэгтэй. Хайраа илэрхийлэхгүй байх нь шороонд үр булчихаад усалж арчилж, нарны гэрэл тусгах зэрэг үйлс дагалдахгүй бол ямар ч нэмэргүй байдагтай л адилхан юм.

Хайрыг та илэрхийлэх тусам илүү хайрлана

Англи улсад эцэг эх нь үр хүүхдээ зодож цохихгүй байлаа ч хайрлахгүй, хайхрахгүй байх нь гэмт хэрэгт тооцогддог. Эцэг эхийн хайхрамжгүй байдал болон үр хүүхдэд хайр халамж дутагдах нь томоохон асуудал гаргаж болзошгүй тул үүнээс сэргийлэх үүднээс ингэдэг аж. Эцэг эхийн хайр, халамж хүүхдийн сэтгэлзүйд хамгийн хэрэгтэй. Тиймээс ч тэр тал дээр хангалтгүй өссөн хүүхэд хэт идэвхтэй, эсвэл хэтэрхий бие даагаагүй, бүр зарим тохиолдолд хөгжил дутуу байдал ч ажиглагддаг. Харин их хайрлуулж өссөн хүүхдийн хувьд сэтгэл санаа тогтвортой, зан чанар, төлөвшил нь зөв төлөвших боломж илүү байдаг аж.

Хоол хүнс, хувцас хунар, орон байрны асуудлаа өөрсдөө шийдвэрлэх чадвартай насанд хүрсэн хүн ч мөн ялгаагүй. Хэн ч бай өөрийг нь хайрлаж байгааг мэдрэх үедээ өөрийгөө давгүй хүн гэж бодон, улмаар өөртөө итгэлтэй болдог. Аав ээж, хань ижил, үр хүүхдээрээ хайрлуулсан хүн тайван, эрч хүчтэй байхаас гадна амьдрах хүсэл тэмүүлэлтэй байдаг. Харин хүүхэд байхаасаа л хайраар дутсан хүнд хайр дутсан зарим шинж тэмдэг илэрнэ. Том хүн ч хүүхэд ч ялгаагүй. Том хүний хайр дутсан байдал нь илрэхдээ бусдыг хянаж цагдах гэх, аливаад сэтгэл хөдлөлөөрөө хандах, юм юман дээр өөрөө л хохирсон мэт санагдах зэргээр амархан бухимдаж, стрессдэх талтай. Ийм шинж тэмдэг нь бусадтай муудалцах шалтгаан болдог.

Бие биеэ хайрлаж, гэрлэсэн хосууд ч ажил, амьдрал, үр хүүхдээ өсгөх гээд завгүй амьдраад ирэхээр нэг нэгнийхээ өмнө мэдээж хариуцлага хүлээх хэрэг гарна. Ямар ч юмыг хариуцлага хүлээх сэтгэлээр хийх хэцүү. Харин эсрэгээрээ сэтгэлээс гарах хайраа харилцан нэгэндээ илэрхийлбэл хоёр биендээ аз жаргал, баяр хөөр өгч, гэрийн доторх зөрчил маргааныг хөнгөхөн даваад гарчихна. Зарим хүн гэрийнхэндээ хайртай болохоороо л ар гэрийнхээ төлөө хоол хүнс бэлдэж, мөнгө төгрөг олж ирж байгаа гэж мэдэх юм. Харин илэрхийлж гаргахгүй л бол таны тэр хайр бүрэн дүүрэн дамжихгүй л болов уу.

Сэтгэл судлаач Дэрил Бэм хүн ер нь өөрийнхөө үйлдлийг ажиглаж байж хандлагаа хөгжүүлдэг гэж авч үздэг “өөрийгөө танин мэдэх онол” дэвшүүлсэн байдаг. Тухайлбал хэн нэгэнд хайртай гэдгээ мэдрээд ямар нэг үйлдэл үзүүлж болно, харин эсрэгээрээ “Хайртай шүү” гэж хэлэх, зориулж цэцэг худалдаж авах гэх мэт гаргаж буй үйлс үйлдлээсээ тэр хүнд хайртай гэдгээ мэдэрч болно. Өөрөөр хэлбэл сайхан үг, үйлдлээр хайраа илэрхийлбэл тэр хүнийхээ тухайд илүү эерэг сэтгэгдэл төрж, тэр хүнээ илүү гүн хайрлана. Тиймдээ ч хайртай гэдгээ харамгүй илэрхийлдэг гэр бүл тэгж илэрхийлдэггүй гэр бүлээс илүү аз жаргалтай, эв эетэй, бат бөх байдаг аж.

Хайраа зөв илэрхийлэх хэрэгтэй

Хайраас үүдэлтэй байлаа гээд бүх үйлс зөв гэсэн үг биш. Хайртай хүндээ сайн сайхныг хүссэн сэтгэлээр, хайрлах сэтгэлээс гарсан үйлс хэр нь сөрөг үр дагавар бий болгох тохиолдол бий. Хэт их материаллаг зүйлээр хангах, улайруулах, буруу авирлахад нь ч хүртэл магтах эсвэл үл тоомсорлох хандлага, хүмүүжүүлж байна гэсэн шалтгаанаар сул талыг нь чичилж засах гэж албадах, шүүмжилж буруутган, бусадтай харьцуулсан үг хэлэх зэрэг нь хайраа илэрхийлэх буруу арга юм. Хайрлах сэтгэл хөдлөл болон тэр хайрыг зөв илэрхийлэх хоёр нь тусдаа асуудал шүү дээ.

Солонгосын нэгэн гэрлэлтийн компаниас эрэгтэй эмэгтэй 412 хүнийг хамруулсан санал асуулгын үр дүнд тэдний хамгийн их хүсдэг хайраа илэрхийлэх хэлбэр нь “хайр халамж шингэсэн үг” гэжээ. “Хайртай шүү” гэх үг ерөнхийдөө нийтлэг хэлэгддэг ч сонсож байгаа хүнийхээ сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг нь гарцаагүй. “Хайртай шүү” гэж шууд хэлэх нь хайраа илэрхийлэх цор ганц арга биш. Хайрыг тань бүр хүчтэй болгох үг хэзээд байдаг. “Ээж нь охиндоо маш хайртай болохоороо энэ зуушийг хийлээ”, “Цагийг надтай хамт өнгөрүүлсэнд баярлалаа”, “Аав нь хүүдээ зөндөө их хайртай”, “Чи минь миний дэргэд байгаа болохоор би жаргалтай байна” гээд л. Гэр бүлийнхнээ хайр шингэсэн нүдээр харж, халуун дулаан, талархсан, магтсан, урам хайрласан, уучлал эрсэн хайрын дуу хоолой сонсгоорой.

Хайр хэдийгээр хэл яриагаар дамждаг ч үйлс дагалдах үед жинхэнэ үр дүнд хүрдэг. Хайрыг үйлс байхгүй зөвхөн үгээрээ л илэрхийлэх нь нөгөө хүндээ үнэмшилгүй санагдаж, сэтгэлийг нь хөдөлгөхгүй. Ялангуяа нялх хүүхэд үг хэл гэхээсээ илүү биед нь хүрэхэд хайр илүү мэдэрдэг тул тэвэрч, илж, хамт тоглох зэрэг цаг нэн чухал. Нэгнийхээ биеийн арьсанд хүрэх нь дотно харилцаатай мэт сэтгэгдэл төрүүлж, улмаар стресс бууруулах үр дүнтэй. Хамгийн гол нь нөгөө хүнтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, яриа хөөрөөг нь сонсож, сэтгэл санааг нь ойлгож, тус дэм хэрэгтэй үед нь дуртайяа туслах үед хайр улам бүр бат бөх болдог. Хамт инээлдэж хөхрөлдөх цаг их байвал нэг нэгэндээ сэтгэлийн таашаал өгч, хоорондын сайхан харилцаа удаан үргэлжилнэ.

Хайрыг ямар ч болзолгүй, тууштай илэрхийлж байх учиртай. Хүүхдүүдээ ямар нэг магтууштай зүйл хийсэн үед, хань ижлээ өөрийн тань хүссэнээр байх үед, аав ээжийгээ ямар нэгэн зүйлээр тусалсан үед гээд тухайн хүнд баярлах үедээ л хайраа илэрхийлж, эсвэл сэтгэл санааныхаа байдлаас хамаарч нөгөө хүнд хандах хандлага чинь өөрчлөгддөг бол энэ нь харилцаагаа эрүүл авч үлдэхэд хэцүү болно. Ямар ч нөхцөл байдалд хайртай гэдгээ тууштай харуулах хэрэгтэй. Тэгсэн цагт л хайртай хүн чинь таны тэр хайранд итгэлтэй байх юм.

“Хайрын тэнцэтгэл.
Сайн сонсох, хүндэтгэлтэй хандах, тус хүргэх,
өр нимгэн, халуун дотно хандах.” 『Эд зүйлсийн түүх』 Анни Леонард (Annie Leonard)

Нөгөө хүнийхээ дуртай арга барилаар хайрлах нь

“Үнээ арслан хоёрын хайр” хэмээх хүүхдийн богино үлгэр байдаг. Үнээ арслан хоёр бие биеэ хайрлан, хос бололцон амьдран суув гэнэ. Үнээ нь арслангаа өдөр бүр өвс ногоогоор дайлж, харин арслан нь үнээгээ өдөр өнжилгүй ангийн махаар дайлсаар байв. Эцэст нь тэр хоёр салжээ. Инээдтэй ч эмгэнэлтэй энэ мэт түүх үе үе бодит амьдрал дээр гардаг. Бид ихэнхдээ хайраа өөртэй тааламжтайгаар илэрхийлж, тэгээд нөгөө хүн нь баярлахгүй, догдлохгүй байхаар гоморхон, урам хугарах тохиолдол бишгүй их.

Хайраа илэрхийлэх тогтсон тодорхой нэг арга байхгүй учраас хүн хүний хайраа илэрхийлэх арга барил өөр. Угаасаа заавал адилхан байх албагүй. Хайр илэрхийлэх тухайд олон хүний санаа нийлдэг арга байлаа ч зарим хүний сэтгэлд хүрэхгүй байх нь бий. Адилхан илэрхийлсэн байхад хүн хүн өөрөөр хүлээн авах нь ч бий. Ихэнх хүн өөрийнхөө хүсдэг арга барилаар нөгөө хүндээ хайраа илэрхийлэх хандлагатай байдаг.

Үнээ арслан хоёр уг нь нэг нэгнээ халамжилсан ч өөр өөрсдийнхөө дуртай зүйлийг өгч, эцэстээ нэг нэгдээ гомдоон шархлуулж. Үүн шиг хайрлах сэтгэлээс гарсан үйлс байсан ч нөгөө хүн чинь жаргалтай байж чадахгүй байгаа бол тэр сайн арга барил биш. Хайртай хүн чинь “Намайг үнэхээр л хайрладаг юм байна” гэж мэдэрч байж л энэ нь хайраа илэрхийлэх зөв арга байх юм. Тэрнээс биш “Хайртайдаа л ингэж байна” гээд өөрийнхөө арга барилыг албадан, нөгөө хүнээ өөрийнхөө аргад дасгах гэх хэрэггүй. Хайртай хүн чинь хэзээ, ямар үед жаргалтай байгааг анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө хэм хэмжүүрийг хойш тавьж, хайртай хүнийхээ байр сууринаас бодож, түүний дуртай аргаар хайраа дамжуулах нь л чухал.

Хайртай хүнийхээ хүсдэг аргаар хайраа илэрхийлэх нь сайн хэрэг л дээ. Гэвч тэглээ гээд хүсэж буй аргаар минь хайраа харуул гээд, нөгөө хүнийхээ хайраа илэрхийлэх аргыг үл тоомсорлоод байж болохгүй. Буцааж авахын тулд өгөх хайр нь хайрыг замхруулж байгаа хэрэг. Хүн бүр хайрын тухайд өөр өөр туршлага дээр суурилсан хайрын тухай өөр өөр ойлголт, өөр өөр илэрхийлэх арга барилтай байдаг болохоор аргагүй биз. Тухайлбал “хайртай” гээд хэлчихэж ч чаддаггүй хүн байхад, хайртай хүндээ халамж анхаарал тавихдаа тааруу хүн ч бий. Хүн хүний өсөж дассан орчин өөр өөр, өсөж торнихын хэрээр дасал болсон арга барилаа нэг хормын дотор өөрчлөх хэцүүг ойлгож, хайраа илэрхийлэх арга барилыг нь ойлгож хүлээн авцгаая.

Таны хайраа илэрхийлэх арга хайртай хүнд тань таалагдахгүй бол тэр хүний талаар та бүрэн ойлгоогүй байна л гэсэн үг. Өөрийн тань хэлсэн үг, үйлдэлд хэрхэн хариу үзүүлж байгааг ажиглаж, эерэгээр хүлээн авч байгааг нь их хийхийг хичээгээрэй. Тэгсэн ч сайн мэдэхгүй байвал хайртай хүнээсээ ямар үед хайр мэдэрдгийг нь асууж болно шүү дээ. Хоёр биенийхээ сэтгэлд нийцтэйгээр хайраа илэрхийлэх арга хайж олох, тэр аргадаа тохируулж хайраа илэрхийлэх гэх нь ч хайраа илэрхийлж буй хэлбэр юм.

Алдартай нийгмийн сэтгэл судлаач Эрих Фромм (Erich Fromm) “Хайр бол сэтгэл хөдлөл биш, харин үйлс юм” гэсэн байдаг. Сэтгэл судлаач Жорж Крейн (George W. Crane) ч мөн ийм утгаар “Хайр нь хайраа илэрхийлэх болон үйлсээр хэрэгжүүлэх явцаар тэтгэгдэж байдаг” хэмээсэн байдаг. Хээнцэр гоёмсог цэцэгсийн нэгэн адил хайр дэлбээлэн дэлгэрэхэд ч арчилгаа тордолгоо хэрэгтэй. Хичээл зүтгэлгүйгээр хийгдэх юм гэж үгүй. Хайр ч мөн адил. Айл гэрийнхэн өөр хоорондоо хайраа бүрэн илэрхийлбэл амьдралын том, жижиг алив асуудал аяндаа шийдэгдэнэ.

Цаг хугацаа хүмүүн биднийг хүлээхгүй. Одоо л илэрхийлэхгүй бол хүсээд ч илэрхийлж чадахгүй цаг мөч ирж ч мэднэ. Хайраа илэрхийлэх арга барил тань тохиромжтой байгаа эсэхээ эргэн нэг харж, ам бүлээ гэх болзолгүй, чин сэтгэлийн хайраа харамгүй илэрхийлцгээе. Хайр бол хичнээн их оргилон ундарсан ч хатаж ширгэшгүй булагтай л адил. Мөн хайраа онцгой мөчид л онцгой аргаар илэрхийлэх хэрэггүй. Харин өдөр тутмынхаа амьдралын юм юман дээр илэрхийлж байхад л таны амьдралын өдөр бүхэн онцгой байх юм.