Хүн бүр ялагч болох боломж, зөрчил маргаан

Зөрчил маргаан нь бие биедээ хайртайн баталгаа юм. Үүнээс зайлсхийж зугталгүй, харин ухаалгаар зохицуулах хэрэгтэй.

565 Үзсэн тоо

Өнөө үед манай нийгэмд өрх гэрийн гишүүдийн дунд гэмт хэрэг маш их гарах болсон. Хоорондын харилцаа дутуугаас болоод харин ч хамгийн их хайрлан, халамжлах учиртай гэрийнхэн нь гэмт хэргийн бай болж байгаа хэрэг. Удаан хугацааны зөрчил маргаан сэтгэл санааны сөргөлдөөнийг даамжруулж, хэт туйлширсан үйлдлийг өдөөх гол шалтгаан болдог.

“Өрх гэрээ товхинуулах нь цэцэрлэгээ арчлахтай адил” гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Зэрлэг өвс, хогийн ургамлыг нь цагт нь зулгаахгүй бол үзэсгэлэнтэй цэцэрлэг ч хүртэл хогийн ургамалд дарагдана. Аливаа зөрчил маргаан гэдэг бол гэр бүл хэмээх цэцэрлэгийн хогийн ургамал гэсэн үг. Жаргалтай, өв тэгш гэр бүлийн дотор ч байнга л зөрчил маргаан гардаг. Нэг ёсондоо зөрчил маргаан гэдэг бол тэд амьд байгаагийн, мөн бие биедээ хайртай байгаагийн л баталгаа юм. Зүгээр нэг зөрчил маргаан гарсны төдийд энэ нь бие биедээ хайргүй гэсэн үг биш. Мөн зүгээр бие биедээ хайртай байлаа гээд энэ нь хэрүүл маргаангүй, зөрчилгүй байна гэсэн үг ч биш.

Ихэнх хүн зөрчил маргааныг толгойны өвчин гэж боддог. Гэвч та аливаа зөрчил маргааныг бодит байдлыг олж харах боломж, өөрийгөө эргэн шалгах боломж гэж хүлээж авбал энэ нь амьдралын тань шинэ эргэлтийн цэг байж ч болох юм. Зөрчил маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаагаас айл гэрийн аз жаргал хамаардаг гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй байх. “Бороо орсны дараа газар хатуурдаг” гэсэн хэлц байдагчлан зөрчил маргаан гарах бүрийд ухаалгаар шийдвэрлэх юм бол хоорондоо эвтэй байж, гэр бүлийнхээ харилцаа холбоог бат бөх болгож чадна.

Зөрчил маргаан гарахаас урьдчилан сэргийлэх арга зам

Зөрчил маргаан гарах үед ухаалгаар зохицуулах нь чухал ч гэлээ болж өгвөл зөрчил маргаан гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

1. Хэнийх нь ч буруу биш: Зүгээр л бие биенээсээ өөр байгаа хэрэг

Ер нь алив хэрүүл маргаан “Миний зөв, бусдын буруу” гэсэн урьдач нөхцөлөөс үүддэг. Юуны өмнө буруутай байх, өөр байх хоёрын ялгааг ойлгож тунгаах хэрэгтэй. Өөрөөс чинь өөр санал бодолтой байгаагийн төдийд хэн нэгнийг буруутай гэж дүгнэх буруу. Хоёр хүн алим унаж байгааг харлаа гэхэд нэг нь таталцлын хүчээс болж уналаа гэж хэлж болох бол нөгөө нэг хүн нь алим боловсорч гүйцсэн учраас уналаа гэж хэлж мэднэ. Зарим нь алим ч амттай байгаа даа гэж бодож болох бол, нөгөө хэсэг нь алим миний дээрээс уначих вий гэж зовсон байж болох юм. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу вэ? Энд хэнийх нь ч буруу алга. Гагцхүү тэдний бодох хэв маяг л өөр өөр байгаа төдий.

Өөр өөр орчинд өссөн хоёр хүн эхнэр нөхөр бололцдог. Тиймд тэдний хувьд ганцхан шөнийн дотор эв найртай, төгс зохицол бий болгоно гэдэг бараг л боломжгүй. Нэг эхийн хэвлийгээс төрсөн хүүхдүүд ч өөр өөр зан чанартай байдаг шүү дээ. Бие биенийхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол дургүйцэл үүснэ. Тэр гомдол дургүйцлүүд нь хэрүүл маргаан гарах шалтгаан болдог. Өөрийнхөө тогтоосон үнэ цэнэд суурилан нөгөө хүнээ өөрчлөх гэж зүтгэхийн оронд гэр бүлээ хүндлэхэд болон тэднийгээ байгаагаар нь хүлээн авахад өөрийгөө сурга.

​2. Анхааралтай сонс

Зөрчил маргаантай ихэнх айл гэр харилцааны гол үндэс болсон сонсох тал дээр асуудалтай байдаг. Гэрийнхэн чинь ярьж байхад тасалдуулбал, эсвэл анхаарал хандуулахгүй байх юм уу хэт нэг талыг барьж яривал танай гэрийн доторх яриа хөөрөө бага багаар алга болно. Хоорондоо бага ярих нь хүмүүсийн харилцаа муу байхад гарч ирдэг наад захын үзэгдэл. Гэрийнхэн чинь тантай ярьж байхад анхаарлаа хандуулан төвлөрч сонс. Анхаарч сонсох нь хүнийг баяртай болгодгоос гадна, тэдэнд хүч өгч байдаг байна. Асуудал шийдэгдээгүй байсан ч бусдын ярихыг анхааралтай сонсох юм бол үүссэн гомдол дургүйцэл 90% шийдвэрлэгдчихдэг байна.

​3. Би ч буруутай байж мэднэ

Бодож сэтгэж байгаа чинь, шүүж тунгааж байгаа чинь буруу байж болохыг, бодох хэв маяг чинь учир дутагдалтай байж болохыг, өөрийн чинь үйлдэл уялдаагүй, зөрчилтэй байж болохыг, мөн өөрийн чинь ухаалаг гэж үзэж байгаа чинь ухаалаг биш байж болохыг, огт санаж байгаагүй зүйл чинь байж болохыг ой тойндоо санаж ав. Та өөрөө ч бас буруутай байж болохыг, мөн зааг хязгаартай, зөрчилдөөнтэй байж болохыг үргэлж санаж ав.

4. Бусдын байр сууринд өөрийгөө тавьж үз

Хүмүүс ер нь юу нь зөв, юу нь буруу болохыг хэлдэг хүнд биш, өөрийг нь ойлгодог хүнд л дуртай байдаг. Өөрийг нь ойлгодог хүний тухайд ямар ч үг байсан хүлээж авах гэдэг хэрнээ өөрийг нь ойлгодоггүй хүний зөв ч бай тэднийг сонсох дургүй байдаг. Хэн нэгнийг ойлгоё гэвэл өөрийгөө тухайн хүний байр сууринд тавьж үз. Үйлс үйлдэл бүрд нь нэг шалтгаан байж л таараа. Хэрвээ бусдын байранд өөрийгөө тавибал та тэр хүнийг 100% биш юмаа гэхэд хавьгүй сайн ойлгоно.

​Ялах-ялах (win win) шийдлийг ол

Айл гэрийн доторх хэрүүл маргаан бол нэг нь ялж, нөгөө нь ялагдаж байдаг тэмцээн уралдаан биш. Ялах-ялах нөхцөл юм уу эсвэл ялагдах-ялагдах нөхцөл гэж л бий. Зөрчил маргааныг нэлээн сайн шийдвэрлэчихвэл илүү дотно харилцаатай болж, аль аль нь ялагч болно. Харин эвлэрэлгүй сэтгэлд нь гомдол үлдээсэн чигтээ нэг нэг рүүгээ нуруугаа харуулчихвал аль аль нь ялагдагч болно. Гэрийнхэнтэйгээ хийсэн хэрүүл маргаанд та яллаа гэлээ гэхэд танд титэм өгөхгүй шүү дээ. Ялагдлаа гэлээ гэхэд ямар нэг юм болохгүй. Гэр бүлийнхнийг бүгдийг нь ялагч болгох арга замаар зөрчил маргааныг шийдвэрлэх зарчмыг дор сийрүүлье.

​1. Хэрүүл маргааны зорилго нь уураа гаргах биш асуудлыг шийдвэрлэх юм

Ер нь хүмүүс хэт сэтгэл хөдлөлд автахдаа гомдлоо ихэвчлэн уур уцаараар гаргах тохиолдол элбэг байдаг. Уур гомдлоо хэн нэгэнд гаргах нь хор хохиролтой, мөн бие биенийхээ сэтгэлийг шархлуулдаг. Уурлаж муудалцлаа ч уг маргааны чинь зорилго хэний буруу болохыг олж мэдэх юм уу, эсвэл өөр хэн нэгэнд уурлахад биш, харин сайхан харилцаатай байхын тулд асуудлыг шийдвэрлэх гэдгийг санаж аваарай.

​2. Довтолгооны бай нь хүн биш, харин ямар нэг асуудал л байгаа

Санал бодлын зөрүүнээс болоод гэр бүлийнхэн дунд зөрчил маргаан гарах үед гэрийнхээ хэн нэгнийг довтолгооны бай болгох энүүхэнд. Хэрвээ та асуудлын шалтгааныг гэр бүлийнхээ хэн нэгэнд тохвол хэрүүл маргаан бүр ч дордоно. Ялангуа гэрийнхнийхээ зан авир, сул талын тухай ярих нь зөв биш. Хүнд биш, тухайн асуудалдаа төвлөрч, зөвшилцөхийг хичээгээрэй.

​3. Одоогийн асуудлаа л ярь

Хүн нэгэнт уурласан бол өнгөрсөнд болсон хавь ойрын таагүй юмыг санах болдог. Эрт болсон зүйлийг ч хүртэл сөхөөд байвал зөрчил маргааныг шийдвэрлэх арга зам бүр л холдоно. Ярьж байгаа чинь зөвхөн одоогийн асуудал мөн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.

​4. Зөрчил маргааныг шийдвэрлэх идэвхтэй хандлагаа харуул

Нэг нь гомдоллож үүнийгээ шийдвэрлэх гэж хичээж байхад нөгөө нь үүнээс зайлсхийж, эсвэл тухайн нөхцөлд хайхрамжгүй байх юм бол тэд нэг нэгнээ ойлгох боломжоо алдаж орхидог. Бат бөх гэр бүл бол сэтгэл доторх гомдлоо хожим хэрэглэх зэвсэг болгох гэж санадаггүй. Гэрийнхнээ ажлаасаа эсвэл сургуулиасаа ирэхийг, эсвэл тайвшрахыг нь хүлээж байгаа цагаас бусдаар бол үүссэн асуудлыг боломжтой бол тухайн өдөр дуусахаас өмнө шийдвэрлэх нь дээр.

​5. Нэг алхам ухар

​Зөрчил маргаан гарсан үед хамгийн сайн шийдэл бол буулт хийх, бие биенээ уучлах юм. “Уучлаарай” гэдэг үг нэг суурин дээр “Миний буруу”, “Өөрийг чинь хүндэлж байна”, “Бидний харилцаа надад чухал” гэсэн гурван мессежийг дамжуулж байдаг аж. Айл гэрийн доторх хэрүүл маргаан өчүүхэн зүйлээс эхэлдэг. Нэг нь танд уурлалаа гэхэд та элдэв шалтаг тоочих, эсвэл үйлс үйлдлээ нөгөө хүндээ ойлгуулах гэж хичээхийн оронд эхлээд “Уучлаарай” гэж хэлэх хэрэгтэй. Тэгсний дараа учир шалтгаанаа тайлбарлаж болно. Нэг уучлалт гуйхад л хэрүүл маргаан эцэслэж ч мэднэ. Тиймд бардам зангаасаа болоод алив хэрүүлийг битгий хүндрүүл.

Өнөө үед гэр бүл салалт хурдацтай ихсэж, айл гэрийн дундах хэрүүл маргаан хэрээс хэтэрч, улмаар бүр гэмт хэрэг гарахад хүргээд байгаа. Тиймэрхүү асуудлыг багасгах цорын ганц арга бол харилцаа. Хүн бүр аз жаргалтай гэр бүлтэй байхыг хүсдэг ч аз жаргалтай гэр бүл гэгч зүйл хичээл зүтгэлгүйгээр аяндаа бий болдог юм биш. Хичнээн их хүчин чармайлт гаргана төдий чинээ илүү аз жаргалтай болж чадна.

Эх сурвалж
『Ойр дотны хүмүүстэйгээ хэрхэн эвтэй байх вэ?』 (Ким Сон Хы)
『Бусдыг өөртөө татдаг хүмүүс 1% өөр байдаг』 (И Мин Гюү)