Эхийг сэтгэлдээ тээж сэрсэн минь
Жомэри Суплео / Филиппин Мандалуйон
Өвөөгийнхөө 80 насны ойг тэмдэглэхээр арван жилийн дараа төрсөн нутагтаа очлоо. Миний санахад өвөө маань хатуу, хүчтэй хүн байсан юм даг. Юманд маш уйгагүй, махруу. Өвөө маань ургац хураахаас бусад үед үр тариагаа ганцаараа арчилж торддог байж билээ. Тиймээс би өвөөгөө нэлээн бадриун тэнхээтэй байсныг нь л лав мэддэг юм.
Тэгтэл хамгийн сүүлд харснаасаа хойш арван жилийн дараа өвөөгөө хараад бүр гайхаж орхив. Өвөө маань маш тамир муутай болсон байв. Арайхийн явж, удаан ярьж ч чадахгүй байв. Ихэнхдээ л хөдөлдөг сандал дээрээ сууж өнжинө. Харин босож зогсохоор бол хүнээр туслуулах хэрэг гарна. Намайг хэн гэдгийг маань таньж ядан байсан өвөөдөө мэндлэхээс өөр юу хийх ёстойгоо би мэдэхгүй байлаа.
Өвөөгийнхөө өрөвдмөөр хүнд байдалд байгааг хараад гэнэт нэг хүн санаанд орлоо. Энэ бол бидний нүглээс болж энэ газарт ирээд зовж шаналж байгаа тэнгэр Эх маань. Насан өндөр гарсан Эхийн маань хөлс хөдөлмөр, зовлон золиос энэ сайн мэдээ дэлхий даяар тарсан цагт л эцэс болох юм. Гэнэт би бушуухан авралын зар тараамаар санагдлаа. Тэгээд сарнисан сэтгэлээ цэгцэлж, сүнсээр сайн болъё гэж шийдлээ. Өвөөгөө харах тэр үеэр итгэл маань төдийлөн хүчтэй байгаагүй л дээ. Би гэдэг хүн хийх ёстой үүрэг даалгавраа биелүүлэлгүй зүгээр л мөргөл тэмдэглээд явж байсан юм. Өвөөгөө харснаас хойш итгэлээрээ бат зогсох шийдвэр гаргасан ч яаж эхлэхээ нэг л мэдэхгүй байлаа.
Тэр үеэр манай Сион өөр аймагт шинэ Сион байгуулаад зав зай муутай байв. Би эхлээд шинэ байгуулагдсан Сион руу явж, богино хугацааны тунхаглалаар олдсон шинэ гэр бүлүүдэд Библи үзэхэд нь туслав. Харин тэр мөч миний сэтгэлд хүрсэнгүй. Дутуу дулимаг итгэл маань сэтгэл шаналгаж, Ариун Сүнсээр дүүрэн байдаг сайн мэдээний үйлчлэгч нараас хол байхыг би хүсэв. Эхний өдөр унтахаасаа өмнө залбирч Бурхан надад даалгасан үүргээс зугтаж байсан бүх цаг мөчийнхөө төлөө маш их гэмшив. Яг л Иона аварга загасны гэдсэнд гэмшдэг шиг би их уйллаа. Эцэг Эхийнхээ төлөө дахиад ямар нэг юм хийнэ гэдэг сайхан байсан ч нэг хэсэгтээ л ичмээр санагдаж, бас сэтгэл зовсон хэвээрээ байлаа.
Үүний дараа би Санта Мариад богино хугацааны тунхаглалд оролцов. Богино хугацааны тунхаглалд Эхийн илгээсэн хэдэн солонгос гэр бүлтэй цуг явсан нь намайг бүр ч дарамттай болгов. Итгэл муутай байсан болохоор Эцэг Эхийн яруу алдрыг халхлах вий гэж айж байлаа. Бас үр жимс гаргахгүй байх вий гэхээс ч айж байв. Би хараахан сэтгэлээ бүрэн дүүрэн цэгцлээгүй ч Бурханы ивээлээр үр жимс гаргалаа.
Хоёр дахь өдөр нь бид зорилго төлөвлөгөө гаргахаар орой нь чуулган хийлээ. Маргааш нь 100 үр жимс гаргана гэж манай баг зорилго тавив. Би маш их эргэлзэж байсан юм. Шударгаар хэлэхэд ингэж чадна гэж итгээгүй хэрэг. Тэд итгэлтэйгээр “Амен” гэж байхад харин би дуу муутай хэлэв. Чуулган дуусаад хэдэн минутын дараа багийн ахлагч маань гэнэт утсаа чанга яригч дээр нь тавив.
Утасны цаанаас маш танил дуу сонстлоо. Бид хийж байсан ажлаа орхин Эхийн дуу хоолойг илүү тод сонсохоор бүгдээрээ ахлагч руу дөхөж очив. Тухайн үедээ би Эхийн хэлснийг бүрэн ойлгоогүй ч Эх ямар ч байсан биднийг ерөөж байна гэдгийг л мэдсэн. Би нулимсаа барьж дийлэхгүй байлаа. Хичнээн удаан хувиа хичээсэн бардам хүн явснаа би ухаарав. Тийм байхад надад Эхийн дуу хоолойг сонсох боломж олдлоо шүү дээ. Маш их талархаж бас гэмшлээ. Тэр өдөр л би Эхийгээ ямар их санаж байснаа ухаарсан юм.
Ингээд ч зогссонгүй. Бид дахиад 100 үр жимс гаргах зорилго тавьж, богино хугацааны тунхаглалын сүүлчийн өдөр Эхийн дуу хоолойг дахин сонсож чадсан юм. Эх биднийг дэмжиж ерөөж байдгийг, тэр ивээлийг нь биеэрээ мэдрэв. Тийм ээ, нээрээ л ивээл байсан юм. Учир нь энэ ивээл тэнүүлч охин мэт байсан надад өгөгдсөн шүү дээ.
Тэр богино хугацааны тунхаглалын үеэр Эх надад Глори Лэйн гэдэг нэгэн баясгалантай эгч дүүг үр жимсээр зөвшөөрсөн. Эгч дүү биднийг тэнд байх хооронд Амралтын өдрийн мөргөл тэмдэглэж, тэр байтугай их сургуулийн найзыгаа хүртэл үнэн рүү дагуулж ирсэн юм. Биднийг богино хугацааны тунхаглалаа дуусгаж, буцсаны дараа ч эгч дүү байнга Сионд ирж, хариуцагч нартай хамт авралын зар тарааж, өөр үр жимс гаргасан гэнэ. Сионы цэвэрлэх хөдөлгөөнд оролцохоор ирсэн байхад нь ч хүртэл би дахин таарав. Энэ бүхэн надад л өгсөн ерөөл байсанд би итгэж ядав.
Эхийн ивээл ерөөл над дээр үргэлжлэн буусаар л байлаа. Намайг үнэнийг хүлээн авч, итгэл дотор өсөх хүртэл надад маш ихээр нөлөөлсөн нэг эгч дүү байсан юм. Тэр эгч дүү Католик сүмд хамаг амьдралаа зориулсан ар гэрийнхнээсээ саад хавчлага их амссан. Түүнтэй холбоо тасраад сураг ч сонсохоо больсон байлаа. Хэдэн жил хүнд хэцүү зовлон туулсан түүний төлөө би залбирдаг байлаа. Тэгтэл тэрээр их сургуулиа төгсөөд буцаад ирсэн нь намайг бас л гайхшируулав. Тэр хамаагүй чөлөөтэй бас их урам зоригтой болсон байлаа. Тэрээр тэвчээр хатуужлын үр жимс гаргаж, мөн гэр бүлүүдийг хариуцах үүрэг хүлээв. Хэдэн жилийн өмнө шинэ гэр бүл байхдаа үнэн рүү хөтөлсөн ах дүү нар үр жимс гарган сайн мэдээний үйлчлэгч болцгоосон. Эрэгтэй дүү маань ч мөн сэтгэл нь нээгдэж, Сион руу ирлээ.
Нэмээд хэлэхэд Барселон Сионд харьяалагддаг байсан ээж маань надад сүм дээрээ авч байгаа ерөөлийнхөө тухай байнга ярьж байгаа. Ээжийг хамаатнууд нь хуучин сүмдээ яв гэж ятган нэлээн шахаж хавчдаг байлаа. Тийм нөхцөл байдалд ч ээж зарим найзуудаа Сион руу хөтөлж чадсан юм даа.
Ийм ерөөлийг би яаж авсан юм бол оо? Би бол ердөө л итгэлээр сулхан, удаан өөрчлөгдөж байгаа хүүхэд нь байсан шүү дээ. Зөвхөн сэтгэлдээ Эхийгээ нандигнан залах үед л сул талаа болон итгэлийнхээ дутуу байдлыг ялах зүтгэл гардаг юм билээ. Тэнгэр Эцэгийн хэлсэнчлэн аливааг ялан гарах хүч Эхээс хамааралтай юм билээ. Эхийгээ мартах юм бол би хүчгүй болж унадаг. Харин Эхийг санахаар би босоод л ирдэг. Ямар ч саад тотгор зовлон бэрхшээлийг давж гарахын тулд миний төлөөх Эхийн хайр золиосыг үргэлж надад сануулж өгөөрэй гэж би залбирдаг.
Өвөөгийн төрсөн өдрөөр дэлхийн нөгөө хагаст амьдарч байсан хамаатнууд ч хүртэл цугларав. Бүгд л ажлаасаа удаан хугацаагаар чөлөө авч, бүх юмаа орхиод Филиппинд нисэж ирсэн байв.
Тэнгэрийн хүүхдүүд ч бас үүнтэй адилхан юм. Тэнгэрийн гэр бүлүүд дахин нэгдэж нийлэх тэр өдөрт хүсэл найдвар тавин, Эхийгээ би үргэлж санаж явах болно оо.