WATV.org is provided in English. Would you like to change to English?

Эхийн хайраар, Эхийн тусламжаар

Тэжэндра / Непал, Катманду

331 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

2015 оны 4 сарын 25-ны өдөр үд дунд Непалд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Гэнэт бүх юм ганхан доргиж эхэлтэл тэнгэр нурж, газар хөмрөх шиг л санагдсан. Амралтын өдрөө тайван гэгч нь тэмдэглэж байсан гэр бүлүүд асар хүчтэй газар хөдлөлтөнд балмагдаж, багана, шатны хашлага зэргээс барьж, арайхийн тогтож байснаа зарим нь тэнцвэрээ алдан унаж орхив. Газар хөдлөлт хичнээн аймшигтай гамшиг гэдгийг тэр үед л анх мэдэрсэн.

Газар хөдлөлт түр зогсох үед бид гадагшаа гарч, эргэн тойрноо ажиглан харлаа. Бурханы ивээлээр ашгүй гэр бүлүүд маань эсэн мэнд, сүмийн барилга байшинд бараг хохирол гарсангүй. Харин Катманду хотоос эхлээд балгас болсон газар нэг хоёроор зогссонгүй. Байшин барилга нүд халтирам нурж унан, үй олон хүн нурангинд дарагдан амиа алдаж, гэмтэж бэртсэн байлаа. Газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжлэхэд амьд үлдсэн хүмүүс айдаст автан байв.

Сионы гэр бүлүүд ч бас их цочирдсон хэдий ч тэр даруй биеэ барин тайвширч, амьд үлдэгсдийг эрж хайх, хотыг сэргээн засварлах ажил юу юунаас илүү яаралтай ажил байсан болохоор ханцуй шамлан орцгоов. Бидний гол ажил нурангинаас болж хоёр дахь хохирол гаргахгүйн тулд нурсан байшин барилгын аюултай хэсгийг цэвэрлэх ажил байсан л даа. Цуурч хагарсан ханыг бүрэн нурааж, эвдэрсэн зүйлсийг зайлуулж, нурсан барилгын хог хаягдлыг зайлуулан зам гаргах гэх зэргээр бидний ажил тасралтгүй үргэлжлэв. Мөн орон гэрээ алдсан хүмүүст асар майхан барьж өгөн, хоол хүнсээр туслан, халдварт өвчин дэгдэхээс сэргийлж, гудамж талбай цэвэрлэх ажлыг ч гардан хийв.

Ажлаа дуустал халуун наранд шарагдан, тоос шороонд дарагдсан гэр бүлүүд танихын аргагүй халтайсан байв. Хүнд бэрх ажилд чамгүй хүч зарж, ядарсан байж таараа ч гэр бүлүүд маргааш нь ч уг халуун цэг дээр дахиад ирсэн байлаа. Би тэдэнд “Маргааш жаахан амраарай” гэсэн ч “Огт ядраагүй ээ, маргааш ч сайн дурын ажил хийхээр ирнэ” гээд инээмсэглэнэ.

Үнэндээ эндхийн ихэнх гэр бүлүүдийн амьжиргаа тааруу л даа. Гэвч гэр бүлүүд маань өнөөг хүртэл тохиож байгаагүй их гамшгийн өмнө зовж шаналах хүмүүст туслахаар итгэл сэтгэлээ нэгтгэн, хэн хүнгүй золиос гаргаж байлаа. Тэр сэтгэл нь өөрийгөө гэхийн оронд хүүхдийнхээ л төлөө золиос амсах Эхийн хайрыг дуурайсан аж.

Хүмүүс ч бидний чин сэтгэл зүтгэлийг мэдэрсэн байх. Сионы гэр бүлүүдийн биеэ нөөлгүй хийсэн сайн дурын ажлын тухай мэдээ энд тэнд тархаж, сүүлдээ бүр ажиллахаар шар хантааз өмсөн гарч ирэх бүрд бүгд л инээмсэглэн баяртай угтдаг боллоо. Ундаа, жигнэмэг авчрах хүн ч байж, түр амрахад сэрүүн сүүдэрт амраарай гэж зай тавьж өгөх хөршүүд ч байлаа. Цагдаа нар ч мөн манай итгэгчдийн бие сэтгэлээ зориулан ажилласанд магтаал харамгүй хэлж байлаа. Тэр бүрийд гэр бүлүүд маань Бурханд яруу алдар өргөж байлаа.

Непал хуучин өнгө төрхөндөө орох хүртэл нэлээд цаг хугацаа шаардлагатай биз ээ. Тэр болтол юу юунаас илүү хэрэгтэй зүйл бол хайр юм. Хотыг сэргээн босгож, гэмтэж шархадсан хохирогчдыг тэврэхийн тулд Непалын хүүхдүүд бид Эхийн хайрыг тасралтгүй түгээх болно оо. Непалын ард иргэд Эхийн хайранд амьдралын итгэл найдвар, урам зоригоо дахин олж аваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.