Сайхан харилцааны төлөөх хэлэлцээ
Хүн ер нь хоорондоо өөр өөр үзэл бодолтой бол зөвхөн өөрийнхөө бодлыг онцлон, өөрийнхөөрөө зүтгэхээс илүүтэй нөгөө хүнийхээ бодлыг анзаарч, хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь хэлэлцээ гэдэг бол ялж, ялагдах тэмцээн биш, харин бусдын сэтгэлийг хөдөлгөх арга.
“Бараг юм бүхэн хэлэлцээ.”
Америкийн хэлэлцээ судлаач Херб Коэн ийм үг хэлсэн байдаг. Хэлэлцээ гэхээр ихэнх хүмүүс олон улсын хэлэлцээ, цалингийн хэлэлцээ гэх мэт чухал асуудлуудын тухай сүртэй, ширүүн тэмцэл гэж төсөөлдөг. Харин хэлэлцээ хийнэ гэдэг нь зөвхөн гадаадын дипломатч, бизнесийнхэнд зориулагдсан тусгай ажил үүрэг биш. Зах дээр бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохиролцох, үдийн хоолны цэсийг хамт олонтойгоо хэлэлцэн хамт шийдэх, гэр бүлийнхэнтэйгээ гэрийн ажлаа хуваах, хүүхдийн халаасны мөнгөний хэмжээг шийдэх зэрэг нь хэлэлцээний нэг хэлбэр. Херб Коэний хэлсэнчлэн албан ёсоор ширээний ард өөд өөдөөсөө хараад суухгүй ч гэлээ хүний өдөр тутмын амьдрал гэгч нээрээ л цуврал хэлэлцээ байдаг аж.
Хэрэв хүн болгон хэрэгцээгээ бие даан хангаж чаддаг байсан бол, эсвэл хоёр талын хүсэл сонирхол үргэлж таардаг байсан бол энэ дэлхийд зөрчил маргаан гэж гарахгүй байх байсан. Гэвч бодит байдал дээр нэг хүн дангаараа бие дааж зохицуулах хэцүү зүйл олон. Мөн хоёр хүн өөр өөр санаа бодолтой хэрнээ хэн хэн нь тийм амархан ухралт хийхийг хүсдэггүй тохиолдол элбэг. Тийм ч учраас хүний амьдралд байнга гарч байдаг том жижиг зөрчил маргааныг найрсаг тохиролцоонд хүргэхийн тулд харилцан ярилцах, харилцан буулт хийх зэрэг нь зайлшгүй хэрэгтэй.
Өчүүхэн жижиг үйлдэл ч хэн хэнд нь нөлөөлж болзошгүй тул ойр дотно харилцаа тогтооход хэлэлцээ хийх нь илүү чухал. Зөрчил маргаанд хүрч мэдэх нөхцөл байдлыг харилцан ярилцах, харилцан буулт хийх зэргээр эвтэйхэн шийдвэрлэж чадвал харилцан итгэлцэл бэхжиж, сэтгэл ханамж ч дагалдана. Хэрхэн хэлэлцээ хийж, шаардлагатай үед нь хэрхэн ашиглах талаар сурч авцгаая.
Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь хэлэлцээ хийхэд хэцүү болгоно
Хүн бүр яг ижилхэн нөхцөл байдалд ч өөр өөрөөр бодож, өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг. Ингэх өөр өөрийн шалтгаан бий. Үүнийг үл тоомсорлож, үргэлж өөрийнхөө зөв, нөгөө хүнийхээ буруу гэж боддог бол энэ нь таагүй байдал төрүүлэх магадлалтай. Тийм ч учраас ихэнх хүмүүс хэрээс хэтэрсэн зүйлийн тухайд “уурлах нь зөв” гэж боддог. Хэн нэгэнтэй маргалдаж, сэтгэл зүйн хувьд ялагдал хүлээвэл ихэнх хүн маргаанаа бүр даамжруулж, бүр ч илүү өөрийнхөөрөө зүтгэдэг. Улмаар ийм үедээ нөгөө маргалдагч хүндээ сэтгэл хөдлөлөөрөө хандах шалтгаан болж байдаг.
Ер нь дургүйцэл, бухимдал, уур хилэн зэрэг сөрөг сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэх нь хэлэлцээ хийхэд хамгийн том саад болдог. Хүн хэт уурласан үедээ тайван байдлаа алдаж, юу хүсэж байгаагаа тайлбарлаж чадахаа байн, дуугаа өндөрсгөн, бусдад зэвүүцэж дургүйлхсэн үг хэлдэг тул хэрүүл маргаандаа тулж мэднэ. Тэгвэл хэлэлцээ өндөрлөж, гол зорилгоо биелүүлэхийн оронд нэг нэгнийгээ шархлуулаад л дуусна.
Нөгөө хүн уурлаж, ухаанаа алдсан үед түүнийх нь хариуд доромжлох гэх нь үр дүнтэй ухаалаг биш арга. Харин нөгөө хүндээ таалагдах гээд юм уу эсвэл тухайн хэлэлцэх асуудлаас зайлсхийж, эсвэл асуудлыг далдлах гээд утгагүй хүсэл шаардлагад нь бууж өгвөл энэ нь үймээн самуун, зөрчил маргааныг бүр ч ихэсгэх шалтгаан болж мэдэх юм. Нөгөө хүн чинь уурлах үед эхлээд тэр хүнийхээ сэтгэл хөдлөлийг хүндэтгэн, тайвшрахад нь туслах хэрэгтэй. Дараа нь юунд сэтгэл дундуур байгаагаа тайвнаар, шударгаар тайлбарлах нь зүйтэй. Гол нь тухайн хүн, тухайн асуудал хоёрыг ялгаж зааглах нь чухал. Нөгөө хүнийхээ санал, хэлэлцэх асуудлын тал дээр өөрийн бодлоо тайлбарлаж болно. Гэвч зан авир, сэтгэн бодох чадвар зэргийг нь шүүж, шүүмжилж болохгүй.
Эхнэр/нөхөр тань амлалтаа зөрчвөл
“Чи өгсөн амлалтаа хайхрахгүй, муухай хувиа хичээсэн хүн юм даа.” (Муу)
“Чи амлалтандаа хүрээгүйд миний уур хүрч, бухимдаж байна.” (Сайн)
Хүүхэд тань үнэтэй юм авхуулах гээд түвэг удаад байвал
“Дэмий юм ярихаа боль.” “Чамд ер нь чих байна уу, алга уу?” (Муу)
“Уучлаарай, гэхдээ чиний хүссэн бүхнийг худалдаж авч чадахгүй нь.” (Сайн)
Өөр өөр хоол идмээр байвал
“Би идмээргүй байгаагаа идэхгүй!” “Наадах чинь амтгүй байна. Чи юундаа үүнийг идмээр байгаа юм?” (Муу)
“Хоолны тухайд юу идэхээ чи шийдээд, харин би десертээ сонговол ямар уу?” (Сайн)
“Хүсэл шаардлага” доторх далд “хүсэл” нь юу гэдгийг ухаж мэд
Нөхөрсөг гэрээ хэлцэлд хүрэхийн тулд өөрийнхөө хүсэж байгааг зүй ёсоор тайлбарлах хэрэгтэй ч хамгийн чухал нь нөгөө хүнийхээ юу хүсэж байгааг ойлгох. Мөсөн уулын харагдаж байгаа хэсэг нь бүх зүйл биш, харин түүний асар том хэсэг нь усан дор нуугдаж байдаг шиг “Яагаад ийм зүйл шаардаад байгаа юм бол?” гэж бодон, уг шаардлага дотор нуугдаж буй далд хүслийг нь ойлгох хэрэгтэй. Тэгвэл илүү өргөн цар хүрээтэй шийдэл болно. Учир нь нөгөө хүний хүсэлтийг байгаагаар нь хүлээж авахад хэцүү байсан ч тэр хүсэл нь өөр арга зам хайх байдлаар биелж болно.
Нөгөө хүн юу хүсэж байгааг зөв мэдэхийн тулд зөв асуулт асууж, хариуг нь анхааралтай сонсох хэрэгтэй. Хүн заримдаа нөгөө хүн юу шаардаад байгааг таамаглаж, эсвэл өөрийнх нь мэдэж байгааг нөгөө хүн бас мэдэж байгаа гэсэн таамаг дор ярих нь бий. Харилцан яриа хөөрөө дутсанаас болж л зөрчил маргаан байнга үүсдэг. Тиймээс ердөө нөгөө хүнийхээ хэлсэнд анхаарахад л тэр зөрчил маргааны шийдэл амархан олдоно. Харин “Яагаад?”, “Яах гэж?” гэх зэрэг үг хэллэг нөгөө хүнд чинь өөрийнх нь хүсэл шаардлагыг сонсохыг хүсэхгүй байна гэсэн буруу ойлголт өгч магадгүй тул хэрэглэж байгаа үг хэллэгтээ болгоомжтой ханд.
Солонгосын нэг бизнесийн сургууль дээр оюутнуудыг хоёр хэсэг болгон хувааж, нэг хэсэг оюутнууд нь бусдын саналыг няцаах байдлаар саналаас нь татгалзаж, нөгөө хэсэг оюутнууд тухайн саналыг эхлээд нөгөө хүнийхээ байр сууринаас адил мэдэрч, харамсаж байгаагаа илэрхийлсний дараа саналаас нь татгалзсан байна. Дараа нь хэлэлцээний үр дүнд хэр сэтгэл хангалуун байгаа талаар саналаа татгалзуулсан хүмүүсээс асуусан байна. Уг нь хоёр баг хоёулаа л татгалзсан. Гэвч тэд саналыг нь адил мэдэрч хүлээн авсан хэсгийнхний хэлэлцээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Нөгөө хүнийхээ ярьж буй зүйлийг тэр хүнийхээ байр сууринаас авч үзэн, адил мэдэрч байгаагаа харуулах нь чухал. Нэгэнт адил мэдрэх сэтгэлийн холбоо бий болгосны дараа бол та хоёр дайснууд биш, харин асуудлыг хамтдаа шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах түншүүд болно. Ихэнх тохиолдолд хүмүүс нөгөө хүн нь тэдний юу мэдэрч байгааг, юу хүсч байгааг бүрэн ойлгож байгааг мэдрэх үедээ аюулгүй, харин ч бүр сэтгэл хангалуун байдаг. Тиймээс та нөгөө хүнийхээ санал хүслийг адил мэдрэх сэтгэлээ илэрхийлэхэд л нөгөө хүн хэдий өөрийнх нь хүслээр болохгүй байсан ч нээлттэй сэтгэлээр яриагаа үргэлжлүүлж чадна.
Хүүхэд шүдээ угаахаас татгалзвал
Хүүхэд яагаад шүдээ угаах дургүй байгаагаа логиктойгоор тайлбарлаж чадахгүй. Хэдийгээр тэд зүгээр л шүдээ угаах дургүй юм шиг санагдаж байгаа ч үнэндээ бол шүдний ооны амтанд дургүй байж мэднэ, эсвэл аав ээж нь хүчээр албадан амыг нь угаалгах гэдэгт дургүй байж ч мэднэ. Та хүүхдээсээ ойлгохуйц байдлаар асуух хэрэгтэй. Улмаар шалтгааныг олж мэдсэнийхээ дараа тэдний сэтгэлийн байдлыг хүлээн зөвшөөрч, тэдэнд адил мэдэрч байгаа сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Та хүүхдийнхээ дуртай хүүхэлдэйн киноны баатрын зурагтай шүдний сойз юм уу эсвэл гоё үнэртэй оо авч өгөх байдлаар шүдээ угаахаас дургүйцэхийг нь багасгаж, мөн шүдээ өөрөө угаах үед нь магтаж болно.
Эхнэр нь нарны гэрэл оруулах гээд хөшгөө нээдэг байхад нөхөр нь хаахыг хүсэж байдаг
Эхнэр яагаад хөшиг нээснээ тайлбарлаж, нөхрийгөө яагаад хөшиг хаахыг хүсэж байгааг асуух нь зүйтэй. Зурагтын дэлгэц харагдахгүй байгаа, дугхийх гэж байгаа, гаднах хүмүүст гэрийн доторхыг харуулмааргүй байгаа гээд нөхөрт хөшиг хаах гээд байгаа нэг шалтгаан байж л таараа. Нөхөртөө учрыг нь тайлбарлахдаа адил мэдэрч байгаагаа илэрхийлж, аль алиныхаа байдалд нийцэхээр арга зам хайж олохыг хичээ. Та зурагтаа сүүдэрлэхээр хөшгөө хаах, эсвэл нөхөртөө нүдний хаалт өгөх эсвэл жаахан байж байгаад хөшгөө хаах гэх мэт хувилбаруудыг санал болгож болно.
Сайхан харилцаагаа хадгалж үлдэхийн төлөөх амжилттай хэлэлцээ
Хэлэлцээний үр дүн гурван төрөл байдаг. Нэг нь аль аль тал нь сэтгэл хангалуун биш үлддэг, нөгөө нь зөвхөн нэг тал л сэтгэл хангалуун үлддэг, сүүлчийнх нь хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун байж дараагийн алхмаа тэсэн ядан хүлээж байдаг байна. Хамгийн тохиромжтой үр дүн нь хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун үлдэх хэлэлцээ гэдгийг хэлэх илүүц биз ээ.
Хоёр талын сэтгэлд нийцсэн амжилттай үр дүнд хүрэхийн тулд тухайн хэлэлцээ ашиг тус гэхээсээ илүү харилцаан дээр төвлөрч байх ёстой. Ялах, ялагдах, мөн аль тал нь илүү харагдахуйц ашигтай тухай хэлэлцээ сайн үр дүнд хүрэх магадлал муу. Мөн аль нэг тал нь ашиг хүртэж байсан ч хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж байвал цаашдын урт хугацаанд яваандаа бүтэлгүйтнэ.
Ихэнх хүмүүс найрсаг хэлэлцээ хийхийн тулд нарийн төлөвлөгөө, уран илтгэл энэ тэр чухал гэж боддог. Гэтэл ярианы амжилт, бүтэлгүйтлийг шийдэх хүчин зүйл бол ярих арга барил, ярих хандлага юм. Нөгөө хүнээ яагаад танд бууж өгөх ёстойг тайлбарлаж, логикоор урагш зүтгүүлж эсвэл хана руу түлхэх юм бол сэтгэлийг нь л хаах болно. Тиймээс нөгөө хүнийхээ сэтгэлийг найрсаг хандлага, эелдэг, зөөлөн өнгөөр нээж, сайхан уур амьсгал бий болгох хэрэгтэй.
“Би түүнийг яаж ялъя даа?” гэхийн оронд “Хоорондын харилцаагаа сайхан хадгалж үлдэхийн тулд бид яаж нэг нэгнээ ойлгож, эвтэй найрсаг хэлэлцээнд хүрэх вэ?” гэж бодох хэрэгтэй. Та хүссэнээ шаардаж, зорилгоо биелүүлсний дараа ч нөгөө хүн баяр хөөртэй байх нь амжилттай хэлэлцээ юм. Нөхцөл байдлаас хамаарч, яг тухайн мөчид ялагдаад зовж шаналж байсан ч гэсэн итгэлцэл бий болгон харилцаагаа бэхжүүлэх нь илүү дээр байж мэднэ. Учир нь зохих ёсны зөвшилцөлд хүрч буулт хийн, харилцан буулт хийх байдлаар харилцаагаа босгон байгуулах нь дараагийн хэлэлцээнд илүү сайн үр дүнтэй байж болно.
Амжилттай хэлэлцээний төлөөх “Yes, but” арга
Өөрсдийнх нь гаргасан саналд эхлээд “Үгүй” гэхийг сонсоод хүмүүс ер нь автоматаар таагүй сөрөг мэдрэмжтэй болдог. Энэ нь тэдэнд дараагийн тайлбар нь хичнээн үндэслэлтэй байсан ч санал нийлэхийн оронд эсэргүүцэх мэдрэмж л төрүүлнэ. “No, because” буюу “Үгүй ээ, учир нь” гэхийн оронд “Yes, but” арга ашиглан, “Тийм л дээ. Гэхдээ энэ арга нь боломжийн юм” гэж санал тавин, эерэг нээлттэй яриа хөөрөө өрнүүлцгээе.
Ер нь гэр бүл шиг ойр дотно харилцаатай байх тусмаа нөгөө хүнээ өөр үзэл бодол, хүсэл тэмүүлэлтэй байхад нь сэтгэл дундуур байх талтай. Гэхдээ хэрүүл маргаан ихэвчлэн үзэл бодлын зөрүүгээс биш, голдуу нөгөө хүнээ үл тоомсорлох, үгүйсгэх хандлагаас эхэлдэг. Ойр дотны гэр бүл байна гэдэг нь буулт хийх шаардлагагүй гэр бүл биш, харин ч үзэл бодол, хүсэл сонирхлын зөрүүг нь хүлээн зөвшөөрч, харилцан буулт хийх, харилцан яриагаар зохицуулдаг гэр бүл юм.
Бодит байдал дээр үнэхээр хүсэж байгаа зүйл дээрээ, эсвэл үнэхээр өөрийнхөө зөв юман дээр буулт хийх хэцүү л дээ. Харин нэгэнтээ л хүссэн бүгдээ олж авч чадахгүйгээс цааш өөрийнхөө хүслээр зүтгээд байхын оронд хамтран ажиллах тал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Эерэг, баяр хөөртэй байхыг хичээцгээе. Асуудлыг саад тотгор гэж хараад байхын оронд ухаалгаар зохицуулж, илүү боломж гэж харцгаая. Харилцан ярилцаад асуудлыг шийдвэрлэх хүслээ илэрхийлбэл нөхцөл байдал хичнээн хүнд байсан ч гэлээ та гэрийнхэндээ “одоо ч тэднийгээ хүндэлдэг, тэдэндээ хайртай” байгаа гэсэн итгэл өгвөл хэн хэн нь сэтгэл хангалуун байх хэмжээний тийм хэлэлцээнд хүрч чадна.