Манай гэрийнхэн бүгд унтаж байсан үүрийн 5 цагийн орчимд машин мөргөлдөж байгаа мэт чанга чимээ намайг сэрээв.
Нойрноосоо хагас дутуу сэрж байх зуур буун дуу шиг чимээ сонстов. Би гүйцэд сэрээд нөхрийгөө сэрээв. Гадаа хэд хэдэн удаа буун дуу гарч, хүмүүс орилолдон мотоцикль нүргэлнэ. Энэ нь бүр ч эмх замбараагүй болгож байлаа.
Нөхөр бид хоёр гадна юу болоод байгааг мэдэхгүй маш их гайхаж байлаа. Нөхөр маань надад “Гадаа ямар нэг тэмцэл тулаан болж байх шиг байна. Аймшигтай хэргийн гэрч болчих ч юм билүү, битгий гадагшаа гараарай” гэлээ.
Тун удалгүй хүмүүс манай хашааг чиглээд ирж явах шиг чимээ сонсогдов. Манайд аюул хор учруулахаар хэсэг хүн манайхыг тойроод бүсэлчихсэн юм биш байгаа гэж бодохоос ч айж байлаа. Энэ зуур ээж маань ч сэрчихэв.
Харанхуйд амьсгаа даран байтал ямар нэг юм дэлбэрэх эвдрэх мэт чимээ сонсогдоно. Би тэсэлгүй гарч хашааныхаа хаалгыг аяархан нээлээ.
Хаалга нээнгүүт хөшиж орхив. Маш том түймэр манайхыг чиглээд ирж байлаа. Тэрхэн мөчид надад бодогдсон юм ердөө үхэл. Учир нь би хэзээ ч аравхан метрийн зайнаас тийм аймаар их гал гарч байгааг харж байгаагүй юм.
“Түймэр! Гал ирж байна. Хурдлаарай” гэж нөхөр маань хашхирав.
Бид хэрэгтэй бичиг баримт, эд зүйлээ шүүрч аваад, өөрөө алхаж чаддаггүй ээжийгээ аваад гадагш гарав. Гал манай хөршийнхийг бүрэн тойрсон байв.
Тэр түймэр манай хашааны урд байдаг модонд авалцав. Яг хажууд нь модоор барьсан манай байшин. Хормын дараа юу болох нь эргэлзээгүй байлаа.
“Ингээд дуусдаг байжээ!”
Зүрх чичирч, хөл ямар ч хүчгүй болж гуйваад тэр даруй нугарчихав.
“Манайх ч бас бидний нүдний өмнө шатна.”
Нөхрийн маань дуу арга нь тасарсан байв. Гал манай цахилгааны утсанд болон хөршийн хийн баллонд ойртсон учраас ямар ч найдвар байсангүй.
Харин тэгтэл ээжийн маань байдал тэс өөр байлаа.
“Санаа зоволтгүй ээ. Эцэг Эх Бурхан биднийг болон манай гэрийг ч хамгаална” гэлээ.
Ээжийн маань итгэлтэй дуу надад сэхээ өгч галын тэрэг хүлээх зуураа би тэр галыг битгий нэмж газар авхуулаарай гэж Бурханд чин сэтгэлээсээ залбирав.
Гал сөнөөгчид ирж, гал унтрааж эхлэв. Гэсэн ч тэдний хүч хүрэлцэхгүй нэмэлт тусламж хэрэгтэй байлаа. Миний гар айсандаа салгална. Тэгсэн хэрнээ нөхөртөө “Эцэг Эх биднийг аварна. Бидэнд хамаатай бүхнийг аварна” гэж хэлж байв. Аз болоход дахин галын машин нэмж ирэв. Түймэр өглөө 7 цагийн алдад бүрэн унтарч, хамгийн сүүлийн гал нь манай гэрийн өмнө ирээд унтрав. Тийм аймаар их галаас манай гэр зүв зүгээр үлдэнэ гэж би огт бодоогүй гэж нөхөр шагширна.
Бид өглөөний 8 цагт засаж янзлах шаардлагатай бага сага юм байгаа байх гэж бодсоор гэртээ орлоо. Шатсан хажуу айлтай хамгийн ойрхноор нь гал тогоо руугаа эхлээд орлоо. Гэтэл гал тогоо ч, хоёр давхар модон байшин ч гал түймэрт өртсөн ямар ч ором ул мөр байсангүй. Мэдээгээр хүртэл шуугисан тийм их гал байтал манай гэр яагаа ч үгүй.
Хэдэн цагийн дотор юу болоод өнгөрснийг эргээд бодохоор гал ямар аймаар дүрэлзэж байсан гэж санана. Тэгтэл түймэр манай хашааны гадаа ирээд л зогсож байдаг. Түймэр манай хажуу хавийн 6 айлыг шатаасан хэрнээ биднийг яасан ч үгүй.
Хүмүүс үүнийг зүгээр л санамсаргүй тохиолдол гэж магадгүй л дээ. Харин тэнгэр Эцэг Эх биднийг Алгасал баярынхаа хүч чадлаар аварсан гэдгийг нь бид мэдэж байгаа. Манай гэрийнхнийг болон манай орон гэрийг тийм аймшигтай гамшгаас аварсан Бурхандаа бид үнэхээр их талархаж байна. Бид Алгасал баярын гайхамшгийг гэрчлэх, тэнгэр Эцэг Эхийнхээ амьд гэрч болмоор байна.