Үе тэнгийн долоон хүүхэд ээжүүдтэйгээ нэг баг болоод тоглоом тоглоно.
Хүүхдийнх нь нүдийг боож бөмбөг шидүүлнэ. Ээж нь тодорхой нэг газраа том сагс бариад шидсэн бөмбөгүүдийг нь тосно. Адилхан цагт, адилхан нөхцөлд таван баг нь сагсанд арван хоёроос дээш бөмбөг оруулсан бол нөгөө хоёр баг нь долоон бөмбөг л оруулжээ.

Энэ тоглоом нэгэн нэвтрүүлгийн зүгээс хийсэн туршилт байлаа. Тоглоомын дараа ээж хүүхэд хоёрын бөмбөг солилцож байгаа бичлэгийг үзжээ. Сагсанд цөөн бөмбөг оруулсан баг ба сагсанд олон бөмбөг оруулсан багийн ялгаа ээжүүдийнх нь хэлсэн үгэнд байлаа.
Цөөхөн бөмбөг оруулсан багийн ээжүүд “Болохгүй ээ, Үгүй ээ”, “Битгий тэгээд байгаач!”, “Чи ерөөсөө оруулахгүй байна” гэх мэт сөрөг үг их хэлж байсан бол сагсанд илүү олон бөмбөг оруулсан багийн ээжүүд “Зүйтэй”, “Сайн байна”, “Болж байна” гэх зэргээр хүүхдүүдээ тоглоомын турш магтаж, урам өгч байсан аж.
Хүүхдүүддээ урам өгч, чадна гэж итгэл хүлээлгэсэн ээжүүдийн үг сайн үр дүн дагуулж, нээрээ л хүүхдүүд нь илүү олон бөмбөг оруулж чадсан байна.
Эерэг үг харамгүй хэлэх нь тун энгийн хэрнээ ар гэрээ дэмжиж, урам өгөх хамгийн үр нөлөөтэй арга байдаг аж.