Чин сэтгэлээсээ залбирах үед

Энэтхэг, Пудучерри / Ракеш Кумаракунта Ратинам

18,439 үзэлт

Арван таван насандаа үнэнийг хүлээн авч, баптисм хүртсэнээс хойш миний амьдрал бүрэн өөрчлөгдсөн юм. Зан байдал минь урьдынх шигээ биш болсон тул ойр тойрны хүн болгон намайг “Чи ойрдоо их өөр болжээ” гэцгээнэ.

Найз нөхөд, манай гэрийнхэн, бас хамаатнууд маань надаас “Чи юунд явж байгаа юм бэ?” гэж, эсвэл “Ямар нэгэн юм болоо юу?” гэж асуусан ч би тэдэнд ямар ч хариулт өгдөггүй байлаа. Намайг Бурханы сүмд явдаг гэдгийг мэдвэл шоолно гэж айсандаа тэр л дээ. Гэвч нэг ч үсэг, нэг ч зураас алга болохгүй биелсэн Библийн зөгнөл судалснаасаа хойш зүгээр суугаад байж чадсангүй. Өөртөө л хадгалаад байж болохгүй үнэ цэнэтэй үнэнийг би хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ дамжуулж эхэллээ.

Сэтгэл санааны бэлтгэлтэй байсан ч гэрийнхэндээ авралын мэдээ дуулгана гэдэг бодож байснаас маань хавьгүй хэцүү байх нь тэр. Хинди шашин мэтийн өөр өөрсдийн шашин шүтлэгтэй байсандаа ч тэр үү, үнэний үгсийг хэн нь ч тоосонгүй. Ялангуяа Эх Бурханыг ер хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Заримдаа бүр надад зэвүүцэж дургүйлхэж байгаа нь илт. Тэр дундаас намайг хамгийн их үзэн ядсан хүн бол миний үеэл ах. Протестант сүмд явдаг сүсэгтний хувьд тэрээр намайг нагац эгч дээрээ очих болгонд уурлаж байв.

Сэтгэлийн хөндүүрээ даран байж би тэнгэр Эцэгийн тухай бодлоо. Эцэг сайн мэдээний өргөст замаар гав ганцаар алхсан шүү дээ. Хэцүү байсан ч гэлээ Эцэгийнхээ замыг дагамаар санагдав. Шантарч бууж өгөхийг огтхон ч хүссэнгүй. Би нагацынхаа гэрээс гараад гэртээ буцаж ирээд, нулимс дуслуулан залбирлаа.

“Эцэг Эх минь ээ, намайг огтхон ч шантрахгүй байхад минь туслаарай. Би шантрах л юм бол үеэл маань аврал авч чадахгүй болно. Түүний сэтгэлийг нээж, өршөөл энэрлээ түүнд харуулна уу…” гээд л залбирна.

Гэрийнхнийхээ төлөө тоо томшгүй их залбирч, дахин дахин авралын зар тараасаар олон ч жил өнгөрлөө. “Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй” (Ном.Үгс 3:1) гэсэн үг ёстой л үнэн байлаа. Бурханы төлөвлөсөн цаг болох үед гайхамшигтай зүйл нүдний өмнө болох нь тэр. Үеэл маань төдийгүй бүх гэрийнхэн маань нэг нэгээрээ Бурханы энгэрт ирсээр бараг зуу гаруй хүн боллоо.

Одоо манай гэрийнхэн бүгд Сионд байгаа. Би ч өмнө нь ойлгож чадаагүй байсан Бурханы хүслийг бага багаар ойлгохтойгоо болсон. Хэрвээ бид сэтгэлийнхээ гүнээс чин сэтгэлээсээ залбирвал Бурхан бидний сэтгэлийг өнгийн харж, залбирсан сүнснүүдэд маань авралын ивээл өгдөг аж. Бид ямар ч нөхцөл байдалтай тулгарсан Бурханд бол асуудалгүй шүү дээ. Сүнс нэг бүрийг маань өрөвддөг Бурханы сэтгэл үгээр буулгаж ч зүрхлэмгүй агуу юм чинь аргагүй биз ээ.

Сионы ах эгч дүү нар аа, хүмүүс ямар авиртай, зан чанартай байсан ч хамаагүй Елохим Бурхан бидэнтэй хамт байгаа болохоор сэтгэлийг нь өөрчилнө гэдэгт итгээрэй. Та бүхний итгэл хайртай хүмүүсийг чинь Сион руу хөтөлдөг юм шүү.