​Сайн үйлсийн аян явуулсан шалтгаан

Ким Су Жон / Солонгос, Бүчон

3,760 үзэлт

Сайн дурын аяны боломжийг алддаггүй найзуудтайгаа цуг би оюутны клубынхээ хүрээнд гудамж талбай цэвэрлэх ажилд оролцсон юм. Бид манай сургуулийн ард байдаг хоолны гудамжийг цэвэрлэх хэрэгтэй болов. Тэр гудамж ресторан, кофе шоп эгнэж байдаг учир хаа сайгүй нэг удаагийн аяга, хүнсний хог хаягдал, тамхины иш байлаа.

Удалгүй сайн дурын ажилд оролцоно гэсэн баяр хөөр маань ч замхрав. Хогийн далан байх нь тэр. Би өөрийн эрхгүй хөмсөг зангидав. Бүр цэвэрлэгээний багаж, бээлийтэй хэр нь цэвэрлэж зүрхлэхгүй байлаа. Тэндээс холдохоор эргэн тойрноо тойруулан хартал найзууд маань хичээнгүй гэгч нь хог түүж байлаа. Миний ард байсан бусад сайн дурынхан ч хүртэл муухай үнэртэй хогийг огтхон ч дургүйцэлгүй түүж байлаа. Надад ичих сэтгэл төрөв.

Би хэсэг азнаж байгаад сайн үйлсийн утга учрын талаар бодлоо. Сайн дурын ажлын утга учир нь тухайн ажил хэцүү ярвигтай, бохир заваан байсан ч гэсэн бусдыг эн түрүүнд тавьж, бусдад үйлчлэхэд хичээл зүтгэл гаргах байлаа. Хэрвээ би зөвхөн хийх дуртайгаа болон бусдын анхаарлыг татах гэж л хийвэл жинхэнэ сайн дурын ажил биш юм байна.

Сайн дурын ажлын утга учрыг эргэцүүлж бодоод би дахин ханцуй шамлав. Түүсэн хог маань хүндрэхийн хэрээр сэтгэл хөнгөрч байлаа. Тэр хавийн иргэд болон оюутнуудад бидний энэ сайн дурын үйлс лав таалагдсан байх. Тэд “Хичээл зүтгэл гаргаж байгаад чинь баярлалаа” л гээд байлаа. Бид хажуугаар өнгөрөх хүмүүст таагүй сэтгэл үлдээх вий гэж санаа зовж байсан юм. Тэгтэл тэд бидэн рүү инээмсэглэн харж, бидний санаа зовнилыг замхрааж орхив. Цэвэрлэгээгээ дууссаны дараа бид цэвэрхэн гудамжаа эргэн харлаа. Бидний гар, хувцас хунар бохирдсон ч гэсэн зорчигчид гудамж цэвэрхэн болсныг хараад баярлах юм бол хангалттай шагнал авч байгаа маань тэр. Энэ л бидний сайн дурын үйлсийн бүхий л зорилго юм даа.