Хүүхдээ гадаад руу явуулсан минь

Ма Ын Хи / Солонгос, Ёсү

9,950 үзэлт

Саяхан зургадугаар ангийн охин маань Боловсролын яамны тэтгэлэгт хөтөлбөр болох түүхийн дурсгалт газрын аялалаар гадаад руу явав. Амьдралдаа анх удаа онгоцоор нисэх боломж түүнд маань тохиож байгаа юм.

Явах өдрийнх нь үүрээр нөхөр маань охиноо нисэх буудал дээр хүргэж өгөв. Харин нисэх цаг болохын алдад хариуцсан багш нь над руу залгах нь тэр.

“Жи Ын гэдэс нь өвдөөд байгаа гэнэ. Яагаад тэгээ юм бол?”

Охин маань сандарсан үедээ байнга л гэдэс өвдөж байна гэж гонгинодог юм л даа. Охинтойгоо ярьтал тэр өдөр бас сандарснаасаа болж гэдэс нь өвдөж л дээ. Яах ч арга байсангүй. Би дэмий л багшаас нь охиныг маань онгоцонд суухаас нь өмнө юм идэхгүй байлгаарай гэж хүсээд утсаа тасаллаа. Өвчтэй хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадаагүйдээ сэтгэл минь өвдөв. Тэр дуудлагын дараа орой болтол холбоо барьсангүй.

Орой нөхрийгөө гэртээ ирэхэд болсон явдлыг нөхөртөө ярьтал манай охин бүр үүрээр нисэх онгоцны буудал явах замдаа аавдаа “Би явмааргүй байна” гэж хэлсэн болж таарав. Тэрийг сонсоод зүрх урагдах шиг болов. Охинд маань бол мэдлэг оюунаа тэлэх, шинэ туршлага хуримтлуулах гээд том боломж байтал жаахан хүүхдээ хэт холын оронд явуулсандаа ч тэр үү, эсвэл охиныгоо бусад сургуулийн хүүхдүүдтэй дасан зохицож нийцэх болов уу гэсэндээ ч тэр үү энэ тэр юманд санаа зовж гарлаа.

Өдрийн хөтөлбөр нь дууссаны дараа тэрээр ашгүй нэг юм над руу залгав. Гэдэс нь өвдөхөө больсон гэнэ. Анх удаа үзэж харсан зүйлдээ хүлээлт найдвар, догдлол дүүрэн байгаа шинжтэй дуу нь цангинаж байлаа. Миний санаа сая нэг амрав.

Энэ явдлаар дамжуулан би тэнгэр Эцэг Эхийнхээ хайрыг гүн ухаарсан юм. Ганц охиноо өөр орон руу явуулахад сэтгэл ингэтлээ түгшиж, санаа зовж байхад тэнгэр Эцэг Эх маань үй олон хүүхдүүдээ энэ дэлхий рүү явуулчихаад хичнээн их санаа нь зовж байсан бол оо? Тийм л зүрх зүсэм хайраар энэ дэлхий рүү ирсэн тэнгэр Эцэг Эхдээ чин сэтгэлийн талархал өргөж байна.