Эхийн сургаал-11

“Золиос нь том сав болохын төлөө шаардагдах явц юм.”

53,928 үзэлт

Бурхан биднийг савтай зүйрлэсэн. Жижиг савыг жимсээр дүүргэхийг хүсэвч дүүргэж чаддаггүй шиг бид их ерөөл авахыг, том үйлчлэгч болохыг хүсэвч сэтгэлийн сав маань жижиг бол тэдгээр ерөөлийг яагаад ч авч чадахгүй. Олон сүнсийг харж хандан хайрлаж чадах сэтгэлийн том савтай болох үед л Ариун Сүнсний асар их ерөөл авах боломжтой гэсэн үг.

Гэвч сэтгэлийн саваа томосгоход элдэв зовлон, цэвэршүүлэлтийн явц шаардагдана. Яагаад гэвэл олон сүнс хайрлан халамжлахад төдий чинээ өөрийгөө золиослох хэрэг гарна. Сионд олон итгэгч бий. Итгэлийн амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа, бүх зүйлд нь нэг бүрчлэн анхаарал халамж шаардагдах итгэгч ч бий. Өөрчлөгдөөгүй, ширүүн дориун ааш авиртай итгэгч ч бий. Янз бүрийн байр байдалтай итгэгчдийг хайрлаж халамжлан, итгэлийн зөв замаар газарчилъя гэхэд золиос хэрэгтэй. Тиймээс бид үнэхээр л том сав болохыг хүсэж байгаа бол ах эгч дүүгийнхээ төлөө өөрийгөө золиосолж чаддаг байх учиртай юм.

Зөвхөн өөрийн амар тайван, ая тухыг эрхэмлэдэг хүн Бурханы хүсэж буй том сав биш. Ах дүү, эгч дүүгийнхээ төлөө дуртайяа өөрийгөө золиосолж, үхэж буй сүнсийг амьдруулахын тулд зовлон бэрхшээлийг ч баяр хөөрөөр ялан гардаг хүн л Бурханы хүсэж буй том сав мөн. Бурхан бидэнд түр зуур зовлон бэрхшээл өгсөн нь эцэст нь бидэнд үлэмж их ерөөл өгөхийн тулд юм. Үүнийг ухаарч, том сав болохын төлөө өөрийгөө золиосолж чаддаг байцгаая. Тэгээд том савныхаа хэрээр Ариун Сүнсний үр жимс болон ерөөлийг хальж бялхтал хурааж авцгаая.

Тунгаах зүйлс
Эхийн сургаалын арван нэгт ямар сургаал байдаг вэ?
Том сав болохын тулд ямар золиос шаардагдахыг ярилцаарай.