Тэнгэрийн хаанчлалын зам ая тухтай, дардан байдгийн учир
Непал, Киртипур / Сару Баскота
Нэг өдөр сайн мэдээ тунхаглаж явтал багын найз минь санаанд орж ирэв. Би түүнд авралын сайн мэдээ тунхаглахыг туйлын ихээр хүсэж байсан ч гэрт нь яаж явж очдогоо санахгүй байлаа. Тэгээд найзтайгаа уулзах боломж өгөөч гэж тэнгэр Эцэг Эхээсээ чин сэтгэлээсээ залбиран гуйв. Эцэст нь Бурханы тусламжаар би өмнө нь ээжтэйгээ хамт найзындаа очдог байснаа саналаа. Ээж намайг жаахан байхад тэднийд хүргэж өгдөг байсан юм л даа. Найзын маань ээж ч бас манай ээжтэй найз байсан юм.
Хэд хоногийн дараа би ээжийгээ даган найзындаа очлоо. Гэрийнх нь хашаагаар ороод иртэл тэнд хөл нүцгэн тоглож байсан минь санагдав. Бид цагийг хөгжилтэй өнгөрүүлээд, дараа дахин уулзахаар болоод салцгаалаа. Гэртээ харих замд надад нэг асуулт төрөөд болдоггүй ээ.
“Би найзынхаа гэрийг, бас хамт тоглож байсан газраа хүртэл тод санаад байгаа хэрнээ яагаад гэрт нь очих замыг ерөөсөө санахгүй байгаа юм бол оо?”
Ээж инээмсэглэн ийн хариулав.
“Чамайг бага байхад би хаа ч явсан нуруундаа үүрч явдаг байсан юм. Тэднийд явганаар очиход дор хаяж 1-2 цаг зарцуулна. Чи жаахан алхаж байгаад л ядарчихна, тэгээд л ээж нь чамайг үүрээд явахаар чи нуруун дээр унтаад өгнө. Очсон хойно чи сэрээд найзтайгаа хамт тоглодог сон. Тэгээд л гэрийг нь, бас хаана тоглож байснаа санаад байгаа хэрэг л дээ.”
Ээжээсээ үнэхээр уучлал эрмээр санагдлаа. Өнөөдрийнх шиг тухтай нийтийн тээвэр ч гараагүй байсан цагт ээж минь намайг нуруундаа үүрээд ямар хол алхдаг байгаа вэ. Ээжид минь хэцүү л байсан байж таарна! Гэтэл ээж тэрийгээ юу ч биш юм шиг инээмсэглэн ярих нь тэр.
Гэртээ ирээд ээжийнхээ хэлснийг бодонгоо би Елохим Бурханы хайрыг гүнээ мэдэрч билээ. Тэнгэрийн оронд би тэнгэр Эцэг, тэнгэр Эхтэйгээ хамт байж, өдөр бүр баяр хөөрөнд умбаж байсан шүү дээ. Гэтэл тэнд үйлдсэн нүглээсээ болоод тэнгэрийн хаанчлал руу буцах замаа таг мартчихаад байж байтал Бурхан Өөрийн биеэр ирж буцах замыг минь зааж өгч шүү дээ.
Ээж минь намайг хол газар нуруундаа үүрч явах гэж зүдэрсэн хэр нь тэр байдлаа илэрхийлэлгүй над руу инээмсэглэж байсан шиг тэнгэр Эх хүүхдүүдийнхээ төлөө зовлон золиосын замаар алхаж байгаа хэр нь хамаг өвчин зовлонгоо нуун, сайхан инээмсэглэж “Хүчтэй байгаарай” гээд бидэнд урам зориг хайрладаг. Тэнгэрт ч, энэ газарт ч тэнгэр Эхийнхээ сэтгэлийг ухааралгүй, хайрын үг сургаалаас нь нүүр буруулах үед тэнгэр Эхийн минь сэтгэл яасан их шимшрээ бол оо! Сэтгэлийг нь хичнээн их өвтгөснөө болохоор толгой дээш өргөж зүрхлэмгүй нь.
Багадаа би ээждээ үүрүүлээд зорьсон газраа ая тухтай очдог байсан шиг тэнгэр Эх нүгэлтнүүдийн өмнөөс нүглийн ачааг нь үүрээд хамгийн урд гаран өргөст замаар алхаж байгаа болохоор л тэнгэрийн хаанчлалд хүрэх зам бидний хувьд тэгш дардан байгаа юм. Бурханы үгийг дуулгавартай даган, Эхтэйгээ хамт алхах юм бол тэнгэрийн эх нутагтаа бид эсэн мэнд хүрэх нь лавтай. Үүнийг би зүрх сэтгэлдээ тод сийлж, Эцэг Эх намайг хаашаа ч хөтөлсөн дагадаг хүүхэд нь болно оо.