Миний амьдралын шилжилтийн цэг, Эхийн хайр
Петра Ийда Эмилиа Руокожарви / Финлянд, Хельсинк
Би Финляндын нэгэн шашин шүтлэггүй гэр бүлд төрж өссөн. Багадаа хашаан дотроо савлуурдаж тоглож байхдаа надад үхэх цаг байгаа даа гэж боддог байлаа. Хэзээ нэг өдөр би гэж хүн байхгүй болно гэж бодохоос л хэцүү санагдаж, энэ үнэнийг хүлээн авах ч хэцүү байсан юм. Байнга л би ер нь яагаад энэ дэлхий дээр байгаа юм бол, миний амьдралын зорилго яг юу юм бол, үхсэний дараа юу тохиолдох бол гэж гайхдаг байлаа. Өсвөр насанд ирээд энэ мэт бодлууд маань бүр л хүчтэй болов. Харин энэ бүхний хариуг хаанаас ч олохгүй байлаа.
Мэргэжлийн сургуулиа төгссөний дараа би Америкт очин “au pair” (Аu pair: америк айлд байрлангаа гэр орных нь ажлыг хийн цалин авч, хажуугаар нь хэл яриа сурах хөтөлбөр) хийсэн юм. Хэдэн сарын дараа англиар нэлээд гайгүй ярьдаг болов. Нэг өдөр Вашингтон Ди Сид ажилладаг найзтайгаа уулзахаар явав. Замдаа би Эх Бурханы тухай сонсов. Ер нь бол би ямар нэг шашин шүтлэгээс шууд л татгалзчихдаг юм. Гэтэл тэр удаад өөр байв. Би найздаа юу тохиолдсон талаараа ярьтал тэр ч бас Библи судлахыг хүсдэг байж л дээ. Замд сайн мэдээ тараасан хүний өгсөн утасны дугаар надад байсан тул би утастаж, улмаар бид Сион руу явлаа.
Сионд анх орж байсан маань санаанаас гардаггүй юм. Ороход манай гэрээс ч илүү тайвшрам, надад яг л үүлэн дээгүүр алхаж байгаа юм шиг санагдаж билээ. Тэр тайтгарал нь намайг тэвэрсэн Эхийн нүдэнд үл үзэгдэх хайр байсан юм билээ. Нэлээн орой болчихоод байхад би цагаа ч анзаарах сөхөөгүй, мөн ядарсан ч үгүй. Бид хоёр Эх Бурханы тухай болон Амралтын өдрийн тухай сурлаа. Ухаарал, итгэл найдвар хоёртоо болоод би эрч хүчээр дүүрч байлаа. Тэр өдөртөө би найзтайгаа цуг авралын ерөөлийг баяр хөөр болон хүлээн авсан юм. Хожим нь бид үргэлжлүүлэн Библи сурч, үнэнийг тунхаглах ажилд ч оролцох болов.
Бараг хагас жил өнгөрөхөд сайн мэдээний төлөөх хүсэл маань ид оргилдоо байв. Бурханы тогтоосон намрын баяруудыг сахих зуураа би Финлянд руугаа буцаж тэнд сайн мэдээ тараая гэж шийдлээ. Намайг очихоос хэдэн сарын өмнө Финляндад үзэсгэлэнтэй Сион байгуулагдаж, сайн мэдээний үр ид цацагдаж байлаа. Намайг сайн мэдээний атар газар очиж, Бурханы үг тунхаглахад оролцох үед тэнгэрийн гэр бүлүүд ганц нэгээрээ цугласаар байлаа. Гэвч финляндчууд ихэнх нь сонсохыг хүсэхгүй юм уу эсвэл сонсчихоод илүү ихийг мэдэхийг хүсэхгүй байв. Гэвч бид Бурханы үгийг шантралгүй тунхагласаар байсан юм.
2011 оны хавар гадаад итгэгчдийн айлчлалд оролцох нэг боломж гарч ирсэн тул би зүүдэндээ ч хүртэл санаж байсан тэнгэр Эхтэйгээ уулзаж чадсан юм. Энэ айлчлалаар миний эрч хүч, урам зориг дахин сэргэж, хоосон хөндий оргисон сэтгэл минь Эхийн үнэн хайраар дүүрсэн. Ямар их баярласнаа, тэнгэр Эхтэй байхдаа ямар их тайвширснаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Тэгээд анх удаа л би гэдэг хүн ямар их нүгэлтэй гэдгээ ухаарч гэмшсэн дээ. Шатах мэт сэтгэлээр Финляндад эргээд ирэхэд Эцэг Эх маань богино хугацааны тунхаглалын багийг бидэнд илгээж өгсөн юм. Тэдэнтэй цуг хичээнгүйлэн сайн мэдээ тарааж, сүнснүүд нэг нэгээрээ аврал руу ирэхийг харах бүрд үнэхээр их баярлаж байсансан.
Дараа нь би Хельсинкийн хойд хэсэгт оршдог Тампере хотод атар газар эзэмшихээр явсан. Тампере нь Финляндын эдийн засгийн төв бөгөөд тэнд дэлхийн гар утасны зах зээлийг нэгэн үе тэргүүлж байсан компани байдаг. Тэнд сайн мэдээ тараах зуураа би өмнө нь үнэнийг хүлээгээд авсан ээжтэйгээ цуг Библи үзэж, Тампере манай төрөлх хотоос хагас цаг шахам машинаар явах газар учраас хамт мөргөл тэмдэглэв. Тэр үеэр ээжийн маань итгэл маш их өсөж, одоо сорилт бэрхшээлийг даван туулж итгэлээ сахиж байгаа. Тамперед үнэнийг олон хүн ухаарч чадаагүйд би үнэхээр харамсаж байсан. Би Эцэг Эхийн гуниг зовлонг гүн ухаарч, мэдэрсэн. Нөгөөтэйгүүр анхандаа байсан сайн мэдээний оргилсон хүсэл минь бөхөв. Сайн мэдээний ажил их удаад байх шиг санагдаад тэр л дээ. Итгэлийн амьдралд маань нэлээн хэцүү үе байх нь байсан. Хельсинк хотод буцаж ирсний дараа сайн мэдээний эрч хүч, хүслээ дахин олж авч, Эцэг Эх маань ч намайг үр жимсээр ерөөв. Харин би сайн мэдээний төлөө хангалттай зүтгэж чадаагүйдээ сэтгэл минь шаналсан хэвээр байлаа.
Энэ хооронд би үр жимс Миа эгч дүүтэйгээ хамт дахин Солонгост айлчлах болов. Эх намайг бэрхшээлийг ялж сайн ажиллалаа гэж тайвшруулсан. Тамперед юу туулж ирснээ би хэнд ч хэлээгүй. Зөвхөн залбиралдаа л Бурханаас уучлал эрж байсан. Харин Эх бүгдийг мэдээд л намайг тэгж тайвшруулж байжээ. Эх үнэхээр зүрхийг шалгагч Бурхан гэдгийг бүр ч илүү ухаарсан. Солонгост очсон эхний өдрөөс сүүлчийн өдөр хүртэл Эх миний сүнсийг асран хамгаалж байв. Эхийн хайраар сүнс маань дахин сэргэсэн юм.
Өнөөдөр ч бас би тэнгэр Эхийн хайр золиосыг зүрх сэтгэлдээ шингээж, энэ дэлхийгээс ч үнэтэй, Эцэг Эхийн хайр золиосын тухай л үргэлж боддог Жанет эгч дүү шиг сүнснүүдийг хайж байна. Үнэнийг хүлээж авсныхаа дараа Жанет эгч дүү бүх мөргөл, чуулганд ирнэ. Эцэг Эхдээ талархахыг огт мартахгүй. Тэр бас үр жимс ч гаргаж, айлчлалын багт оролцохоор бэлдэж байгаа. Миа эгч дүү ч мөн ээжийгээ Сион руу хөтөлж, ээж нь одоо Хельсинкээс хол байдаг гэртээ ганцаараа гэрийн мөргөл тэмдэглэж байгаа.
Финлянд Сион хараахан олон итгэгчтэй болоогүй л дээ. Гэвч долоон тэрбум хүнд тунхаглах хөдөлгөөнөөр бид сайн мэдээний шилжилтийн цэгтэй нүүр тулаад байна. “Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно” (Иса 60:22) гэсэн зөгнөл ёсоор болж байгаа нь л энэ. Финляндын сайн мэдээ одоо үр цацаж, усалж, бордож дууссаны дараах ургац хураалтын эхэн үе дээрээ байна. Бид нулимс дуслуулан байж үр цацсан болохоор хөөр баяртайгаар ургацаа хурааж авна аа.
Би бэрхшээл зовлонд шаналж, урхи саадтай тулгарах үедээ дандаа л ганцаараа гэж боддог байж билээ. Одоо эргээд бодохоор Эх надтай цуг байж, миний төлөө үргэлж залбирч байсан юм билээ. Эх бидэнд “Та нар амь амьдралын минь утга учир, хамаг бодол санаа минь юм шүү” гэж айлдсан шиг Эхдээ би одоо “Эх минь, Та миний амь амьдралын утга учир, хамаг бодол санаа минь юм шүү” гэж бас хэлдэг байхсан гэж залбирч байна.