
“Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.” Ефе 4:29
“Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. …” Кол 4:6
Үг яриатай холбоотой ишлэл Библид олон бий. Тэдгээрийн ихэнхэд нь сонсогч хүний сэтгэл хөдлөх, харилцагч хүндээ тустай үг яриа хэрэглэ гэсэн байдаг.
“Үг” нь ивээл ерөөлийн үр ч болж мэднэ. Золгүй явдлын үр ч болж мэднэ. Тустай үг ярьж ерөөлтэй амьдардаг хүн байхад, тусгүй ганц үгнээсээ болж амьдралаа эцэслэсэн хүн ч байх. Хэвлэл мэдээллээр гарах элдэв гэмт хэргийн учир шалтгааныг тодруулахад ихэнх нь хэлсэн үгнээсээ болсон байдаг.
Бусдыг босгон байгуулахад тусгүй үг хэлж болохгүй. Харин бие биедээ тэнгэрийн найдвар суулгах үг, итгэлийг нь илүү баттай босгох үг, тайвшрал урам зориг өгөх үгсээр ярьцгаая. Үхэж яваа сүнсийг ганцхан үгээр аварч чадна. Хүн өөрийгөө ч ганцхан үгээр аварч болно.
“Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт. Сэтгэлд бурам, ясанд эм буюу.” Сур.Үгс 16:24