WATV.org is provided in English. Would you like to change to English?

Итгээд хийдэг хүнд өгөх ерөөл

Жорж Луиз Маза Кеведо / Перу, Лима

6,049 үзэлт

Перу улсын Амазонас мужид байдаг 40 мянган хүн амтай Чачапояс хотод богино хугацааны тунхаглал хийх төлөвлөгөө гаргалаа. Сайн дураар тунхаглах хүсэлт гаргасан 38 гэр бүл дөрвөн баг болон, баг тус бүр 15 хоног тунхаглахаар болов.

Авралын зар тарааж эхлэхийн өмнө бид тэнгэр Эцэг Эхийгээ бүрэн дүүрэн түшээд, үүргээ биелүүлэх тангараг өргөн, нэг сэтгэлээр Бурханаас тусламж эрэн залбиран гуйв. Тэгээд салбар сүмийн байр болгочихмоор гайгүй шиг барилга байшин, мөн авралын зар тараах тариан талбай хайхаар тунхаглалын багийнхнаас хэд хоногийн түрүүнд хоёр туслах зөнч явав.

Том хот Лимад хүртэл том байшин сав олох гэж хоёр гурван сар болдог юм чинь алслагдсан хотод хэдэн өдрийн дотор гайгүй байр сав олох амаргүй л дээ. Харин бид гурван өдрийн дотор байраа олсон юм. Тэр өдөр уг байрны эзэн түлхүүрээ өгөхдөө сандал ширээ гээд салбар сүмийн үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй зүйлсийг ч өгөв.

Есүс Иерусалим орохынхоо өмнө шавь нарынхаа хоёрыг илгээж байсан нь надад санаанд орлоо. Бурхан нэгэнт л “Эзэнд хэрэгтэй байна” (Лук 19:31) гэж айлдах л юм бол юу ч зогсоож чаддаггүй аж. Бидний богино хугацааны тунхаглал “Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана” (Мат 24:14) гэж Бурханы айлдсанчлан биелэгдэхэд бэлэн болсон юм шиг санагдаж байлаа.

2016 оны 12 сарын 12-нд анхны баг Чачапояс руу гарлаа. Тэд тэнгэр Эхийг хоёр долоо хоног хичээнгүйлэн тунхаглав. Хоёр дахь багийнхан зөвхөн авралын зар тараасан төдийгүй түүнчлэн анхны тунхаглалын багийнхан ирэх үеэр үнэнийг хүлээж авсан итгэгчдийг үгэн хоолоор тэжээсэн юм. Гурав болон дөрөвдүгээр ээлжийнхэн тэнд салбар сүмийн барилгын бэлтгэл ажилд түлхэц болж өглөө.

Сүнсээр хав харанхуй байсан Чачапояс хотод хоёр сар шахам дараалан явуулсан богино хугацааны тунхаглалаар 40 гаруй тэнгэрийн гэр бүл олсны тэн хагас нь мөргөл тэмдэглэсэн юм.

Богино хугацааны тунхаглалын туршид Чачапояс хотод салбар сүм байгуулагдан тэнд 4 хоног байхдаа би үнэхээр их сэтгэл хөдөлж билээ. Нэгэнт Чачапояст оччихсон юм чинь энэ тэр газраар зочлоод завгүй байна байх даа гэж бодож байлаа. Тэгтэл бараг нэг айлаар ч орох шаардлага гарсангүй. Учир нь Сион руу ирсэн шинэ гэр бүлүүдэд Библи заагаад завсарлага олдсонгүй.

Чачапояс хотод би үдээс хойш ирсэн л дээ. Авралын зар тараахаар гадагш гарах гэж байтал хэдэн шинэ ах эгч дүү Библи сурахаар ирж байна гэж утсаар ярилаа. Тэд шөнө аажуу болтол Библи сурч, маргааш нь мөн өглөөнөөс үдээс хойш болтол үргэлжлүүлэн сурав.

Тэднийг Библи заалгаж дууссаны дараа өөр хэдэн шинэ гэр бүл ирж, нэлээн удаан Библи сурцгаалаа. Тэгээд орой аажуу болчихсон юм чинь нэмж хүн ирэхгүй байх гэж бодоод шинэ гэр бүлүүдийнхээр эргэж очихоор гарах гэж байтал дахиад дараагийн ээлжийн хэсэг гэр бүл ороод ирнэ.

Шинэ гэр бүлүүд Бурханы тушаалыг үнэ цэнэтэйд тооцон сахихын төлөө хичээн зүтгэнэ. Тэдний нэг нь Окампо ах дүү болон тэдний гэрийн зургаан хүн.

Тэр ах дүү хотын захад тариалангийн газар ажилладаг юм. Амралтын өдөр чухал гэдгийг сурмагцаа тариалангийн эзнээсээ Амралтын өдөр тэмдэглэх зөвшөөрөл гуйсан гэнэ билээ. Тэдний хувьд ингэж гуйх гэж нэлээн зориг шаардсан ажил л даа. Учир нь тэд эзнийхээ дургүйг хүргэчихвэл амьжиргаанд нь муугаар нөлөөлж ч магадгүй юм.

Эхэндээ эзэн нь татгалзжээ. Тэгснээ санаанд оромгүй тохиолдлоор гэнэт бодлоо өөрчилсөн гэнэ. Нэг Амралтын өдрийн үдээс хойш эзэн нь том мод цавчиж байтал толгой дээр нь нэг мөчир унаж толгойг нь цохижээ. Эзэн нь бараг ухаангүй болох шахсан гэнэ билээ. Тэгснээ хожим нь тэрээр ах дүүг дуудаж, Амралтын өдөр ажил хийхгүй байж болно гэж зөвшөөрчээ. Окампо ах дүү болон гэрийнхэн нь бүгдээрээ дараагийн Амралтын өдрийг сахихаар ирсэн юм. Бас нэг талархмаар нь ах дүүгийн эзэн нь Бурханы үг сурна гэж амласан ажээ.

Сайн мэдээний шинэ тариан талбайг хагалж байх зуураа нэг л юмыг ухаарч авсан минь юу гэвэл Бурханы үгэнд итгэж тэрхүү үгийг нь үйлс гарган хэрэгжүүлсэн хүнд л Бурханы ерөөл буудаг аж. Энэ бэрх цаг үед дэлхий ертөнц тэр аяараа санхүүгийн хямралд нэрвэгдэн, Перугийн ах эгч дүү нар маань ч мөн өөр өөрийн гэсэн зовлон бэрхшээл амсаж л байгаа. Тийм байсан ч олон гэр бүл маань Библийн зөгнөлийн баатрууд болохоор богино хугацааны тунхаглалд сайн дураараа баяртайгаар явсан юм.

Үнэн Бурхантай уулзан, итгэлийн анхны алхмаа тавьсан гэр бүлүүдээр дамжуулан Бурхан үгийг нь хэрэгжүүлдэг хүүхдүүддээ л ерөөл буулгадаг юм байна гэдгийг би харлаа. Тэд Бурханы ариун амлалт болох Амралтын өдрийг махан биеэр хохирол амссан ч сүнсээр хэзээ ч хохирол амсахгүй гэсэн шийдвэрээр сахиж байсан юм. Тэнгэрийн хаанчлалыг хүчирхийлэгч хүмүүс хүчээр авдаг гэдгийн утга учрыг тэд тод харууллаа.

Чачапояс салбар сүмийн бүх гэр бүл агуу том Бурханы үйлчлэгчид болж, тэнгэр Эцэг Эхийн яруу алдрыг гаргаасай гэж би залбирч байгаа. Хүн бүрийг үзэсгэлэнтэй итгэлтэй байлгаж, тэнгэр Иерусалим ариун өргөөний үнэ цэнэтэй материал болгож өгөөрэй.