“Өдөр тутмын амьдралаа авч явангаа цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах засгийн газрын санал нь “Ковид-19” гарахаас өмнөх амьдралын хэв маяг руугаа орно гэсэн үг биш юм. Цар тахал нүүрлэхээс өмнөх үеийнх шигээ тийм амьдралын хэв маяг руу бид эргэж очих боломжгүй байж мэднэ.”
Мэдээгээр сонссон энэ үг надад олон юм бодогдуулав. Коронавирус гэх тахал гарч, улс даяар зарласан хорио цээр эцэс төгсгөлгүй мэт санагдаж, ах эгч дүү нараа ч олж харах хэцүү боллоо. Тэдэнтэйгээ хамт цуглараад мөргөл сахина гэдэг бүр ярих ч юм биш. Бурханы хүслийг хүлээж авсан зөнчийн хувьд ийм нөхцөлд яаж сайн мэдээний ажил хийх хэрэгтэй вэ гэж бодлоо. Яг тэр үеэр Эх “Ийм хүнд хэцүү үед сэтгэлээр уналгүй байж, харин ч хайртай ар гэрийнхэндээ авралын үнэн ба Бурханы хайрыг тунхаглаарай” гэж айлдсан юм. Эхийн энэхүү чин сэтгэлийн хүсэлт миний сэтгэлд хүрэв.
Эхийн энэ үгийг сэтгэлдээ сийлж, сайн мэдээний шинэ чиглэл, алсын харааг манай Сионыхон төдийгүй Аргентиний ах эгч дүү нар ч бас баттай ухамсарлаж, хэрэгжүүлсэн юм. Аргентиний болон хөрш зэргэлдээ Уругвай улсын бүх гэр бүл цаг мөч бүрийд хүүхдүүдээ аврахыг л боддог Эхийн хайраар олон сүнс аврах шийдвэр гаргалаа. Ингээд “Аз жаргалтай айл гэр” хэмээх тунхаглалын наадмаа эхлүүлсэн юм. Энэ талаар сонсоод Эх маань “Нэг вандуйг ч хүртэл бусадтай хуваадаг хайраар олон үзэсгэлэнтэй үр жимс ургуулаарай” хэмээн айлдаж, бидэнд урам зориг хайрлав.
Манай тунхаглалын наадам нэг дэх өдрөөсөө л энд тэндгүй шинэ амиар дахин төрлөө гэсэн мэдээ сонсогддог өмнөх шигээ биш хавьгүй нам жим байв. Юу ч болоогүй гэж хэлж байгаа юм биш шүү. Ах дүү, эгч дүү нар маань хөл хорио, санхүүгийн бэрхшээлээс үүдсэн айдас, ганцаардал дунд чичирч буй ар гэрийнхэндээ чин сэтгэлийн тайтгарал өгч, гэрийнхэнтэйгээ Бурханы ерөөл хуваалцах гэж хүчин чармайлт их гаргасан л даа. Тэд мөн зай завгүй ажилтайгаас нь болоод, эсвэл хоорондоо хол байдгаас болоод хүссэнийхээ хэрээр анхаарал халамж тавиад байж чаддаггүй хүмүүстээ урам зориг хайрласан мессеж, видео захидал илгээх, өөрийн гараар захидал бичиж өгөх, өөрийн гараар хийсэн хөнгөн зууш өгөх, гэр орны ажлаа хийхэд нь туслах, талархлаа илэрхийлэх гэх зэргээр хайр дамжуулах гэж хичээдэг байв.
Хэдийгээр ах дүү, эгч дүү нар тасралтгүй залбирч, нэг сэтгэлээр хүчин зүтгэж байсан ч тунхаглалын наадам талдаа ортол сайн мэдээний үр жимс төдийлөн гарсангүй. Үзэгдэх энэ үр дүн тэдний маань урам зоригийг хугалсан байж магадгүй л дээ. Гэсэн хэдий ч ах эгч дүү нар Бурханд улам хичээнгүйлэн залбирч, хайртай хүмүүсийнхээ зүрх сэтгэлийн үүдийг ёстой шантралгүй тогшсон доо.
Эхийн айлдсанчлан “нэг вандуйг ч хүртэл бусадтай хуваадаг хайр”, ийм хайрыг хэрэгжүүлэхийн тулд бид цар тахлын улмаас санхүүгийн бэрхшээлд нэрвэгдсэн хөршүүддээ туслахаар хүчин чармайлт гаргав. Аргентин болон Уругвай дахь бүх ах эгч дүү нар өөрсдөө төсөв мөнгөө хэмнэн байж хамгийн хойд хэсэг болох Жужуйгаас Антарктид руу гарах гарц гэгддэг Аргентиний хамгийн өмнөд хэсгийн Ушуаяа хүртэлх зовж зүдэрсэн олны төлөө хоол хүнс нэгдмэлээр цуглуулан, тэдэнд эрч хүч, урам дэм өглөө.
Тэгтэл манай сүмийн талаарх хүмүүсийн үзэл бодол бага багаар өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэв.
“Бурханы сүмийнхэн сайн үйлсийг амаараа биш үйлсээрээ явуулдаг.”
“Гэртээ хамтдаа мөргөл тэмдэглэх би дуртай. Манай гэрийнхэн улам л эв найртай болж байгааг мэдрэх сайхан байна.”
“Чиний зан байдал надад танай сүмийн сургаалыг сайхан гэж бодогдуулж байна шүү. Боломж гарахаар би ч гэсэн Библи үзнэ ээ.”
“Би танай сүмийн сайн дурын ажилд оролцмоор байна. Сайн үйлс их хийдэг юм чинь сайн сүм байх нь гарцаагүй.”
Өмнө нь манай сүмийг төдийлөн сонирхдоггүй байсан найз нөхөд, хамт олон, тэр байтугай үнэнийг тунхаглах гэхээр л толгой сэгсэрч, маргалддаг байсан гэрийнхэн ч хүртэл Бурханы үгэнд чих тавьж эхэлсэн. Зарим нь бүр сайн дурын ажилдаа хэрэглэ гээд тусламжийн бараа ч хүртэл сүм рүү авчирч билээ.
Тунхаглалын наадмын сүүлээр их эргэлт гарсан тул ах эгч дүү нар маань урьд өмнөхөөсөө ч илүү завгүй болов. Цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх хэрэгтэй тул юм бүхэн дээр өмнөхөөсөө илүү их хичээх хэрэгтэй боллоо. Гэвч бидний хувьд өдөр бүр л Бурханы тусламж хэрэгтэйг урьд урьдынхаасаа ч илүү мэдэрсэн өгөөжтэй цаг мөч байж билээ.
Тунхаглалын наадмын дараа бид сайн мэдээний үр дүнгээ шалгаж үзээд бүр гайхав. Аргентин, Уругвайд нийлээд 170 гаруй сүнс шинэ амиар дахин төрсөн байлаа. Бид зорилгоо давуулан биелүүлсэн хэрэг. Ихэнх шинэ гэр бүлүүд маань өмнө нь үнэнийг сонссон хэрнээ сонирхолгүй, эсвэл үнэнийг эсэргүүцдэг байсан хүмүүс тул бид бүр ч их баярлалдаж, талархал өргөж билээ.
Бид урьд өмнөх шигээ сайн мэдээ тунхаглахын төлөө өөр хот, өөр улс руу явах амаргүй ч гэлээ хаалттай байсан хаалгууд нээгдэж, хүйтэн хөндий сэтгэл хайлсан юм. Мөн эргэн тойрныхоо хүмүүст уйгагүйгээр хайр түгээх үед Бурханы түүх гарцаагүй биелж байв. Энэ бол бид бүхний “Аз жаргалтай айл гэр” гэсэн тунхаглалаас ухаарсан зүйл.
Бүрхэг харанхуй байдлаас болоод хэн нэгэн гашуудан, “Одоо бид юу ч хийж чадахгүй нь. Ямар ч найдвар алга” гэж хэлж байна. Хүмүүст урьд өмнөхөөсөө ч илүү их тайвшрал, найдвар хэрэгтэй үе иржээ. Тийм ч учраас бид Эцэг Эхийнхээ хайрыг бүр ч илүү тунхаглаж, бүр ч илүү хэрэгжүүлэхийг хүсэж байгаа. Одоо бид хүмүүст халуун дулаан ганц үг дамжуулахдаа ч хүртэл болгоомжлох хэрэгтэй үе. Гэсэн ч хайр байгаа цагт боломжгүй юм гэж юу сан билээ. Учир нь эцсийн эцэст хүмүүс чин үнэн сэтгэлийг мэдэрдэг шүү дээ. Мөн Бурхан хайр тунхаглах хүмүүст л агуу хүчээрээ тусалдаг. Хэрвээ бид бага багаар, хичээнгүйлэн хайр дамжуулсаар л байх юм бол авралын мэдээ Самари дэлхийн хязгаар хүртэл төд удалгүй тунхаглагдана гэж би итгэж байна.