Эцэгийн замыг дагаад

И Сэ Мин / Энэтхэг, MH Пуне

5,678 үзэлт

Би Энэтхэг рүү шинээр илгээгдэж ирсэн зөнч л дөө. Энд ирээд ердөө гурван сар л болж байна. Би өөрийгөө гадаадад сайн мэдээ тараах ихээхэн туршлагатай гэж боддог байлаа. Харин Энэтхэгт ирээд, өөрийгөө юу хийхээ мэдэхгүй тийчигнэх хүүхэд юм даа гэж байнга л боддог боллоо.

Тунхаглалын наадмын үеэр Хубли салбар сүмд байхдаа би Бурхан намайг зохистой зөв эш үзүүлэгчид суралцаасай гэж л Энэтхэг рүү илгээжээ гэдгийг чин сэтгэлээсээ ухаарсан юм. Энэ удаагийн аян замаар дамжуулан олж авсан энэ ухаарлаа би сэтгэлдээ хоногшуулж, дэлхий дахины гэр бүлүүддээ Сионы үнэр болгон хуваалцах гэж байна.

Пуне хотоос Хубли хүртэл 12 цаг гаруй явж хүрлээ. Энэтхэгт бол ийм хэмжээний зайг хажуу хаалга шиг л санах байх. Харин миний хувьд анхны удаа байсан болохоор аян замд удаан явах амаргүй байлаа. Бид уул давж, гол гаталж, 90 градус өнцөгтэй байхаар тааруулсан автобусны хатуу сандал дээр суугаад дотор муухайрч, толгой өвдөн байлаа. Ийм байдлаар яаж 10 цаг явахаа би мэдэхгүй байсан юм. Гэсэн ч надтай хамт явсан гэрлэсэн багийн хороон дарга хажуугийн хүндээ авралын зар тарааж явахыг нь хараад эрч хүч оров.

Мурий сарий замаар явсны эцэст бид Хубли сүм дээр ирж, эрдэнэ мэт үнэ цэнэтэй гэр бүлүүдээ хараад хамаг толгойны өвчин, ядаргаа ариллаа. Хэдий цаг оройтсон ч гэсэн биднийг угтахаар салбар сүмийн гэр бүлүүд, үнэнийг удаан сурч байсан хамаатан садангууд нь, хөршүүд нь гээд хүмүүс биднийг хүлээж байлаа.

Тэр өдөр нийтдээ 6 хүн Бурханы хүүхэд боллоо. Шинэ итгэгчид намрын баяр болон Амралтын өдөр сахиад, итгэлээр өсөж байлаа. Баптисм хүртээсний дараа би тэдэнд бүдэгхэн ёлтгор гэрэлд Бурханы үг заав. Тэд баярласандаа нүд нь гялалзан байв. Тэнгэр Эцэгийгээ би олон ч удаа санаж билээ.

Амийн үг хүлээж байсан хүүхдүүдийнхээ төлөө Эцэг маань нийтийн галт тэргээр ирсэн байж шөнө дөл болтол үнэнийг зааж байсан шүү дээ. Эцэгийнхээ замаар явж байж л Эцэгийн маань хайр золиос хичнээн агуу байсныг нь би ухаарч чадсан юм. Бурханы үг зааж байх зуураа байн байн хоолой зангирч байлаа.

“Та Энэтхэг рүү явбал Эцэгийн золиос, хайрыг их мэдрэх байх аа даа.”

Эх ямар утгаар ингэж хэлснийг нь би одоо л жаахан ойлгож байна. Хооллох цагийн зөрүүнд нь дасах гэж би их удсан. Энэтхэг хүмүүс ихэнхдээ ер нь өдрийн 3 цагт хоолоо иддэг. Тэгээд оройн хоолоо 10 цагт иднэ. Би Солонгосын хооллох цагт дасан зохицсон байсан тул хоол идээд байгаа хэрнээ байнга л өлсөнө.

Өлөн зэлмүүн байдалтайгаар сайн мэдээ тараахдаа би мөн л Эцэгийгээ санадаг байв. Эрт үед Эцэг маань сайн мэдээний тариан талбай хагалж байх үед Солонгос орон даяар дайны дараах ядуурал нүүрлээд байсан шүү дээ. Хоол унд хомс, эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд ч хүртэл Эцэг маань сайн мэдээ тараах зардал мөнгө олохоор хүнд хүчир ажил хийн, үнэний ном бичиж, сүмээ авч явж, байнга л хоолтой хоолгүй явж байсан шүү дээ.

Дорнын хязгаарын Солонгос улсаас эхэлсэн шинэ гэрээний сайн мэдээ Энэтхэгт хурдацтай тархаж, олон хүн үнэнийг хүлээн авч, мэдэхгүй шинэ хот тосгодод ч үнэнийг хүлээн авсаар байлаа. Тийм агуу түүх гарсан нь алдагдсан хүүхдүүдээ хайн, 37 жил сайн мэдээний замаар алхсан Эцэгийн маань золиосын ач билээ. Мөн одоо хэр нь хүүхдүүдийнхээ төлөө бүхий л зовлон шаналлыг амсан буй Эхийн маань хайрын ач юм. “Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ” (Мат 24:14) хэмээх зөгнөл ёсоор сайн мэдээ дэлхийн бүх хүнд хурдан тарж түгнэ гэдэгт би итгэж байгаа.

Сайн мэдээний төлөө дуудагдсан эш үзүүлэгчийн хувиар золиосын зам туулж, хүүхдээ л аварч байвал тэр хүнд хэцүү замаа цэцгэн зам гэж үзсэн Эцэгийнхээ жишээг би ах эгч дүү нартайгаа хамт дагах болно оо. Мөн Эцэг Эхээ дуурайсан үзэсгэлэнтэй итгэлээр сайн мэдээнд бүхнээ зориулах болно оо.